| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/00882/И |
| Дугаар | 102/ШШ2019/00985 |
| Огноо | 2019-04-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2019/00985
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Налайх дүүрэг, 6-р хороо, Тэрэлжийн 35 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УР85012978, Газарчин овогт Далайгийн Сүхбаатарын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 14-р байрны 35 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УР86102664, Дуулгат овогт Цэдэнсамбуугийн Энхжаргалд холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Сүхбаатар, хариуцагч Ц.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2003 онд Ц.Энхжаргалтай танилцаж, 2006-09-26 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005-04-27 өдөр хүү Э.Дөлгөөн төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Тусдаа амьдарсан цагаас эхлэн хүү Э.Дөлгөөн нь миний асрамжинд өсч байна. Бидний дунд хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Миний бие 2003 онд Д.Сүхбаатартай танилцаж, 2006-09-26 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005-04-27 өдөр хүү Э.Дөлгөөн төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. Хүү Э.Дөлгөөнийг аавынхаа асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ НЬ: Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар Налайх дүүрэгт 2006-09-26 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2005-04-27 өдөр хүү Энхжаргалын Дөлгөөн төрсөн талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна. Гэрлэгчид хоорондын харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2013 оноос тусдаа амьдарсан хугацаанаас хойш хүү Э.Дөлгөөн эцгийнхээ асрамжинд амьдарч иржээ. Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй, өөр бусадтай хамтын амьдралтай болсон байдлаас эвлэрэх боломжгүй болсон шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна. Зохигч цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав. Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Э.Дөлгөөнийг 18 насанд хүртэл эцгийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншал, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход тэгш эрх эдлэх, адил үүрэгтэй, боловч хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагчаас шаардаагүй, гэр бүлээр амьдрах хугацаанд бий болсон дундаа хамтран өмчлөх хөрөнгийн талаар зохигч маргаангүй байна. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нөгөө нь саад учруулахыг Гэр бүлийн тухай хуулиар хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Газарчин овогт Далайгийн Сүхбаатар, Дуулгат овогт Цэдэнсамбуугийн Энхжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2005-04-27 өдөр төрсөн хүү Э.Дөлгөөнийг 18 насанд хүртэл эцэг Д.Сүхбаатарын асрамжинд байлгахаар асрамжийг тогтоосугай.
| ||
| |