Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

  

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч А.Дэлгэрмөнх,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Дансрангийн Эод холбогдох эрүүгийн 2211 01597 1877 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02- ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржгон овгийн Дансрангийн Э /РД: .1/,

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрхан 3-58 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Д.Э нь “...Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Оюунцэцэгийг байнга буюу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-58 тоотод намайг ажилтай байхад архи уучхаад надад агсам тавиад намайг ёс бусаар харааж миний араас чулуу шидээд миний нүүр рүү гараараа хэд хэд цохиж зодсон...",

2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 19 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-58 тоотод хамт ажилладаг хүмүүстэйгээ уугаад намайг хардаж маргалдаад нүүр рүү нь гараараа хэд хэд цохиж зодсон..."

2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-58 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ янхан, гичий гэж хэл амаар доромжилж, толгой болон нуруун тус газарт хоёр удаа гараараа цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх...” гэмт хэрэгт холбогджээ.                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 862 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүгдэгч Д.Э нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа  илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Э нь “...Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Оюунцэцэгийг байнга буюу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-58 тоотод намайг ажилтай байхад архи уучхаад надад агсам тавиад намайг ёс бусаар харааж миний араас чулуу шидээд миний нүүр рүү гараараа хэд хэд цохиж зодсон...",

2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 19 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-58 тоотод хамт ажилладаг хүмүүстэйгээ уугаад намайг хардаж маргалдаад нүүр рүү нь гараараа хэд хэд цохиж зодсон..."

2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-58 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ янхан, гичий гэж хэл амаар доромжилж, толгой болон нуруун тус газарт хоёр удаа гараараа цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх...” үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7, 28 дугаар тал/,

Хохирогч Д.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нөхөр хүүхдүүдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-58 тоотод 2008 оноос 1-2 жил амьдраад Шархад руу нүүгээд 2021 оны намар буцаад энэ хаяг дээрээ ирсэн. Манай том хүү Э.Золбоот 15 настай, дараагийн хүү Э.Золбаяр 10 настай, хүү Э.Зол-Итгэл 5 настай, Н.Эрдэнэ 4 настай. Манай 5 настай хүү Э.Зол-Итгэл 2 сартай байхдаа тархиндаа цус харвалт өгөөд түүнээс хойш эмчийн хяналтад байдаг болсон. Уг нь Э бид хоёр салчихсан байсан тэгээд 2021 оны намар манайх энэ хаяг дээрээ нүүж ирснээс хойш ирээд хамт амьдраад байгаа 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Д.Э намайг ажилтай байхад архи уучхаад надад агсам тавиад намайг ёс бусаар харааж миний араас чулуу шидээд миний нүүр рүү гараараа хэд хэд цохисон...”, “...2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хамт ажилладаг хүмүүстэйгээ уугаад намайг хардаж маргалдаад нүүр рүү нь гараараа хэд хэд цохиод гартаа таарсан юмаа над руу шууд шидсэн...”, “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ архи уучихсан согтуу байхдаа намайг гичий, янхан гэх зэргээр хэлж толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа, нуруу хэрэг рүү 3-4 удаа цохисон...”, “...Д.Э ажил хийдэггүй, өдөртөө тэр хэвийн хүмүүстэй архи уучихдаг юм шиг байна лээ оройн согтуу орж ирээд агсам тавьдаг...”, “...Би гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх /хавтаст хэргийн 20, 31-33, 42-45 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.Золбоот мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр аав, ээж гэртээ ирэхдээ хоёулаа согтуу орж ирсэн тэгээд хоорондоо маргалдаад ээжийг зодох гэж дайраад тэгээд ээжийг толгой руу нэг удаа цохиод нуруу руу нь хоёр цохисон тэгээд гэрээс гараад явсан чинь аав араас нь гараад элдэв нэгээр нь хэлээд байсан тэгээд аав ээж рүү аяга авч шидэх гээд тэгсэн манай 6 настай дүү Золбаяр гарыг нь бариад орон дээр тэврээд хэвтсэн тэгээд би ээжийгээ гэрээс гар гэсэн тэгээд би хоёр дүүгээ хувцаслаад араас нь гарсан тэгээд аав босохдоо манай дүүг хүзүү хэсэгт нь цохисон тэгээд ээжийг хайгаад гарсан манай гичий байна уу гээд байсан...”, “...Аав, ээж хоёр эрүүл байдаг хоног нь цөөхөн байдаг хоёулаа нийлээд уучихдаг тэгээд хоорондоо маргалдаад тэр нь надад болон манай дүү нарт хэцүү байдаг...” гэх /хавтас хэргийн 59 дүгээр тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.Золбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Манай аав Э архи уухаараа заримдаа унтахгүй ээж рүү уурлаад юм авч шидэх гээд байдаг тэгээд ээж уурлаад цагдаа дуудчихдаг тэгээд ирээд аавыг аваад явчихдаг...”, “...Аав ээжийг 2-3 удаа гараараа цохиж байсан би ээжийнхээ урдуур орж хамгаалж байсан, аав архи уухаараа чанга орилоод байдаг...” гэх /хавтаст хэргийн 51 дугаар тал/,

Гэрч Х.Үзмээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 17 хорооны 13 дугаар хэсгийн ахлагчаар 2017 оноос хойш ажиллаж байна. 2021 оны намар Оюунцэцэг гэх эмэгтэй тэр тоотод хүүхдүүдийн хамтаар ирж байсан. Тухайн үедээ нөхөр маань ор сураггүй байгаа. Би 4 хүүхэдтэйгээ энэ хаяг дээр түр оршин сууна гээд надад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-58 тоотод би бүртгэж авч байсан...” гэх /хавтаст хэргийн 53 дугаар тал/,

Гэрч Л.Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э архи уухаараа эхнэртээ агсам тавиад, хардаж зоддог, тэгээд хэдэн хүүхдүүд нь уйлдаг. Би нэг удаа цагдаад дуудлага өгч байсан хүү Золбаяр нь манайд орж ирээд аав ээжийг зодоод байна цагдаа дуудаад өгөөч гэж байсан. Би тэгээд цагдаа дуудаж өгч байсан. Оюунцэцэгийн нүд нь хөхөрчихсөн байдаг тэгээд асуухаар хөгжлийн бэрхшээлтэй хүү маань аяга аваад шидчихсэн гээд надад хэлж байсан..." гэх /хавтаст хэргийн 55 дугаар тал/,

2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн Аюулын зэргийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах... ...хүний бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас... ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульд заасан.

Шүүгдэгч Д.Э, хохирогч Д.Оюунцэцэг нар нь дээрх хуульд зааснаар эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн 2491 дугаар баталгаа, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэрээ байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Эын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Д.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1 дэх заалтад заасан 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эод оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 28 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов.

/Хохирол төлбөр, хор уршгийн талаар/

Хохирогч Д.Оюунцэцэг хавтаст хэрэгт хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

/Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар/ 

Шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржгон овгийн Дансрангийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүгдэгч Д.Эыг 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

           5. Шүүгдэгч Д.Э бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           П.АРИУНБОЛД