Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 97

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь  аймаг  Даланзадгад  сум,  1  дүгээр  баг

 ................. оршин суух, Боржигон

овогт  Б.А    /РД:................./

Хариуцагч:  Өмнөговь  аймаг  Даланзадгад  сум,  1  дүгээр  баг

 Баруунсайханы 24-2 тоотод оршин суух, Боржигон

 овогт Б.Э /РД:............../

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А , хариуцагч Б.Э , нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.Э  бид хоёр хамтран амьдраад 2010 онд хүү А.Т төрсөн. Б.Э  цэрэгт явах болсон тул бид гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2011 онд хүүхэд 1 нас хүрсний дараа цэрэгт явсан. Халагдаж ирээд бид 2016 он хүртэл 5-6 жил хамт амьдрах хугацаанд надад гар хүрдэг болсон. Дандаа хардалтын улмаас болж архи ууж ирээд агсам тавьдаг. Хааяа нэг байснаа сүүлдээ сард 2 удаа гар хүрэх болсон, толгой тархи руу цохидог. Надад гар хүрэхэд хажууд харж байсан гэрчлэх хүмүүс байгаа, би цагдаад мэдэгдэж, эмнэлэгт хандаж байгаагүй. Одоо бид салаад 2-3 жил болж байна. Бид тус тусын амьдралтай болсон учраас шүүхэд хандаж гэрлэлтийн баталгааг салгуулах хүсэлт гаргасан. Б.Э гээс хүү А.Т д тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.А гийн гаргасан гэрлэлт цуцлуулах, хүү А.Т д хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү А.Т миний хүүхэд мөн. Би Б.А д гар хүрдэг байсан нь үнэн. Толгой руу нь цохидоггүй, алгаддаг л байсан. Гэхдээ гэмтэл учруулахаар зодож байгаагүй. Хардалтын улмаас ийм зүйл болдог байсан. Одоо би гэр бүлтэй болсон гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох Б.А , Б.Э  нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б.А гийн иргэний үнэмлэхийн хуулбар, А.Т ий төрсний гэрчилгээний хуулбар, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Б.Э гээс гэрлэлтээ цуцлуулан, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсчээ.

Хариуцагч Б.Э  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.

Б.А , Б.Э  нар нь 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Иргэний бүртгэлийн байгууллагын 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0147963 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх ба тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү А.Т төрсөн болох нь түүний 0438305 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй, өөр бусадтай хамтын амьдралтай болж хүүхэдтэй болсон шалтгаанаар эвлэрэх боломжгүй болж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Зохигчид цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав. 

         Нэхэмжлэгч нь хариуцагчийг “надад гар хүрдэг болсон. Дандаа хардалтын улмаас болж архи ууж ирээд агсам тавьдаг. Хааяа нэг байснаа сүүлдээ сард 2 удаа гар хүрэх болсон, толгой тархи руу цохидог” гэж, хариуцагч нь “...Би Б.А д гар хүрдэг байсан нь үнэн. Толгой руу нь цохидоггүй, алгаддаг л байсан. Гэхдээ гэмтэл учруулахаар зодож байгаагүй. Хардалтын улмаас ийм зүйл болдог байсан...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж байх боловч гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан тухай болон тайлбараа нотолсон баримтыг тэрээр шүүхэд ирүүлээгүй байна. 

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн А.Т г эх Б.А гийн асрамжид байлгахаар зохигчид санал нэгдэж байгаа, одоо эхийн асрамжид байгаа байдал зэргийг харгалзан гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл эхийнх нь асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.

Хариуцагч хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд эхтэй нь адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд ... хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй тул 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү А.Т д эцэг Б.Э гээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.А  гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 31 492 төгрөг нийт 101 692 төгрөг төлөх тул илүү төлсөн 38 908 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б.Э гээс улсын тэмдэгтийн хураамжид 101 692 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Боржигон овогт Б.А , Боржигон овогт Б.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А.Т г 18 насанд хүртэл эх Б.А гийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Э гээс хүү А.Т д 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э гээс улсын тэмдэгтийн хураамжид 101 692 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 38 908 төгрөгийг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Б.А д олгосугай.

6. Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг  зохигчдод мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.УРАНЧИМЭГ