Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх

Шүүгдэгч Б.Баттулга, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж /ҮД:0032/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Хатагин овогт Болдбаатарын Баттулгад холбогдох эрүүгийн 201625022785 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймаг, Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, “В” ангилалын жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-7 эхнэр, 03-20 насны таван хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 15 дугаар гудамж, 301а тоотод оршин суух, 2 удаагийн ял шийтгэлтэй,

 Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 241 дүгээр зүйлд зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 25 хоногийн хорих ялын 30% болох 8 сар 11 хоногийг өршөөн хасч, 2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 407 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 5 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Хатагин овогт Болдбаатарын Баттулга /РД: ЖЮ79072814/

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Баттулга нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар Их Дэлгүүрийн автобусны буудал орчимд “Зүүн салаа 23” чиглэлийн автобусан дотор байхдаа иргэн Х.Насандэлгэрийн куртикний зүүн талын халааснаас “айфоне 5-эс” загварын цагаан өнгийн гар утсыг хулгайлан авч бусдад 280.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Баттулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Б.Баттулга нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Улаанбаатар Их Дэлгүүрийн автобусны буудал орчимд “Зүүн салаа 23” чиглэлийн автобусан дотор буудаг хаалганы хажууд зогсоод явж байхдаа бараан өнгийн куртиктэй, 40 гаруй насны үл таних эмэгтэй хүний куртикний зүүн талын халааснаас цагаан өнгийн “IPHONE 5S” загварын гар утсыг хулгайлаад буусан. Тэгээд автобуснаас буухад Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн эрүүгийн төлөөлөгч намайг барьж авсан. Тэгэхээр нь би мөнгө олох зорилгоор хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ ярьсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 19 дүгээр хуудас/,

Хохирогч Х.Насандэлгэр нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Улаанбаатар Их Дэлгүүрийн автобусны буудал дээр “Зүүн салаа 23” чиглэлийн автобуснаас буугаад халаасандаа байсан гар утсаа үзэхэд алга болсон байсан. Тэгээд эргээд нөгөө автобусандаа суугаад жолоочоос асуухад болгоомжтой явахад яадаг юм бэ? гэж хэлсэн. Тэгээд би эргээд буусан. Тэгээд би ажил дээрээ ирээд ажлынхаа утаснаас өөрийн гар утас руу залгахад миний утас холбогдож байсан. Тэгээд миний хулгайд алдсан гар утсыг Эрдэнэсүрэн гэх хүн аваад цагдаагийн байгууллагад ирж тайлбараа өгөөд гар утсаа ав гэж хэлсэн. Миний алдсан утас цагаан өнгийн “Айфоне 5-эс” маркийн утас байсан. Би хулгайд алдсан гар утсаа эргүүлэн авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...гэсэн мэдүүлэг. /хх 13 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ: “...

 

  • “айфоне 5-эс” загварын гар утас – 280.000 төгрөг...” гэжээ. /хх 8 дугаар хуудас/

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлээр: “...I phone 5s маркийн хар саарал өнгийн imei 358692050504804 дугаартай гар утас 1 ширхэг .... эд зүйл хураалгасан Б.Баттулга...” гэжээ /хх 6 дугаар хуудас/,

Хохирогч Х.Насандэлгэрийн өргөдөл /хх 3/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 7/, шүүгдэгч Б.Баттулгын оршин суугаа газрын тодорхойлолт /хх 16/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 17 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 дугаар хуудас/, хувийн байдлыг тогтоосон баримт /хх 24-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Баттулга нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар Их Дэлгүүрийн автобусны буудал орчимд “Зүүн салаа 23” чиглэлийн автобусан дотор зорчин явж байхдаа иргэн Х.Насандэлгэрийн куртикний зүүн талын халааснаас “Айфоне 5-эс” загварын цагаан өнгийн гар утсыг хулгайлсны улмаас бусдад 280.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэнд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Насандэлгэрийн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүх хуралдаанд хохирогч Х.Насандэлгэрээс: “Хохирогч Х.Насандэлгэр миний бие Б.Баттулгатай сайн дураараа эвлэрч байна. Иймд түүний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ /хх 6 дугаар хуудас/.

Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Баттулгад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг “бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Баттулга нь урд 2 удаагийн ял шийтгэгдэж байсан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялтай байдал байхгүй тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол болох гар утсаа буцаан хохирогчид өгсөн, хохирогч Х.Насандэлгэрээс “шүүгдэгч Б.Баттулгатай сайн дураараа эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Хатагин овогт Болдбаатарын Баттулга нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Баттулгад холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Баттулгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Баттулга нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Баттулгад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баттулгад бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН