Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0293

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Г.Г

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б.

Гомдлын шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б-ын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №0177306 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г /биечлэн/, хариуцагч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э /цахимаар/ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчаас Г.Г шүүхэд гаргасан гомдол, түүний үндэслэлдээ: Миний бие Г.Г нь 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд “З Х-Э” эвслээс нэр дэвшин Сүхбаатар дүүрэгт өрсөлдсөн. УИХ-ын сонгуульд миний бие нэр дэвшин өрсөлдөхдөө аливаа хувь хүн, хуулийн этгээдээс мөнгөн хандив аваагүй, цуглуулаагүй  зөвхөн өөрийн хөрөнгөөс сонгуулийн сурталчилгааны холбогдох зардлыг гаргасан юм. Сонгуулийн хандивын дансыг аливаа банканд нээлгээгүй.

 2020 оны 12 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б нь 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох № 0177306 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэн торголоо.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51-р зүйлийг 51.4-т “Нам, эвсэл болон  нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэх заалт нь миний ойлгож буйгаар хандив авах гэж буй эсхүл авсан нам эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээж түүнийгээ бүртгүүлэх үүрэгтэй гэж харагдаж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...6.12... дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

2020 оны  12 дугаар сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн байцаагчийн Ц.Б-ын гаргасан №0177306 дугаартай шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах тухай” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:Юуны өмнө шүүгч, шүүх хуралдаанд оролцож буй хэргийн оролцогч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Г овогтой Г-ийн хууль ёсны эрх ашгийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөөд оролцож байна. Гомдлын шаардлагыг танилцуулъя. Г.Г нь 2020 оны Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуульд Зөв хүн электорат эвслээс Сүхбаатар дүүргийн 24 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдсөн. Тус тойрогт өрсөлдөхдөө Г.Г нь аливаа хувь хүн, хуулийн этгээдээс ямар нэгэн байдлаар хандив цуглуулахгүй гэдгээ өөрөө илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн зардлаа зөвхөн өөрөөсөө гаргаж байгаа учраас аливаа холбогдох банканд сонгуулийн зардлын данс гэж огт нээлгээгүй. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б нь 0177306 дугаар шийтгэлийн хуудсаар арван мянган нэгж буюу /10.000.000/ төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг үйлдсэн. Уг шийтгэлийн хуудсыг гаргахдаа Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.”, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заасныг үндэслэл болгож торгосон байгаа.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан заалтыг сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшсэн нам эвсэл нэр дэвшигч нь хандив авахаар бол холбогдох банканд данс нээлгэхээр тэрийгээ бүртгүүлэх үүрэгтэй. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан заалтыг Г.Г-ийн хувьд авч үзвэл анхнаасаа зардлын данс нээлгээгүй, зардлын данс нээлгээгүй учраас бүртгүүлэх үүрэг гэдэг нь Г.Г-д үүсээгүй байгаа. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зардлын дансанд мөнгөн хуримтлалыг төвлөрүүлэх, түүнийг зарцуулах журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал бол Г.Г-ийн хувьд үүсэх боломжгүй юм. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 2019 онд батлагдсан хуулийг харвал нэр дэвшигч нь хандив авсан ч бай, аваагүй ч бай зардлын дансыг нээлгэх ёстой  гэсэн үг, үсэг, өгүүлбэр Сонгуулийн тухай хуульд харагдаагүй. Мөн зөрчлийн тухай хууль дээр Сонгуулийн зардлын данс нээлгээгүйтэй холбоотой ямар нэгэн шийтгэл ногдуулахаар хуульчилсан журамласан, зүйл байхгүй юм байна лээ.

Хариуцагч маргаан бүхий шийтгэх хуудсыг гаргахдаа зөрчлийн дансыг огт нээлгээгүй, энэ нь зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулсан. Энэ нь өөрөө хуульчлагдаагүй асуудал. Хариуцлага тооцогдохоор нөхцөл журам хууль одоогийн байдлаар байхгүй. Ийм учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу гомдлыг гаргасан. Иймд хариуцагчийн үйлдсэн 0177306 дугаартай шийтгэх хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Няцаах дараах тайлбарыг хийе. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж заасан байдаг. Хариуцагч нь сая данс нээлгээгүй, данс нээлгээгүй нь өөрөө зөрчил, нээлгээгүй юм чинь бүртгүүлэх боломжгүй гэж тайлбар гаргасан. Шалтгаант холбоог нь авч үзвэл нээлгээгүй дансыг ямар ч байдлаар тухайн хүн Төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэх боломжгүй. Нэр дэвшигч маань өөрийнхөө зардлаар оролцсон. Зардлын данс нээлгээгүй үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэл ногдуулахаар заасан нэг ч зохицуулалтад байхгүй. Энэ талаар өмнө тайлбарласан. Дахиад тайлбарлая. Зардлын данс нээлгээгүйтэй холбоотой хуульчлагдсан асуудал нэг ч байхгүй. Сонгуулийн тухай хууль ч тэр, Зөрчлийн тухай хуульд ч тэр аль алинд нь байхгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.2-т хууль ёсны зарчмыг заасан бөгөөд 1.2 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.” гэж заасан. Энэ нь Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй шүү гэж заасан байгаа. Жишээ гаргаж тайлбарлая. Үнэмлэхээ мартаад явсан хүнийг та согтуугаар жолоо барьсан байна гээд эрхийг нь нэг жилээр хасаж болохгүй л гэсэн зохицуулалт байгаа. Данс нээлгээгүй үйлдлээ бид хүлээн зөвшөөрч байгаа. Хуульд данс нээлгээгүй бол тэдэн төгрөгөөр тийм хариуцлага хүлээнэ гэж заасан байвал Г.Г ямар ч асуудалгүйгээр хариуцлагаа хүлээнэ. Гэтэл тухайн үйлдэл дээр нь хариуцлага байхгүй, байхгүй байтал энэ үйлдэл дээр нь заавал хариуцлага тооцно гэж байгаа юм шиг хуулийг төсөөтэй хэрэглэж данс нээлгүүлээгүй юм чинь бүртгүүлээгүй л байж таараа гээд хуулийн төсөөтэй хэрэглээнд шийтгэл ногдуулаад байгаа нь өөрөө хууль ёсны биш гэж үзэж байна. Хуулийг зөрчөөд байгаа шийтгэх хуудас гэж үзэж байна.

Мөн эрх бүхий этгээдээс гаргаж байгаа эрх зүйн акт нь өөрөө хууль ёсны, хууль зүйн үндэслэлтэй, хүчин төгөлдөр байх ёстой. Татварын байцаагч Ц.Б-ын гаргасан маргаан бүхий акт нь өөрөө хүчин төгөлдөр бус болчхоод байгаа. Формал эрх зүйн шаардлага, материаллаг эрх зүйн шаардлага гээд бид бүхэн мэддэг. Материаллаг эрх зүйн шаардлага дээр нь эрх бүхий этгээдээс гаргаж байгаа эрх зүйн акт нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй, хуулийн хүчин төгөлдөр, хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Хариуцагчийн гаргасан шийтгэх хуудас нь зөрчлийн хуульд заасан үндсэн зарчмуудыг алдагдуулж хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, Зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж хуулийг төсөөтэй хэрэглэж, заавал Г.Г-д шийтгэл ногдуулах гээд байгаа юм шиг ийм шийтгэх хуудас үйлдчихээд байна. Магадгүй Зөрчлийн хуульд зардлын данс нээлгээгүй үйлдэл нь өөрөө зөрчил гэж үзээд хариуцлага тооцохоор байсан бол өнөөдөр магадгүй энэ шүүх хуралдаан болохгүй байх байсан байх. Гэвч тийм зүйл заалт байхгүй байхад заавал данс нээлгээгүй байгаа юм чинь бүртгүүлээгүй байгаа гэж үзэж, хамж оруулан хуулийг төсөөтэй хэрэглэж торгоод байгаа үйлдэл нь өөрөө хууль бус үйлдэл юм. Хууль бус акт, хууль бус шийтгэх хуудас гэж үзэж байна. Энэ байдлыг шүүхийг анхаарч үзэхийг хүсэж байна.

Мөн шалтгаант холбоог нь харж үзэх ёстой. Хуульд үнэхээр өөрчлөгдсөн байна уу?, Өөрчлөгдөөгүй байна уу?, Энэ хүн зардлын данс нээлгэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, хандив авч байгаа хүмүүс иргэнээс бол тэдэн төгрөг, хуулийн этгээдээс бол тэдэн төгрөг хандиваар авна гээд хуульчлагдсан байгаа. Тэрнээс илүү мөнгө авч уу, ингэж үү, тэгж үү гэдгийг нь зохицуулсан хуулийн заалт болохоос биш данс нээлгээгүй асуудал дээр нь хамж авч төсөөтэй хэрэглэх хуулийн заалт биш. Энэ байдлыг шүүхийг анхаарч үзэхийг хүсье” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б би Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын 2020 оны  10 сарын 29-ны өдрийн 06/3212 дугаар албан бичгээр ирүүлсэн “Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй” гэх иргэн Г овогтой Г-д холбогдох гомдол мэдээлэлтэй танилцаад зөрчлийн хэрэг нээсэн.

 Г овогтой Г нь Монгол улсын их хурлын 2020 оны сонгуульд “Зөв хүн- Электрод эвслээс 24 дүгээр тойрогт нэр дэвшсэн ба Сонгуулийн тухай хуулийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж өөрийн сонгуулийн зардлын дансаа үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй болох нь өөрийн мэдүүлэг, үндэсний аудитын газрын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 01/3287 тоот албан бичиг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон тул 2020 оны 11 сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10000 нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулж шийтгэлийн хуудас бичсэн.

Гомдол гаргагч Г.Г нь сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө аливаа нь хүн хуулийн этгээдээс мөнгөн хандив аваагүй, цуглуулаагүй зөвхөн төрийн хөрөнгөөс сонгуулийн сурталчилгааны холбогдох зардлыг гаргасан бөгөөд миний ойлгож байгаагаар хандив авах гэж буй эсхүл нам эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээж түүнийгээ бүртгүүлэх үүрэгтэй” гэж харагдаж байна гэжээ.

Сонгуулийн тухай хуулийн 51.4-т "Нам, эвсэл болон нэр дэвшигч Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэсэн заалтад “хандив авсан” гэх үг байхгүй байх бөгөөд иргэн Г.Г нь сонгуулийн зардалдаа өөрөөсөө гаргаж байсан мөнгөн хөрөнгийн хувийн дансаа энэ заалтын дагуу Төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэх ёстой байсан.

Г.Г нь өөрийн сонгуулийн зардлын дансыг Төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн шинжтэй байсан тул зөрчлийн хэрэг нээн прокурорын хяналт дор шалгаж 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №0177306 дугаартай шийтгэлийн дугаар торгууль ногдуулсан болно.

Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу ногдуулсан шийтгэлийн хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Үндэсний аудитын газраас нэр бүхий нэр дэвшсэн нэр дэвшигчдээс сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүйтэй холбоотой мэдээлэл Татварын албанд ирсэн байдаг. Үүнтэй холбоотой Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 6 нэр дэвшигчтэй холбоотой, зөрчилтэй холбоотой мэдээлэл ирсэн. Үүний дагуу эрх бүхий албан тушаалтан харъяалах прокурорын хяналтын дагуу зөрчлийн хэрэг нээж тухайн албан тушаалтныг шалгасан байгаа.  Шалгалтаар нэр дэвшигч сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүйтэй холбоотой зөрчил Г.Г-ийн хувьд илэрсэн. Энэ нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.” гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж сонгуулийн зардлын дансыг нээлгээгүй. Түүнийгээ бүртгүүлээгүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу гомдол гаргагчид хариуцлага ногдуулахаар шийдвэрлэсэн байгаа. Учир нь гомдол гаргагч нь Сонгуулийн зардлын дансаа огт нээлгээгүй байсан. Гомдол гаргагч нь сонгуулийн зардлын дансаа нээлгээгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Сонгуулийн зардлын дансаа нээлгээгүй гэдэг нь өөрөө Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчил болж байгаа. Хуулиар нарийн зохицуулсан асуудлуудыг журмаар зохицуулдаг. Монгол Улсын Ерөнхий аудитын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн журам, маягт, загвар батлах тухай А/45 тоот тушаалын хавсралт Монгол Улсын Их Хурлын Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 6.2-тНэр дэвшигч энэ журмын 6.1-д заасан мөнгөн хөрөнгийг өөрийн данснаасаа сонгуулийн зардлын дансандаа байршуулж зарцуулна.”, 8.3-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь мөнгөн хандивыг зөвхөн сонгуулийн зардлын дансанд хүлээж авна.” гэж тус тус заасан. Дээрх заалтуудын агуулга нь Их Хурлын Сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг ижил тэгш өрсөлдүүлэх зорилгоор сонгуулийн зардлын хэмжээг Үндэсний аудитын газраас тусгайлан тогтоож өгдөг. Гол тогтолцоо нь сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээд зардлын дансаараа та хэдэн төгрөгийн хандив цуглуулсан юм бэ, Тэрнээсээ хэдэн төгрөгийг нь ямар зардалд яаж зохицуулсан юм бэ гэдэг хяналтыг нэр дэвшигч нар маань өөрсдөө тайлангаа өгдөг. Би тэдэн төгрөгийн хандив авсан. Тэрийгээ тийм тийм сонгуулийн зардлаар зарцуулсан гэдэг байдлаар тайлангаа өгдөг. Энэ агуулгаар сонгуулийн зардлын дансыг заавал нээнэ гэж хуульчилж тогтоосон байхад нэр дэвшигч маань энэ үүргээ хэрэгжүүлээгүй.  Тухайн сонгуулийн зардлын хяналтыг хийх боломжийг бий болгоогүй гэсэн үг. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл байгаа. Татварын байцаагч эрх бүхий албан тушаалтнаас сонгуулийн зардлын дансыг нээлгээгүй гэсэн зөрчлийг зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулсан.  Нэр дэвшигч Г.Г нь сонгуулийн данс нээгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Холбогдох байгууллагууд авсан лавлагаа, мэдээллээр сонгуулийн зардалтай холбоотой данс нээлгээгүй байна гэдэг нь тогтоогдсон байдаг. Үндэсний аудитын газраас тухайн нэр дэвшигчтэй холбоотой сонгуулийн зардлыг гаргахад бүртгүүлэхээр өгсөн мэдээ, баримт байхгүй тухай мэдээлэл нь ирсэн байгаа. Мөн сая Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа зардлын дансаа бид нар банкинд нээлгээгүй, бүртгүүлээгүй гэж хэлсэн. Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн нотлох баримтад хандив авсан мэдээлэл нь дансны хуулгаас харагдаж байгаа. Нэр дэвшигч нь ямар нэгэн байдлаар хандив авсан гэдэг нь харагдаж байгаа. Мөн данс бүртгүүлээгүй гэдэг нь ч харагдаж байгаа. Татварын албанаас данс бүртгүүлээгүй гэдэг зөрчил дээр нь шийтгэл ногдуулсан байгаа. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий албан тушаалтанд холбогдох шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.”, 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заасан. Тэгэхлээр дансаа нээлгэсэн байна. Дансаа заавал бүртгүүлсэн байна гэж хуульд тогтоосон байгаа. А/45 тоот тушаалын хавсралт журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн /цаашид “хууль” гэх/ 51.1-д зааснаар сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна.”, 3.4-д “Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ.”гэж тус тус заасан. Маш тодорхой байдлаар та дансаа нээлгэж, бүртгүүлэх нь байна. Дансаараа хандив хүлээж авах нь байна. Тэрийгээ тайлагнах нь байна. Хууль болон журмаар маш тодорхой зохицуулсан байгаа.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан. Зардлын дансаа нээгээгүй үйлдэлд хариуцлага ногдуулах үндэслэл болно гэж тогтоогоод өгсөн байгаа учраас маргаан бүхий актыг үндэслэлтэй гэж үзэж байна. Татварын албанд 6 хүний асуудлаар хандсаны нэг нь Г.Г-гийн асуудал байгаа. Тэрнээс гомдол гаргагчийн төлөөлөгчийн хэлж байгаа шиг Татварын улсын байцаагч нь зөвхөн  Г.Г-г торгож байгаа зүйл биш. Зарим нэг нь шүүхээр шийдвэрлэгдээд Давж заалдах шатны шүүхээс Татварын улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй гэдэг байдлаар явж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Гомдол гаргагч Г.Г Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б-ын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №0177306 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.

            Иргэн Г.Г дээрх эрх бүхий албан тушаалтны маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах үндэслэлээ 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө аливаа хувь хүн, хуулийн этгээдээс мөнгөн хандив аваагүй, цуглуулаагүй зөвхөн өөрийн хөрөнгөөс сонгуулийн сурталчилгааны холбогдох зардлыг гаргасан тул сонгуулийн хандивын данс банканд нээлгэх шаардлага байгаагүй бөгөөд ингэснээрээ хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа гэсэн агуулгаар гомдлын шаардлагаа тодорхойлжээ.

          Шүүх дараах үндэслэлээр гомдлын шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Гомдол гаргагч Г.Г 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд “Зөв хүн электорат эвсэл”-ээс сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдсөн байна.

          Нэр дэвшигч  Г.Г ийнхүү сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн зардлын данстай байх, уг дансыг нээлгэж хуульд заасан хугацааны дотор төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан нь хэрэгт цугларсан баримтууд гомдол гаргагчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдсон байна.

          Учир нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын данс нээлгэнэ.”, 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж “Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар уг хуульд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль зөрчих гэсэн 17 дугаар бүлэг нэмж баталсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн[1] 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...торгоно.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь заалтын “17.1 дүгээр зүйлийн 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58 дахь хэсэг гэснийг “17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт” гэж тус тус өөрчлөлт оруулж хуульчилжээ.

           Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т зааснаар татварын улсын байцаагчид харьяалуулж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчилд хариуцлага оногдуулахаар зохицуулсан байна.

          Мөн “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 1.1-д “Энэ журмын зорилго нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах, түүнд дүгнэлт гаргах, сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.”, 3.1-д “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.1-д зааснаар сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна.”,  6.2-т “Нэр дэвшигч энэ журмын 6.1-д заасан мөнгөн хөрөнгийг өөрийн данснаасаа сонгуулийн зардлын дансандаа байршуулж зарцуулна.”, 8.3-д “....нэр дэвшигч нь мөнгөн хандивыг зөвхөн сонгуулийн зардлын дансанд хүлээж авна.” гэж тус тус журамласан байна.

          Хууль, журмын дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэр дэвшигч сонгуульд өрсөлдөхдөө сонгуулийн зардлын дансыг заавал нээлгэж, төрийн зохих байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх, өөрийн мөнгөн хөрөнгийг өөрийн данснаасаа сонгуулийн зардлын дансандаа байршуулж зарцуулах, хандивыг зөвхөн сонгуулийн зардлын дансанд хүлээж авах үүрэгтэй байна.

Түүнчлэн гомдол гаргагч сонгуулийн сурталчилгаанд иргэн, хуулийн этгээдээс хандив аваагүй зөвхөн өөрийн хөрөнгөөс сурталчилгаанд зарцуулсан, хандив авч зарцуулаагүй тул данс нээлгэх шаардлагагүй, нэгэнт данс нээлгээгүй тул бүртгүүлэх үүрэг үүсэхгүй, хариуцагч зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэж шийтгэл оногдуулсан нь тус тус хууль бус гэх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Гомдол гаргагч Г.Г Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө иргэдээс хандив  авсан болох нь Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 5/2345 дугаар албан бичгээр ирүүлсэн харилцах дансны хуулгаар[2] нотлогдсон байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээлгэхээр, 51.4-д  сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг хуульд заасан хугацаанд төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэхийг тодорхой хуульчилсан.

Нөгөө талаар сонгуулийн зардлын данс бүртгүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тохиолдолд хариуцлага оногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан байх бөгөөд энэ журмыг зөрчсөн гэж үзсэн татварын байцаагчийн шийдвэр хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн сонгуулийн зардлын данс бүртгүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн үйлдэл хэрэгт цугларсан баримтууд, гомдол гаргагчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдсон байна.

          Харин гомдол гаргагчийн сонгуулийн зардлын данс нээлгээгүй нь зөрчил гэж үзэхгүй байна гэх тайлбар үндэслэлгүй.

          Түүнчлэн хариуцагч татварын байцаагч №2009001906 дугаартай Зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулахдаа Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дугаар “зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай” албан бичгийг үндэслэсэн байх бөгөөд энэ нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс дагаж мөрдсөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлал түүнд туссан сонгуулийн зардал түүний гүйцэтгэлд хяналт тавих төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх шаардлагад нийцсэн байна.

            Түүнчлэн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг гаргаж нийтэд мэдээлсэн бөгөөд энэхүү цаг хугацааны хуваар бүхий зурагт хуудсыг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.       

          Ийнхүү дүгнэхэд хариуцагчийн гаргасан шийдвэр хууль зөрчөөгүйн дээр гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

          Иймд гомдол гаргагчийн  гаргасан татварын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах гомдлыг  хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б-ын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №0177306 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Г.Г-гийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                                                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

 

 

[1] Төрийн мэдээлэл:2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн дугаар 08, 562 дугаар тал

[2] Нууцын зэрэглэлд авч хэрэгт хавсаргасан баримт