Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 184/2019/03975/И |
Дугаар | 001/ХТ2021/00942 |
Огноо | 2021-09-07 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2021/00942
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 184/ШШ2020/01310 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1242 дугаар магадлалтай,
*******ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие болон миний нөхөр Н.Батмандах нар 2013.04.12-ны өдөр Хас банк ХХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийг гэр бүлийн хүн хүндээр өвдөж, санхүүгийн хүндрэлтэй байдалд орсны улмаас хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон. 2018.04.05-ны өдрийн 4100 дугаартай захирамжаар Н.Батмандах, ******* нараас 67,114,521 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад хариуцагч нь зөвхөн Н.Батмандахыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулж, ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлдэг байсан. ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй. Мөн 105,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 58,000,000 төгрөгөөр дуудлага худалдаагаар зарж байхад 70,000,000 төгрөг хамтран төлсөн *******ийн эрх ашиг хөндөгдөж, хохирсон байхад үл хөдлөх хөрөнгө худалдах үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй, энэ талаар хэд хэдэн удаа ахлах шийдвэр гүйцэтгэгчид бичгээр хүсэлт гаргасан боловч хариуг хуулийн хугацаанд өгөөгүй. 2019.09.06-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Даваадоржид дуудлага худалдааг хүчингүй болгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааг зогсоох хүсэлт гаргасан боловч 2019.09.25-ны өдөр 4/607 албан бичгээр хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан хариу өгсөн. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид Н.Даваадоржийн татгалзсан хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар өргөдөл өгсөн. 2019.11.06-ны өдрийн хариуг 2019.11.15-ны өдөр хүлээлгэн өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн. Үүргийн гүйцэтгэл болох орон сууцыг бид өөрсдөө зах зээлийн ханшаар нь худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх хүсэлтэй байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, 27.2.5, 27.2.7-д заасныг зөрчиж удаа дараа байр суллах мэдэгдэл өгч дарамталсаар байна. ******* миний бие үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулах эрхтэй. Үнэн бодит байдалд нийцэхгүй хэт нэг талын буюу Хас банк ХХК-ийн эрх ашгийг дэмжсэн хууль бус албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.02.28-ны өдрийн 184/ШШ2018/00517 дугаартай захирамж, 2018.04.05-ны өдрийн 184/ГХ2018/00545 дугаартай гүйцэтгэх хуудсаар төлбөр төлөгч Н.Батмандах, ******* нараас 67,114,321 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031989 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 21-р хороолол, 60-р байр, 15 тоот хаягт байрлах 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай 18270941/01, 18270941/02, 18270941/04, 18270941/05 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Н.Батмандах, ******* нарт гардуулан өгсөн боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрт төлбөр гаргуулахаар заасан орон сууцыг 2019.05.28-ны өдрийн 18270941/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019.05.28-ны өдрийн 18270941/05 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл болон 18270941/06 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд эхнэр *******т 1 хувийг гардуулж, танилцуулсныг тэмдэглэж гарын үсэг зуруулсан. Төлбөр төлөгч Н.Батмандахад 2019.06.03-ны өдрийн 18270941/01 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд төлбөрийн асуудлаа 2019.06 сард төлж барагдуулна, 1 хүнтэй зөвшилцөж байгаад шийднэ гэснийг тэмдэглэж гарын үсгээр нь баталгаажуулсан. Мөн төлбөр төлөгч Н.Батмандах нь *******т ...төлбөрийг 1 жил 6 сарын хугацаанд төлж барагдуулна, төлөөгүй тохиолдолд уг орон сууцыг Хас банк ХХК-ийн эзэмшилд шилжүүлнэ гэсэн хүсэлт гаргасан. Төлбөр төлөгч Н.Батмандах, ******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 2019.06.13-ны өдөр хөндлөнгийн гэрч М.Одбаяр, Б.Мэргэнсанаа нарыг оролцуулан 18270941/02 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг хөтөлсөн болно. Уг орон сууцыг *******, Н.Батмандах нар иргэн Ч.Сарантуяа гэгчид түрээсэлсэн байсан учир байрны хадгалалт хамгаалалтыг түрээслэн амьдарч байсан Ч.Сарантуяад хариуцуулсан. Төлбөр төлөгч нарт битүүмжлэн хураасан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд Н.Батмандах, ******* нар 2019.06.19-ний өдөр 150,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч Хас банк ХХК-иас шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилж зах зээлийн үнийг 80,276,000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээ болон шинжээчийн тайлантай ирж танилцахыг төлбөр төлөгч Н.Батмандах, ******* нарт дахин мэдэгдэхэд төлбөр төлөгч Н.Батмандах өөрийн биеэр ирж үнэлгээний тайлантай танилцаж, үнэлгээний 4/15305 тоот мэдэгдлийг хүлээн авсан. Төлбөр төлөгч ******* хүрэлцэн ирээгүй тул түүний нөхөр Н.Батмандахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар *******т дамжуулан өгөх мэдэгдлийг мөн адил гардуулсан. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч нар хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар ******* өөрөө 2019.07.01-ний өдөр хариуцагч байгууллагад ...орон сууцыг бие даан худалдан борлуулах тухай... хүсэлт бичгээр ирүүлсэн. Энэ нотлох баримт нь хэргийн 64 дүгээр талд авагдсан. Тухайн хүсэлтийнх нь дагуу өөрсдөө орон сууцаа худалдан борлуулах хугацаа олгосон боловч төлбөр төлөгч нар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, төлбөрт хураагдсан орон сууцыг худалдан борлуулаагүй хугацаа авч ажилд хүндрэл учруулж ёс зүйгүй харьцаж байсан тул 2019.09.06-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан. Албадан дуудлага худалдааны ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар анхнаасаа мэдэж байсан. Тэрээр шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирдэггүй, мэдэгдэл хүргүүлэхэд хүлээн авахаас татгалзаж, базан шиддэг зүй бус үйлдэл удаа дараа гаргасан талаар СиДи бичлэгээр бэхжүүлснийг хэрэгт хавсаргасан. Шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байх зорилгоор гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 184/ШШ2020/01310 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1242 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 184/ШШ2020/01310 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 55.2, 55.2.2... гэснийг 44.4... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200510717840 төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Шийдвэр болон магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр болон магадлалын хувьд шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нэхэмжлэгчийг болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэж үзэж байна. Нэгдүгээрт: *******ийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах, өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох, эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд 2020.04.17-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдлын хурал давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн хэдий ч хуульд заасан эрхийг хангалгүйгээр ИХШХШ тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.З Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ... мөн 6 дугаар зүйлийн 6.4 3охигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно. ... гэж заасныг зөрчин мэтгэлцэх зарчим хэрэгжүүлэхгүйгээр хэргийг эзгүйд шийдвэрлэсэн. Хоёрдугаарт: Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Батбаатар /0537/ өмгөөлөгчийг авсан ба тус шүүх хурлын өдөр өмгөөлөгчөө явуулсан хэдий ч өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхэд ноцтой халдаж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Үүний дагуу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
1. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
******* нь *******т холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...төлбөр төлөгч буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал атал ... ажиллагааны талаар мэдэгдэж, оролцуулаагүй, эрхийг зөрчсөн гэснийг хариуцагч эс зөвшөөрч ...мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж маргасан байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.02.28-ны өдрийн 184/ШШ2018/00517 дугаар захирамжийн дагуу Н.Батмандах, ******* нар нь 67,114,321 төгрөгийг Хас банк ХХК-д төлөх үүрэгтэй, захирамжийг сайн дураар биелүүлээгүйгээс албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан, уг ажиллагаагаар барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байр, 15 тоот хаягт байрлах 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан, дуудлага худалдааны үнэ тогтоосон, анхны дуудлага худалдаагаар уг орон сууцыг худалдан борлуулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрийн талаар төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, анхны дуудлага худалдааны үнэлгээний талаар мэдэгдэл хүргүүлсний дараа нэхэмжлэгч ******* нь орон сууцаа өөрөө худалдах хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч хугацаа олгосон, уг хугацаа өнгөрсний дараа анхны дуудлага худалдааг 2019.09.06-ны өдөр явуулахаар 2019.08.22-нд шийдвэрлэснээ мөн өдөр талуудад мэдэгджээ.
Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөнөөс дуудлага худалдааг хүчингүй болгуулах *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3, 62 дугаар зүйлийн 62.2, 44 дүгээр зүйлийн 44.4-т заасантай нийцжээ.
Харин анхан шатны шүүх шаардлага гаргах хууль зүйн үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт оновчтой хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулсан нь зөв байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг анхан шатны шүүх шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэсэн гомдлын тухайд:
Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг зөрчөөгүй, эзгүйд шийдвэрлэсэн үндэслэлээ шийдвэрт тодорхой заасан байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн дээр дурдсан гомдлыг хангах үндэслэлгүйг магадлалд тусгажээ.
Тухайлбал, 2020.02.14-ний өдрийн шүүх хуралдаанд К.Отгонцэцэг нь нэхэмжлэгчээс өнөөдөр итгэмжлэл авсан, ...хэргийн баримттай танилцуулна уу... гэсний дагуу, 2020.03.12-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаан коронавируст халдвар гарсантай холбоотой хэргийн оролцогчийн аюулгүй байдлыг хангах үүднээс товлосон өдрөө хуралдах боломжгүй гэж, 2020.03.26-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгийн эрүүл мэндийн улмаас түүний хүсэлтээр тус тус хойшлогдсон байна. /хх-112-113, 117-119, 126-127-р тал/
2020.04.17-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020.03.31-ний өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020.03.26-ны өдөр тус тус мэдэгджээ./хх-128-р тал/
2020.04.17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг ирээгүй, тэрээр өөр хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох, өмгөөлөгчөөр А.Батбаатарыг оролцуулах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлснийг шүүх хангахгүй орхиж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн байна.
Шүүх хэргийн баримттай танилцах, эрүүл мэндийн шалтгаантай зэрэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр өмнө нь шүүх хуралдааныг хойшлуулж байснаас гадна 2020.04.17-ны өдрийн шүүх хуралдааныг боломжит хугацаанд мэдэгдсэн тохиолдолд өөр хуралтай нь шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж үзсэнийг буруутгах учиргүй байна.
Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох бөгөөд төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байхыг мөн зүйлийн 32.2-т заажээ.
Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно. Хэрэгт К.Отгонцэцэг нь мэргэжлийн өмгөөлөгч гэх баримт авагдаагүй байна.
Иймээс К.Отгонцэцэгийн өөр хуралтай-г хууль зүйн туслалцаа үзүүлдэг чиг үүргийг хэрэгжүүлдэг мэргэжлийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхцах тохиолдолтой адилтган хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх хууль зүйн боломжгүй.
Хариуцагчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасныг харгалзан шүүх нэхэмжлэлийг буцаахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчихгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч А.Батбаатарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлттэй гэсэн боловч өмгөөлөгч ирээгүй шалтгааныг хүсэлтэд дурдаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан эрхийг хангалгүй, мэтгэлцэх зарчим хэрэгжүүлэхгүйгээр хэргийг эзгүйд шийдвэрлэсэн гэж үзэхгүй тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1242 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг/ хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.07.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД