Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0749

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

          захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ц

Нэхэмжлэгч: “Э-А” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 786 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0087/З         

 

                                                  

                                           ТОДОРХОЙЛОХ нь:        

   

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 786 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э-А” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/370 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Э-А” ХХК-д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ц-ээс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ...

2.1. ...Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2023.08.15-ны өдрийн А370 дугаартай тушаал гаргахдаа "Захиргааны ерөнхий хууль"-ийн 26, 27 дугаар зүйлийг бүхэлд нь. зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, нэхэмжлэлдээ энэ талаар тодорхой дурдаж бичсэн. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэлд дурдагдсан тус үндэслэлийн талаар буюу хариуцагчийг 2023.08.15-ны өдрийн А/370 дугаартай тушаал гаргахдаа "Захиргааны ерөнхий хууль"-ийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийж, шийдвэрт тусгаагүй. "Захиргааны ерөнхий хууль"-ийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", мөн зүйлийн 26.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ", мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно", мөн зүйлийн 27.2 дахь хэсэгт "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ" гэж тус тус заасан.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэлгүй, тайлбар санал гаргах боломж олголгүйгээр, сонсох ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож буй А/370 дугаартай тушаал гаргахаас өмнө хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэж, түүнээс санал тайлбар авч, сонсох ажиллагаа бодитой явуулсан эсэх талаар шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлэлгүйгээр шүүх хуралдааныг хийж, улмаар тухайн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэртээ тусгаагүй явдалд гомдолтой байна.

2.2. Нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах асуудлаар гаргаж байсан хүсэлт, түүнийг хэрхэн шийдвэрлэж байсан талаарх холбогдох нотлох баримтуудыг хариуцагчаас гаргуулах тухай 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1101 тоот албан бичгийг шүүхээс явуулсан. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгаж байсан талаарх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ талаараа ямар нэгэн тайлбар албан бичиг ч ирүүлээгүй. Харин нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах талаар гаргаж байсан хүсэлтүүдийн хуулбаруудыг гаргуулан авах асуудлаар тус яаманд хандаж байсан 2023.06.27-ны өдрийн 40/23 тоот албан бичгийн хуулбарыг ирүүлсэн. Хариуцагчийн газрын хувийн хэрэг болон газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах талаар гаргаж байсан хүсэлт, түүнийг хэрхэн шийдвэрлэж байсан талаарх холбогдох нотлох баримтуудыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргуулах тухай 2024.01.30-ны өдрийн 1/1100 тоот албан бичгийг шүүхээс явуулсан бөгөөд түүний дагуу тус газраас дараахь тайлбар, нотлох баримтуудыг ирүүлсэн. Үүнд:

“Э-А” ХХК-ийн зүгээс ашиглаж буй газрынхаа хэмжээг 2 га талбайгаар нэмэгдүүлж, газар ашиглах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдад хандан гаргасан 2015.04.14-ний өдрийн 30/15 тоот албан бичиг “Э-А” ХХК-ийн зүгээс ашиглаж буй газрынхаа хэмжээг 2 ra талбайгаар нэмэгдүүлж, газар ашиглах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан гаргасан 2015.10.26-ны өдрийн 199/15 тоот албан бичиг, “Э-А” ХХК-ийн зүгээс ашиглаж буй газрынхаа хэмжээг хашааны хэмжээгээр 4 га талбай болгож, хамтран ажиллах тухай хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан гаргасан 2017.10.04-ний өдрийн 65/17 тоот албан бичиг, “Э-А” ХХК-ийн зүгээс ашиглаж буй газрынхаа ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан гаргасан 2023.06.12-ний өдрийн 38/23 тоот албан бичиг.

2.3. Хэрэгт цугларсан байгаа дээр дурдсан нотлох баримтуудыг судлан үзвэл нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах тухай хүсэлтийг холбогдох байгууллагуудад удаа дараа гаргаж байсан болох нь нотлогдож байна. Түүнээс гадна нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах асуудлаар хариуцагчийн асуудал хариуцсан албан тушаалтнуудтай биечлэн уулзаж, санал хүсэлтээ уламжлах үедээ тухайн албан тушаалтнуудад хүлээлгэн өгдөг байсан талаар шүүхэд тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан байгаа дээр дурдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхгүйгээр, зөвхөн нэг талыг барьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж буй явдалд гомдолтой байна.

2.4. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн 1/88 тоот гэрчилгээний хавсралтад тус гэрчилгээний хугацааг 2016.08.13-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатайгаар сунгасан талаар тэмдэглэж, ТХНУГ-ын дарга А.Н гарын үсэг зурж, яамны тамга дарагдсан байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн 41 дугаартай гэрээг 2004.07.16-ны өдөр байгуулснаас хойш тус гэрээг дахин шинэчлэн байгуулсан эсэх талаарх лавлагаа, холбогдох баримтууд, газар ашиглах эрхийн хугацааг сунгаж байсан шийдвэрийн талаарх холбогдох нотлох баримтуудыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргуулах тухай 2024.02.27-ны өдрийн 1/1853 тоот албан бичгийг шүүхээс явуулсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрээ сунгуулах хүсэлт, газар ашиглах эрх олгосон болон хугацаа сунгасан тушаал нь Хамгаалалтын захиргааны архивын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа тул газар ашиглах эрх олгосон, хугацаа сунгасан тушаалын хуулбарыг хариуцагчаас гаргуулж авна гэсэн хариу ирүүлсэн.

Үүний дараа шүүх нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрээ сунгуулах хүсэлт, газар ашиглах эрх олгосон болон хугацаа сунгасан тушаал зэрэг нотлох баримтуудыг гаргуулан авах тухай 1/2018 тоот албан бичгийг 2024.03.04-ний өдөр хариуцагчид хүргүүлсэн боловч тус яамнаас ямар нэгэн нотлох баримт, тайлбар шүүхэд ирүүлээгүй. Хариуцагч болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд алинд нь ч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн 1/88 тоот гэрчилгээний хугацааг 2016.08.13-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатайгаар сунгасан шийдвэр, түүнтэй холбогдох нотлох баримтууд байхгүй байгаа нь эргэлзээ хардалт төрүүлж байна. Эдгээр шийдвэр баримтууд заавал байх ёстой. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахтай холбоотой нэхэмжлэгчийн хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн талаарх баримт, шийдвэрүүд холбогдох байгууллагуудын архивт бүртгэгдэж хадгалагдаагүй, алга болсон, устгагдсан байж ч болохоор байна.

2.5. Эсвэл хариуцагчийн зүгээс санаатайгаар гаргаж өгөхгүй байна гэж хардахад ч хүргэж байна. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023.08.15-ны өдрийн А370 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутаг газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023.08.14-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэсэн гэжээ. Гэтэл тус тэмдэглэл нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Тус тэмдэглэл нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байж болох юм. Түүнээс гадна нэхэмжлэгчийн зүгээс ашиглаж буй газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах, газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах талаар гаргасан хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх цуглуулаагүй, хариуцагч гаргаж өгөөгүй байна. Дээр дурдсан үйл баримтаас дүгнэн үзвэл анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрдүүлэх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, шүүхээс шаардсан шаардлагатай нотлох баримтууд бүрэн цуглараагүй байхад хэргийг яаран хянан шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

2.6. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бүртгэл, архивт нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 2016.08.13-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатайгаар сунгасан 2011.12 22-ны өдрийн баримт материал, ер нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа хэзээ дуусгавар болж байгаа, сунгуулах хүсэлт өгсөн, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт байхгүй. Түүнээс гадна “Э-А” ХХК-ийн байгуулсан 2004.07.16-ны өдрийн 41 тоот Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээнд дуусгавар болох хугацааг заагаагүй. Тэгэхээр хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааны талаар нарийвчлан судлалгүй, шалгалгүйгээр шууд шийдвэр гаргасан болж таарч байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0786 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дараахь байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

2.1. Нэхэмжлэгч “Э-А” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/370 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Э-А” ХХК-д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15- ны өдрийн А/370 дугаар тушаалаар “Э-А” ХХК-д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгчээс “...Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй, Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу удаа дараа гаргаж байсан боловч газар ашиглах эрхийн хугацааг сунгалгүйгээр хууль бус шийдвэр гаргасан, 2 га газар нэмээд бид үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулъя гэдэг нь дахиад 5 жил үйл ажиллагаа явуулъя гэдэг үгтэй ямар ч ялгаа байхгүй” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө хуульд зааснаар сунгуулах хүсэлтийг гаргаагүй, ...албан ёсны цахим хуудсаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн, 2 га газар нэмээд олгоод өгөөч, туслалцаа дэмжлэг үзүүлээч гэсэн агуулгатай хүсэлт гаргасан, ...ямар нэгэн үйлдэл хийгээгүй байж албан бичгээр хандсан, албан ёсны хүсэлт гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

3. Анхан шатны шүүхээс “...газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан гэх боловч дээрх хүсэлтүүдийн агуулга өөр, тухайн албан бичгүүдэд дурдсан бид үргэлжлүүлж үйл ажиллагаа явуулах саналтай байгаа гэж дурдсаныг шууд газар ашиглах эрхээ сунгуулахаар гаргасан өргөдөл гэж үзэх боломжгүй, хугацаа сунгуулах агуулгаар, холбогдох баримтуудыг хавсаргаж хариуцагч Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хандаагүй болох нь тогтоогдож байна, ...маргаан бүхий актыг хариуцагч захиргааны байгууллага хууль зөрчиж гаргасан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна, гэж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана гэж тус тус зохицуулсан.

4.1. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/41 тоот тушаалаар “Э-А” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Б**** аманд 20035 мкв газрын ашиглах эрх олгож, гэрээ байгуулан, 2004 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаар 5 жилийн хугацаатай гэрчилгээ олгож, уг гэрчилгээний хугацааг 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 5 жилээр сунгасан, 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 30/15, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 199/15 дугаар албан бичгүүдээр газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан гэх боловч хугацаа сунгуулах агуулгаар, холбогдох баримтуудыг хавсаргаж хариуцагч Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хандаагүй...” үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар нэгэнт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан “...газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах тухай хүсэлтийг холбогдох байгууллагуудад удаа дараа гаргаж байсан болох нь нотлогдож байна. Түүнээс гадна нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах асуудлаар хариуцагчийн асуудал хариуцсан албан тушаалтнуудтай биечлэн уулзаж, санал хүсэлтээ уламжлах үедээ тухайн албан тушаалтнуудад хүлээлгэн өгдөг байсан талаар шүүхэд тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан байгаа дээр дурдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхгүйгээр, зөвхөн нэг талыг барьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж буй явдалд гомдолтой байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж, холбогдох хариу тайлбарыг авсан болох нь хэрэгт авагдсан 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 тоот, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 тоот албан бичгүүдээр тус тус тогтоогдож байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан “...хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэлгүй, тайлбар санал гаргах боломж олголгүйгээр, сонсох ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                              

 

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

           ШҮҮГЧ                                                А.САРАНГЭРЭЛ

 

                      ШҮҮГЧ                                     Н.ДОЛГОРСҮРЭН