| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2022/0224/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/247 |
| Огноо | 2022-12-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч Д.*******-*******, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236000000279 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд “шүүгдэгч Д.*******-Эрдэнийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын 02 дугаар /*******/ багийн 16 дугаар гудамжны 11 тоот хашаанд байх хохирогч Б.*******ийн гэрээс түүний виза картыг хулгайлан авч, уг картаас 450’000 төгрөгийг авсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Хохирогч Б.*******ийн Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 09 цаг гээд ажилдаа очоод ажлаа хийж байхад 10:57 минутын үед миний Хаан банкны данснаас шалтгаангүйгээр учир битүүлэг 450’000 төгрөгийн зарлага гарсан. Энэ зарлагаар гарсан мөнгөний учир шалтгааныг олж өгнө үү” гэх гомдол (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);
- Хохирогч Б.*******ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр миний Хаан банкны *** тоот данснаас 450’000 төгрөгийн зарлага гарсан. Миний бие өөрөө ямар нэгэн бэлэн мөнгө авсан зүйл байхгүй. Тухайн зарлага нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 57 минутад миний *** дугаарт Хаан банкнаас 450’000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Хаан банкны *** тоот данстай холбоотой картыг Ховд аймгийн ******* сумын ******* багийн 16-11 тоот хашаанд байх өөрийн гэрийн зүүн талын унинд хавчуулсан байсан. Зарлага гарлаа гэж мессеж ирэнгүүт нь гэртээ очоод хайтал олдохгүй байсан. Тэгээд төв банкин дээр очоод 450’000 төгрөг бэлнээр гарсан гэх АТМ-ны дугаар болон хуулгаа үзүүлээд камер шүүж өгнө үү гэхэд захын дээд талын АТМ-тэй Хаан банкны гадна болон дотор хяналтын камерын бичлэгийг шүүж хоёр ширхэг си ди-д хуулж өгсөн. Одоо надад тэр хоёр си ди нь байгаа. Хамгийн сүүлд 2022 оны 09 сарын 30-ны орой харахад унинд хавчуулсан байдалтай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);
- Хохирогч Б.*******ийн Хаан банк дахь *** дугаарын дансны 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “11 цаг 57 минутад 450’000 төгрөгийн зарлага гарсан” гэх агуулгатай хуулга (хавтаст хэргийн 3 дугаар хуудас) зэргээр хохирогч Б.*******ийн Хаан банк дахь *** дугаарын данстай виза картаас 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүний зөвшөөрөлгүй, хууль бусаар 450’000 төгрөгийн зарлага гарч, хохирогчид Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогджээ.
1.2. Хохирогч Б.*******ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “2022 оны 10 сарын 01-ний өглөө намайг ажилдаа явахаас өмнө 08 цагийн үед манай хадам эгчийн хамтран амьдрагч Д.*******-******* гэх залуу манайд орж ирээд гэрийн зүүн талд манай хүүхэдтэй тоглож байсан. Энэ хооронд нь би 00 орж бие засаад буцаад ороод иртэл Д.*******-******* гараад явсан байсан. ...2022 оны 09 сарын 30-аас 10 сарын 01-ний хооронд манайд Д.*******-*******эс өөр хүн орж ирээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас);
- Гэрч Э.*******ын “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын төвд явж байгаад Баруун бүсийн төв зах дотор өөрийн арван жилийн ангийн хүүхэд ******* овогтой *******-*******тэй таарсан. Тухайн үед Д.*******-******* надад Хаан банкны виза карт өгөөд АТМ-ээс бэлэн мөнгө аваад өгөөч гэж гуйсан. Тухайн үед би өгсөн виза картын нэрийг нь хараагүй өөрийнх нь карт юм байх гэж бодсон. Тэгээд би Д.*******-Эрдэнийн өгсөн виза картнаас “Баруун бүсийн төв” нэртэй захын дээд талд байрлах Хаан банкны АТМ-ээс 450’000 төгрөг авч өгсөн. АТМ орохдоо би ганцаараа орсон манай ангийн Д.*******-******* өөрөө хамт оролгүй “гадаа хүлээж байя” гэж хэлээд үлдсэн. Д.*******-******* надаас мөнгө, виза картаа аваад тухайн үед яваад өгсөн, хаашаа явсныг нь би мэдээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас);
- Шүүгдэгч Д.*******-Эрдэнийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өглөөний 09:00 цагийн үед (цагийг нь сайн санахгүй байна) хохирогч Б.*******ийн Ховд аймгийн ******* сумын ******* багийн 16-11 тоотод байх гэрт нь орсон. Тэр хашаанд манай хадам аав *******, хохирогч Б.******* манай гурван гэр байдаг. ...Гэрт нь орсон чинь хүн байхгүй байхаар нь гэрийн зүүн талын унинд хавчуулсан байсан Хаан банкны виза картыг аваад гарсан. Тэгээд гэртээ орчхоод эхнэртээ “доошлоод ирье” гэж хэлээд гэрээсээ гараад зах дотор очиход арван жилийн ангийн найз Амгалан (Э.*******) таарахаар нь мэнд мэдээд “найздаа АТМ ороод мөнгө аваад өгөөч” гээд хоёулаа захын дээд талын АТМ дээр очоод найз Амгаланд хохирогч Б.*******ийн виза картыг өгөөд “АТМ-ээс 450’000 төгрөг гаргаад өгөөч” гэж хэлээд АТМ рүү оруулсан. Хэсэг хугацааны дараа Амгалан 450’000 төгрөг аваад гараад ирсэн. Амгалан надад мөнгө виза карт хоёрыг өгөөд яваад өгсөн. ...Би тухайн картыг зээлээ төлөх гэж авсан юм. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.******* надаар дэлгүүрээс тамхи, сүү авхуулж байсан. Тэр үеэс нууц үгийг мэддэг болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Д.*******-******* Ховд аймгийн ******* сумын 02 дугаар /*******/ багийн 16 дугаар гудамжны 11 тоот хашаанд байх хохирогч Б.*******ийн гэрээс түүний виза картыг хулгайлан авч, уг картаас 450’000 төгрөгийг гэрч Э.*******оор АТМ-аас авхуулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ. Шүүгдэгч Д.*******-******* нь хохирогч Б.*******т хүч хэрэглэхгүйгээр, түүнд мэдэгдэж, зөвшөөрөл авахгүйгээр түүний Хаан банкны виза картыг авч, уг картаас мөнгө авсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 450’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тул гэмт хэрэг үзнэ.
2.3. Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр, нууцаар авах нь хууль бус гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлтээр хохирогчийн Хаан банкны виза картыг авч, уг картаас 450’000 авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
2.4. Гэмт этгээд халдлагын зүйлийг буюу хулгайлж авсан хөрөнгө, орлогыг захиран зарцуулах боломжтой болсноор хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзэх бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн Хаан банкны виза картыг авч, уг картаас гэрч Э.*******оор АТМ-ээс 450’000 төгрөгийг авснаар уг хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
2.5. Гэрч Э.*******ын “...Д.*******-******* надад Хаан банкны виза карт өгөөд АТМ-ээс бэлэн мөнгө аваад өгөөч гэж гуйсан. Тухайн үед би өгсөн виза картын нэрийг нь хараагүй өөрийнх нь карт юм байх гэж бодсон. ...Д.*******-******* надаас мөнгө, виза картаа аваад тухайн үед яваад өгсөн, хаашаа явсныг нь би мэдээгүй” гэх мэдүүлэг нь шүүгдэгчийн “...найз Амгаланд хохирогч Б.*******ийн виза картыг өгөөд “АТМ-ээс 450’000 төгрөг гаргаад өгөөч” гэж хэлээд АТМ рүү оруулсан. Хэсэг хугацааны дараа Амгалан 450’000 төгрөг аваад гараад ирсэн. Амгалан надад мөнгө виза карт хоёрыг өгөөд яваад өгсөн” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Тодруулбал гэрч Э.*******ыг шүүгдэгчтэй урьдаас үгсэн тохиролцож, эсхүл үйлдлээрээ нэгдэж буюу гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан, гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэх зориуд хүргэсэн, урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.6. Шүүгдэгч Д.*******-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Д.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Д.*******-******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), шүүгдэгч Д.*******-Эрдэнийн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Д.*******-******* нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3. Гэрч Э.*******ын “...Тухайн үед Д.*******-******* надад Хаан банкны виза карт өгөөд АТМ-ээс бэлэн мөнгө аваад өгөөч гэж гуйсан. ... Тэгээд би Д.*******-Эрдэнийн өгсөн виза картнаас “Баруун бүсийн төв” нэртэй захын дээд талд байрлах Хаан банкны АТМ-ээс 450’000 төгрөг авч өгсөн. АТМ орохдоо би ганцаараа орсон манай ангийн Д.*******-******* өөрөө хамт оролгүй “гадаа хүлээж байя” гэж хэлээд үлдсэн” гэх болон шүүгдэгч Д.*******-Эрдэнийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...арван жилийн ангийн найз Амгалан (Э.*******) таарахаар нь мэнд мэдээд “найздаа АТМ ороод мөнгө аваад өгөөч” гээд хоёулаа захын дээд талын АТМ дээр очоод найз Амгаланд хохирогч Б.*******ийн виза картыг өгөөд “АТМ-ээс 450’000 төгрөг гаргаад өгөөч” гэж хэлээд АТМ рүү оруулсан. Хэсэг хугацааны дараа Амгалан 450’000 төгрөг аваад гараад ирсэн” гэх мэдүүлгүүдээс дүгнэвэл шүүгдэгч нь хохирогчийн виза картаас 450’000 төгрөг авах боломжтой байсныг урьдчилсан мэдсэн байх бөгөөд өөрөө виза картаас мөнгө авбал илчлэгдэхээс сэргийлж гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй хүнээр мөнгийг авхуулжээ. Тодруулбал шүүгдэгч нь гэмт хэргийг урьдаас төлөвлөж үйлдсэн байх бөгөөд энэхүү үйл баримтыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулан үзнэ.
3. Улсын яллагч “...шүүгдэгч *******ын *******-*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналыг шүүгдэгч *******ын *******-*******д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасны дагуу шүүгдэгч нь учирсан хохирлоо нөхөн төлсөн тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэх санал тус тус гаргажээ.
3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж, мөн хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тавин жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.*******-*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3.2. Мөн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй байна.
4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 450’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч Б.******* “...Миний хохирол болох 450’000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 09-ний өглөөний 7:55 минутад миний Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн. Бүрэн барагдуулсан гэж үзэж байна. Надад нэхэмжлэх зүйл, санал, хүсэлт байхгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас) байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.
5. Шүүгдэгч Д.*******-******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар түүнийг тэнссэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.*******-*******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй
5. Шүүгдэгч Д.*******-******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА