Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

      

 

 

 

       2022         12            27                                   2023/ШЦТ/01

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Нямдоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204001990148 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                        Б.Наранжаргал

Улсын яллагч                                                       Э.Баасанбаяр

Шүүгдэгч                                                        З.Нямдорж нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, эрэгтэй, 41 настай,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, вакум цонхны “Гэгээ” ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалант хэсгийн 21 дүгээр гудамжны 04 тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Нуур овгийн Зандаръяагийн Нямдорж /РД:ВЛ81021815/

Шүүгдэгч З.Нямдорж нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны шөнийн 00 цаг 30 минутын үед Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Майлд Хаус” баарны гадна хохирогч Ю.Энхзаяаг эхнэртэй хэрэлдлээ гэх шалтгаанаар хамар хэсэгт 2 удаа цохиж хамар ясны шинэ хугарал, зүүн талын гуяны дотор хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч З.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 18-ны шөнийн 23 цагийн үед Энхзаяа эхнэр Гэрэлтуяагийн утсаар намайг “Майлд Хаус” бааранд хүрээд ир гэж дуудаад очсон. Энхзаяа надад усны саванд байсан архинаас 3 удаа хийж өгсөн. Гэтэл эхнэр Гэрэлтуяа Энхзаяатай муудалцаад байсан. Тухайн үед би салгах үйлдэл хийхдээ алгадсан, гэхдээ баруун хацарт нь шүргээд л өнгөрсөн. Тэгээд удаагүй эхнэртэйгээ хамт баарнаас гарч явсан. Тэгсэн хойноос Энхзаяа гарч ирээд та 2 намайг орхиод явах гэж байгаа юм уу гээд миний куртикнээс зуураад байсан. Тэгэхээр нь би угзраад татаад цохисон, эргэж харахад хамарнаас нь цус гарч байсан. Би тухайн үед хамар луу нь цохисон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 62-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Ю.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 18-ны шөнийн 00 цаг 10 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Майлд Хаус” нэртэй баарны гадна Гэрэлтуяа гэх хүнтэй маргалдаад зогсож байсан чинь түүний нөхөр Нямдорж “чи яагаад эхнэртэй хэрэлдээд байгаа юм бэ гэж хэлээд хамар луу гараараа 1-2 удаа цохисон. Хамраас их хэмжээний цус гарсан. Таньдаг болохоор тухайн үед цагдаад хандаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авах дээр очиж үзүүлсэн чинь хамар цөмөрсөн байна гэсэн. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот руу явж 3, 4 дүгээр хороололд байрладаг хувийн эмнэлэгт үзүүлсэн. Тухайн эмнэлэгийн эмч нь бас хамар хугарсан байна гэсэн. Хамрын хугарлаа эдгэсний дараа хагалгаанд ороорой гэж хэлсэн. Тухайн үед баримт өгөөгүй, би өөрөө авъя гэж хэлээгүй. Хувийн эмнэлэгт 140.000 төгрөгөөр үзүүлсэн. Зөндөө эм бичиж өгсөн. 70.000 төгрөгийн эм эмийн сангаас авсан, баримтыг нь хаячихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-10-р хуудас/

              Гэрч Х.Гэрэлтуяагийн өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 18-ны оройн 21 цагийн үед найз Энхзаяа, Өнөржаргал бид 3, эхнэр, нөхрөө дуудаад “Аяс” караокед орсон. Тэнд 20-30 минут болоод гарсан бөгөөд “Майлд Хаус” бааранд 5-лаа орсон. ...нөхөр Нямдорж ирж авъя гэж утсаар ярьсан. Нөхрийг ирэх үед нөгөө найзууд явсан байсан. Нямдорж, Энхзаяа бид гурав бааранд үлдсэн. Би бүжиглэж байгаад нэг харсан чинь Энхзаяа нөхөрт архи хийж өгөөд, хажууд нь суугаад чихэнд нь юм шивнээд байгаа юмуу, үнсээд ч байгаа юмуу би үүнийг хараад “чи нөхөр үнсээд байгаа юмуу” гэж хэлсэн. Тэгтэл Энхзаяа “чи миний хайртай залууг авч суучихаад юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд зүүн гар талын толгойн хэсгээс үсдэж газар унагасан. Нөхөр босож ирээд намайг өмөөрч, эхнэр дээрэлхлээ гээд Энхзаяаг нэг удаа алгадсан. Тэгээд бид хоёр баарнаас гарсан чинь нөхрийн куртикнээс зууралдаад явуулахгүй байсан.  ...хот явж шинжилгээ өгнө гээд надаас мөнгө нэхсэн, би 270.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-р хуудас/

              Гэрч Б.Бямбадоржийн өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 20 минутад Ю.Энхзаяагийн биед үзлэг хийсэн. Биеийн байдал дунд, хамар орчим хавантай, тэмтрэлтээр эмзэглэлтэй байсан. Хамар дайврын комьпютерын зураг авахуулах шаардлагатай зөвлөмж өгсөн. Тухайн үйлчлүүлэгч 2-3 хоногийн дараа ирж үзүүлсэн. Ирэхдээ хамар орчмын зургаа авахуулаад ирсэн. Өмнөх зургийн дүгнэлттэйгээ ирсэн. Түүн дээр өмнөх хамрын гэмтэл нь өөр газар байсан. Сая авахуулсан зураг дээр нь шинэ үүссэн байж болохоор харагдсан. Гэмтлийн хэлбэрээс хамаарч мэс заслын ажилбар харилцан адилгүй байдаг. Багануур дүүргийн эмнэлэгт нэгдүгээр эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар ирж хийдэг, үнийн хувьд харилцан адилгүй байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-р хуудас/

              Шинжээчийн 410 дугаартай “...Ю.Энхзаяагийн биед хамар ясны шинэ хугарал, зүүн талын гуяны дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг үед учирсан байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/

              Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22:50 минутаас эхэлж, Ю.Энхзаяа, Х.Гэрэлтуяа, З.Нямдорж нар тухайн баарны цаад зааланд баруун гар талын захын ширээнд сууж байсан бичлэг нь хагас дутуу харагдаж байв 00:04 цагаас 00:05 минутын хооронд ширээнээс босож, хувцсаа өмсөж байгаа харагдав. Гэрч Гэрэлтуяа болон З.Нямдорж нарын мэдүүлгээр Ю.Энхзаяа Х.Гэрэлтуяаг газар унагаж, үсэдсэн талаарх бичлэг байхгүй байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-36-р хуудас/

              Иргэний нэхэмжлэгч Г.Булаг-Ундралын өгсөн “...хохирогч Ю.Энхзаяа нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж, гэмтлийн яаралтай тусламжаар 161.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09, 28-ны өдрүүдэд гэмтлийн оношоор амбулаторын үзлэгт болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэж 150.000 төгрөг, нийт 311.000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 33/49 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх тул З.Нямдоржоос дээрх мөнгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-р хуудас/

Багануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн “...иргэн Юндэнгийн Энхзаяа /РД:НП93061163/ нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж, гэмтлийн яаралтай тусламжаар 161.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09, 28-ны өдрүүдэд гэмтлийн оношоор амбулаторийн үзлэг болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэж 150.000 төгрөг, нийт 311.000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авсан байна...” гэсэн 2022.12.19 өдрийн 33/49 дугаартай албан тоот /хх-н 12-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-н 65-74р хуудас/

              Шүүгдэгч З.Нямдоржийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэх тэмдэглэл /хх-н 56-р хуудас/

              З.Нямдоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 41-50-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Улсын яллагчаас “…шүүгдэгч З.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөр болох 311.000 төгрөгийг шүүгдэгч З.Нямдоржоор төлүүлэх саналтай…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчийн “...гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, торгуулийн шийтгэл хүлээхэд бэлэн байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.Нямдоржид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

 Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч З.Нямдорж нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны шөнийн 00 цаг 30 минутын үед Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Майлд Хаус” баарны гадна хохирогч Ю.Энхзаяаг эхнэртэй хэрэлдлээ гэх шалтгаанаар хамар хэсэгт хоёр удаа цохиж хамар ясны шинэ хугарал, зүүн талын гуяны дотор хэсэгт 6х5 см цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Нямдорж нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

З.Нямдорж нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой зүй бус харьцаж хамар хэсэгт гараараа 2 удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Ю.Энхзаяагийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 410 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч З.Нямдоржийн үйлдэл нь Ю.Энхзаяагийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг “согтууруулах ундаа  хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад З.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Нямдоржийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч нь “...280.000 төгрөг бэлнээр авсан, цаашид хамраа янзлуулах тул 1.000.000 төгрөг нэхэмжилж байна, дээрх мөнгийг барагдуулбал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч нь “... хохирогчид 280.000 төгрөг эмчилгээнд нь өгсөн одоо хохирогчийн хагалгааны төлбөр болон иргэний нэхэмжлэгчийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна...” гэж мэдүүлжээ.

Иймд хохирогч нь нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч 280.000 төгрөг хохирол төлсөн болон Ю.Энхзаяа нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан хохирол хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад  311.000 төгрөгийн хохирол учирсан гэх иргэний нэхэмжлэгч Г.Булаг-Ундралын “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 311.000 төгрөгийн зардал гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15)-тэй шүүх хуралдаанд талууд маргаагүй тул шүүгдэгчээс 311.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Шүүгдэгч З.Нямдорж нь хохирогчид 280.000 төгрөгийн хохирол төлсөн, цаашид гарах хохирол, хор уршигийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад  З.Нямдорж нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 70-73-р хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Иймд шүүгдэгч З.Нямдорж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан З.Нямдоржид мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргана.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.

З.Нямдоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч Нуур овгийн Зандаръяагийн Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нуур овгийн Зандаръяагийн Нямдоржийг дөрвөн зуун тавь /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан З.Нямдоржид мэдэгдсүгэй.

             4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар З.Нямдорж нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 280.000 төгрөгийг төлсөн болохыг хохирогч Ю.Энхзаяа нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан хохирол хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Нямдоржоос эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 311.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /төрийн сан 100900020080/ олгосугай.

       6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол З.Нямдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

       8. З.Нямдоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

       10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.БЯМБАЖАВ