Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/001

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч П.Б******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Б*******д холбогдох эрүүгийн 2215000000316 дугаартай 163/2023/0001/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш******* овогт П******* Б*******, Булган аймгийн Хангал суманд ... оны ... дугаар сарын .....-ний өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны Залуус 122 тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .... амьдардаг, 29 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД:.15/......

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б******* нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны ....1 тоотод иргэн Б.С******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар толгойн зүүн оройн тус газар аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000316  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Б******* нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны ....1 тоотод иргэн Б.С******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар толгойн зүүн оройн тус газар аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

  1. Хохирогч Б.С******* “Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчимд Хангал сумын 4 дүгээр багт байрлах “Тэмүүл” хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн Хараа нэртэй 1 шил архи, Фанта нэртэй 1 ундаа худалдаж авсан. ... Тэгээд би Б*******д архи хийж өгөхдөө май Б******* гээд өгөхөд Б******* чи намайг ах гэж дуудсангүй гэсэн. Тэгэхээр нь би хоёулаа хар багаасаа сонгинотой гамбир идэж өсчхөөд би чамайг яахаараа ах гэдэг юм гэж хэлэхэд Б******* цай уусан цагаан өнгийн бариултай аягаа миний толгойны зүүн орой хэсэг рүү шидэхэд миний толгойн зүүн орой хэсгээс цус гарч эхэлсэн... надад 500.000 төгрөгийн зардал гарсан байсныг бүгдийг нь барагдуулж авсан одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 17-18 дахь тал/,

 

  1. Гэрч Б.П******* “Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд ажил дээрээ байж байхад миний нөхөр С******* өөрийн ...... дугаарын утаснаасаа Хялганат тосгоны Эрүүл мэндийн төвийн ...... дугаарын утас руу залгасан тэгээд би нөхөр С******* утсаар ярихад нөхөр С******* цэргийн ангид ажилладаг Б******* орж ирээд миний толгой руу аяга шидчихлээ миний толгойноос цус гараад байна гэсэн... тэгээд би Б ахын гэрт очиход миний нөхөр С******* толгойн зүүн орой хэсгээс цус гарч байсан. Тэгээд би нөхөр С*******ыг авч Хялганат тосгоны Эрүүл мэндийн төвд ирж нөхөр С******* толгойнд 5 оёдол тавьж цусыг тогтоосон...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
  2. Гэрч М.Бын "... С******* хараа нэртэй архинаас Б*******д хийж өгөхөд С*******ыг чи намайг ах гэж дуудсангүй гэсэн чинь С******* хоёулаа хамт тоглож өсчхөөд би чамайг яахаараа ах гэж дууддаг юм Б******* гэхэд Б******* цай уусан цагаан өнгийн бариултай аягыг С******* луу шидэхэд С******* толгойг онож цус гарч эхэлсэн тэгээд би салгаад Б*******, Г, Г гурав гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

  1. Гэрч Г.Г “... Б******* нь нутгийн залуу болох С******* луу миний цай хийж өгсөн бариултай цагаан өнгийн шаазан аягыг С******* толгой хэсэг рүү шидсэн байсан. Тэгээд Г, Г хоёр Б*******г авч манай гэрээс гаргасан тэгэхээр нь би С******* толгойноос гарч байгаа цусыг тогтоох гээд байж байхад С******* эхнэр П ирж нөхөр С*******ыг авч манай гэрээс явсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

  1. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 207 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.С******* биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 39-40 дэх тал/
  2. Яллагдагч П.Б*******гийн “... С******* чи бид хоёр хар багаасаа найзалчхаад би чамайг яахаараа ах гэж дээдэх ёстой юм гэсэн тэгэхээр нь би С*******ыг давраад байгаарай бацаан минь гээд цай уусан цагаан өнгийн шаазан аягыг С******* луу шидэхэд С******* толгой хэсэгт оносон.. толгойноос нь цус гараад байсан” гэх мэдүүлэг /хх-н 66-67/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.С******* өгсөн мэдүүлэг, гэрч Б.П, М.Б, Г.Г нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 207дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч П.Б*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн болон шүүгдэгчийн байр суурь зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад П.Б******* нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны .... тоотод иргэн Б.С******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар толгойн зүүн оройн тус газар аяга шидэж эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүгдэгч П.Б*******гийн гэм буруутай үйлдэл, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хохирогч Б.С******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч П.Б*******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч П.Б******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Шүүгдэгч П.Б******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч П.Б*******гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Б.С******* нь 266.000 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн ба шүүгдэгч П.Б******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 500.000 төгрөг төлсөн /хавтаст хэргийн 17-18 дахь тал/ ба хохирогч нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, санал хүсэлтгүй гэсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хавтаст хэргийн 70 дахь талд авагдсан хэргийн материал танилцуулсан баримт зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Б*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч П.Б*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 43-49 дэх талд авагдсан жолоочийн мэдээллийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, байнга оршин суух хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхийн мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Б******* нь Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны . амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.....

Шүүгдэгч П.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/149 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч П.Б*******гиййн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч П.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч П.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.С******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бариул хэсэг нь хагарсан, доод хэсэгтээ Wilmax England гэсэн бичилттэй цагаан өнгийн 1 ширхэг шаазан аяга, бариулын хагархай хэсгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш******* овогт П******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч П.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч П.Б******* нь хохирогч Б.С*******т 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бариул хэсэг нь хагарсан, доод хэсэгтээ Wilmax England гэсэн бичилттэй цагаан өнгийн 1 ширхэг шаазан аяга, бариулын хагархай хэсгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд даалгасугай. 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНЭРЭЛ