Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Т.Б

Шүүгдэгч С.Э оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ж.Б-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Сүхбаатарын Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 2239000000... дугаартай хэргийг Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор харъяалал тогтоон шилжүүлснийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 19... оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д аймгийн Б суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт У хот, Б дүүрэг, 20 дугаар хороо, А 1-100 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Нийслэлийн шүүхийн 199.. оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нутаг заахгүйгээр 3 жил, Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулан  Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан ялын хөнгөнийг хүндэд нь багтаан 3 жилийн хугацаагаар хорих ял оноглуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ын Э. /РД:ЖВ0000/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Ө сумын 7 дугаар баг, Г тосгоны төвийн хүнсний дэлгүүрийн гадна Б.Т-ийг Ж.Б-тай маргалдсан гэх шалтгаанаар түүний нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж Б.Т-ийн эрүүл мэндэд нь хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн 2239000000...  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Б.Т-ийн “...2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед Г тосгонд орж ирээд Г-ын дэлгүүрийн гадаа түр зогссон. Тэгэхэд өмнө нь энэ тосгонд амьдарч байсан Б Баткаа гэдэг залуу машин дотроосоо намайг дуудаад байхаар нь яваад очиход "У ахтайгаа ирж мэндлэхээ больчихоо юу даа их том болжээ." гээд хашгирсан. Намайг У гэж дууддаг юм л даа. Тэгээд хэсэгхэн юм ярьж байгаад намайг машин руугаа эргэхэд Б "хулгайчаа" гээд хашгираад машинаа асаагаад намайг тулаад зогссон...Тэгээд Б бид хоёр маргалдаад машиных нь жолооч талын хаалганы дэргэд зогсож байхад нөгөө танихгүй Э гэдэг ах хажуу талын сандал дээр сууж байснаа босож ирээд толгой руу маань нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би Э-ыг түлхээд газар унагаахад Э-ын хүү гэх 10 орчим насны хүүхэд миний баруун хөлийг тэврээд миний аавыг тавь гээд орилоод байсан. Тэгээд Э газар уначихаад намайг гараараа савчаад нүүр лүү цохиод байсан. Тэгээд хүүхэд хөлнөөс нь зуурчихсан байсан болохоор би хөдөлж чадахгүй байсан, тэгэхээр нь би Г ахыг дуудчих гэсэн. Эргээд гарч ирэхэд Э гэдэг ах босчихсон Б ах нэмэгдчихсэн, нөгөө хүүхэд миний хөлнөөс зуураастай хэвээрээ Б ахын эхнэр салгах гээд бүгдээрээ зууралдаад байж байсан. Э миний хамар луу цохиж гэмтээсэн. Хамар маань мурийсан байгаа. Би эмчилгээ хийлгэмээр байна. Мөн үзүүлж харуулахад мөнгө орсон болохоор зардал мөнгөө гаргуулж авмаар байна... гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

2.Гэрч Б.Э-ын “...2022 оны 07-р сарын 08-ны орой 19 цаг 30 минутын үед би өөрийн эмээгийн хамт очсон юм. Тэгээд намайг дэлгүүрт байж байхад удалгүй манай нутагт өмнө нь амьдарч байсан Т гэдэг ах орж ирээд дэлгүүрээс ойр зуурын юм аваад гарсан. Тэгээд Т ах гадаа гараад тус дэлгүүрийн эзэн Гахтай юм яриад зогсож байгаа харагдаж байсан. Тэгээд дэлгүүр дотор байсан хүн Гомбыг дуудаадах гэхээр нь гарч Гомбо ахыг дуудаад Г ах дэлгүүр лүүгээ орсон. Дэлгүүрийн гадаа Б ах эхнэр хүүхэдтэйгээ машинтай ирээд зогсож байсан. Тэгээд нэг танихгүй настай ахтай хамт архи ууцгаагаад согтуу байх шиг байсан. Бах жолоочийн талын суудал дээр үрүүлийн ард, хажууд нь Б ахын эхнэр, ард талын суудал дээр хамт архи ууцгаасан нөгөө танихгүй ах байсан, тэр ахыг сүүлд нэрийг нь мэдсэн Э гэдэг юм гэсэн. Тэгтэл Б ах машинаасаа Т ахыг "У ахтайгаа ирж мэндлэхээ больчихоо юу даа их том болжээ" гээд хашгирсан. Т ахыг У гэж дууддаг юм л даа. Тэгсэн Т ах Б ах руу яваад очсон. Тэгээд тэр хоёр хэсэгхэн юм ярьж байгаад Т р ах машин руугаа эргэхэд Б ах "хулгайчаа" гээд хашгираад машинаа асаагаад Т ахыг тулаад зогссон чинь Т ах уурлаад "Аятайхан мэнд ус мэдээд байхад давраад байгаарай" гэсэн тэгтэл Б ах хулгайчаар нь дахиад дуудаад байсан. Тэгээд Т ах Б ахтай маргалдаад машиных нь жолооч талын хаалганы дэргэд зогсож байхад нөгөө танихгүй Э гэдэг ах хажуу талын сандал дээр сууж байснаа босож ирээд гар утсаараа Т ахын толгой руу нэг удаа цохисон. Тэгтэл Т ах Э гэдэг ахыг газар унагаахад Э-ын хүү гэх 10 орчим насны хүүхэд Түвшинтөр ахын баруун хөлийг тэврээд миний аавыг тавь гээд орилоод байсан. Тэгээд Э ах газар уначихаад баруун гартаа гар утсаараа Т ахыг цохиод байсан. Тэгээд Т ах хүүхэд хөлнөөс нь зуурчихсан байсан болохоор хөдөлж чадахгүй байх шиг байсан. Тэгтэл Т ах намайг Г ахыг дуудчих гэхээр нь би дэлгүүр лүү орж Г ахыг дуудаад эргээд гарч ирэхэд Э гэдэг ах босчихсон Б ах нэмэгдчихсэн. Нөгөө хүүхэд Т ахын хөлнөөс зуураастай хэвээрээ Б ахын эхнэр салгах гээд байгаа юм уу яах гээд юм мэдэхгүй бүгдээрээ зууралдаад байж байсан... гэх мэдүүлэг   /хх-ийн 11-12 дугаар хуудас/

3.Гэрч Ж.Б-ын “...Г ирээд миний машины ард талын суудалд суусан. Миний машинд би жолоочийн суудал дээрээ хажууд маань манай эхнэр Ц, арын суудапд Э, Гхоёр, мөн манай 2 хүүхэд байсан. Тэгээд авчирсан архиа тойруулаад дуусчихаад бид юм яриад сууж байхад миний машины урд ногоон өнгийн истана машин ирээд зогссон. Тэгээд истанагийн жолоочийг бууж байхыг харахад өмнө нь таньдаг, айл саахалт явсан Угэж дууддаг Т гэх залуу байхыг хараад Улаака нааш ир ахтайгаа мэндлэхгүй юм уу гээд дуудахад хальт хараад тоосон шинжгүй дэлгүүр лүү орчихсон... маргалдаад хэрэлдээд байж байтал Эрдэнэбаатар ах машинаас буугаад Т-ийн хажууд ирчихсэн зогсож байсан. Э ах "Чи хүнтэй аятайхан мэндэлчихэд яадаг юм." гэж хэлж байсан, тэгээд хоёр биенийгээ барьж аваад барьцалдаад цаашаа болоход нь манай эхнэр миний хажуунаас чангаагаад чи гарч болохгүй шүү гээд эхнэртэйгээ ярьж байхад Т нь машины хажууд Эрдэнэбаатарыг дороо хийчихсэн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

4.Гэрч Н.Ц-ын “....Т уурлаад салаавч өгөөд  машины цонхон дээр ирчихээд чи яахаараа намайг банди гэдэг юм, хөгшин бандиа буугаад ир гээд зодолдъё гэхээр нь Б машины шилийг хагас хаагаад хэрэлдээд маргалдаад байж байтал Э ах машинаас буучихсан “Чи хүнтэй аятайхан мэндэлчихэд яадаг юм” гэж хэлж байсан...Т нь Э-ыг доороо хийчихсэн харагдаж байсан. Хэн цохисныг нь би хараагүй. Эрдэнэбаатар ахтай л ноцолдоод байсан....Э ах утсаар яриад би Т-ийг гар утсаар цохьчихсон юм аа гэж хэлж байсан...” гэх мэдүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/

5.Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 496 дугаартай шинжээчийн: “1.Б.Т-ийн биед хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч С.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Ө сумын 7 дугаар баг, Г тосгоны төвийн хүнсний дэлгүүрийн гадна Б.Т-ийг Ж.Б-тай маргалдсан гэх шалтгаанаар түүний нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж Б.Т-ийн эрүүл мэндэд нь хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий  бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна. 

Шүүгдэгч С.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, шүүгдэгч, хохирогчийн нарын үл ойлголцол, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг  шалтгаан, нөхцлүүд нөлөөлсөн байх ба гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б-ын Т-ийн эрүүл мэндэд нь хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Хамар маань мурийсан байгаа. Би эмчилгээ хийлгэмээр байна. Мөн үзүүлж харуулахад мөнгө орсон болохоор зардал мөнгөө гаргуулж авмаар байна...” гэж мэдүүлсэн боловч эмчилгээтэй холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Улсын яллагчийн гаргасан саналын дагуу хохирогч Б.Т нь  цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Э-ын  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Улсын яллагчаас шүүгдэгч С.Э-т 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх үүрэг хүлээлгэх санал, дүгнэлтийг гаргав.  

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. 

             Шүүгдэгч С.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн хувийн байдал, хувиараа барилгын ажил хийдэг, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Э-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Б овогт С-ын Э-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С-ын Э-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.    

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Шүүгдэгч С.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Т нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

6.Шүүгдэгч С.Э-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ