Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/00974

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч-Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, 22Б байрны 113,114 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХЙ68041065, Чингэлтэй уул овогт Лхамжавын Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 49-р байрны 02 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧЙ80030205, Монгол овогт Хишигдоржийн Эрдэнэсоёлд холбогдох,

түрээсийн төлбөр 5 250 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул, өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн 2014 оны 01, 02 саруудын төлбөр 5 250 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Х.Эрдэнэсоёл нь Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Магда төв дэлгүүрийн 130 м.кв талбайг зоорийн давхар, газар эзэмших эрхийн хамт Ц.Ганхүүгээс 700 000 000 төгрөгөөр худалдан авах гэж байгаа тул та бидэнтэй хамтарч ажиллаач гэх саналыг Тэмүүлэн-Од ХХК-ийн захирал М.Батсайханд тавьж, уг саналыг М.Батсайхан хүлээн зөвшөөрч, тухайн үед Шинэ төгрөг ББСБ ХХК-иас 350 000 000 төгрөгийн зээл авахад түүнд тусалсан.

Худалдан авч буй нийт 130 м.кв талбайг тэнцүү хэмжээгээр хувааж авахаар тохиролцсон тул Х.Эрдэнэсоёл 65 м.кв талбайг Л.Оюунчимэгт шилжүүлэн өгсөн тул Л.Оюунчимэг 65 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч болсон.

Гэвч бодит байдал дээр Магда төвийн талбай нийт 156,54 м.кв байсныг Х.Эрдэнэсоёл нь мэдсэн хэрнээ нуун дарагдуулж, ашигтай талбайг нь өөрөө авсан байсныг сүүлд нь олж мэдсэн.

Л.Оюунчимэг нь Х.Эрдэнэсоёлтой харилцан тохирч, өөрийнхөө эзэмшлийн 65 м.кв талбайг түүнд нэг сарын 2 625 000 төгрөгөөр түрээслэсэн бөгөөд 65 м.кв талбайг Х.Эрдэнэсоёл нь түрээслэн ашигласны төлбөрт 2013-10-08 өдөр Л.Оюунчимэгт 2 сарын түрээсийн төлбөр болох 5 250 000 төгрөгийг, 2013 оны 12 сард 11, 12 сарын түрээсийн төлбөр 5 250 000 төгрөгийг тус тус өгсөн. Х.Эрдэнэсоёл 2014 оны 3 сарын 01 хүртэл уг талбайг түрээслэн ашигласан боловч 2014 оны 01,02 сарын түрээсийн төлбөрийг огт өгөхгүй байсан бөгөөд түрээсийн төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардлага тавихад тог цахилгааны мөнгийг хасаад үлдэгдлийг нь төлнө гэдэг байсан боловч төлөөгүй.

Дээрх 65 м.кв талбайг нэхэмжлэгч Л.Оюунчимэг нь 2014 оны 03 сард бусдад худалдсан.

Нэхэмжлэгч төлбөрөө нэхэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлд заасан Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Шадавлангийн 3-47 тоот хаягт хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-07-07 өдрийн 182/ШШ2016/00257 шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс 2018-11-05 өдөр хариуцагчийн хаягийг Баянгол дүүрэг, 18-р хороо, 49-р байрны 02 тоот болохыг тогтоож өгсөн..

Иймд хариуцагч Х.Эрдэнэсоёлоос түрээсийн 2014 оны 01, 02 саруудын төлбөр 5 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Х.Эрдэнэсоёл нь Магда төвийн 130 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг Тэмүүлэн-Од ХХК-ийн захирал М.Батсайхантай хамтран 700 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд М.Батсайханы худалдан авсан 65 м.кв талбайг бэр эгч болох Л.Оюунчимэг өөрийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлсэн.

2013-10-08 өдрөөс эхлэн хариуцагч тус түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулж эхлэсэн бөгөөд Л.Оюунчимэгийн шаардсанаар 2014-03-01 өдөр түрээсийн талбайг бүрэн чөлөөлж, хүлээлгэн өгсөн.

Талууд түрээсийн 1 сарын төлбөрийг 2 625 000 төгрөг, тог цахилгаан, ашиглалтын зардлыг тэнцүү хариуцахаар харилцан тохиролцсон.

2013 оны 10 ,11 сарын түрээсийн төлбөрт 5 250 000 төгрөгийг 2013 оны 10 сард, 2013 оны 12, 2014 оны 01 сарын түрээсийн төлбөрт 5 300 000 төгрөгийг 2013-12-26 өдөр тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн.

Харин 2014 оны 2 сарын түрээсийн төлбөрийг өмнөх саруудад төлбөл зохих цахилгаан, ашиглалтын зардалд суутган тооцож, талууд харилцан тохирч, дуусгавар болгосон.

2013-11-06 өдөр ашиглалтын зардал 418 727 төгрөг, цахилгааны төлбөр 370 142 төгрөг, нийт 788 869 төгрөг, 2013-12-03 өдөр ашиглалтын зардал 584 077 төгрөг, цахилгааны төлбөрт 352 402 төгрөг, нийт 936 479 төгрөг, 2014-01-06 өдөр ашиглалтын зардал 608 574 төгрөг, цахилгааны төлбөр 421 697 төгрөг, нийт 1 030 271 төгрөг, 2014-02-05 өдөр ашиглалтын зардал 604 374 төгрөг, цахилгааны төлбөр 511 694 төгрөг, нийт 1 116 068 төгрөг, 2014-03-05 өдөр ашиглалтын зардал 638 111 төгрөг, цахилгаан төлбөр 384 310 төгрөг, нийт 1 022 421 төгрөг болсон бөгөөд нийт дүн 4 894 108 төгрөг болсон тул 50 хувь нь 2 447 054 төгрөг болно.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус.

Түүнчлэн Л.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагад тус талбайн хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуулбарлан хавсаргаж өгсөн байгаа боловч 2014 онд талбайгаа бусдад худалдан борлуулсан боловч өмчлөгч байсан гэрчилгээг нь нотариат 2016-03-26 өдөр гэрчилсэн нь эргэлзээ төрүүлж байхаас гадна баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг шүүхээс анзаарч үзэхийг хүсье.

Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, шүүх хуралдаан дээрх мэтгэлцээн, хаяг тогтоосон тухай албан бичиг, мэдэгдэл, мөнгө хүлээн авсан тухай баримт, худалдсан барилга, газрын план зураг, ашиглалтын зардал төлсөн баримтууд, байр чөлөөлөх тухай мэдэгдэл, өмчлөгчийн гэрчилгээ, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судпаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2014 оны 01, 02 сард төлөх түрээсийн төлбөрийг шаардаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хэлэлцээд, шүүгчийн 2016-03-23 өдрийн 101/ШЗ2016/12046 захирамжаар нэхэмжлэгч Л.Оюунчимэг 65 м.кв талбайг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй шалтгаанаар Л.Оюунчимэгийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 заалтад үндэслэн, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэр нь нэхэмжлэгчийг шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэл болохгүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцлээ.

Зохигч Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Магда төв дэлгүүрийн, нэг хүний өмчлөлд байсан 130 м.кв талбайг, газар эзэмших эрхийн хамт Ц.Ганхүүгээс 700 000 000 төгрөгөөр хамтран худалдан авч, тус бүр адил тэнцүү хэмжээгээр, хэсгээр өмчилдөг болсон бөгөөд нэхэмжлэгч Л.Оюунчимэг нь өөрийн өмчлөлийн 65 м.кв талбайг хариуцагчид түрээсээр эзэмшүүлэхээр тохирч, хариуцагч нь 2014-03-01 өдрийг хүртэл хугацаанд уг байранд Соёл спа салоныг ажиллуулсан, хариуцагч нь нэхэмжлэгчтэй тохирсон тохиролцооныхоо дагуу түрээсийн 4 сарын төлбөрт нийт 10 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, авсан зэрэг үйл баримтын талаар зохигч маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2014 оны 01, 02 саруудын түрээсийн төлбөрт 5 250 000 төгрөгийг гаргуулахаар нэхэжмилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2013 оны 10 сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн учир 09 дүгээр сард түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй, өөрийн үйл ажиллагааны зардлыг хувааж төлөхөөр нэхэмжлэгчтэй тохирсон тул 2014 оны 02 сарын төлбөрийг цахилгаан, ашиглалтад гарсан нийт 4 894 108 төгрөгийн зардлын нэхэмжлэгчид ногдох хэсэгт тооцсон, түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу бичгээр хийгээгүй, гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул 318.4 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгч 2013-11-18 өдөр өмчлөгч болсон, 2014 оны 03 сард талбайгаа бусдад худалдсан атал өмчлөгчийн гэрчилгээний хуулбарыг 2016-03-24 өдөр нотариат гэрчилсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн нь эргэлзээ төрүүлж байгаа, уг баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа үйл баримтад үндэслэж, нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан байна.

Нэхэмжлэгч нь Магда төв дэлгүүрийн 130 м.кв талбайн талыг өмчлөх эрхийг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр олж авч, нэхэмжлэгч хариуцагч нар 2013-09-06 өдөр дээрх байрыг худалдагч Ц.Ганхүүгээс хүлээн авсан нь нэхэмжлэгчээс ирүүлсэн хүлээлгэн өгсөн барилга, газрын план зургаар тогтоогдож байна.

Барилгыг худалдан авсан үеэс хариуцагч үйл ажиллагаа эрхлэхээр Л.Оюунчимэгийн өмчлөлийн хэсгийг төлбөртэйгээр эзэмшихээр амаар тохирч, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг амаар байгуулж, 2014-03-01 өдрийг хүртэл хугацаанд байрыг эзэмшсэн нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 65 м.кв талбайг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2013-11-18 өдөр авсан боловч зохигч түрээсийн гэрээг бичгээр байгуулах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийн олж авсан этгээдээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн хөрөнгөө буцаан шаардаж, хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагаврыг арилгана.

Хариуцагч нэхэмжлэгчээс ирүүлсэн өмчлөх эрхийн гэрчилгээ гэсэн баримтад эргэлзэж, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байгаа ч тэрээр бусдаас хамтарч худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч хэсгээр өмчлөх эрхгүй гэж хариуцагч маргаагүй, зохигчийн өмчлөх эрх улсын бүртгэлээр баталгаажаагүй байсан үед ч эд хөрөнгийг худалдагч Ц.Ганхүүгээс хүлээн авсан 2013-09-06 өдрөөс Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Л.Оюунчимэгт худалдан авсан эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шимийг авах эрх үүсэх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна

Иймээс нэхэмжлэгчийн хөрөнгийг ашигласны төлбөрт хариуцагч 2013 оны 12 сарын 26 өдрийг хүртэл хугацаанд 2 сар тутам 5 250 000 төгрөгөөр, нэхэмжлэгчид нийт төлсөн 10 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагч буцаан шаардах үндэслэлгүй.

Мөн түрээслүүлэгч нь түрээслэгчийн явуулсан үйл ажиллагааны зардлыг түүнтэй хувааж хариуцахаар тохирсон, түрээслэгч үйл ажиллагаа явуулж эхлэх үеэс төлбөрийг тооцохоор зохигч тохирсон тухай тайлбараа хариуцагч нотлоогүй.

Хариуцагч 2014 оны 01, 02 сард нэхэмжлэгчийн хөрөнгийг амаар тохирсны дагуу эзэмшиж, аж ахуйн үйл ажиллагаагаа эрхэлсэн байх тул энэ хугацаанд хариуцагчийн олсон ашигт нэхэмжлэгчийн эд хөрөнгөөс олсон ашиг багтсан гэж үзнэ.

Хариуцагч нь амаар байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгчийн хөрөнгийг эзэмших эрх олж авч, түүнээс олох ашгийг хүртэх эрхтэй болсон боловч амаар байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байгаа тул нэхэмжлэгчийн хөрөнгөөс олох ашгаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмжээг тогтооход 65 м.кв талбайг сар тутам 2 625 000 төгрөгөөр тооцон хөлслөхөөр зохигч тохирч байсан тохиролцоо хөрөнгө шилжүүлсэн, үүрэг хүлээсэн 2 талын хувьд харилцан үндэслэл бүхий үр ашгийн тохиролцоо байсан гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгөөс 2014 оны 01, 02 сард хариуцагч олсон ашгийг 5 250 000 төгрөгөөр тогтоож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 5 250 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 98 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 98 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Х.Эрдэнэсоёлоос 5 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Оюунчимэгт олгосугай.