Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/248

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд “шүүгдэгч Т.******* 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* сумын 01 дүгээр (*******) багийн гэх газарт согтуугаар “манай бэлчээр лүү мал бэлчээлээ” гэх шалтгаанаар хохирогч Ж.тэй маргалдаж, улмаар хохирогчийн толгой руу чулуу шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Хохирогч Ж.ийн “Би 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед ******* аймгийн ******* сумын ******* (01 дүгээр) багийн нутаг гэх газарт байх гэртээ ганцаараа боорцог хийгээд сууж байтал гаднаас миний хадам ах Т.******* орж ирэхээр нь цай хийж өгсөн. Цай уугаад сууж байгаад надаас “нөхөр чинь хаана байна” гэхээр нь “өвөлжөөний бууц гаргахаар явсан” гэж хэлэхэд над руу уурлаад дайрахаар нь гэрээс гараад зугтаасан. Тэгтэл миний араас гарч ирээд чулуу шидсэн ба уг чулуу нь миний толгойн орой хэсгийг оносон. Удалгүй миний толгойноос цус гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27дугаар хуудас);

- Шүүгдэгч Т.*******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед ******* аймгийн ******* сумын ******* (01 дүгээр) багийн нутаг гэх газарт байх гэрээсээ гараад 13 цагийн үед гэх айлд очиж тэр бид хоёр нэг шил 0.5 литрийн Соёрхол гэх архи уугаад 14 цагийн үед манай төрсөн дүү ы гэрт очиход манай дүү байхгүй, эхнэр нь болох Ж. байсан. Би “та нар өвөлжөө дээр малаа хариуллаа, одоо та нар нүү” гэхэд Ж. “би нүүхгүй энд намаржин” гэж хэлэхээр нь миний уур хүрээд түүн рүү дайрсан. Тэгтэл Ж. гэрээсээ гараад гүйхээр нь би араас нь гараад нэг жижиг чулуу аваад шидсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Т.******* согтуурсан үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* (01 дүгээр) багийн нутаг гэх газарт хохирогч Ж.тэй бэлчээрийн газраас болж маргалдах явцдаа хохирогчийн толгой руу чулуу шидэж халдсан болох нь нотлогдож байна.

1.2. Хохирогч Ж.ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 709 дугаартай “...Ж.ийн биед дагзны дунд дээд хэсгийн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Ж.ийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас)-ээр шүүгдэгч Т.******* хохирогчийн толгой руу чулуу шидэж цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Т.******* согтуурсан үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* (01 дүгээр) багийн нутаг гэх газарт хохирогч Ж.тэй бэлчээрийн газраас болж маргалдах явцдаа хохирогчийн толгой руу чулуу шидэж, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогч руу чулуу шидсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Т.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), шүүгдэгч Т.*******ы “...Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Бид хоёр уулзаж уучлалт гуйж эвлэрсэн байгаа, бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон биеийн байцаалт зэргээр шүүгдэгч Т.******* нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, мал аж ахуй эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1’200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’200’000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзээд торгуулийн арга хэмжээ авч өгнө үү” гэх санал тус тус гаргажээ.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдийг хуульчилсан ба улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар тухайн зүйл, хэсэгт заасан хөнгөн төрлийн ял болох торгох ял шүүгдэгчид оногдуулах санал гаргажээ.

Яллах болон өмгөөлөх талууд ялын төрлийн хувьд саналын зөрөөгүй тул шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй. Харин торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан ялын хэмжээг багасгаж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх ...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Т.******* нь таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн үндэслэлээр 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл нийт 10 хоног цагдан хоригджээ.

Иймд шүүгдэгчийн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу (10 хоног*15 нэгж=) 150’000 (нэг зуун тавин мянга) төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас хасаж нийт эдлэх торгох ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгчийн хувьд малчин хүн 2022 оны мал тооллогын баримтыг авхуулж харахад 923 мал тоологдсон байна. Сая шүүхийн хэлэлцүүлэгт жилдээ малын ашиг шимээс 10’000’000 төгрөг олдог гэдгээ мэдүүлсэн” гэх тайлбар гаргажээ. Уг тайлбар нь шүүгдэгчийн малын 2022 оны мал тооллогын баримт, түүний мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгчийг шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхүйц хөрөнгө, орлоготой гэж үзлээ.

Иймд улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх саналыг хангах үндэслэлгүй болно.

4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч Ж. “...Миний эмчилгээ хийлгэсэн зардал мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга байна” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас), “хохирогч Ж. миний бие одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт гаргасан, мөн шүүгдэгч Т.******* “...Хохирогч Ж.ийн эмчилгээний зардалд 300’000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас) байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорихоос өөр төрлийн ял оногдуулсан ...бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана” гэж заажээ. Шүүгдэгч Т.*******д торгох ял оногдуулсан тул түүнийг нэн даруй суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************** ургийн овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ы энэ хэрэгт хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 150 (нэг зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150'000 (нэг зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг хасаж, нийт эдлэх торгох ялыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450'000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт 10 (арав) хоногийн хугацаагаар цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг нэн даруй сулласугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА