Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/269

 

 

 

 

 

 

                                     2022/ШЦТ/269

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Хохирогч: П.Б

Шүүгдэгч: Ж.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өовогт Жгийн Од холбогдох 2212000000252 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Ааймгийн Ц суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Т багийн Залуус хорооллын Зоршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Өовогт Жгийн О /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Цсумын Т багийн З хороолол гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр П.Бтэй маргалдаж, Ур түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000252 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Бийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр урд байрлах рамын хашаанаас У ахын хамт гараад явж байхад замд хашаа бариад байж байсан хүмүүс байсан. Би очоод юм яриад сууж байсан чинь О нь ЗИЛ-131 маркийн машинтай халамцуу ирсэн. Тэгээд миний хажууд суусан юм ярьж байгаад би Од хандан за ахаа та одоо машины үлдэгдэл мөнгөө олоод өг, надад хэрэг болоод байна, нилээд удчихлаа гэж хэлсэн чинь О нь хүн амьтны хажууд өр нэхээд муу баян пиздаа нар гуйлгачин намайг дээрэлхээд байх юм гээд уурлан чамайг ална гээд машин руугаа явсан бөгөөд машин дотроосоо лоом аваад ирэхээр нь би сууж байсан чинь намайг цохих гээд далайгаад дайрахаар нь би босоод барилцаад авсан юм. Тэгсэн чинь О нь намайг боож ухаан алдуулсан. Тэр үед надтай хамт явж байсан У ах Од хандан чи хүн аллаа гээд араас нь Ог бариад авахад нь тэнд байсан хүмүүс Огаас У ахыг салгаад машины цаагуур аваад явсан гэсэн. Тэгсэн чинь У ах тэр салгасан хүмүүсээс зугтаагаад машин тойроод гараад ирэхэд О нь миний толгой руу өшиглөж байсан гэсэн. Тэгээд У ах дахин Од хандан чи хүн аллаа гээд бариад салгасан чинь О нь У ахад хандан чи баян хүний талд орлоо гээд У ахыг зодсон гэсэн. Тэр үед нь би ухаан ороогүй байсан. Нэг мэдэхэд би газар хэвтэж байсан. Тэгээд би У ахад хандан та намайг гэрт хүргээд өг гэж хэлсэн чинь У ах намайг гэрт хүргэж ирсэн. Миний толгой өвдөөд босч чадахгүй хэд хоног гэртээ хэвтсэн. Би Ог зодож, цохисон асуудал байхгүй. О нь намайг боож унагаасан бөгөөд би ухаан алдаад унасан байхад миний толгой руу өшиглөсөн гэсэн. Үүнийг У ах хараад салах үед нь У ахыг бас зодсон гэсэн. Миний толгойд хэдэн удаа, юугаар цохиж, зодсон талаар би өөрөө ухаангүй байсан болохоор мэдэхгүй байна. Хамт байсан хүний ярьж байгаагаар миний толгой руу өшиглөсөн гэсэн. О нь 2021 онд миний машиныг гуйгаад байхаар нь би өгсөн. Тэгээд одоо үлдэгдэл мөнгө болох 5.000.000 төгрөг өгөхгүй байгаа юм. Би тэр мөнгөө өгөөч, надад хэрэг болоод байна гэж хэлсэн чинь О нь уурлан намайг лоомоор цохиж, зодож ална гээд уурласан. Тэр үед У ах, Заяа, Жижи, 2-3 танихгүй хүмүүс байсан. Би болон О нь архи уусан байсан. Би ухаанаа алдтал согтоогүй байсан бөгөөд хэнд, юу хэлж байгаагаа мэдэж байсан. Харин О нь бараг л эрүүл шахуу, халамцуухан байсан. Би машины үлдэгдэл мөнгө болох хэдэн төгрөг авах юм байгаа юм. Би хэд хэдэн удаа мөнгөө нэхээд өгөхгүй байгаа. Сүүлдээ О нь уурлаж заналхийлдэг болсон. 2021 оны өвөл 11 дүгээр сарын сүүлээр эхнэр бид хоёрыг байхгүй байхад манай гэрт О нь хутга барьж орж ирээд аавыг чинь алах гэж явна гэж хүүхдүүд айлгаад гараад явсан байсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Бийн дахин мэдүүлсэн: ...Би Огаас хохирол барагдуулж аваагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийнхөө эмчилгээний зардлыг өөрөө гаргаж эмчилгээ хийлгэсэн. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 101 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Ж.Огийн гэрчээр мэдүүлсэн: ...Тухайн өдөр би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн залуус хороололд гэртээ байж байгаад бензин авах гээд ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр шатахуун түгээх станц руу явж байтал Бгийн гэрийн хажууд хашаа барьж байгаа хүмүүс байхаар нь хашаагаа янзлуулах гээд зогсоод уулзах гээд байж байтал удалгүй Б ирээд хөгшин коброгууд минь надтай халзагнах хүн байна уу гээд согтуу агсагнаад шилэн хүзүүн дээр алгадсан. Тэгэхээр нь би Бгийн хажууд очоод сууж байтал Б гуйлгачингуудаа надтай халзагнах хүн байна уу гээд байсан. Тэгээд чи одоо юу яриад байгаа юм бэ, хөгшин кобро, гуйлгачин гээд гэтэл тэгвэл хоёулаа халзганчих уу гээд босоод ирэхээр нь би түлхсэн чинь хойшоо уначихсан юм. Тэгээд би уурандаа энэ яагаад хүн доромжилдог юм гээд машинаасаа лопатик гаргаж ирээд цохих гээд далайтал намайг тонгороод унагаачихсан. Тэгээд бид 2 барьцалдаж аваад нэг нэгнээ боож байтал Бийн амнаас нь цагаан хөөс гараад байхаар нь ухаан алдах гэж байна гэж бодоод тавиад босонгуутаа эргэж хараад өшиглөсөн чинь нүүрэнд нь таарчихсан. Тэгээд би яваад өгсөн. Тэр хэд тэндээ үлдсэн. Өмнө нь ямар нэгэн хэрүүл, маргаан өс хонзонгийн зүйл байгаагүй. Б намайг эхлээд хүзүүн дээр нэг алгадсан. Сүүлд нь бид 2 барьцалдаж аваад бие биеэ боож байгаад би дараа нь нүүрэн хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Өөр цохилцсон асуудал байхгүй. Бид хоёр хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ нэг их согтоогүй, ухаан санаа эрүүл, хэнд, юу ярьж байгаа мэдэж байсан. Б, У, Жижи болон хашаа барьж байсан танихгүй хүмүүс байсан. Надад ямар нэгэн гэмтэл, шарх үүсээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Эийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр Цэнхэр сумын Тамир багийн Залуус хороололд О ахынд 2 шил архи гурвуулаа хувааж уугаад тэгээд би гарч яваад нилээн согтоод байхаар нь Б ахын хашааны хажууд сүүдэрт нь унтчихсан байсан. Тэгээд нэг сэрээд хартал О ах, Б ах, мөн хашаа барьж байгаа танихгүй 2-3 хүн байсан. Тэнд О, Б нартай архи уугаад сууж байтал Б, У ахтай хамт ирж байсан. Би тэгээд тасраад унтчихсан. Сүүлд нь сэргээд босоод иртэл О ах Бийг боож унагаасан бөгөөд хоорондоо маргалдаж зодолдсон гэж ярьцгааж байсан. О, Б, бас нэг танихгүй хүн байсан. Б, У ах хоёр явчихсан байсан. Би энэ хоёрыг зодолдохыг хараагүй. Тасарч унтаад босоод ирэхэд Б явчихсан байсан. Б согтуу ирсэн. Хэр их согтолттой байсныг сайн санахгүй байна. Б, У, О, Б болон хашаа барьж байсан танихгүй хүмүүс байсан. О ахтай уулзахад Б нь намайг цагдаад өгч байгаа юм шиг байна гэж байсан. Харин Б над руу маргааш нь залгаад надтай уулзмаар байна гэхээр нь би рам дээр байна, хүрээд ирээч гэсэн чинь ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Уы мэдүүлсэн: ...Тухайн өдөр би Бийн барьж байгаа амралтын газар нь очоод Бийн хамт 1 шил архи, 2 лааз пиво хувааж уугаад бид 2 цуг хөрөө раам дээр очоод буцаад явж байтал Бгийн хажууд хашаа барьж байсан хүмүүстэй хамт Б байсан чинь Б би Б ахтай уулзаадахъя гээд буусан. Удалгүй О ЗИЛ-131 машинтайгаа ирэхэд Б Од хандаж та дүүгийнхээ мөнгийг яах гэж байна, өгөх болоогүй юм уу гэтэл босч ирээд машинаасаа лапатак аваад гараад иртэл нэг нь барьж авсан санагдаж байна. Сайн санахгүй байна. Тэгээд нэг харсан чинь Бийг О хоолойг нь боочихсон байхаар нь би очоод салгатал намайг нэг нь барьж аваад боль гээд машины араар дагуулаад орсон. Тэгээд эргээд машины араас гараад иртэл Бийн нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Тэгээд байж байтал О намайг чи баян хүний талд орлоо гээд толгой руу 4 удаа цохисон. Би Бийг гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан. Тэнд О Б, Э нар үлдсэн. Би нилээн согтчихсон байсан. Санаж байгаа зүйл энэ байна. Би өөрөө согтуу байсан болохоор тэр хоёрыг хэр согтолттой байсныг мэдэхгүй байна. Хоолойг нь боосныхоо дараа нүүрэн хэсэгт нь өшиглөж харагдсан. Б Ог цохиж, зодож байхыг хараагүй. Б, О, Б, Э болон хашаа барьж байсан танихгүй хүмүүс байсан. Бтэй уулзаагүй. Отай дараа нь таараад намайг яагаад цохисон юм бэ, би чамд гэм хийгээгүй шүү гэхэд уг нь ч чи бид хоёрын хооронд тийм юм баймааргүй юм даа гэж хэлчихээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сгийн мэдүүлсэн: ...Ж.О нь даруухан зантай, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, ер нь зодоон, цохион хийсэн гэж сонсогдож байгаагүй, нутгийн хүмүүст нэр хүнд сайтай, хүнд тусч найрсаг харилцаатай хүн байгаа юм. Ж.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ачааны машинаар ачаа ачиж хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ж.О нь тэр бүр архи уугаад байдаггүй. Ж.О нь Архангай аймгийн Цэнхэр сумын төвд эхнэр, хүүхдийнхээ хамт амьдардаг. Тэрээр элэгний хатууралтай болсон бөгөөд эмчилгээ хийлгэдэг гэж сонссон. Өөр өвчтэй эсэхийг би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бгийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр би хашаа бариулаад байж байхад О, Жижи нар ирсэн. О машинаас буугаагүй байж байхад араас нь Б нь ирээд Ог шилэн хүзүү рүү нь гараараа түлхэж байсан. Тэгээд О нь бид нарыг Портерын хажууд сууж байхад бид нарын хажууд ирж суугаад мэнд усаа мэдээд сууж байсан. Б нэлээд халамцуу бид нарт хандан хэн нь архинд явах юм бэ, хэн архи авах юм, авч чадахгүй бол би авъя гэж гэж хэлсэн. Тэгээд жоохон сууж байгаад Б нь Од хандан гуйлгачин минь чамайг бодвол би энэ нутагт хөлөө олсон, халз зодолдъё гээд Ог татаад босгосон чинь О нь гэнэт лоом аваад ална гээд дайрсан бөгөөд У Огийн лоомыг булаагаад авсан. Тэгээд О нь лоомоо өгөөд Бийг нэг цохиод Б нь унасан. Дахин нэг өшиглөж харагдсан. Тэгээд бид нар салгаад О салаад явсан. Ур Бийг аваад явсан. Өөр зүйл болоогүй. Би ямар шалтгаанаар хэрүүл хийсэн талаар мэдээгүй. Б нь Ог босоод ир хөгшин бандиа, халз үзье гэж байсан. Д.Б нь Ж.Ог нэг удаа гараараа цохиж харагдсан. Харин Ж.О нь Бийг гараараа нэг цохиод унагаасан. Өөр зодоон болоогүй. Би юм хийж байсан бөгөөд сайн хараагүй. Хашаа барьж байсан бригад гээд 5 залуу байсан. Ахлагч нь бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Мөөндөө гэх залуу байсан. Тэгээд У байсан, би байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Огийн мэдүүлсэн: ...Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би зүйл ангийг хүлээн зөвшөөр байна. Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн автомашиныг унаад бензин авах гээд явж байтал Бгийн хашааны хажууд хүмүүс хашаа барьж байхаар нь яваад очтол Б, Э болон хашаа барьж байсан танихгүй хүмүүс байсан. Тэнд машинаас буугаад ирэхэд Б болон У нар ирсэн. Б тэнд буугаад л хөгшин коброонуудаа надтай халзагнах хүн байна уу гээд байсан. Тэр үед нь би Бд хандаж чи яагаад зүгээр байгаа хүмүүсийг янз бүрээр дуудаад дайраад байгаа юм гэхэд Б хөгшин коброо минь чи надтай халзагнах гээд байгаа юм уу гээд босоод ирсэн. Тэр үед нь би мөр рүү нь түлхтэл Б газар унасан. Би машинаас очоод богинохон лапатик аваад эргээд очиход Б намайг тонгорч унагаасан. Ингээд Б миний хоолойг боогоод байхаар нь би зөрүүлээд Бийн хоолойг боосон. Тэр үед Б амнаас нь цагаан хөөс сахраад байхаар нь гараа тавихад миний дээрээс муураад унасан бөгөөд би босонгуутаа эргээд өшиглөтөл Бийн баруун нүд хавьд өшиглөсөн. Тухайн үед би ийм сүрхий гэмтэнэ гэж мэдээгүй, шууд яваад өгсөн юм. Би гэм буруугаа ухамсарлаж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би Бийн эмчилгээний төлбөр мөнгийг барагдуулах болно. Б, Э, У болон хашаа барьж байсан хүмүүс байсан юм. Өөр хүн байгаагүй. Тухайн үед гурван хүн хашаа барьж байсан бөгөөд тэдгээр гурван хүн бүгд Архангай аймгийн төвд байдаг хүмүүс байгаа юм. Би нэрийг нь мэдэхгүй. Тэр хүмүүс Бгийн хашааг сунгаж барьж байсан болохоор Б тэр хүмүүсийг сайн мэдэж байгаа. Тухайн үед П.Б надаас ямар ч өр нэхээгүй. Ер нь бол би Бд 1.500.000 төгрөгийн өртэй юм. Өмнө ЗИЛ-131 маркийн автомашин Бэс аваад үлдэгдэл 1.500.000 төгрөг өгөх дутуу байгаа юм. Гэхдээ 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бол Б надаас мөнгө нэхсэн асуудал огт байхгүй. Б тухайн үед их согтуу байсан. Манай эхнэр Буянжаргал, Бийн эхнэр Цэрэндулам нар намайг Бд 1.500.000 төгрөгийн өртэй гэдгийг мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Огийн дахин мэдүүлсэн: ...Би нэг л удаа өшиглөсөн. Өөрөөр цохиж, зодсон асуудал байхгүй. Намайг тонгорч унагаагаад хоолойг минь боохоор нь би зөрүүлээд хоолойг нь боосон. Энэ үед Бийн амнаас шүлс нь гойжсон бөгөөд би гараа тавиад босч ирээд эргээд нэг удаа баруун нүд орчимд нь өшиглөсөн. Өөрөөр би зодоогүй. Түрүүтэй хар гутал өмссөн байсан. Би Бийг гэмтэл учирсан гэдгийг сонсоод яагаад нэг удаа өшиглөхөд гэмтдэг билээ гээд тухайн үед өмсөж явсан гутлаа үзэхэд тухайн гутал маань хоншоор хэсэгтээ төмөр хамгаалалттай гутал байсан юм. Би П.Бийн хохирлыг барагдуулах гэж хоёр удаа ярьсан. Б надаас хохирлын мөнгө авахгүй, би өөрөө эмчилгээгээ хийлгэнэ, хуулиараа шийдүүлнэ гээд байгаа юм. Миний хувьд бол өөрөө Бийн хохирлыг барагдуулъя, эмчилгээний зардал мөнгө явуулъя гэхэд хүлээж авахгүй байгаа. Би өөрөө элэгний хатуурлын 04 дүгээр зэрэг оноштойгоор эмчийн хяналт, группт байдаг бөгөөд сар болгон тогтмол эмчилгээ хийлгэдэг юм. Тийм болохоор хохирлоо барагдуулж хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа. Миний хувьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй. Анх удаа ийм гэмт хэрэгт холбогдож байгаадаа маш их харамсаж, гэмшиж байгаа. Гэм буруугаа ухамсарлаж байгаа. Миний хийсэн үйлдэлд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 293 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. П.Бийн биед баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, дээд зовхинд зулгаралт, нүдний алимны салстад цус хуралт, духны баруун дэлбэнгийн тархины эдэд /0,9х0,6см/ няцрал, баруун нүдний ухархайн дээд ханын /0,2см/ цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын /0,8см/ цөмөрсөн хугарал, дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацрын доод хэсэг, уруулын зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Духны баруун дэлбэнгийн тархины эдийн /0,9х0,6см/ няцрал, баруун нүдний ухархайн дээд ханын /0,2см/ цөмөрсөн хугарал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний ухархайн дотор ханын /0,2см/ цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхи, дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, нүүрэнд зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 31-33 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54-55 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 хуу/

Ж.Огийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 56-73 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Ц сумын Тбагийн З хороолол гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр П.Б нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.О нь А аймгийн Цсумын Т багийн Зхороолол гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр П.Бтэй маргалдаж, Ур түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч П.Бийн мэдүүлсэн “Би очоод юм яриад сууж байсан чинь О нь ЗИЛ-131 маркийн машинтай халамцуу ирсэн. Тэгээд миний хажууд суусан юм ярьж байгаад би Од хандан за ахаа та одоо машины үлдэгдэл мөнгөө олоод өг, надад хэрэг болоод байна, нэлээд удчихлаа гэж хэлсэн чинь О нь хүн амьтны хажууд өр нэхээд муу баян пиздаа нар гуйлгачин намайг дээрэлхээд байх юм гээд уурлан чамайг ална гээд машин руугаа явж машин дотроосоо лоом аваад ирээд намайг цохих гээд далайгаад дайрахаар нь би босоод барилцаад авсан юм. Тэгсэн чинь О нь намайг боож ухаан алдуулсан. Тэр үед надтай хамт явж байсан У ах Од хандан чи хүн аллаа гээд араас нь Ог бариад авахад нь тэнд байсан хүмүүс Огаас У ахыг салгаад машины цаагуур аваад явсан гэсэн. Тэгсэн чинь У ах тэр салгасан хүмүүсээс зугтаагаад машин тойроод гараад ирэхэд О нь миний толгой руу өшиглөж байсан гэсэн. Нэг мэдэхэд би газар хэвтэж байсан. Тэгээд би У ахад хандан та намайг гэрт хүргээд өг гэж хэлсэн чинь У ах намайг гэрт хүргэж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09, 101/,

 

гэрч С.Эийн мэдүүлсэн “Сүүлд нь сэргээд босоод иртэл О ах Бийг боож унагаасан бөгөөд хоорондоо маргалдаж зодолдсон гэж ярьцгааж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,  

 

гэрч А.Уы мэдүүлсэн “Удалгүй О ЗИЛ-131 машинтайгаа ирэхэд Б Од хандаж та дүүгийнхээ мөнгийг яах гэж байна, өгөх болоогүй юм уу гэтэл босч ирээд машинаасаа лапатак аваад гараад иртэл нэг нь барьж авсан санагдаж байна. Тэгээд нэг харсан чинь Бийг О хоолойг нь боочихсон байхаар нь би очоод салгатал намайг нэг нь барьж аваад боль гээд машины араар дагуулаад орсон. Тэгээд эргээд машины араас гараад иртэл Бийн нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Хоолойг нь боосныхоо дараа нүүрэн хэсэгт нь өшиглөж харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,  

 

гэрч Д.Бгийн мэдүүлсэн “О машинаас буугаагүй байж байхад араас нь Б нь ирээд Ог шилэн хүзүү рүү нь гараараа түлхэж байсан. Тэгээд жоохон сууж байгаад Б нь Од хандан гуйлгачин минь чамайг бодвол би энэ нутагт хөлөө олсон, халз зодолдъё гээд Ог татаад босгосон чинь О нь гэнэт лоом аваад ална гээд дайрсан бөгөөд У Огийн лоомыг булаагаад авсан. Тэгээд О нь лоомоо өгөөд Бийг нэг цохиод Б нь унасан. Дахин нэг өшиглөж харагдсан. Д.Б нь Ж.Ог нэг удаа гараараа цохиж харагдсан. Харин Ж.О нь Бийг гараараа нэг цохиод унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ж.Огийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-52, 83-84/,

 

хохирогч П.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 293 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ж.О нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.О нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ж.О нь Ааймгийн Ц сумын Т багийн Зхороолол гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр П.Бтэй маргалдаж, Ур түүнийг зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Ж.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ж.О нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.

 

         Шүүгдэгч Ж.Огийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.   

 

Шүүгдэгч Ж.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн Ус учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд 11.109.620 төгрөг нэхэмжилнэ гэсэн бөгөөд шүүхээс гаргуулсан 3.295.724 /гурван сая хоёр зуун ерэн таван мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ж.О нь шүүх хуралдаанаас завсарлага авч төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ж.Ог энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирлыг дараах байдлаар тодорхойлсон болно. Үүнд:

Хохирогч П.Б нь хохиролд нийт 11.109.620 /арван нэгэн сая нэг зуун есөн мянга зургаан зуун хорь/ төгрөг нэхэмжилснээс

Эм тарианы үнэ:

“ТЭУ” нүдний эмнэлэгт нүдний эмчилгээ, оношилгоо хийлгэсэн болон багаж хэрэгслийн үнэ – 1.500.000

2022.08.03 – 32.400

2022.07.23 – 23.227+34.200=57.427

2022.08.01 – 2.010+9.690+181.100+21.700+4.590+54.000+495.900+1.000=769.990

1 дүгээр эмнэлэгт нүдний үзлэг, оношилгоо – 321.300

2022.07.23 – Нүдний эмчилгээ, үзлэг – 170.000

 

Машины зогсоолын үнэ:

2022.08.09 – 1.000

2022.08.01 – 1.500

2022.08.05 – 2.500=5.000

 

Бензиний үнэ:

2022.07.25 – 66.000

2022.07.23 – 50.000

2022.08.01 – 100.107

2022.08.01 – 199.000

2022.07.20 – 24.500 төгрөг, нийт  3.295.724 /гурван сая хоёр зуун ерэн таван мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгийг гэмт хэргийн Ус учирсан хохиролд шүүгдэгч Ж.Огаас гаргуулж хохирогч П.Бд олгуулах үндэслэлтэй байна.

 

Харин хохирогч П.Бийн нэхэмжлэлээс гэмт хэргийн Ус учирсан хохиролд тооцох боломжгүй:

2022.08.07 – Хоолны үнэ – 79.000

2022.07.23 - Хоолны үнэ – 22.000

2022.07.31 – Хүнсний үнэ – 9.500+5.600+5.500+12.700=33.300

2022.07.30 – 41.800

2022.07.24 – 6.550

2022.07.31 – Хоолны үнэ – 18.500+49.000+52.900=120.400

2022.07.21 – Хоолны үнэ – 50.000

2022.07.30 - Хоолны үнэ – 17.500

2022.08.01 – Хүнсний үнэ – 5.550+5.500=11.050

2022.08.06 – Хүнсний үнэ –4.700+15.340+5.700=25.740+40.500

2022.08.05 – Хүнсний үнэ –30.800

2022.08.09 – Хүнсний үнэ –3.100

2022.08.08 – Хоолны үнэ – 41.270

2022.08.10 - Хүнсний үнэ – 3.050+6.650+10.100=19.800

2022.08.09 – Хоолны үнэ – 82.700

2022.08.07 - Хүнсний үнэ – 8.350+5.050=13.400

2022.07.24 - Хүнсний үнэ – 12.000

2022.07.25 - Хүнсний үнэ – 1.600

2022.07.22 – Хоолны үнэ – 29.800

2022.07.25  - Хоолны үнэ – 68.700

2022.07.07- Хүнсний үнэ – 18.300

2022.08.05 - Хүнсний үнэ – 2.950+4.500+5.950=13.400 төгрөг, нийт 782.710  /долоон зуун наян хоёр мянга долоон зуун арав/ төгрөг, хохирлын баримтгүй 2.531.246 /хоёр сая таван зуун гучин нэгэн мянга хоёр зуун дөчин зургаа/  төгрөг, бүгд 3.313.956 /гурван сая гурван зуун арван гурван мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж, шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг энэ шийтгэх тогтоолоор гаргуулах үндэслэлгүй гэж үзэж, энэ 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан түрийтэй хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Од буцаан олгож, шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Өовогт Жгийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ог 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Од оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.  

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан түрийтэй хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Од буцаан олгосугай.

                                                                                                                                                                                           6. Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Огийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч П.Бийн нэхэмжилсэн 3.313.956 /гурван сая гурван зуун арван гурван мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ