| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/04357/и |
| Дугаар | 102/ШШ2019/001011 |
| Огноо | 2019-04-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2019/001011
| 2019 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2019/01011 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Э-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Х-д холбогдох,
9909-2222 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, С.Хгийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ю.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Э нь 2004 онд хариуцагч С.Х гэх хүнтэй анх танилцсан. Тэрээр өөрийн хамтран амьдрагч залуугийн хамт манайхаар орж гаран, ихэнхи тохиолдолд манайд амьдарч толгой хорогдох болсон. Ийнхүү байх үедээ С.Х нь өөрийн эзэмшлийн 9909-2222 дугаарыг “...би төлбөрийг төлж дийлэхгүй байгаа учир төлбөрийг нь төлөөд та ав” гэсний дагуу төлбөр тооцоог нь төлж С.Хгээс дугаарыг нь авч байсан. Ингээд бид хэд хоногийн дараагаар Улаанбаатар хотод уулзаж, дугаарыг миний нэр дээр шилжүүлэхээр Мобикомын салбар дээр очиход намайг хөдөө орон нутгийн хаягтай тул дугаар шилжих боломжгүй гэж холбогдох хүн нь мэдэгдсэн. Тухайн үед ажил ихтэй, зав муутай байсан учир С.Хд итгэн дараа уулзаж дугаарыг шилжүүлж авахаар тохиролцсон. Гэвч хариуцагч нь хэдэн сарын дараа эргээд холбогдох гэтэл хаягнаасаа өөр газарт нүүсэн, утасны дугаар нь солигдсон, ор тас холбоогүй болсон байдаг. Ингээд би 10 жилийн дараа буюу 2014 онд дугаараа нэр дээрээ авах талаар дахин хөөцөлдөж “Мобиком” ХХК-ийн салбарт очиход “...та хэдийгээр 10 жил төлбөр төлсөн хэдий ч гэрээ ёсоор С.Х дугаарын эрхийг эзэмшдэг. Иймд та С.Хг авчрах шаардлагатай” гэсэн. Ингээд миний хажууд хариуцагч руу залгахад “надад 9909-2222 гэсэн дугаар байхгүй, дугаар андуурсан байна” гэж хэлсэн ба тухайн үед надад дугаараа зарсан гэдгээ ч мартсан байсан. Ингээд энэ явдлаас хойш дахин 4 жилийн дараа буюу 2018 оны 7 сард миний бие гэр бүлтэйгээ хамт Бүгд найрамдах Солонгос улс руу амрахаар явж байх үедээ утсаа усанд унаган, сим картаа гэмтээж, сэргээлгэх зайлшгүй шаардлага гарсан. Мобиком дээр очиход “...тантай байгуулсан гэрээ байхгүй учир С.Хг авчрах шаардлагатай” гэж хэлсний дагуу С.Х рүү ярьсан. Гэтэл тэрээр “...энэ миний дугаар, би эзэмшдэг, чамд өгөх ёсгүй” хэмээн зүй бусаар авирлаж эхэлсэн төдийгүй Мобикомын зүгээс дугаарыг ашиглах хэрэглээнд хязгаарлалт тавьсан хэдий ч хариуцагч нь харилцаа холбооны зохицуулах газарт гомдол гарган, хязгаарласан хэрэглээг сэргээлгэн, дугаар эзэмших гэрээгээ “Мобиком” ХХК-тай шинэчлэн байгуулсан. Үүгээр ч зогсохгүй уг дугаарыг 15,000,000 төгрөгөөр зарна хэмээн зар тавьсан байсныг таньдаг хүмүүс маань олж мэдэн надад мэдээлсэн. Миний бие 2004 оноос хойш 2018 он хүртэл нийтдээ 14 жил уг дугаарыг тасралтгүй барьж, бүх төлбөр тооцоог өөрөө төлж, компанийнхаа бүхий л вэб хуудас, цахим хаяг, фэйсбүүк хуудас, компанийн гэрчилгээ хаяг зэргийг энэ дугаараар явуулж ирсэн. Миний бизнесийн хамтрагч, бизнесийн бүх ажиллагаа энэ дугаартай нягт холбоотой юм. Хариуцагчийн ёс суртахуунгүй энэ үйлдэл, үйл ажиллагаанаас болж хохироод байгаа тул өөрийн 14 жил ашиглаж ирсэн 9909-2222 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оразбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Э нь 2004-2018 оны 7 дугаар сарыг хүртэл хугацаанд 9909-2222 дугаарыг тасралтгүй барьж ирсэн. Тэрээр өөрийн компанийн буюу өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаандаа уг дугаарыг хэрэглэж, өөрийн харилцагч, бизнес эрхлэгч нартай энэхүү дугаараар холбогдон харилцаж байсан. Энэ нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтууд болон компанийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг баримтуудаас бүрэн харагдаж байгаа. Хамгийн анх нэхэмжлэгч нь энэхүү дугаараа хариуцагч С.Хгээс 1,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байдаг. Эхлээд 540,000 төгрөгийг С.Хд төлсөн. Үлдсэн 460,000 төгрөгийг нь бол тухайн үедээ өгч амжаагүй байсан. Тэгээд дугаарыг худалдан авсан тул нэрээ шилжүүлэхээр “Мобиком” дээр очиход Д.Э нь орон нутгийн бүртгэлтэй, хаягтай байсан учир нэрийг нь шилжүүлж өгөөгүй. Ийм учраас нэхэмжлэгч 9909-2222 дугаарын симийг нь аваад шууд ашиглаж эхэлсэн. Ингээд дугаарыг ашиглаж эхэлснээс хойш 10 жилийн дараа буюу 2014 онд нэхэмжлэгч нь дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр “Мобиком” дээр дахин очиход “...таны дугаар С.Хгийн нэр дээр байгаа тул шилжүүлэх боломжгүй, та С.Хгээс зөвшөөрөл авах хэрэгтэй” гэж хэлсэн.. Ингээд тухайн бүртгэлийн ажилтан нь хариуцагч С.Х рүү залгахад С.Х нь “...надад ийм дугаар байхгүй” гэсэн хариуг өгөөд утсаа тасалсан байдаг. Ингээд мөн л дугаараа өөрийн нэр дээр нэхэмжлэгч авч чадаагүй. Ингээд 2018 оны 7 дугаар сард нэхэмжлэгч Д.Э нь БНСУ-д явж байгаад утсаа усанд унагаснаас болоод өөрийн симээ гэмтээсэн. Ингээд нэхэмжлэгч дахин “Мобиком” дээр очиход заавал дугаарын эзэмшигчээ авчир гэж шаардлага тавьсан байдаг. Ингээд аргагүйн эрхэнд Д.Э нь С.Хтэй холбогдож учир байдлаа тайлбарлахад тэрээр “...энэ миний дугаар, сэргээж өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн. Нэгэнт нэхэмжлэгч Д.Э нь 9909-2222 дугаарыг эзэмших эрхийг худалдан авсан тул уг дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, С.Хгийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай шаардлагыг гаргаж шүүхэд хандсан юм гэжээ.
Хариуцагч С.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Эын 9909-2222 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, С.Хгийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрхтэй этгээдийг шударга эзэмшигч гэж тодорхойлжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг маргаан бүхий дугаарын шударга эзэмшигч гэж үзэх баримт байхгүй. 9909-2222 дугаарыг хамгийн анх 2005 оны 12 дугаар сард худалдан авч, холбогдох гэрээг байгуулан өөрийн эзэмшилд авсан байдаг. Улмаар 2018 онд 9909-2222 дугаарыг хариуцагч нь гуравдагч этгээд рүү шилжүүлсэн. Уг дугаар нь 2005 онд хэрэглээд гарсан байхад нэхэмжлэгч тал “...би уг дугаарыг 2004 онд худалдан авсан” гэж үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Мөн Д.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлд “...хариуцагчийн ёс суртахуунгүй үйлдэл, үйл ажиллагаанаас болж хохироод байгаа тул өөрийн 14 жил ашиглаж ирсэн дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох...” гэж бичсэн байгаа нь үндэслэлгүй. Өөрийн эзэмшлийн энэхүү утасны дугаарыг нэхэмжлэгч өөрөө ашиглаагүй байсан шалтгаан нь нэгэнт л нэхэмжлэгч өөрөө “Мобиком” ХХК-д бүртгэлтэй хууль ёсны эзэмшигч нь байсан. Хариуцагч С.Хд н.Мөнхцэцэг гэж найз байсан. н.Мөнхцэцэг нь өөрөө компанитай байсан бөгөөд хариуцагч С.Хгээс “...би уг дугаарыг чинь өөрийн компанийн реклам, зар сурталчилгаанд хэрэглэж байгаад өгье” гэж хэлээд түр хугацаанд өөрийн эзэмшилдээ авсан байдаг. Түүнээс биш хариуцагч С.Х нь өөрийн дугаарыг бусдад худалдаагүй, шилжүүлээгүй, түүнд өөрийн дугаараа бусдад шилжүүлэх, худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй. Ингээд түр хугацаанд өгсөн байсан дугаарыг нь н.Мөнхцэцэг биш харин н.Мөнхтөр гэж ашиглаж байгааг нь сүүлд олж мэдсэн байдаг. н.Мөнхтөр нь н.Мөнхцэцэгийн ах нь бөгөөд нэхэмжлэгч талаас энэ хүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан байсан ч өөрсдөө хаяг нь тодорхой бус гээд татгалзсан байгаа. 2007-2010 онуудад уг дугаарыг н.Мөнхцэцэг ашиглаж байгаад 2010-2012 онуудад түүний ах н.Мөнхтөр нь ашигласан байдаг. Үүний дараа уг дугаарыг нь Д.Э 2012-2016 оныг хүртэл ашигласан байх. Нэхэмжлэгч өөрөө хууль ёсны дугаарын эзэмшигч тул дугаараа өөрийн найзад түр хугацаанд ашиглуулахад аливаа асуудал гарахгүй гэж итгэж байсан. Мөн нэхэмжлэгч 9909-2222 дугаарыг худалдахаар ямар нэгэн байдлаар буюу аливаа хэлбэрээр зар сурталчилгаа нийтлүүлж байсан удаагүй бөгөөд нэхэмжлэгчийн “...уг дугаарыг 15 сая төгрөгөөр зарна хэмээн зар тавьсан байсан...” гэж байгаа нь хариуцагчийг гүтгэсэн үйлдэл. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дугаарыг нэхэмжлэгч нь өөрийн нэр дээр ашиглаж байгаад иргэн Ю.Дашдаваад гэрээгээр шилжүүлэн дугаарыг хүлээлгэн өгсөн. Урьд өмнө нь 9909-2222 дугаарын эзэмших өөрийн эрхийг аливаа байдлаар худалдах, бэлэглэх зэргээр хэн нэгэн этгээдэд шилжүүлэх хүсэл зориг огт илэрхийлж байгаагүй. Харин ч удаан хугацааны туршид бусдад ашиглуулж байсан хөрөнгөө буцаан өөрийн мэдэлд авсан. “Мобиком” ХХК-ийн дараа төлбөрт, ижил цифр оролцсон ийм төрлийн дугаарын зах зээлийн үнэлгээ нь бусад жирийн дугаартай харьцуулахад олон нийтийн дунд нэр төрийн баталгаа гэж яригдан, өндөр үнэлгээтэй байдаг. Гэтэл энэ зэргийн үнэлгээ бүхий дугаарыг ямар ч хариу үнэ төлбөргүйгээр бусдад шилжүүлэхгүй нь тодорхой. Дээрх асуудлаар нэхэмжлэгч Д.Э нь удаа дараа мессеж болон сошиал хаягаар дарамталж зүй бус үг хэллэг агуулсан утга бүхий шуудан илгээдэг байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...дугаарыг 1,000,000 төгрөгөөр худалдан авсан, 540,000 төгрөгийг төлсөн” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд шинээр гаргаж байна. Ийм зүйл болсон ч гэсэн нэхэмжлэгч хариуцагчид мөнгөө бүрэн төлөөгүйг харуулж байна. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ тодруулсан байдлаар тайлбар гаргасан. Гэвч манай зүгээс уг тайлбар дээр нь хуульд заасны дагуу нэмэлт тайлбар хийх хугацаа авах шаардлагагүй. Шууд шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх саналтай байгааг анхаарч үзнэ үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мобиком корпораци” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Манай зүгээс аливаа дугаарын төлбөр төлөгдөж байгаа нөхцөлд ямар нэг гомдол санал гаргаад байхгүй. Өөрөөр хэлбэл бидний үзүүлж буй үйлчилгээний хариу төлбөр хугацаандаа л төлөгдөж байгаа бол манай эрх ашиг хөндөгдөөд байх зүйл алга гэж үзэж байна. 9909-2222 дугаар бол нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг 2004 онд бус харин 2005 онд нийтийн хэрэгцээд задалж гаргасан дугаар байгаа, энэ талаарх баримтыг бид шүүхэд гаргаж өгсөн. Тэрнээс биш нэхэмжлэгч болон хариуцагч талын хэн нэгнийг нь дэмжээд байх зүйл алга байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ю.Дашдаваа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Би энэ 9909-2222 дугаарыг 2018 онд хариуцагч С.Хгээс худалдан авсан. С.Х нь манай нөхрийн найзын таньдаг хүн байсан. Би уг дугаарыг 5,000,000 төгрөгөөр худалдан авсан. Өөрөө хэлбэл миний бие ямар нэг хууль зөрчөөгүй, гэрээ байгуулан дугаарын хууль ёсны эзэмшигч болсон гэж ойлгож байгаа. Дугаарыг өөрийн компанийн зар сурталчилгаанд хэрэглэхээр авсан. Одоо дугаарыг манай дүү хэрэглэж байгаа. Нэхэмжлэгчийн хэлсэн тайлбар дээр нэмэлт хугацаа авахгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч С.Хд холбогдуулж 9909-2222 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, уг дугаарыг түүний хууль бус эзэмшлээс гаргуулах тухай шаардлагуудыг гаргаж шүүхэд хандсан ба хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Гэрэлханд нь №2000/9628 тоот “Үүрэн телефон холбооны үйлчилгээний гэрээ”-ний үндсэн дээр 9909-2222 дугаарын эзэмшигч болжээ.
Улмаар хариуцагч С.Х нь 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20013886 дугаар гэрээгээр 9909-2222 дугаарын эзэмшигч болсон ба уг дугаарын эзэмшил 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Ю.Дашдаваад шилжин ирсэн байна.
9909-2222 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, хариуцагч С.Хгийн хууль бус эзэмшлээс дугаарыг гаргуулах тухай шаардлагуудын үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс “...9909-2222 дугаарыг эзэмших эрхийг хариуцагч С.Хгээс 2004 онд худалдан авсан боловч тэрээр уг дугаарын эзэмшлийг зохих журмын дагуу шилжүүлэн өгөөгүй” гэж тайлбарлажээ.
Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Тэрээр өөрийн татгалзлын үндэслэлээ “...9909-2222 дугаарыг бусдад түр эзэмшүүлж байснаас бус хэзээ ч уг дугаарыг бусдад худалдах болон бэлэглэж байгаагүй” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь 9909-2222 дугаар эзэмших эрх байх бөгөөд харин уг дугаарын эзэмшил хэрхэн үүссэн талаарх зохигч талуудын тайлбар зөрүүтэй байна.
Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх ба хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэхийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсгүүдэд заасан.
Харин хууль ёсны эзэмшил нь хэлцлийн буюу хуулийн дагуу үүсэх боломжтой.
Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий дугаарын эзэмшигч болсон гэж өөрийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсгүүдэд зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, харин худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба үүргийн агуулгад харшлахгүй бол аливаа эрх, шаардлага, бусад хөрөнгө нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох боломжтой.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсгүүдэд зааснаар иргэний хэрэг маргаанд зохигч өөрийн шаардлага хийгээд татгалзлаа нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, өөрөө олж авах боломжгүй баримтуудыг шүүхэд хүсэлт гаргах замаар бүрдүүлэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлж оролцдог. Түүнчлэн хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэнэ.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 9909-2222 дугаарыг эзэмших эрх нэхэмжлэгч Д.Эад үүссэн буюу түүнийг “Мобиком корпораци” ХХК-тай гэрээ байгуулж, тухайн дугаарын эзэмшигч бөгөөд үүрэн холбооны хэрэглэгч болсон гэж үзэх ямар нэг баримт цуглараагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг маргаан бүхий дугаарын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс “...би 2004 оноос хойш 14 жилийн хугацаанд 9909-2222 дугаарыг хэрэглэж ирсэн болох нь компанийнхаа бүхий л вэб хуудас, цахим хаяг, фэйсбүүк хуудас, компанийн дүрэм, гэрчилгээн дээр энэ дугаарыг бичсэн байдлаар нотлогдоно” гэсэн тайлбарыг шүүхэд өгсөн.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гэх “Тосон овоот хайрхан” ХХК-ийн дүрэм дээр 9909-2222 дугаарыг тус компанийг үүсгэн байгуулагч Д.Этай холбоо барих дугаар гэж бичсэн хэдий ч уг дүрэм дээр ямар нэг огноо тавигдаагүй ба 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Тосон овоот хайрхан” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 9909-2222 дугаар бичигдээгүй байна /хх 5-8 хуудас/.
Түүнчлэн нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлд дурдсан “...компанийнхаа бүхий л вэб хуудас, цахим хаяг, фэйсбүүк хуудас дээр 9909-2222 дугаарыг бичсэн” гэх тайлбараа ямар нэг байдлаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Цаашлаад нэхэмжлэгчийн “...2004 онд 9909-2222 дугаарыг худалдан авсан”, “...дугаарыг 1,000,000 төгрөгөөр худалдан авсан. Үүнээс 540,000 төгрөгийг төлсөн, үлдэх мөнгийг төлж амжаагүй байгаа” гэх тайлбаруудыг 9909-2222 дугаар 2004 онд бус харин 2005 онд зах зээлд нэвтэрсэн талаарх бичгийн баримтуудтай харьцуулан судлахад 9909-2222 дугаар нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд байсан, уг дугаарын талаар шаардлага гаргах эрхтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн төлбөрийн баримтууд нь 9909-2222 дугаарын хууль ёсны эзэмшигч гэдгийг нотлохгүй гэж шүүхээс үзсэн болно /хх 12-20 хуудас/.
Дээрх үндэслэлүүдээр 9909-2222 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, С.Хгийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай Д.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 9909-2222 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, уг дугаарыг хариуцагч С.Х хууль бус эзэмшлээс гаргуулах тухай Д.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ