Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0226/З |
Дугаар | 221/МА2024/0782 |
Огноо | 2024-12-11 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2024/0782
П.Эын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: П.Э
Хариуцагч: Улсын Ерөнхий прокурор
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 360 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Н, Ц.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0226/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Эаас Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан “Улсын Ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 32, 33 дугаар дүгнэлтүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/68 дугаар “Ажлаас халах тухай” тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 0360 дугаар шийдвэрээр:
Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 67 дугаар зүйлийн 67.1.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасныг тус тус баримтлан П.Эын нэхэмжлэлтэй Улсын Ерөнхий прокурорт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар дүгнэлтийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар дүгнэлт, Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч П.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.Дээрх шийдвэрийн үлдэх хэсэг болох Прокурорын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар дүгнэлт, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б\68 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлаж гомдол гаргаж байна. Үүнд:
Шүүх нь Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон эрх, үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг тухайн гэрээг байгуулсантай нь холбогдуулж дээрх хуулийг мөн Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.5, 2.4.10-д заасан тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзнэ.
3.2.Миний бие энэ хугацаанд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос өөр ямар нэг ажил, албан тушаал хавсран эрхэлж огт байгаагүй болно. Миний хувьд ажил, албан тушаал гэдэг ойлголтыг прокурорын байгууллагаас өөр ямар нэг төрийн байгууллага, аж ахуйн нэгжид өөрөө биечлэн ажил, албан тушаалыг прокурорын ажилтай цуг эрхэлснийг ойлгоно гэж үздэг. Надад прокурорын хяналтын ажлаас өөр ямар нэг эрхэлж байсан ажил, албан тушаал угаасаа байгаагүй гэдэгт давж заалдах шатны шүүх хууль зүйн үүднээс үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээсэй гэж хүсч байна.
Өөр нэг зүйл бол хавсран гүйцэтгэх гэдэг ойлголтыг хууль зүйн үүднээс шүүх үндэслэлтэй зөв тайлбарлаж шийдмээр байна. Хавсран гүйцэтгэх гэдэг бол прокурорын ажлын хажуугаар аль нэг байгууллагад, миний бие өөрийн биеэр, цалин хөлстэй болон хөлсгүйгээр, тодорхой хугацаагаар болон байнга ямар нэг ажил хийж гүйцэтгэсэн байх тухай хууль зүйн ойлголт гэж би үзэж байна. Гэтэл миний бие прокуророор ажиллаж байх дээрх хугацаанд аль ч газар, хаана ч, ямар нэг ажил албан тушаал огт хавсран гүйцэтгэж байгаагүй, тийм үйлдэл хэзээ ч гаргаагүй болно. Энэ нь ч хэргийн материалд нотлох баримтаар тогтоогдсон байгаа болно.
Миний хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын иргэний хувьд өмчтэй байх, өмч, хөрөнгө шударгаар олж авах, өөрийн хувийн өмч, хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхтэй, иргэний хувьд өөрийн өмч хөрөнгөө иргэний эрх зүйн харилцаанд оролцож, иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний хэлцэл хийж, бусдаар ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан үйлдлийг ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн гэж шүүх үзсэнийг хуулийн зүйл, заалтыг буруугаар ойлгож, шүүх хэрэглэсэн гэж үзэж эс зөвшөөрч байна. Миний бие иргэний эрх зүйн гэрээ байгуулснаас өөрөөр тухайн компанид ямар нэг ажил эрхлээгүй, тухайн гэрээний дагуу надад оногдсон ямар нэг ажил, албан тушаал үйлчилгээ огт байхгүй юм. Энэ тухай бүхий л нотлох баримт, хууль зүйн үндэслэлүүдээ гаргасан нэхэмжлэл, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон тайлбартаа хангалттай дурдсан байгааг Та бүхнийг уншиж судлан хууль зүйн дүгнэлтийг хийнэ байх гэж найдаж байна.
3.3.Шүүхээс намайг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.5-д заасан "албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсвэл сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийнэ гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзсэн байна. Миний бие дээрх шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
- Миний бие Н.Х-тай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахаар өөрийн ажил, албан тушаалдаа харшлах, сөргөөр нөлөөлөх ямар нэг ашиг сонирхол, үйлдэл хийгээгүй, үйл ажиллагаа явуулаагүй,
- Уг гэрээний аль ч зүйл, заалтад миний ажил, албан тушаалтай холбоотой ямар ч үг үсэг, заалт байхгүй болно.
- Би уг “Т” гэх компанитай ямар нэг ашиг сонирхол байхгүй, уг компани нь Сонгинохайрхан дүүрэгт ямар нэг гэмт хэрэг, зөрчил, маргаанд шалгагдаж байгаа асуудал байхгүй, би уг компанид ямар нэг давуу байдал олгох, хууль бус үйлдэл үйл ажиллагаа явуулахад нь тус дэмжлэг үзүүлэх үүрэг амлалт аваагүй, өөрөөр хэлбэл ямар нэг ашиг сонирхлын болон хамаарлын зөрчил байхгүй болно.
- Миний хийсэн иргэний хэлцэлд прокурорын албан тушаалыг ашиглахыг санаархсан аливаа үйлдэл, үйл ажиллагаа огтоос байгаагүй. Би энэ гэрээгээр өөртөө ямар нэг давуу байдал аваагүй, ямар нэг хөнгөлөлт эдлээгүй, зөвхөн зах зээлийн зарчмаар ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх, үнэ хөлсөө төлөх шударга, хууль зүйн зарчмын дагуу гэрээ байгуулагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ талаар холбогдох мөрдөх байгууллага шалгаж, прокурор шийдвэрээ гаргасан ямар нэг ашиг сонирхлын зөрчил, албан тушаалаа ашигласан үйлдэл, хуульд харшилсан зүйл байхгүй гэдгийг хангалттай шалгаж тогтоосон юм.
3.4.Шүүх нь намайг хэдийгээр нэхэмжлэгчээс иргэний хувьд гэр бүлийн хэрэгцээнд хувийн өмчөө эзэмшиж, ашигласан гэж тайлбарлаж буй хэдий ч тухайн гэрээг амины болон зуслангийн орон сууцтай адилтгах боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ нь:
- 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар Монгол Улс эдийн засгийн зах зээлийн харилцаанд шилжсэн, хувийн өмчийг нийтийн (төрийн) өмчийн нэгэн адил хуулиар баталгаатай хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн билээ. Гэтэл шүүх хүний хувийн орон сууц, зуслангийн орон сууцыг амины өмч гэж үзэж, миний өмчийг хувийн өмч гэж гадуурхан үзсэнд үнэхээр гайхаж байна.
Одоо Монгол Улсад амины өмч гэж байхгүй, социализмын үед байсан амины өмч гэдэг ойлголт 1990 оноос хойш байхгүй болсон. Гэтэл шүүх байгаа мэтээр ойлгож хувийн өмчийг амины өмч, бусад өмч гэх мэтээр ялгаварлан үзэж, ялгавартай хандаж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Үндсэн хуулиар баталгаажсан хүний хувийн өмчийн том, жижиг, олон, цөөн, үнэтэй, үнэгүй, амины, хувийн гэх хандлагаар авч үзэж хувийн өмчийг ялгаварлан зааглаж намайг буруутгах хууль зүйн үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Давж заалдах шатны эрхэм шүүгчид хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, асуудлыг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.
Гэрээ хэлцэл ч гэсэн үнийн дүн, хийж гүйцэтгэх ажил, хэн хийлгэж байгаа зэргээс хамаарч өөр өөр байдаг ойлголт хуульд байхгүй гэж үзнэ, ямар хуулинд тийм заалт байдгийг миний бие мэдэхгүй юм.
Хэрвээ шүүх ингэж ойлгож хууль тайлбарлаж, хэрэглэвэл Монгол Улсад маш буруу, хууль бус, шударга ёсны эерэг зарчим, практик цаашид бий болж, олон олон иргэний эрхийг хохироох хууль, эрх зүйн орчин бүрдэж, шүүхийн практик бий болно гэж үзэж байна.
3.5.Шүүхийн шийдвэрийн дараагийн үндэслэл нь "Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий гэрээг 2022.07.28-ны өдөр байгуулсан хэдий ч 2023.08.21-ны өдрөөс гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 182,520,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Нийслэлийн Баянзүрх анхан шатны шүүхэд гаргасан байх тул зөрчил мөн хугацаа хүртэл үргэлжилсэн гэж үзэх бөгөөд Прокурорын сахилгын дүрмийн 5.1-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэжээ.
Миний бие гэрээ байгуулсан үйлдлийг ёс зүйн зөрчил биш гэж үзэж байгаа. Гэтэл шүүх уг үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа бол уг гэрээг байгуулсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой, хэрвээ ингэж тоолбол аль хэдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэтэл шүүх миний гэрээ байгуулсан өдрөөс миний иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл ёс зүйн зөрчил үргэлжилсэн байна гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Би гэрээ байгуулсан өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртлээ уг ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж үргэлжлүүлэн ажиллаж байсан мэтээр үзсэн нь хууль бус юм. Энэ тохиолдолд ямар ч үргэлжилсэн үйлдэл, үйл ажиллагаа огт болоогүй, үргэлжилж байсан гэх нотлох баримт, хууль зүйн үндэслэл байхгүй юм.
Шүүхийн дүгнэснээр бол би бүтэн нэг жил илүү хугацаагаар ажил, албан тушаал, хавсран гүйцэтгэсэн мэтээр ойлгогдож байна. Гэтэл би гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш уг гэрээний дагуу нэг ч өдөр ямар нэг ажил хийгээгүй гэдгээ удаа дараа тайлбарласан билээ. Би удаа дараа нэг жилийн туршид хулгай хийсэн бол "Чиний хулгай үргэлжилсэн байна, хөөн хэлэлцэх хугацаа чинь дуусаагүй байна" гэж хэлж болно. Гэтэл би энэ хугацаанд юу ч хийгээгүй, прокурорынхоо албан үүргээ гүйцэтгэж байхад чиний зөрчил үргэлжилсэн байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх гэрээг байгуулсны улмаас миний эрх ашиг зөрчигдөж би хохирсон учир 2023.08.21-нд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлт гаргасан ба иргэний хэргийн шүүхээс миний зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийг хангаж гэрээний үүргээс учирсан гэм хорыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. Гэтэл шүүхээс намайг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан үйлдлийг намайг ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж, прокурорын ёс зүйг зөрчсөн зөрчил гаргасан байна гэж үзсэнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Үндэслэл нь: Иргэн хүн өмч, хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд хэн байхаас /шүүгч, прокурор, мөрдөгч/ үл хамааран шүүхэд гомдол гаргаж зөрчигдсөн ашиг сонирхлоо хамгаалуулах, учирсан хохирлоо арилгуулах шаардлага тавих нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүхий л хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны, зайлшгүй хийх ёстой үйлдэл билээ. Гэтэл шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан миний үйлдэл яахаараа прокурорын ёс зүй зөрчсөн болдог билээ. Прокурор хүн иргэний нэхэмжлэл гаргаж болохгүй, хэрвээ гаргасан бол ёс зүй зөрчсөн гэж үзнэ гэх хууль Монгол Улсад байхгүй байх, шүүх хүнийг ажил, албан тушаалаар нь ялгаварлаж Үндсэн хуульд заасан шүүх, хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байна гэдэг зарчмын эсрэг шийдвэр гаргах эрхгүй байх гэж би бодох юм, урьд нь ч гэсэн иргэний шүүхэд прокурор нэхэмжлэл гаргасан бол прокурорын ёс зүй зөрчсөн гэж үзнэ гэх шүүхийн практик байхгүй байх, би л лав сонсоогүй юм байна. Иймд би шүүхэд нэхэмжлэл гаргаснаараа зөрчил гаргасан гэж үзэхгүй байгаа тул дээрх заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
- Шүүх ёс зүйн зөрчлийг 2022.07.28-ны өдрөөс 2023.08.21-ний өдрийг хүртэл үргэлжилсэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэснийг эс зөвшөөрч байна.
Нэхэмжлэл гаргасан өдрийг тооцохгүй үндэслэлээ дээр тайлбарласан тул гэрээ байгуулсан өдрөөр тооцоход аль хэдийнээ сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.
Өөрөөр хэлбэл 2022.07.28-ны өдрөөс 2024.01.12-ны өдрийг хүртэл 1 жил 5 сар 14 хоног болсон байна. Энэ нь Прокурорын тухай хуульд болон Сахилгын шийтгэл оногдуулах дүрэмд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохыг илэрхийлж байна. Нөгөө талаар надад холбогдох гомдлыг Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж илрүүлэн шалгасан боловч, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан нь ёс зүйн зөрчлийг шалгах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохыг баталж байна. Иймд шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэснийг бас хүчингүй болгож өгөхийг хүсье.
Миний дээрх давж заалдах гомдлыг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж Улсын Ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөлийн 2023.12.14-ний өдрийн 32 дугаар дүгнэлт болон Улсын Ерөнхий прокурорын 2024.01.12-ны өдрийн Б/68 дугаар тушаалын "Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 67 дугаар зүйлийн 67.1.5, Төрийн албаны хуулийн 48 дугаар зүйлийн 48.14-д заасныг тус тус баримтлан П.Э-ын нэхэмжлэлтэй Улсын Ерөнхий прокурорт холбогдох нэхэмжлэлийн зарим хэсэг болох Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023.12.14-ний өдрийн 32 дугаар дүгнэлт, Улсын Ерөнхий прокурорын 2024.01.12-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох заалтыг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж, хуучин ажилд минь эргүүлэн тогтоох шийдвэр гаргаж өгөхийг хүсэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч П.Эаас Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан гаргасан “Улсын Ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 32, 33 дугаар дүгнэлтүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/68 дугаар “Ажлаас халах тухай” тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.
2.1. Нэхэмжлэгчээс хүчингүй болгохоор маргаж буй Улсын Ерөнхий прокурорын Б/68 дугаар “Ажлаас халах тухай” тушаалын үндэслэл болсон Улсын Ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 32, 33 дугаар дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
3. Улсын Ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар дүгнэлтийн тухайд:
3.1. Нэхэмжлэгч П.Э нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах өөрийн эзэмшлийн газар дээр баригдаж буй 9 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын ханын өрлөг, шаврын ажлыг гүйцэтгүүлэхээр “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Хтай 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан, мөн тус гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан иргэний шүүхээр маргаж байсан нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
3.2. Нэхэмжлэгчээс дээрх үйл баримттай маргаагүй харин “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсныг ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа бол гэрээг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний хэлцэл хийж, бусдаар ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсныг ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн гэж үзэхгүй гэж маргасан.
3.3. Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалт, Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.5-д “албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсхүл сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийнэ”, мөн дүрмийн 2.4.10-т “Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээр бусад хуулиар тогтоосон эрх, үүрэгт нь хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан.
3.4. Анхан шатны шүүх “...хяналтын прокуророор ажиллаж байсны хувьд прокурорын иргэний эрхэд тавих хязгаарлалтыг зайлшгүй мөрдөх учиртай, ... 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 182.520.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг ... дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан байх тул зөрчил мөн хугацаа хүртэл үргэлжилсэн гэж үзэх бөгөөд Прокурорын сахилгын дүрмийн 5.1-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үзэхгүй” гэж дүгнэн маргаан бүхий 32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан “гэрээ байгуулсан өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсныг ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн гэж үзэхгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
4. Улсын Ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар дүгнэлтийн тухайд:
4.1. Нэхэмжлэгч П.Э нь 2023 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Бийг өшиглөж, улмаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүргэгдэн, 1.79 хувийн согтолттой байсан зөрчил гаргасан боловч түүний артерийн даралт өндөр байсан гэх шалтгаанаар эрүүлжүүлэх байранд хүлээн аваагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон Баянгол дүүргийн 27 дугаар хорооны 152 дугаар байрны 24-ний өдрийн камерын бичлэг, тус дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн камерын бичлэг, цагдаагийн ажилтны энгэрийн камерын бичлэг болон тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий 33 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон нь буруу байна.
4.2 Хэдийгээр нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1197 дугаар шийтгэврээр нэхэмжлэгчид оногдуулсан торгох шийтгэлийг хүчингүй болгосныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 260 дугаар магадлалаар шийтгэврийг хэвээр үлдээсэн хэдий ч энэхүү захиргааны хэргийн тухайд дээрх үндэслэлээр маргаан бүхий 33 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
4.3. Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18-д “прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хамгаалж байна”, мөн дүрмийн 2.4.22-д “прокурор согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж албадан эрүүлжүүлэгдэх, санаатайгаар зөрчил гаргаж шийтгэл хүлээх, бусадтай зүй бусаар харьцах, бусдыг доромжлохыг цээрлэнэ. Энэ төрлийн зөрчлийг удаа дараа гаргасан бол сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан.
4.4. Анхан шатны шүүх “... захиргааны акт гаргахаас өмнө хүчин төгөлдөр шүүхийн шийтгэвэр, магадлалаар маргаан бүхий үйл баримтыг дүгнэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байхад ёс зүйн зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй, ...гэмт хэргийн зөрчил, ёс зүйн зөрчил гэж тусад нь авч үзэх боломжгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэгтэй маргаагүй, харин зориулалтын буюу зөвшөөрөгдсөн газар хэрэглэсэн, ... албадан эрүүлжүүлэгдсэн, зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлд хамаарахгүй“ гэж дүгнэн 33 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон нь учир дутагдалтай болжээ.
4.5. Учир нь шүүхээс нэхэмжлэгчийн хувьд прокурорын иргэний эрхэд тавих хязгаарлалтыг зайлшгүй мөрдөх ёстой болон маргааны үйл баримтад холбогдуулан хэрэгт авагдсан нотлох баримтад бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Прокурорын ёс зүйн дүрмийн илт тодорхой заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий 33 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5. “Улсын Ерөнхий прокурорын 2024 оны Б/68 дугаар “Ажлаас халах тухай” тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоохыг даалгах” шаардлагын тухайд:
5.1. Хариуцагчаас Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, 66 дугаар зүйлийн 66.3, 67 дугаар зүйлийн 67.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 08, 12 дугаар зарлигаар баталсан Прокурорын зэрэг дэв тогтоох, олгох журам, Прокурорын сахилгын дүрмийн холбогдох заалтууд, Улсын Ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32, 33 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийжээ.
5.2. Маргаан бүхий Б/68 дугаар тушаалд нэхэмжлэгч П.Эыг “... согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг баримтлаагүй, олон нийтийн зүгээс прокурорт итгэх итгэл, үнэлэмжийг бууруулсан буюу иргэн Г.Бтэй зүй бусаар харьцаж, доромжилсон, эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн” гэж сахилгын шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй байна.
5.3. Учир нь Прокурорын тухай хуульд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг, Прокурорын ёс зүйн дүрэмд прокурорын иргэний эрхэд тавих хязгаарлалтыг тодорхой журамласан бөгөөд Б/68 дугаар тушаалын үндэслэл болсон Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 32, 33 дугаар дүгнэлтүүд нь дээр дурдсанаар холбогдох хууль, дүрэмд нийцсэн байх тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
5.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ...-/ыг/ хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.
5.5. Анхан шатны шүүхээс “...Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-67.1.5-д заасан сахилгын шийтгэлийг шатлан ногдуулах талаар хуульд тухайлан зохицуулаагүй бөгөөд хариуцагчаас мөн хуулийн 67.1.5-д “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
5.6. Харин нэхэмжлэгчийн “... ажилд эргүүлэн тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсныг цаашид анхаарах нь зүйтэй.
Даалгах нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсоны үндсэн дээр хангагдах боломжтой бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэгэнт Б/68 дугаар тушаал холбогдох хууль, дүрэмд нийцсэн, П.Эын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, түүнийг “ажилд нь эргүүлэн тогтоохыг даалгах” шаардлагыг хангах боломжгүй бөгөөд үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
6. Мөн Улсын Дээд шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0114 дүгээр тогтоолоор тус захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул “Давж заалдах гомдолд нэмэлт гомдол гаргах тухай” гэх утга бүхий 24 хуудас баримтыг шүүхийн бичиг хэргээр дамжуулж өгснийг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 67 дугаар зүйлийн 67.1.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Эаас Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан гаргасан “Улсын Ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 32, 33 дугаар дүгнэлтүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/68 дугаар “Ажлаас халах тухай” тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай“ гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН