Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

 

2022       09        30                                         2022/ШЦТ/105

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Ш.Д

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Т, Л.Н

Шүүгдэгч Т.Г, Э.Б, А.М нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Н-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан “бүлэглэж” үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ийн Г, Б овогт Э-ын Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А-ийн М нарт холбогдох эрүүгийн 2139003460103 дугаартай хэргийг Хаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор харъяалал тогтоон шилжүүлснийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 19.... оны 08 дугаар сарын 12-ны өдөр Х аймгийн М суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Х аймгийн М сумын Ө 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т-н Г/РД:СО000/

2.Монгол улсын иргэн, 19... оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б аймгийн Б  суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух,  улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-н Б /РД:ВВ000/

3.Монгол улсын иргэн, 19.. оны 08 дугаар сарын 29-ний өдөр Х аймгийн М суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх,  боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Х аймгийн М сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт А-н М /РД:СО0000/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

-Шүүгдэгч Э.Б, Т.Г нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Х аймгийн М сумын 5 дугаар баг хөдөө хэсэг "Өртөө өндөр" гэх газарт байрлах Л.Б-н гэрт “ухна ишгээ авахгүй бол найздаа зарна" гэх шалтгааны улмаас хохирогч А.М-тай маргалдаж улмаар толгой руу цохиж, зодож түүний эрүүл мэндэд зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

-Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Х аймгийн М сумын 5 дугаар баг хөдөө хэсэг "Өртөө өндөр" гэх газарт байрлах Л.Б-н гэрт "ухна ишгээ авахгүй бол найздаа зарна" гэх шалтгааны улмаас хохирогч Э.Б-тай маргалдаж улмаар хамар руу цохиж, зодож түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Т.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй гээд ямар нэгэн маргаан байхгүй, Мөнгөнхайчид гэмтэл учруулсан...” гэв.

2.Шүүгдэгч, хохирогч Э. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй гээд М-д гэмтлийг Галмандах бид хоёр учруулсан. ...М-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

3.Шүүгдэгч, хохирогч А.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй гээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Эрүүгийн 213900346.... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч А.М-ийн “..хөдөө гэрт нь ирээд пивоо ууж байхад Б нь надад хандан: Манай ах Мтанд ухна ишиг зарсан юм байна лээ, Та тэрийгээ авахгүй байгаа юм чинь би Г-д зарна гэхээр нь би Б-д хандан би ахтай чинь тохирсон, өртөг хөлсийг нь өгсөн гэхэд Б: Үгүй би Г найздаа зарна гээд надтай маргалдаад сүүлдээ Б-ийн гэрээс гараад ир гэхээр нь би дагаж Б-ийн араас гарахад Б нь эргэж хараад шууд миний нүүрлүү цохисон, тэгээд Б бид 2 Б-ийн гэрийн гадаа зодолдож байхад Гнь гэрээс гарч ирээд Б-г өмөөрч миний нүүрлүү цохиод тэр 2 ерөнхийдөө намайг хоёулаа элбэж зодож миний 2 нүдийг маань таг юу ч харахгүй цохиж хавдаасан. Ингээд удалгүй гэрт байсан Б.Д гэрээс гарч ирж бид 3-г салгасан... Хэрэг учрал болох үед Б-ийн гэрийн гадаа Г, Б, бид 3-г салгасан Б.Д гэх залуу бид 4 байсан. Харин гэрт Б өөрийн эхнэр М-тэй архи уугаад тасарчихсан унтаж байсан. Мөн Б болон М нар Г, Б, бид 3-г зодолдсон асуудлыг мэдэхгүй гэрт унтаж байсан гэсэн үг.Тэр өдөр Х голын хөвөөн дээр шургаа тэмцээн болсон юм л даа. Тэгээд би шургааны сураг сонсох гээд Г-ын гэрт очиход л тэр хэд архи ууж байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар хуудас/

2.Хохирогч Э.Б-ийн ...Б-н гэрт бид нар юм яриад сууж байхад Бтасраад эхнэртэйгээ унтлаа гээд унтаад өгсөн. Тэр үед би хамт архи ууж байсан хүмүүстэй танай нутаг манай нутагтай адилдах сайхан нутаг юм өвс ногоо сайн гарах" юм гэж хэлсэн чинь М согтуу учир танай нутаг ган гачигтай өвс ногоо ургадаггүй гэж хэлээд ерөнхийдөө намайг дээрэлхэх гэж үзсэн. Тэгсэн Г М-д хандан яагаад өөр нутгийн хүн дээрлэхээд бөөрлөхөөд байгаа юм бэ гэхэд М чамд ямар хамаатайн гээд Г-ыг цохих шиг болсон. Тэр үед Г М-г гэрийн зуухны хажууд байсан зүүн талын ор луу түлхсэн. Тэгээд бид нар айлд маргалдаад яахав гарч учраа олъё гээд Б-н гэрээс эхлээд Д, Г, М бид нар гарсан чинь М чи яасан их хүн хүнээр өмөөрүүдэг юм бэ гээд хүрзний ишээр намайг цохиохоор нь би гараараа хаагаад М эргэж хараад Г-ыг цохих гэхээр нь би хэлсэн чинь Г хүрзний ишийг гараараа хаагаад М-ийг газар хавсарч унагаасан. Тэгсэн чинь Д миний араас намайг бариад авахад М босож ирээд миний хамар хэсэгт баруун гараараа 1 удаа цохиж хамрыг маань гэмтээгээд Г намайг дуудаад явъя гээд бид 2 явсан. М л миний хамар луу цохисон. Бид 2 зодолдоогүй. Миний хувьд М-д гар хүрсэн ямар нэгэн асуудал байхгүй ээ. Тухайн үед Г намайг өмөөрч М-тай маргалдаж нүүрэнд нь тохойгоороо цохисон.. М-д гомдолтой байна. Хохирлыг барагдуулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас /

3.Гэрч Б.Д-ийн ...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг М суманд байхад М сумын урд Х голын хөвөөн дээр адууны шургааг тэмцээн болсон. Тухайн үед би дээр тэмцээнийг Б, Б-н эхнэр, Г нарын хамтаар очиж үзээд тараад Г-ын гэрт ирээд 0.75 л архи уусан. Ингээд удалгүй архи ууж байхад Б, М ирээд цуг байж байгаад М-ийг бараг архи уугаагүй юм чинь машин бариад М сумын төв оръё архи, пиво авъя гэж хэлээд бөөнөөрөө Б-ийн машинтай М сумын төв орж дэлгүүрээс архи, пиво аваад Б-ийн гэрлүү эхнэр нь би, М, Б, Г бид нар явсан...

...Дахин өгсөн: Б нь Б-г цохиогүй ээ. Харин тэр шөнө Б, Г, М нар хоорондоо зодолдоод байсан. Тухайн үед харанхуй байсан учир би Б-г хэн цохисоныг хараагүй. Тэгэхдээ Б, Г-тай нийлчихсэн М-тай маргалдаж зодолдож байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 45, 56 дугаар хуудас /

4.Гэрч Э.М-ийн ...Манай гэрт ирээд архиа бараг ууж эхлээгүй байхад манай нөхөр Б тасраад бид  гэртээ унтаад М, Б, Г, Д нар архи уугаад үлдсэн. Юу болсныг нь сайн мэдэхгүй. Өглөө босоход манай гэрт Д, Мнар унтаж байсан. М-ийн нүд хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас /

5.Гэрч Л.Б-ийн ...Гэрт маань ирээд би эхний шил архийг ууж байгаад нэг мэдэхэд тасарчихсан эхнэртэйгээ гэртээ унтаж байсан. Тэгээд гадаа хүмүүс шуугилдаад бахиралдаад хэрэлдээд байхаар нь гарахад манай гэрийн гадаа М, Б, Г нар хоорондоо маргалдаад Д тэд нарыг салгачихсан байж байсан. Тэгээд Б, Г нар алхаад яваад өгсөн. Тэр шөнө М Д нар манай гэрт хоносон. Өглөө нь М-ийн нүүр ам нь хавдсан байсан бөгөөд юу болсон талаар асуухад Б, Г-тай урьд шөнө хэрэлдэж маргалдсан гэж хэлсэн. Эхнэр бид 2 тасарчихсан гэртээ унтаж байсан учраас зодоон болсоныг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас /

6.Шинжээч Ж.Ж-ийн “..Дээрх хэнгэргэн хальс цооролт нь хуучин цооролт байна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой байна... гэх мэдүүлэг, /хх-ийн 71 дүгээр хуудас/

7.Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 600 дугаартай шинжээчийн: “...1. А.М-ийн биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дэзш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 75 дугаар хуудас/ 

8.Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 599 дугаартай шинжээчийн: “1. Э.Б-ийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/  зэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Т.Г, Э.Б, А.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

-Шүүгдэгч Э.Б, Т.Г нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Х аймгийн М сумын 5 дугаар баг хөдөө хэсэг "Өртөө өндөр" гэх газарт байрлах Л.Б-ийн гэрт “ухна ишгээ авахгүй бол найздаа зарна" гэх шалтгааны улмаас хохирогч А.Мөнгөнхайчтай маргалдаж улмаар толгой руу цохиж, зодож түүний эрүүл мэндэд зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Х аймгийн Мсумын 5 дугаар баг хөдөө хэсэг "Өртөө өндөр" гэх газарт байрлах Л.Б-ийн гэрт "ухна ишгээ авахгүй бол найздаа зарна" гэх шалтгааны улмаас хохирогч Э.Б-тай маргалдаж улмаар хамар руу цохиж, зодож түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна.  

Шүүгдэгч Т.Г, Э.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч А.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх бөгөөд шүүгдэгч А.М-ийн үйлдэлд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Г, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хоорондын маргааныг эв зүйгээр шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болон тэдгээрийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг  шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т овогт А-ийн М /РД:СО0000/-ийн биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл, хохирогч Б овогт Э-ын Б /РД:ВВ0000/-гийн биед хамар ясны хугарал гэмтлүүд учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.  

Шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч нар нь  шүүх хуралдаанд 352,560 төгрөгний нэхэмжлэл гаргасан ба 55,750 төгрөг, 70,700 төгрөг, 44,000 төгрөг, 44,694 төгрөг, нийт 215,144 төгрөгний баримт ирүүлжээ.

Хохирлын баримтыг судлан үзвэл 55,750 төгрөгний баримт нь огноо тодорхойгүй, хэзээ, хаашаа явахад зарцуулсан шатахууны баримт болох нь тодорхойгүй үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н-ээс нотлох баримтаар хэрэгт хавсаргахаас татгалзах хүсэлт гаргасныг хохирогчийн өмгөөлөгч Б.Тхүлээн зөвшөөрсөн болно.

Харин 49,000 төгрөгний баримт нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шатахууны баримт байх ба ямар зорилгоор авсан нь тодорхойгүй, 2022 оны 8 дугаар сарын 28, 9 дүгээр сарын 30-ны өдрийн баримтууд нь хохирлын тооцоотой үнийн дүн таарахгүй, түүнчлэн шүүх хуралдаанд хохирогчоор ирж оролцоход зарцуулсан баримт гэж тайлбарласан боловч хохирогч А.М нь мөн шүүгдэгчээр шүүх хуралдаанд оролцож байгаа, тэрээр анхан шатны шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Э.Б нь шүүгдэгч А.М-аас нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тул шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Г, Э.Б, А.М нарт  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

           Шүүгдэгч Т.Г, Э.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар, бүлэглэн үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, гэмтэл, шүүгдэгч нарын хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлтийн дагуу тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар,  

-шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хохирогчийн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлтийн дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Э.Б, А.М нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэв.

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:       

 

1.Шүүгдэгч Б овогт Т-н Г, Б овогт Э-ын Б нарыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Т овогт А-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Т-н Г, Б овогт Э-ын Б нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Т овогт А-ийн М-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Э.Б нарт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч А.М-д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Э.Б, А.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч  нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.                

6.Шүүгдэгч Т.Г, Э.Б, А.Мнарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ