Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                               М.Баярмэнд

Улсын яллагч                                              Б.

Шүүгдэгч                                                      Н.

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Б.

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.д холбогдох 2223000000201 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Завхан аймгийн ******* сум ******* дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн /Регистрийн дугаар: /*******/

Шүүгдэгч Н. нь 2022 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сум, *******, хорооллын ******* хашаанд оршин суух иргэн Ц.*******ын байшингийн хаалганы цоожийг эвдэн орж LG-G6 маркийн гар утас, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 370.000 /гурван зуун далан мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэгт хамаарч байна.           

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Ц.*******од шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч Ц.******* шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                              1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

******* овогт *******гийн нь 2022 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сум, *******, хорооллын ******* хашаанд оршин суух иргэн Ц.*******ын байшингийн хаалганы цоожийг эвдэн орж LG-G6 маркийн гар утас, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: 

LG-G6 маркийн гар утас, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хулгайд алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ц.*******ын “...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн орчимд гэртээ байж байтал манай сумын гэх хүн орж ирсэн... Тэгээд би ...гэрээс Н.гийн хамтаар гарсан... би гэрээ түгжээд ажилдаа явчхаад орой 22 цагийн орчимд гэртээ ирсэн чинь манай гэрийн цоожийг онгойлгоод хаалга онгойчихсон байсан. Би гэртээ орсон чинь гэрийн хойморт шүүгээн дээр байсан гар утас болон дунд гарын мөнгөн аяга зэрэг алга болчихсон байсан... Би хулгайд дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг алдсан. Миний мөнгөн аяганд содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй би энэ хавар 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Эдэлж хэрэглээд 4 сар гаруй болж байгаа аяга мөн би LG-G6 маркийн гар утсаа хулгайд алдсан. Саарал өнгөтэй утас байгаа мөн миний гар утас ногоон өнгийн кейстэй утас байсан... Би хавар 5 сард 300.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдаж авч байсан....” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 24-25 дахь тал/

Н.гээс мөнгөн аяга худалдаж авсан тухай мэдүүлсэн гэрч Ш.гийн “...2022 оны 10 дугаар сарын 08-ны... 21 цагийн үед ...Н. манайд ... орж ирээд ... өврөөсөө дунд гарын мөнгөн аяга гаргаад ... энийг худалдаад авчхаач гэсэн. Тэгэхээр нь би наадхыг чинь би худалдаж авахгүй гэсэн чинь 20.000 төгрөгөөр худалдаад авчхаач гээд надаас шаардаад байсан. Би Н.д хандаж чамд ийм эдлэл байх ёсгүй чи хаанаас авсан юм, авсан газраа аваачиж өг гэж хэлсэн чинь Н. ... миний талийгаач ээжээс үлдсэн юм байгаа миний өөрийн хэрэглэж байгаа аяга болохоор санаа зоволтгүй та худалдаад авчих гэсэн тэгэхээр нь би тэр үгэнд нь үнэмшээд 20.000 төгрөгөөр Н.гийн гаргаж ирсэн дунд гарын мөнгөн аягыг худалдаж авсан. Н.д 20.000 төгрөг өгсөн чинь мөнгөө аваад аягаа манай гэрт үлдээчхээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 26-27 дахь тал/

Н.гээс LG-G6 маркийн гар утас худалдаж авсан тухай мэдүүлсэн гэрч Ч.ийн “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ...Н. ... өглөөний 09 цагийн орчимд орж ... ирээд ... өврөөсөө саарал өнгийн LG-G6 маркийн гар утас гаргаж ирээд энийг худалдаад авчхаач гэсэн. Тэгэхээр нь би наадхыг чинь би худалдаж авахгүй гэсэн чинь  20.000 төгрөгөөр худалдаад авчхаач гээд надаас шаардаад байсан юмаа. Наадах чинь хэний утас юм гэсэн чинь миний утас хө би чамаас дараа ирээд авчихъя... Тэгэхээр нь би тэр үгэнд нь үнэмшээд 20.000 төгрөгөөр гийн гаргаж ирсэн саарал өнгийн гар утсыг худалдаад авчихсан...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 28-29 дэх тал/,

мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.гийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сумын төв дээр ... Ц.*******ын гэрт орсон юм. Намайг гэрт нь орох үед Ц.******* гэрээсээ гарах гээд гэрийнхээ эд хогшлыг эмхэлж янзалж байсан. Тэгээд намайг дагуулаад найз нь гэрээсээ гарах гэж байна гэж хэлээд надтай хамт гэрээсээ гарсан...Тэгээд би хэсэг гадуур явж байгаад орой 22 цагийн орчимд Ц.*******ын гэрт яваад очсон чинь байшин нь түгжээтэй гэрт нь хүн байхгүй байсан. Би хаалгыг нь хүчтэй татсан чинь цоож нь мултраад хаалга нь онгойчихсон юм. Тэгээд би *******ын гэрт орсон чинь гэрт нь хүн байхгүй байхаар нь би гэрийнх нь хойморт байх шүүгээн дээр байсан мөнгөн аяга, саарал өнгөтэй гар утсыг аваад гараад зугтчихсан... Маргааш нь би дунд гарын мөнгөн аягыг ******* сумын иргэн гэх айлд очоод 20.000 төгрөгөөр зарж борлуулсан. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн найз болох Ч.ийн гэрт нь очоод саарал өнгийн LG- G6 маркийн гар утсыг 20.000 төгрөгөөр зарж борлуулсан...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 46-47 дахь тал/

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ш.гаас мөнгөн аяга хураан авсан тэмдэглэл, мөн өдөр Н.оос LG-G6 маркийн гар утас хураан авсан тэмдэглэл, Ш., Н. нараас хураан авсан мөнгөн аяга, гар утсыг хохирогч Ц.*******од хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тус тус  тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.гийн үйлдлийн улмаас хохирогч Ц.*******од нийт 370000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны гаргасан “ дунд гарын мөнгөн аяганы үнэлгээг 200000, LG-G6 маркийн гар утасны 170000 төгрөг нийт 370000 төгрөг гэж тогтоолоо” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч Н. нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Ц.*******ын өмчлөлийн мөнгөн аяга, гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч түүнд 370,000 төгрөгийн хохирол  учруулсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар зүйлчлэхээр заасан байна.

Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд зааснаар хэн боловч бусдын орон байранд халдах эрхгүй бөгөөд  өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний байнга оршин  суудаг орон байранд нэвтрэх нь хууль бус үйлдэл юм.

Хүн байнга амьдрах зориулалттай орон байр нь өмчлөлөөс бусад этгээдийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон байх ба хохирогч Ц.*******ын байшингийн цоожийг эвдэн орж хулгай хийсэн нь хууль бус нэвтрэлт бөгөөд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Н. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг мэдэж хүсэж үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн субъектив шинжийг, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан нь  “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч Н.г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  хэсэгт заасан  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь  зүйтэй.

Шүүгдэгч нь LG-G6 маркийн гар утас, дунд гарын мөнгөн аяга 1 зэргийг хохирогчид биет байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн  тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч  Н.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчид прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах санал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.   

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...зорчих эрхийг хязгаарлах хоногийн нэг хоногоор ...тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Н. нь шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3. 1.4, 1.5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.г 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.д оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.гийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг хорих хорих ялд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.

5. Шүүгдэгч Н.д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Н.гээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.НАНДИНЦЭЦЭГ