Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 112/2024/0029/З/Т |
Дугаар | 221/МА2024/0768 |
Огноо | 2024-12-04 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2024/0768
“Д б” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А
Гомдол гаргагч: “Д б” ХХК
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.О
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0034 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Т, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А /цахим/, хариуцагч М.О /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж /цахим/ нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 112/2024/0029/З/Т
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Д б” ХХК-иас Говь-Алтай аймгийн татварын улсын байцаагч М.От холбогдуулан “Говь-Алтай аймгийн Татварын улсын байцаагч М.Оийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00438** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0034 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг баримтлан “Д б” ХХК-иас Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.От холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Оийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 00438** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...
3.1. ...Шийтгэлийн хуудасны үндэслэл болоод байгаа хэрэгт авагдсан нотлох баримтууд нь дараах байдлаар хууль зөрчсөн. Үүнд:
-Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгахдаа Быг холбогдогчоор, Чийг гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд холбогдогч гэрч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр өөр эрх үүрэгтэй оролцдог субьектүүд юм.
-Ц.Ч мэдүүлэг огт аваагүй атлаа болоогүй процесс болон цаг хугацаа худал бичиж мэдүүлэг авснаар тэмдэглэл хөтөлж Б-оор өгч явуулан гарын үсэг зуруулсан болон шүүхэд бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.
-Ц.Ч Татварын улсын байцаагч мэдүүлэг авахдаа Зөрчлийн тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн нүүр тус бүрд гарын үсэг зурна гэснийг зөрчсөн. Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлалгүй мэдүүлэг авсан.
-Хэргийн үйл баримтыг нотлох камерын бичлэгийг буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр камерт үзлэг хийсэн тэмдэглэлд 1-р сарын 29-ний өдрөөс эхлэн бичсэн бичлэгүүд камерт байна. Бичлэгийг iphone8 утсаар хуулж авав гэсэн тэмдэглэл байгаа бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болсон бүхий л процесс буюу хэн тус архийг лангуунд өрсөн болох асуудал нотлогдохоор байхад лангуунаас хураасан нь л зөрчил гэж дүгнэж анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа хуулийн үндэслэлгүй байна.
3.2. Ч нөхөр Б гэж хүнд туслаж гэртээ буюу цагаан сараар хэрэглэхээр тус архийг худалдсан авсан. Гэвч тус архийг худалдагч хийж байсан М гэж хүн лангуунд өрсөн бөгөөд Ч архи өрөгдсөн талаар мэдээгүй байсан. Гэтэл цагдаа орж ирж хурааж авахад мэдэж байгаа зэрэг үйлдлүүд нь 1-2 цагийн хооронд л болсон процесс бөгөөд худалдан борлуулах үйлдлийг болон лангуунд тавих процессыг Ч хийгээгүй байхад Чийн “Д б” ХХК-ийг Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага ногдуулж байгаа үйлдэл нь хууль бус гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:
2.1. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Д б” ХХК-ийн Б хүнсний дэлгүүр нь “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан...” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
2.2. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч компанийн дэлгүүрийн лангуунд онцгой албан татварын тэмдэггүй 3 шил вискиг худалдан борлуулахаар байршуулсан нь хэрэгт авагдсан баримт /3 шил вискиг хураан авсан тэмдэглэл, холбогдогч болон гэрчүүдийн мэдүүлэг/-уудаар нэгэнт тогтоогдсон, ...холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл 3 хуудастай, эхний хуудсад холбогдогчийн мэдээлэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрх, үүргийг хуулийн 2.9 дэх заалтаар дуусгаж, хоёрдугаар хуудас мөн зүйлийн 2.10 дахь заалтаар эхэлж, энэ хуудасны дунд хэсэгт болон гуравдугаар хуудасны эцэст Ц.Ч тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан” гэх дүгнэлтийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.3. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж; 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж “шударга ёсны” зарчмыг тус тус баталгаажуулсны зэрэгцээ 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” хэмээн шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлсон байна.
2.4. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тэмдэггүй согтууруулах ундаа, .... бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан ...бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”-ийг “Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...тэмдэггүй согтууруулах ундаа, ...”-г бэлтгэн нийлүүлэх, ...худалдах, ...”-ыг тус тус хориглохоор заасан.
2.5. Дээрх хуулийн зохицуулалт, үгийн шууд утга нь “төгссөн буюу үйлдэгдсэн” байхаар хуульчлагдсан, тиймээс худалдах, борлуулахаар дэлгүүрийн лангуунд тавьсныг бус зөвхөн худалдсан эсхүл борлуулсан тохиолдолд л хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгаар Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг тайлбарлах нь хэт явцуу, хуулийн зорилго, үзэл баримтлалтай нийцэхгүй тул энэ талаар гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан “...худалдсан гэдэг нь ямар үйлдлээр нотлогдож байгааг тогтоогоогүй байж худалдан борлуулсан гэж шийтгэл ногдуулж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.15 дугаар зүйлийг зөрчсөн буюу зөрчлийн шинжийг бүрэн хангаснаар зөрчлийн шийтгэлийг ногдуулах ёстой” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй.
2.6. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд “2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан холбогдогч Ц.Ч мэдүүлэг авсан тэмдэглэлд: ...хорт хавдар туссан Б.Б гэдэг иргэн эгч 3 шил виски мөнгө болгоод өгөөч гэхээр нь авсан, аваад виски тавьдаг лангуунд тавиад хэд хонож байтал сумын цагдаа хурааж авсан ...вискиний лангуунаас хураалгасан, ...тухайн өдөр би өөрөө зогсож байсан” гэх мэдүүлэг, Нарангийн Мыг гэрчээр асуусан тэмдэглэлд: ...Тэр 3 вискиг авгай, нөхөр 2 өөрсдөө авсан, ...би хөдөө гэррүүгээ явах гэж яараад 3 вискиг барааны лангуунд өрж тавьсан, ... Би тэр вискиг зараагүй” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд 3 шил виски худалдан борлуулах барааны лангуунд байршсан үйл баримт нэгэнт тогтоогдож байгаа энэ тохиолдолд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан худалдан борлуулах үйлдлийг болон лангуунд тавих процессыг Ц.Ч хийгээгүй байхад Ц.Чийн “Д б” ХХК-ийг Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага ногдуулж байгаа үйлдэл нь хууль бус” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.7. Учир нь Зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13-т зааснаар согтууруулах ундаа худалдах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр зааснаар тус аймгийн Засаг даргаас “Д б” ХХК-ийн “Б” нэртэй хүнсний дэлгүүрт спиртийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдах тусгай зөвшөөрлийг 2022 онд 2 жилийн хугацаатайгаар олгосон боловч энэхүү тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь Онцгой албан татварын тухай хууль болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн байх тул хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний хариуцлага тооцсон нь хуульд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
2.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч онцгой албан татварын тэмдэггүй 3 шил согтууруулах ундааг дэлгүүрийн лангуунаас хураалгасан, өөрөө дэлгүүртээ худалдаагаа гардан эрхэлж байсан талаар маргадаггүй, харин зөрчил шалгах процесс ажиллагаа зөрчилтэй байсан гэх агуулгаар маргаж байх бөгөөд гомдол гаргагчийн төлөөлөгч Ц.Ч нь “Д б” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн тул Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйл 3-т Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна гэж зааснаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
3. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН