Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 159/ШШ2021/0018

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Шинэ орчин трейд ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/77 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Шинэ орчин трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболд, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шинэ орчин трейд ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Шинэ орчин трейд ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/408 дугаар захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг Их номгон уулын урд хаягт байрлах:

-Газар эзэмших эрхийн 000019357 тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-1310000322 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 4313004412 дугаар бүхий 73.03 га газрыг,

-Газар эзэмших эрхийн 000019356 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Э-1310000323 дугаарт бүртгэгдсэн нэгж талбарын 4313004413 дугаар бүхий 91.05 га газрыг,

-Газар эзэмших эрхийн 000019355 тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-1310000324 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 4313004414 дугаар бүхий 99.42 га газрыг тус тус үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар 24 жилийн хугацаатайгаар эзэмшдэг.

Манай компани 2019 оны 8 дугаар сард Момо агро ХХК-иар уринш хийлгэж, 2020 оны тариалалтад бэлдэж байсан боловч Ковид-19 цар тахлын үеийн хөл хорио болон санхүүгийн хүндрэлийн улмаас 2020 оны хавар тариалалт хийж чадаагүй ба энэ талаар болон энэ газар дээрээ малын тэжээл тариалахаар төлөвлөж байгаа тухайгаа 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр сумын Засаг дарга, сумын орлогч дарга, хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэнтэй биечлэн уулзаж танилцуулсан. Гэтэл Сайхан сумын газрын даамал Ц.Гантөгс 99501957 дугаарын утсаар мэдэгдсэнээр сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ... Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байна. Иймд газар эзэмших эрхийг 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүчингүй болгох болсныг мэдэгдье гэх агуулгатай 18, 19, 20 дугаартай мэдэгдэх хуудсыг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Монгол шуудан ХК-ийн салбар дээрээс очиж авсан. Мэдэгдэх хуудсыг хүлээн авсны дараа манай компанийн зүгээс 2019 оны 8 дугаар сард уринш хийлгэж, 2020 оны тариалалтад бэлтгэж байсан ч цар тахлын хүндрэлийн улмаас хүндэтгэх шалтгаанаар үйлдвэрлэл явуулж чадаагүй болон тус компани нь малын тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөж байгаа талаар болон 2019 онд бидний хийсэн газар боловсруулалт, уриншийн талаарх мэдээлэл танд хүрээгүй бол та мэдэгдлээ эргэж үзэж, бидний үйл ажиллагаа хэвийн явуулах боломж олгох-ыг хүссэн хариуг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 40 тоот Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр хүргүүлсэн.

Гэвч Сайхан сумын Засаг дарга нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/77 дугаар захирамжаар Шинэ орчин трейд ХХК-ийн 99.42 га, 91.05 га, 73.03 га газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүчингүй болгож, Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/408 дугаар захирамжийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргасан байна. Манай компани 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр уг А/77 дугаар захирамжийг Монгол шуудан ХК-ийн Дархан салбараас хүлээж авахдаа энэ тухай мэдсэн. Засаг дарга нь 2021 оны А/408 дугаартай захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж манай компанийг үндэслэлгүй буруутгасан байна. Учир нь манай компани нь газрын татвараа бүрэн төлж байсан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасныг зөрчөөгүй.

Нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үеийн хөл хорио, санхүүгийн хүндрэлийн улмаас аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа нөхцөл байдлыг манай улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож аж ахуйн нэгжүүдийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийг хойшлуулах, түдгэлзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, эдийн засаг, аж ахуйн бүхий л салбарт хэрэгжиж байгаа нь нийтэд тодорхой үйл баримт юм. Түүнчлэн манай компани 2019 оны 8 дугаар сард уг газарт уринш хийснээс хойш 2 жил өнгөрөөгүй байхад буюу 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий А/408 дугаар захирамжаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн байхад газар эзэмших гэрээ болон 2014 оны А/408 дугаар захирамжийг хүчингүйд тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн Засаг дарга нь 2021 оны А/77 дугаар захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн. Иймд сумын Засаг даргын 2021 оны Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай А/77 дугаар захирамжийн Шинэ орчин трейд ХХК-нд холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн, хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Маргаан бүхий захиргааны актыг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шуудангаар хүлээн аваад Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболд 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Шинэ орчин трейд ХХК-ийн захирал Ж.Мягмаа нь Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболдтой өөрийн биеэр ирж уулзаагүй бөгөөд төлөөлж яваа хэмээн өөрийгөө танилцуулж Б.Батбаяр гэдэг хүн ирсэн Б.Батбаяр нь өөрийн байгууллагын эзэмшил бүхий газар дээрээ уринш болон тариалалт хийгээгүй байгаа бөгөөд удахгүй газраа ашиглах тул газар эзэмших эрх цуцлахгүй байхыг амаар хүссэн. Мөн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал Ц.Гантөгс нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Мэдэгдэх хуудас тус компанид Монгол шуудан ХК-иар хүргүүлсэн бөгөөд мэдэгдэх хуудас аваад хариу ирүүлсэн гэх мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай албан бичиг нь манай байгууллагын албан ёсны цахим шуудан болон цаасаар Монгол шуудан ХК-иар ирээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй буюу Сайхан сумын Номгон тосгонд татвар төлөгчийн төрлийн бүртгэлгүй бөгөөд татварын тайлан гаргаж байгаагүй, мөн Газрын төлбөр болон бусад төрлийн албан татвар төлдөггүй зэрэг нь Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын Татварын тасгийн тодорхойлолт, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх нь Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын болон Хөдөө аж ахуйн тасгийн ургацын тайлан мөн 4313004414 нэгж талбарын дугаар бүхий 99.42 га газар, 4313004413 нэгж талбарын дугаар бүхий 91.05 га газар, 4313004412 нэгж талбарын дугаар бүхий 73.03 га газруудыг 2018, 2019, 2020 онуудад ашиглаагүй болох тогтоогдсон хөрс судлалын итгэмжлэгдсэн лаборатори Инженер геодези ХХК-ийн дүн зэргээс нотлогдож байна.

Мөн Шинэ орчин трейд ХХК нь цар тахлын нөхцөл байдлын улмаас 2018, 2019, 2020 онуудад үйл ажиллагаа явуулж чадаагүй хэмээн тайлбарлаж буй нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яам, Улсын онцгой комиссоос газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанийн үйл ажиллагааг дэмжин, аймаг хот хооронд нэвтрэх зөвшөөрлийн дагуу зорчих хөдөлгөөн хийлгэх, үйл ажиллагааг тасалдуулахгүй байх чиглэлийн дагуу тус суманд үйл ажиллагаа явуулдаг газар тариалангийн бусад компаниуд нь үйл ажиллагаа хэвийн явуулсан болно. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасны дагуу тариалангийн газраа бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй байсан боловч албан ёсоор мэдэгдээгүй зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шинэ орчин трейд ХХК-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай А/408 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, Их номгон уулын урд байрлах, нэгж талбарын 18553439686874 дугаар бүхий 73.03 га, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, Их номгон уулын урд байрлах, нэгж талбарын 18555443037457 дугаар бүхий 99.42 га, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, Их номгон уулын урд байрлах, нэгж талбарын 18553438219414 дугаар бүхий 91.05 га газруудыг 30 жилийн хугацаатай, үр тариа тариалах зориулалтаар нийт 3 нэгж талбар бүхий 263.5 га газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/77 дугаар захирамжаар Шинэ орчин трейд ХХК-ийн дээрх 3 нэгж талбар бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 а, 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн хүчингүй болгосон байна.

Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Шинэ орчин трейд ХХК нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Шүүх нэхэмжлэгчийг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан зориулалтын дагуу ашигласан эсэхийг тодруулахаар холбогдох байгууллагууд болон нэхэмжлэгчид хандахад, Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 457 тоот албан бичиг[1]-ээр нэхэмжлэгч компанийг 2014, 2015, 2017, 2018, 2019, 2020 онуудад тариалалт, ургацын тайлан мэдээ байхгүй гээд харин 2016 оны тариалалт, ургацын мэдээ ирүүлснийг үзэхэд тус компани нь нийт 256 га талбайд тосны ургамал тарьж, 153.6 тн ургац хураан авсан. Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга, сумын ерөнхий аргономч Г.Баасаннямын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 0133 тоот албан бичиг[2]-ээр Шинэ орчин трейд ХХК нь 2018-2020 онуудад тариалалт болон уринш хийгээгүй, 2021 онд хаврын тариалалт хийгээгүй гээд холбогдох баримтыг хавсарган ирүүлжээ.

Гэтэл нэхэмжлэгч Шинэ орчин трейд ХХК-иас 2014, 2016, 2019 онуудад уринш боловсруулалт хийсэн тухай 2015 онд тарилтын өмнө хөрсний боловсруулалт хийсэн тухай, 2017 онд ургац хураалт борлуулалт хийсэн тухай 2015, 2016, 2017 онуудад талбайн пестицид хэрэглэсэн тухай, 2015, 2017 онд тариалалт хийсэн талаар талбайн түүх хөтөлсөн баримт[3]-аа шүүхэд ирүүлсний дагуу шүүхээс дээрх талбайн түүх хөтөлсөн баримтад хэрхэн хяналт тавьж ажилладаг эсэхийг тодруулахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газар болон тус сумын Хөдөө аж ахуйн тасагт хандахад хариуцагчийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2/479 тоот албан бичиг[4]-ээр ... Шинэ орчин трейд ХХК нь 3 нэгж талбар бүхий газарт талбайн түүх хөтлөөгүй тул манайхаас хяналт тавих боломжгүй гэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн 2/3235 тоот албан бичиг[5]-т тус суманд 2019 онд уринш хийсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагын мэдээ, 2018 онд хаврын тариалалт хийсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагын мэдээ, 2017 оны ургацын урьдчилсан бланс зэргийг хавсаргасан боловч түүнд Шинэ орчин трейд ХХК-ийн мэдээ байхгүй, харин 2014-2017 оны уринш боловсруулалт тариалангийн талбайд пестицид хэрэглэсэн тухай мэдээ тайланг Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газарт архивлуулсан тул тус газраас авахыг дурьдсан.

Үүний дагуу Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газарт хандахад, тус газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 520 дугаар албан бичгээр Шинэ орчин трейд ХХК нь 2016-2020 оны хугацаанд өөрийн эзэмшлийн талбайд ургамал хамгааллын бодис болон химийн уринш бэлтгэсэн мэдээлэл манай мэдээллийн санд бүртгэгдээгүй, мөн нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 60 тоот албан бичигт ...3 нэгж талбар бүхий тариалангийн газар тус бүрт тариалалт хийсэн талаарх тайлан мэдээг аймаг, сумын Хүнс, хөдөө аж ахуйн газарт бичгээр хүргүүлж байсан баримтаа хайгаад олохгүй байна гэж дурьдсан зэргээс үзвэл нэхэмжлэгчийн талбайн түүх хөтөлсөн баримтад хийгдсэн гэх ажиллагаа нотлогдохгүйн зэрэгцээ Шинэ орчин трейд ХХК-ийн талбайн түүх хөтөлсөн баримт нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/105 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан талбайн түүхийн дэвтрийн загвартай нийцэхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч 2019 онд химийн уринш хийсэн гэх боловч уг ажиллагааг Шинэ орчин трейд ХХК бус Момо агро ХХК-иар хийлгүүлсэн болох нь Шинэ орчин трейд ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл[6], тус компанийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 40 тоот албан бичиг[7] болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярын шүүх хуралдаанд гаргасан ... Момо агро ХХК 2019 онд Шинэ орчин трейд ХХК-ийн 3 нэгж талбар бүхий тариалангийн талбайд химийн уринш хийсэн. Химийн уринш хийсэн санхүүгийн зардлыг Момо агро ХХК гаргасан. Манай хоёр компани олон жил хамт ажилласан, ах дүүгийн холбоотой хүмүүс байдаг... гэх тайлбар[8] зэргээр тогтоогдож байх тул Шинэ орчин трейд ХХК-ийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно; гэж заасныг зөрчин, 2019 онд маргаж буй 3 нэгж талбар бүхий тариалангийн газраа Сайхан сумын Засаг даргын зөвшөөрөлгүй Момо агро ХХК-нд ашиглуулсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч 2020 онд 3 нэгж талбар бүхий газруудад тариалалт хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг, талууд энэ асуудлаар маргадаггүй.

Хариуцагч Сайхан сумын Засаг даргаас маргаан бүхий актыг гаргахаас өмнө хөрс судлалын итгэмжлэгдсэн лаборатори Инженер геодези ХХК-иар хөрсний дээжид шинжилгээ хийлгүүлж[9], улмаар Хөрс амьдрах орчин НҮ ТББ-иар шинжилгээний үр дүнд үндэслэн дүгнэлт[10] гаргуулсан бөгөөд тус дүгнэлтээр ...механик боловсруулалтыг багасган химийн уринш хийх, эрдэс шим бордоогоор бордох, хамгаалах арга хэмжээ чухал шаардлагатай байгааг харуулж байна гэжээ.

Дээрх бүгдээс үзвэл Шинэ орчин трейд ХХК нь 3 нэгж талбар бүхий нийт 263.5 га газрыг үр тариа тариалах зориулалтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/408 дугаар захирамжаар Алтан жинст ХХК-иас шилжүүлэн авснаас хойш 2016 онд тариалалт хийсэн, бусад онуудад тариалалт хийгээгүй болох нь дээр дурдсан баримтаас гадна нэхэмжлэгчийн 2016 онд тариалалт хийснээ нотолсон баримт болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 онд Шинэ орчин трейд ХХК-ийг улаан буудай тариалах нь үнэн болно гэх тодорхойлолт[11], аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон сумын Засаг даргын Тариалан эрхлэгчдийг дэмжих санд хүргүүлсэн албан бичиг[12]-ээр тус тус тогтоогдож байх тул Шинэ орчин трейд ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

2. Шинэ орчин трейд ХХК нь газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 03/325 тоот албан бичгээр ирүүлсэн газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн Ч.Эрдэнэжаргалын тайлбар, түүнийг нотолсон баримтад нэхэмжлэгч Шинэ орчин трейд ХХК нь 2015, 2017, 2019 онуудын газрын төлбөрийг төлөөгүй, газрын төлбөрийн ногдуулалт 2020, 2021 онуудад үүсээгүй, улмаар 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Шинэ орчин трейд ХХК нь 2021 оны газрын төлбөрийг төлсөн гэжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2020, 2021 онуудад газрын төлбөрийн ногдуулалт үүсээгүй, энэ нь манай компанийн буруу биш гэж тайлбарлаж байгаа боловч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д зааснаар газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх нь газар эзэмшигч Шинэ орчин трейд ХХК-ийн үүрэг юм. Гэтэл 2020 болон 2021 онуудад газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд буюу Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж зааснаар 2020 болон 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор эхний улирал эсхүл бүтэн жилийн төлбөрөө төлөхөөр холбогдох газруудад хандаж байсан талаар баримт байхгүй, харин Сайхан сумын газрын даамал нь 2019 онд газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгээ шинэчлүүлж, мэдээллийн санд оруулаагүй тул 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэгчтэй утсаар холбогдон дуудан ирүүлсэн,[13] мөн 2021 оны газрын төлбөрийг төлсөн гэх боловч 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төлсөн баримтаас үзвэл газрын төлбөрийг хуульд заасан хугацаа хэтрүүлж төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс газрын төлбөр төлсөн болохоо нотолж, 2016-2020 оны санхүүгийн тайланг ирүүлсэн боловч тус тайлангаас маргаж буй 3 нэгж талбар бүхий газрын төлбөр төлснийг ялгаж харах боломжгүй, мөн 2017, 2018, 2020 онуудад газрын төлбөр төлсөн гэх Хаан болон Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн баримтад нэгж талбарын 18553439686874, 18555443037457 дугаар газруудын 2017, 2018 оны газрын төлбөр төлж, харин нэгж талбарын 18553438219414 дугаар бүхий 91.05 га газрын төлбөрийг огт төлөөгүй болох нь газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн Ч.Эрдэнэжаргалын судалгаа[14]-аар давхар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Шинэ орчин трейд ХХК нь Сэлэнгэ аймаг болон Сайхан сумын татварын хэлтэст бүртгэлгүй бөгөөд Дархан-Уул аймгийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 287 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн 2014, 2015, 2016, 2018, 2020, 2021 онуудад газрын төлбөрийн гүйлгээ хийсэн банкны жагсаалтыг ирүүлсэн боловч энэ нь маргаж буй газруудын газрын төлбөр төлснийг нотолж чадахгүй байна. Учир нь тус хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 311 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн баримтад нэхэмжлэгч зөвхөн 2021 оны газрын төлбөрийг 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төлсөн татварын орлогын бүртгэл байх бөгөөд түүнд төрийн сан данс нэр нь Сэ.Газрын төлбөр гэжээ. Гэтэл өмнө нь 287 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2021 оны газрын төлбөрийн гүйлгээ нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байх бөгөөд төрийн сан данс нэр нь Да.Газрын төлбөр гэснээс үзвэл хариуцагч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаачлан Дархан-Уул аймгийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 287 тоот албан бичгийн хавсралтад дурдсан 2014, 2015, 2016, 2018, 2020, 2021 онуудад газрын төлбөрийн гүйлгээ нь нэхэмжлэгчийн Сэлэнгийн Сайхан суманд эзэмшиж буй газрын төлбөр бус харин Дархан-Уул аймагт эзэмшдэг өөр газрын төлбөр гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Шинэ орчин трейд ХХК нь 2014-2021 оны газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

3. Сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн эсэх тухайд:

Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн эсэхийг шалгахаар шүүхээс нэхэмжлэгч Шинэ орчин трейд ХХК-ийн захирал Ж.Мягмаагийн цахим хаягт үзлэг[15] хийхэд, хариуцагчаас мэдэгдэх хуудасны хариу болох 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 40 тоот албан бичгийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагт хүргүүлжээ.

Хэдийгээр хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6, 27.7-д заасныг хэрэгжүүлээгүй ч энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.3.3, 40 дүгээр зүлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шинэ орчин трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/77 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Шинэ орчин трейд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэрэг-1, 51-52 ху

[2] Хавтаст хэрэг-1, 143-148 ху

[3] Хавтаст хэрэг-1, 68-72 ху

[4] Хавтаст хэрэг-2, 73 ху

[5] Хавтаст хэрэг-2, 35-41 ху

[6] Хавтаст хэрэг-1, 1 ху

[7] Хавтаст хэрэг-2, 13 ху

[8] Хавтаст хэрэг-2, 124 ху

[9] Хавтаст хэрэг-2, 79 ху

[10] Хавтаст хэрэг-2, 78 ху

[11] Хавтаст хэрэг-2, 90 ху

[12] Хавтаст хэрэг-2, 91,93 ху

[13] Хавтаст хэрэг-2, 29 ху

[14] Хавтаст хэрэг-2, 31 ху

[15] Хавтаст хэрэг-2, 8, 16 ху