Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/00986

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Налайх дүүрэг, 2-р хороо, Нарлаг 7-р гудамжны 01 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЕП86012807, Авгас овогт Баттулгын Оюунтуяагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, Нарлаг таун, 23-р байрны 93 тоотод байрлах, РД-5258502, Баянбогд сончин ХХК,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Ээж хайрханы 3-р гудамжны задгай, 52А тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЦГ68020676, Хан Намнан овогт Долгорсүрэнгийн Шижирболдод холбогдох,

17 882 715 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагч Д.Шижирболд, хариуцагч Баянбогд сончин ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Батсүх, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Гантуяа, хариуцагч Д.Шижирболдын хүсэлтээр гэрчД.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагч нараас орон сууцны үнэд шилжүүлэн өгсөн 16 450 000 төгрөгийг, алданги 932 715 төгрөг, бусд зардал 500 000 төгрөгийн хамт нийт 17 882 715 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Б.Оюунтуяа нь Баянбогд сончин ХХК-ийн захирал Д.Чулуунбямбатай аман хэлцэл хийж, Баянгол дүүрэг, 20-р хороонд орон сууц бариулахаар 2013-11-26 өдөр байрны үнийн 50 хувь болох 16 450 000 төгрөгийг урьдчилгаанд, түүний хэлсний дагуу тус байнууллагын кранист Д.Шижирболдын данс руу урьдчилгаа төлбөрөө шилжүүлж өгсөн.

Дээрх хугацаанаас хойш 4 жил болсон боловч ажлын явц удааширч, орон сууцны барилга амласан хугацаанд ашиглалтанд ороогүй тул Б.Оюунтуяа хариуцагч компанид байрандаа орох шаардлагыг тавихад Д.Чулуунбямба мөнгөө буцааж ав, эсхүл орон сууц захиалан бариулах гэрээ байгуулаь гэсэн санал тавьсан тул гэрээ байгуулах саналыг хүлээн авч, 2017-05-05 өдөр орон сууцны барилга захиалан бариулах гэрээг байгуулсан.

Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт барилга угсралтын ажлыг 2017-05-05 өдрөөс 2017-08-01 өдрийн хооронд багтаан хийж гүйцэтгэнэ гэж заасан боловч хугацаандаа гүйцэтгээгүй өнөөдрийг хүрч байна.

Баянбогд сончин ХХК-ийн захирал Д.Чулуунбямбатай удаа дараа уулзаж шаардсан боловч завгүй байна, хөдөө явж байна гэх шалтгаануудаар хугацааг хойшлуулж байсан.

Иймд Баянбогд сончих ХХК, Д.Шижирболд нараас байрны урьдчилгаанд төлсөн 16 450 000 төгрөг, гэрээний 4.2-т заасны дагуу алдангид 932 715 төгрөг, бусад зардалд 500 000 төгрөг, нийт 17 882 715 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагч Д.Шижирболд тайлбартаа: Миний бие 2013 онд Баянбогд сончин ХХК-д кранистаар Баянгол дүүрэг, 20-р хороонд 20 айлын орон сууцны барилга барих үед ажиллаж байсан. Уг компанийн захирлаар Д.Чулуунбямба, ерөнхий менежер нь Д.Батболд байсан. 2013-11-26 өдөр Ерөнхий менежер Д.Батболд Хаан банк дахь миний 5361090930 тоот дансаар Б.Оюунтуяагаас 16 450 000 төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн үед мөнгийг нь Д.Батболдод бэлнээр нь гаргаж өгсөн. Уг мөнгийг компанийн захирал Д.Чулуунбямба болон ерөнхий менежер Д.Батболд нар захиран зарцуулах эрхтэй байсан. Еренхий инженер Батболдын хэлснээр эхний өдөр АТМ-ээс 800 000 төгрөг, дараа Хаан банкнаас 10 000 000, 4 000 000, 1 000 000, 200 000, 300 000 төгрөг зэргээр цувуулж, 5-6 хоногт авхуулсаар бүгдийг авч дууссан. Барилгын материал, техникийн хөлс зардал зэрэгт зарцуулсан байх. Компанийн дансаар мөнгө орохоор өртэй учраас суутгагдаад байгаа. Тиймээс чиний данс руу хийлгэсэн гэж миний дансаар мөнгө орж ирснийг надад хэлж байсан юм. Иймд би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Авч зарцуулснаараа компани төлөх байлгүй Би 2015 онд ажлаасаа гарсан. Тэр барьж байсан барилга одоо хүртэл дуусаагүй гэв.

Хариуцагч Баянбогд сончин ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Баянгол дүүрэг, 20-р хороонд барих орон сууц барилгын гэрээг компанийн нэр дээр хийж, албан ёсоор мөнгө орж ирж, бүх санхүүгийн зарцуулалт Д.Батболдын аман заавраар явагдаж байсан. Барилгын ажил дуусаагүй байгаа. Б.Оюунтуяа нь Д.Батболдтой уулзаж, мөнгөө өгсөн. Надад өгөөгүй. Харин би мөнгийг нь авсан Б.Оюунтуяа гэдэг эмэгтэйтэй гэрээ хийчих гэж хэлсний дагуу л гэрээ хийсэн. Энэ үед Д.Батболд нь машинд сууж байсан. Б.Оюунтуяа нь ямар шугамаар Д.Батболдтой холбогдож, мөнгөө өгсөн талаар мэдэхгүй. Мөнгө өгсөн, гэрээ байгуулсан үйл баримт зөрж байгаа.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, орон сууцны барилгын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийх гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, аж ахуын нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, компани үүсгэн байгуулах шийдвэр, хаилцах дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Баянбогд сончин ХХК нь Баянгол дүүрэг, 20-р хорооны нутаг дэвсгэрт 20 айлын орон сууцны барилгыг 2013 оноос барьж эхэлсэн байх бөгөөд барилгыг Баянбогд сончин ХХК-ийн инженер Батболд бариулж, орон сууцны захиалгыг авч байх хугацаанд нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь байр захиалахаар амаар Д.Батболдтой тохирч, орон сууцны үнийн 50 хувь болох урьдчилгаа 16 450 000 төгрөгийг, Д.Батболдын хэлсэнчлэн, тус компанид кранчнаар ажиллаж байсан хариуцагч Д.Шижирболдын харилцах дансанд тушаасан болох нь зохигчийн тайлбар, гэрч Б.Гантуяагийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байна.

Хариуцагч Д.Шижирболд Хаан банк дахь өөрийн 5361090930 дансанд 2013-11-26 өдөр шилжиж орж ирсэн 16 450 000 төгрөгийг энэ өдрөөс хойш 2013-12-01 өдрийг хүртэл хугацаанд компанийн инженер Д.Батболдын өгсөн үүргийн дагуу түүнд цувуулж авч өгсөн, Д.Батболд уг мөнгийг 20 айлын орон сууцны барилгын угсралтын ажлыг хийхэд хэрэглэсэн тухай хариуцагчийн тайлбар нь гэрч Д.Баатарын шүүхэд мэдүүлсэн Д.Батболд амьтан хүнтэй гэрээ хийж, орон сууцны захиалга авч байсан. Д.Шижирболдын дансаар 16 450 000 төгрөг орсон. Эхний удаа Д.Шижирболдтой АТМ-ээс 800 000 төгрөгийг авахад би хамт явсан. Дараа нь Д.Батболд, Д. Шижирболд хоёр хамт яваад, мөнгө аваад ирлээ л гэдэг байсан. Д. Батболд л мөнгийг зарцуулсан. Барилгын угсралтын ажил ид явж байсан. Энхжин худалдааны төвийн араас хавтан татаад, машин, кран гээд зарцуулсан байх. Явуулын кран ч авчирч байсан гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Барилга ашиглалтад ороогүй ажил нь зогссон учир нэхэмжлэгч хариуцагчаас үүргийг шаардсан боловч зохигч тохирч, 2017-05-05 өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт барих орон сууцны барилгын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийх гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь 20 айлын орон сууцны 1-р орцны 1 давхрын 3 тоот 48 кв.м талбайтай 2 өрөө орон сууцыг 33 600 000 төгрөгөөр барих барилгын барилгын ажлыг хариуцагчаар гүйцэтгүүлэхээр болсон байна.

Гэсэн ч барилгын ажил санхүүжилтгүйгээс 2014 онд зогссоноос нэмэгдэж хийгдээгүй, гэрээгээр тохирсон 2017-08-01 өдөр захиалсан орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ хариуцагч Баянбогд сончин ХХК биелүүлээгүй, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийг нь удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй учрас хариуцагч Баянбогд сончин ХХК-тай байгуулсан дээрх гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан 2 талын гэрээнд аль нэг тал нь үүргээ зөрчсөн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзах журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч хуулийн этгээдтэй байгуулсан дээрх гэрээнээс татгалзах эрхтэй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны үнэнд урьдчилж төлсөн 16 450 000 төгрөгийг түүнээс буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Зохигч байгуулсан гэрээний 4.2-т орон сууц ашиглалтад орох хугацааг гүйцэтгэгч 60 хоногоос дээш хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас тооцон, 0.01 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөхөөр гэрээний талууд тохирсон байна.

Зохигчийн энэ тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу, хугацаа хэтэрсэн 60 дахь хоногоос буюу 2017-10-01 өдрөөс нэхэмжлэгч шаардсан 2019-02-20 өдрийг хүртэл 500 хоногийн хугацаанд гүйцэтгээгүй үүрэг болох орон сууцны үнэ 33 600 000 төгрөгийн 20 хувьтай тэнцэх 6 720 000 төгрөгөөс хоногт 0,01 хувиар тооцон, алданги 336 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь бусад зардалд хариуцагчаас 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч шаардлагаа нотлоогүй байх тул мөнгөн төлбөрийн шаардлагын бусад хэсгийг хангах үндэслэлгүй байна.

Баянбогд сончин ХХК нь өөрийн ажилчин болох Д.Шижирболдын харилцах дансанд орон сууцны урьдчилгаа мөнгийг нэхэмжлэгчээр шилжүүлүүлж авч, зарцуулсан байх тул хариуцагч Д.Шижирболд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гэрээ болон хуульд зааснаар хариуцах үндэслэлгүй байна. Иймд түүнд холбогдох нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 247 370 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 241 839 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч Баянбогд сончин ХХК-иас 16 786 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунтуяад олгож, нэхэмжлэлээс 1 096 715 төгрөгийг шаардсан бусад хэсэг болон хариуцагч Д.Шижирболдод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.