Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 69

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Өмнөговь    аймаг    Ноён    сум,    2 дугаар     баг

“Ганзагад” гэх газарт оршин суух, Боржигон овогт

О.Э        /РД:................../

        Хариуцагч: Өмнөговь    аймаг     Даланзадгад     сум,   4-р   баг

.......................   тоотод   оршин  суух, Ямаат

овогт Ц.Э /РД:.................../

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Э , нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Э тэй 2010 оноос 2013 оныг хүртэл хамтран амьдарч байсан. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр охин М.Б төрсөн. Одоо охин М.Б 8 настай, эрүүл саруул өсөн торниж байгаа. Ц.Э  нь надтай гэр бүл байх хугацаанд өөр эхнэртэй болж, 2013 онд бид салсан ба хамтран амьдрахаа больсон. Иймд хариуцагч Ц.Э эс охин М.Б д тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна. Ц.Э  бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.

Хариуцагч Ц.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний хүүхэд мөн, тэтгэлэг төлнө. Хүүхдийн асрамжийн талаар болон эд хөрөнгийн маргаангүй гэв.

  Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох О.Э ийн иргэний үнэмлэхийн хуулбар, охин М.Б гийн төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Ноён сумын сум дундын эмнэлгийн тодорхойлолт, хариуцагч Ц.М ийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Э  нь хариуцагч Ц.Э эс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсчээ.

Хариуцагч Ц.Э  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргадаг.

О.Э , Ц.Э  нарын дундаас 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр охин М.Б төрсөн болох нь түүний 0000553043 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч эцэг хүн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд эхтэй нь адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ эрүүл чийрэг өсөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд туслах үүргээс чөлөөлөгдөхгүй тул хүүхдээ асрамжлаагүй эцгээс уг үүргүүдийг шаардах эрхтэй байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулж насанд хүрээгүй М.Б г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн М.Б г 18 нас хүртэл эх О.Э ийн асрамжид байлгахаар зохигчид санал нэгтэй байх ба тэрээр одоо эх О.Э ийн асрамжид байгааг харгалзан гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл эхийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.

Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нөгөө нь саад учруулахыг Гэр бүлийн тухай хуулиар хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч О.Э  шүүх хуралдааныг өөрийн эзгүйгээр хийлгүүлэх хүсэлт бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 38 708 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Ц.Э эс улсын тэмдэгтийн хураамж 31 492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Э эс охин М.Б г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Э эс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин М.Б г 18 насанд хүртэл эх О.Э ийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.

 

4. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э эс улсын тэмдэгтийн хураамж 31 492 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 38 708 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч О.Э т олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.УРАНЧИМЭГ