| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2018/00356/И |
| Дугаар | 70 |
| Огноо | 2019-03-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 70
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн
.......................... тоотод оршин суух, *******
овогт Т.А /РД:........................./
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн 3-р
баг, ......................тоотод оршин суух, *******
овогт А.Б /РД:......................./
Нэмэлт тэтгэлэг 7 770 069 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч А.Б , хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Т.А миний бие 1995 онд хариуцагч А.Б тэй танилцаж улмаар 1996 онд нэг гэрт орж амьдарч байгаад 2001 оноос тусдаа амьдарсаар өнөөдрийг хүрч байна. Хамт амьдарч байх хугацаанд 1997 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Н , 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Ж нарыг төрүүлсэн. Хүүхдүүд маань одоо 21, 19 настай, эрүүл саруул миний асрамжид өсөж хүмүүжиж байна. А.Б нь хамт амьдарч байх хугацаандаа өөр хүнтэй гэр бүлийн дотно харилцаа тогтоосны улмаас бид цаашдаа хамт амьдрах боломжгүй нөхцөл байдал үүсч би 2 хүүхдээ 4 болон 6 настай байхад нь өрх толгойлон үлдэж үр хүүхдээ бусдаас дутаахгүй, бусдын жишгээр сургуульд оруулж боловсролтой хүн болгохын төлөө зүтгэсээр ирсэн. Хүүхдүүдийн эцэг бага насны хүүхдээ өнчрүүлж явчихаад эргээд үр хүүхдээ тэжээн тэтгэх, сургуульд боловсрол эзэмшүүлэх зэрэг Монгол улсын үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй өдийг хүрлээ. Одоо 2 хүүхэд маань насанд хүрч охин Б.Н МУБИС-ийн орос хэлний багш орчуулагч мэргэжлээр суралцаж төгссөн, хүү Б.Ж Беларусь улсын Жодино хотын Үндэсний техникийн их сургуульд элсэн суралцаж энэ жил 1 дүгээр курсээ төгсөөд ирсэн ба удахгүй 08 дугаар сарын сүүлээр буцаад сургуульдаа сурахаар явах гэж байна. А.Б нь тусдаа салж амьдарсан цагаас хойш өнөөдрийг хүртэл 2 хүүхэддээ ямар нэгэн байдлаар тусламж үзүүлж байгаагүй, миний хувьд эрүүл мэндийн хувьд өвчтэй, ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, байнгын эмчилгээ, сувилгаа хийлгэх болсон тул охин Б.Н гийн сургалтын төлбөрийг төлсөн зардал, хүү Б.Ж ын их сургуульд элсэн суралцаад сургууль руугаа явах болон буцаж ирэх зардлыг Гэр бүлийн тухай хуульд зааснаар хариуцагчаас нэмэлт зардалд тооцуулан гаргуулахыг хүсэж байна. Энэхүү зардлыг хуульд зааснаар хариуцагчаас хүүхдүүдийг их сургуульд суралцсантай холбогдуулан гарсан зардал болон гарах зардлыг нэхэмжлэх эрхийг тодорхойлон хуульчилж өгсөн учраас нэхэмжилж байгаа юм. Үүнд охин Б.Н 2013-2017 оны хооронд МУБИС-д элсэн орж суралцсан ба тухайн сургуулийн сургалтын 4 жилийн хугацааны төлбөр болох 1 дүгээр курсын 1 650 000 төгрөг, 2, 3, 4 дүгээр курс тус бүрт 1 950 000 төгрөгийг би төлж байсан тул сургалтын нийт төлбөр болох 7 500 000 төгрөгийг, Хүү Б. Б.Ж ын Беларусь улсын Жодино хотын Үндэсний техникийн их сургуульд явах, буцах унааны зардал болох өөрөөр хэлбэл 2017 онд төлсөн сургууль руугаа явсан зардал 508 300 төгрөг, амраад буцаж ирсэн зардал 498 595 төгрөг, одоо 2018 оны 08 дугаар сарын сүүлээр сургуульдаа явах болон амраад буцаж ирэх зардал болох 1 300 000 төгрөг буюу нийт 9 806 895 төгрөгийг хариуцагч А.Б ээс гаргуулан өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: А.Б ээс доорх нэмэлт тэтгэлгийг нэхэмжилж байна. Үүнд: Б.Н гийн 2014-2015 оны хичээлийн жилд сургалтын төлбөрт 1 815 000 төгрөг, 2015-2016 оны хичээлийн сургалтын төлбөр 1 330 000 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жилд 930 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийн өр 745 500 төгрөг байгаа ба нийт сургалтын төлбөр 4 820 500 төгрөг /энэ төлбөрт 4 курсын төлбөр ороогүй/. Хүү Б.Ж ын сургуульдаа ирж, буцах унааны зардал болох 2 949 569 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан өгнө үү. Нийт нэхэмжлэх мөнгөн дүн 7 770 069 төгрөг болно” гэжээ.
Нэхэмжлэгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэж байгаа биш, хоёр хүүхэд нэхэж байгаа, энэ мөнгийг аваад би өөртөө нэг ч төгрөг зарцуулахгүй, хоёр хүүхэд л өөрсдөдөө зарцуулна. Хэдийгээр охин сургууль төгссөн гэж байгаа ч цаашаа магистрт суралцах боломжтой. Сая Оюутолгой компанид анкет бөглөхөд англи хэл гээд өөр хэлний талаар асуусан, тэгэхээр дахиад боловсрол шаардагдаж байгаа. А.Б намайг энэ мөнгийг авч хэрэглэх гээд байна гэж буруу ойлгоод байна. Би 2017 оны 09 дүгээр сараас энэ хэргийг хөөцөлдөж эхэлсэн. Хүүхдүүдээ мөнгө нэхээд байхаар утсаа хаагаад алга болчихно. Тэгээд саяхан шүүхээр явж байна гэдгийг сонсоод хүүдээ 40 000 төгрөг л өгсөн байсан. Өнөөдөр гэхэд би хүнээс 100 000 төгрөг зээлээд хүүдээ шилжүүлсэн. Гадаадад зардал бол маш өндөр, 1 рубль 1300 төгрөгтэй тэнцдэг, мөнгө шилжүүлэхэд шимтгэл нь өндөр, А.Б хувьдаа их мөнгө өгч байна гэж бодоод байх шиг байна, 40 000 төгрөг шилжүүлэхэд 15 000 төгрөгийг шимтгэлд авчихдаг. Шилжүүлж байгаа мөнгө нь их байх тусмаа шимтгэл нь бага болдог гэсэн. Чадвал охиноо Монголд юм уу Солонгост магистраар сургах бодолтой байгаа. А.Б гуай надад баярлалаа гээд хэлэхийн оронд дандаа худлаа яриад байгаад би их гомдож байгаа. Өчигдрийн шүүх хуралдаан дууссаны дараа би хүүтэйгээ утсаар цаг гаруй ярьсан. Хүү аавдаа их гомдож байна гэсэн. Аав надад ерөөсөө тэгж зуу зуу мянгаар нь мөнгө өгч байгаагүй, нэг удаа гар утас авч өгч, ном уншуулж өгсөн, нэг удаа 40 000 төгрөг өгсөн, нэг өдөр л хүний эцэг шиг байсан. Яагаад надад өгөхгүй гээд байгаа юм бэ гэсэн. Хоёр хүүхэд чинь чамд ер нь их гомдож явдгийг чи мэддэг үү үгүй юу. Охин чинь цагаан сараар хүртэл очоогүй биз дээ. Миний хүү ярихдаа 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш аав яг утсаа хаачихсан байсан. Өмнө нь нэг аавтайгаа очиж уулзахад нь энгийн хүн ирж байгаа юм шиг өөдөөс нь авгайдаа булган шуб авч өгнө, ланд машин авч унана гэж ярьж байсан гэсэн. Явах зардлаас нь талыг нь ч гэсэн өгчих юм болов уу гэсэн чинь утсаа хаагаад л алга болчихсон гээд хүү чинь уйлаад ярьсан. Би өгдөг энэ тэр гээд яагаад шүүхэд худлаа яриад байгаа юм. Үр хүүхдээ цаашид сурч боловсроход нь дэмжээд, гэр орны өчнөөн асуудал байхад туслах хэрэгтэй биз дээ. Хүүхдүүд байнга надтай амьдраад яваад байхгүй биз дээ. Чи хувиа хичээгээд тэнд нэг авгай хүүхдээ тэжээгээд л яваад байдаг. Авгай хүүхдээ тэжээхийг чинь би үгүйсгэхгүй, хоёр хүүхдээ чи яагаад харж үздэггүй юм бэ. 2017 онд намайг нэхэмжлэл гаргаад явж байгаа сургаар л чи Б.Ж д нэг хэдэн төгрөг өгсөн байсан. Авч өгсөн утас нь энд ирээд нэг сар болоод эвдэрсэн гэж билээ. Чи өгдөг байсан бол би ингэж нинжин сэтгэлгүй зан гаргаад чамайг шүүхдээд явж байхгүй байсан. Хувь хүнийхээ хувьд ч гэсэн энэ хүн их худалч. Хүний хүүхдийг чи 5 000 000 төгрөгөөр сургуульд явуулж л байсан, яагаад өөрийнхөө хүүхдийн сургалтын төлбөрийг төлчихгүй байгаа юм. Цаашид үр хүүхдээ харж үзнэ гэж байх ч үгүй, чи энэ мөнгийг хэл амгүй өгчих, намайг үрчихнэ гэж бодоод байвал тус тусынх нь дансанд хийгээд өгчих. Миний үүрч яваа ачаанаас чи хагасыг нь ч гэсэн үүрэх хэрэгтэй шүү дээ. Гадуур ярьж байгаа нь дандаа би хүүхдүүдээ харж үздэг л гэдэг. Хүүд намайг тэр одоо үхсэндээ хагалгаанд ордог юм, юун ямбатай юм юу юу гэсэн гэлээ, хүү чинь өчигдөр аав тэгж хэлсэн, 5 жил миний ээж хамар нь битүү зовлоо гээд уйлаад ярьж байна билээ. Би тэгээд утсаа тасалсан. Чи битгий худлаа ярьж яваарай гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бол нэмэлт тэтгэлэг буюу хүүхдийн сургалтад төлөгдсөн зардал. Мөн суралцахдаа ирж очих унааны зардал гээд нийт 7 770 069 төгрөгийг итгэмжлүүлэгч нар Б.Н , Б.Ж нарт гаргуулж өгнө үү. Б.Н гийн хувьд 3 жилийн сургалтын төлбөрийг нэхэж байгаа. 2014-2015 оны сургалтын төлбөр 1 815 000 төгрөг, 2015-2016 оны сургалтын төлбөр 1 330 000 төгрөг, 2017-2018 оны сургалтын төлбөр 930 000 төгрөг төлөгдсөн байдаг. 2017-2018 оны сургалтын төлбөр төлөгдөөгүй байдаг. Одоо сургуульдаа 745 500 төгрөгийн өр төлбөртэй байгаа. Ингээд нийт 4 820 500 төгрөгийг Б.Н нь хариуцагч буюу эцэг А.Б ээс нэхэмжилж байгаа. Б.Ж ын хувьд Беларусь улсын Жодино хотод суралцдаг. Энэ хүүхэд бол тэтгэлгээр суралцдаг учраас сургалтын төлбөрийг нэхээгүй. Сургуулийнхаа амралтаар гэртээ ирж очих унааны зардал болох 2 949 569 төгрөгийг эцэг А.Б ээс нэхэмжилж байгааг би дэмжиж байна. Хариуцагч хүүхдийн тэтгэлгийг төлж байсан, хоорондоо тохиролцоод хаалгаж байсан гэж байна. 3 000 000 төгрөг өгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хүүхдийн 18 насанд хүртэлх тэтгэлгийг хаалгаж байсан юм билээ. Өнөөдөр яг юу нэхээд байгаа вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах ёстой. Бид хүүхдийн тэтгэлгийг нэхээд байгаа биш, гэр бүлийн тухай хуульд тусгайлан заасан нэмэлт тэтгэлэг нэхэмжилж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 48.1-т тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Сургуульд суралцах болсон нь онцгой нөхцөл үүссэн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, хариуцагчийн өмгөөлөгч хүүхэд 18 насанд хүрсэн учраас тэжээн тэтгэх үүрэг нь дуусгавар болсон гэж гэр бүлийн тухай хуулийн 53.1.3 дахь заалтыг холбож тайлбарлаж байна. Хүүхэд хэдийгээр 18 нас хүрсэн ч гэсэн хүүхэд хөдөлмөр эрхлээгүй, тусдаа өрх толгойлж гараагүй бол тэжээн тэтгүүлэх эрх нь хэвээрээ байгаа. Өнөөдрийн хувьд Б.Н гэдэг хүүхэд бол тусдаа гараагүй, хөдөлмөр эрхлээгүй байгаа. Б.Ж ын хувьд мөн 18 насанд хүрсэн хэдий ч өнөөдөр сургуульд сурч байгаа, бусдаас хараат байгаа. Б.Ж өөрөө ажил хийж мөнгө олох боломж байхгүй учраас энэ мөнгийг ээжээрээ дамжуулж нэхэмжилж байгаа гэдгийг зөвөөр ойлгоорой. Хэдийгээр хариуцагч би хүүхдэдээ 20, 30, 100 мянгаар өгдөг гэх боловч сургалтын төлбөрт, сургуульдаа ирж очих замын зардалд мөнгө өгч байж уу гэдгийг хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтаас шүүн тунгааж үзэх нь зүйтэй байх. Дараагийн дугаарт, Т.А ыг өөрөө өөртөө энэ мөнгийг нэхэмжлээд, өөртөө зарцуулах утга агуулга байна гэж хэлсэн. Нэхэмжлэгч болох Б.Н , Б.Ж нар нь эх Т.А д олгосон итгэмжлэл хавтаст хэргийн 3,4-р хуудсанд авагдсан байгаа. Олгогдсон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч нарын эрх үүргийг эдэлж өөрсдийн нэмэлт тэтгэлгийг нэхэмжилж байгаа болохоос Т.А өөртөө энэ мөнгийг нэхэмжлээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хариуцагч нь энэ хүүхдүүд бол миний хүүхдүүд мөн, энэ хүнтэй би гэр бүл болж байсан юм гэж гэр бүлийн эрх зүйн харилцаа үүссэн гэдэг дээр маргахгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 48.1-д энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж нэхэмжлэл гаргах эрх зүйн субъектуудыг хуульчилж өгсөн байдаг. Тухайлбал эцэг эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага гаргаж болно гэж заасан. Тэгэхээр гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүмүүс гэж заасан. Тиймээс гэрлэгчид дундаас бий болсон Б.Н , Б.Ж нар нь гэр бүлийн гишүүн мөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй субъект мөн гэж үзнэ. Гэр бүлийн тухай 34.1-т тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан учраас шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргасан байгааг ойлгох нь зүйтэй. Гэр бүлийн тухай хуульд эцэг эхийн тэжээн тэтгэх үүргийг тусгайлан хуульчилж өгсөн байгаа тул энэ хуулийн хүрээнд хариуцагч А.Б нь хүүхдийнхээ онцгой тохиолдол гарсан нөхцөл байдал буюу сургуульд сурсантай холбогдож гарсан зардлыг төлөх үүрэг нь хэвээрээ байгаа учраас 7 770 069 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг дэмжиж байна.
Нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Эдгээр зүйлүүдийг харгалзан үзэж Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрх, мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1.1-д зааснаар бусад шаардлага зүйлсийг эцэг эх хангаж өгөх үүрэгтэй гэдгийг хуульд хуульчилж өгсөн. Бусад шаардлагатай зүйл гэдэг бол сургалтын төлбөр суралцахтай холбоотой бусад шаардлагатай зүйлс мөн юм. Хүүхдийн насанд хүрснээр тэтгэлэг төлөх үүрэг дуусгавар болж байна гэж ойлголгүй сургалтын төлбөртэй холбоотой зардал байгаа учраас нэмэлт тэтгэлэг буюу онцгой нөхцөлд орсон хүүхэд байна гэж үзэж гэр бүлийн тухай хуулийн 48.1.1-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хангаж өгнө үү. Магадгүй хариуцагчийн гаргаж байгаа тайлбараар би энэ мөнгөн дүнг одоо төлөхгүй төлөөд явна гэж хэлж байгааг хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж ойлгогдохоор байна. Өмнө нь хүүхдийн тэтгэлгийг төлж байсан учраас одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөвшөөрөхгүй байгаа гэж байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой нотлох баримтаар няцааж чадахгүй байна гэж үзэж байна. Нөгөө талаар хариуцагч нь хүүхэд насанд хүрсэн учраас өөрөө ажиллаж сургалтын төлбөрөө олох ёстой гэсэн тайлбар хэлж байна. Энэ хүүхэд суралцаж байгаа тохиолдолд юугаар сургалтын төлбөр болон хооллож ундлах юм бэ, гэр бүлийн тухай хуульд заасан эцэг эхийн үүрэг хэвээрээ байх нөхцөл байдал байх тул энэ мөнгийг нөхөн төлөх үндсэн нөхцөл бүрдэж байгааг дээрээс дурдаж хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Б миний бие 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Т.А тай 1997 онд нэг гэрт орж айл болсон. Улмаар 1997 онд охин Б.Н , 1999 онд Б.Ж төрж хоёр хүүхэдтэй болсон боловч хувийн таарамж муутайгаас 2001 онд салж тусдаа амьдарч 2003 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, сар бүр 18 500 төгрөг төлөх шийдвэр гарч 2 хүүхэддээ бэлэн болон хадгаламжаар төлсөн. 2 хүүхдээ 18 нас хүртлэх хугацаатайгаар 2006 онд 3 000 000 төгрөг “Голомт банк” ХХК-д хадгалуулсан байхад Т.А дахиж мөнгө төгрөг нэхэхгүй тэтгэмжээ хаая гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хаалгасан, мөнгө авсан. Гэвч би эцэг хүний үүргээ хүлээж байгаагийн хувьд мөнгө бэлэн болон дансаар сар бүр 2 хүүхэддээ өгч байсан. Гар утас, хувцас, эд материалын тусламж байнга үзүүлж байсан. 2 хүүхэд их дээд сургуульд суралцаж байхад мөнгө төгрөг бэлэн болон дансаар байнга өгч байсан. Б.Н Улаанбаатар Их сургуулийг 2018 онд төгссөн. Б.Ж Беларусь улсын Жодино хотын Үндэсний техникийн их сургуульд компанийн тэтгэлгээр 100 хувь сурдаг. 2 хүүхэд суралцаж байх хугацаанд 2 хүүхдийн данс руу нийт 4 560 000 төгрөг шилжүүлсэн байна. Бэлнээр данс руу хийсэн мөнгөн дүнг 2 хүүхдийн дансны хуулгаар харах боломжтой. А.Б би чадлын хэрээр 2 хүүхдээ тусламж, эд материал, мөнгө төгрөг болон сэтгэл санааг нь дэмжин эцэг хүний хувьд амьдралын зөв бурууг байнга сургаж, тусалсаар ирсэн. Ер нь байнга холбоотой байдаг. Цаашдаа ч тус дэм болж явах нь мэдээж хэрэг. Би Б.Т.А аас салснаас хойш 10 жилийн дараа гэрлэж, Энхтүвшинтэй хамт амьдарч байна. Ам бүл 4. ******* оюутан Монгол Улсын их сургуульд сурдаг. Б.Удвал 3 настай. Цэцэрлэгийн насных. Өрхийн тогтмол орлого байхгүй хувийн компанид ажилдаг нэртэй боловч 17 сар цалин аваагүй. Миний хувьд өөрийн эд хөрөнгө байхгүй. Лизингээр байрны зээл сар бүр 420 000 төгрөг төлдөг. Бэлнээр өгсөн мөнгийг 2 хүүхэд гэрчилнэ. Харин Т.А ын нэхэмжилж байгаа 9 806 895 төгрөг өгөх боломжгүйгээс гадна хууль эрх зүйн хувьд насанд хүрсэн эрүүл саруул хүнд нэмэлт тэтгэлэг өгөх хуулийн заалт байхгүй гэж бодож үзэж байна. Ийм учраас энэхүү нэхэмжлэлийг үндэслэлгүй эцэг 2 хүүхдийн дунд сэтгэл санааны хүнд цохилт болж ёс суртахуунгүй зүйл болж байна. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдүүдийг гэрчээр асууж, нотлох хэрэгтэй байлцуулмаар байна” гэжээ.
Хариуцагч А.Б нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хүү маань эрүүл саруул өссөн, охин Б.Н нь тархи толгойны хүнд өвчтэй гэдэг оношийг 2013 онд эмнэлгээр гаргуулсан шалтгаан бол Т.А тай суусан гэх одоо хамт амьдарч байгаа Дамдинсүрэн нь толгой руу өшиглөн зодож гэмтээсэн байсан тухай үед гомдол гаргах гэсэн боловч Т.А охин Б.Н гээр дамжуулан битгий гомдол гаргаачээ гэж удаа дараалан гуйж байсан. Миний охин Б.Н одоо хүртэл тархи толгой өвддөг байнга эм уудаг. Ийм учраас эмнэлгийн тодорхойлолт шинжилгээгээр 2 хүүхэд эрүүл саруул өсөж бойжиж байгаа гэсэн баримтыг хавсаргамаар байна. 2 хүүхэдтэйгээ ойр маш дотно харилцаатай байдгийн хувьд 2 хүүхэддээ 18 нас хүртлэх тэтгэлэг хаагдсан гэж бодохгүй байнгын харилцаатай эцэг хүнийхээ үүргийг ухамсарлаж тодорхой хэмжээгээр бэлэн мөнгө, бэлэн бус мөнгө, эд материал болон сэтгэл санааны дэмжлэг болон эцэг хүний хувьд амьдралд зөв амьдарч явах талаар байнга зөвлөж ярилцдаг. Т.А ын нэхэмжлэл болох 7 770 069 төгрөг нэхэмжлэгч талд өгөх боломж байхгүй. А.Б би 2 хүүхдээ шүүхээр нэхэмжилж мөнгө авсан ч би цаашид 2 хүүхэддээ тусалсаар явах болно. Шүүх хуралд миний охин болох Б.Н г оролцуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би яагаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь шүүхээр тогтоолгосон хүүхдийн тэтгэлэг байдаг, Т.А тай тохиролцсоны үндсэн дээр хоёр хүүхдийнхээ нэр дээр хадгалж байсан хадгаламжийг өгөөд 18 нас хүртэлх тэтгэлгийг хаалгасан. Хэдийгээр хүүхдийн тэтгэлгийг хаалгасан боловч Т.А нь өөр хүнтэй гэр бүлтэй болсон учраас би хоёр хүүхдээ наана цаана гэж, харж үзэж тусалж ирсэн. Оюутан болсноос нь хойш хэрэглээнийх нь мөнгийг би байнга өгч байсан, бэлнээр биш зөвхөн дансаар шилжүүлэн өгч байсан мөнгөний баримтыг нотлох баримтаар өгсөн байгаа. Хоёр хүүхэд бол хоёулаа 18 насад хүрчихсэн, хөдөлмөр эрхлэх эрхтэй болчихсон. Шүүхэд нэхэмжилж гаргаснаас хойш би хоёр хүүхдэдээ мөнгө төгрөг өгдгөөрөө өгөөд л явж байсан. Том охин бол надад хэлэхдээ сургуулиа төгссөн, диплом хамгаалах дээрээ нэг жилийн чөлөө авсан гэж гэсэн. Т.А хүүхдийн яриа хоёр зөрөөд байгаа. Тийм учраас сүүлийн үед би охиндоо мөнгө өгөөгүй. Хүүдээ сая мартын 8-ны үеэр мөнгө гэхэд нь би мөнгө шилжүүлсэн. Их хэмжээгээр биш хэрэглээнийх нь мөнгийг 20, 30, 100 мянгаар өгдөг. Бэлэн мөнгө байх үедээ бэлнээр өгөөд, наана цаана гээд харьцаад явж байгаа. Салсан гээд би огт тусдаа болчихоогүй, аав хүүхдийн хоорондын нарийн харьцаа бол хэвээрээ байгаа. Одоо харин энэ шүүх хурлаас болоод бидний хооронд жоохон ан цав гараад байгаа. Одоогоос тайвшраад бас гайгүй болж байгаа. Миний хувьд Т.А аас салснаас хойш 9 жилийн дараа гэр бүл болж одоо нэг оюутан хүүхэдтэй 3 настай нэг охин байгаа. Ам бүл дөрвүүлээ амьдардаг. Бэлнээр өгсөн мөнгө төгрөгийг хоёр хүүхэд маань асуудалгүй ярьдаг. Манай хүүхдүүд болохоор ээж загнаад ингээд байгаа бидэнд дутагдах гачигдах зүйл байхгүй байгаа шүү дээ шүүхэд хандаж яахын бэ гэдэг талаар хэлсэн. Хоёр хүүхэд маань цагаан сараар манайд ирдэг байдаг. Энэ жил ирээгүй шалтгаан нь энэ шүүхэд хандсанаас ичиж айдаг юм уу дөлөөд зугтаагаад байсан. 8 сард би утсаа хаагаад янз бүр болоод байсан зүйл байхгүй. Би хэдэн удаа хүүтэйгээ ярих гэсэн боловч чадаагүй, хүү маань “би Хүрмэн суманд завгүй байж байгаад нисчихлээ шүү” гэдэг зүйлийг хэлсэн. Дараа нь очоод уйлаад таныг шүүхэд өгчихсөн гээд хэлж байсан. Би хоёр хүүхэдтэйгээ байнга холбоотой байдаг. Эцэг хүний хувьд хэлэх барих зүйл зөндөө байдаг. Би охиноо хүнтэй суухад очиж л байсан. Охин маань гэр бүлийн маргаан гарахад би бас очоод ая эвээр зохицуулахыг бодож л байсан. Энэ зун бас нөхрийг нь жуулчны баазад ажилд оруулж өгсөн боловч болоогүй. Зардал мөнгийг би огт өгөхгүй гэж байгаа юм биш, өгөх эсэхээ би өөрөө шийднэ гэж байгаа. Хуулиар бол заавал өгөх үүрэггүй юм байна гэж бодож байгаа. Өмгөөлөгч 5, 10, 50 мянгыг өгсөн юм шиг ярьж байна. Баримтууд дээр 1 сая ч байгаа 200, 500 мянгаар ч байгаа. Ингэж бас хүнийг хэтэрхий үгүйсгэж доош нь хийж болохгүй ээ. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүний амьдралд тулгамдаж байгаа саналын зөрүүтэй бүх асуудлыг бол хуулиар шийдвэрлэх боломжгүй байдаг. Хүүхдүүд 18 нас хүрчихсэн учраас хөрөнгө мөнгөөр туслалцаа үзүүлэх, тэжээн тэтгэх бол өөрийнх нь эрхийн асуудал болохоос үүрэг биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Гэр бүлийн тухай хуулийн 53.1.3-т зааснаар бол тэжээн тэтгүүлэгч нь 18 насанд хүрсэн бол тэжээн тэтгэх үүрэг нь дуусгавар болдог. Өөр ямар ч утгаар ойлгох эргэлзэх шаардлага байхгүй. 18 насанд хүрсэн хүн бол өөрөө гэр бүл зохиох, эрүүл саруул бол хөдөлмөр эрхлэх эрхтэй болдог, ямар сургуульд сурах уу санхүүгийн асуудлаа яаж зохицуулах уу гэдгээ тооцох бүрэн чадвартай болчихсон байдаг. Хөдөлмөрийн насанд хүрсэн хэр нь эцэг эхээсээ шаардаад байж болохгүй юм аа. Харилцаад үзэхээр хүүхдүүд бол өөрсдөө ааваасаа заавал энэ мөнгийг гаргуулна гэдэггүй юм шиг байгаа юм. Нэхэмжлэгч талын тайлбараас харахад өөрөө хүүхдүүдэд зарцуулсан мөнгөө ааваас нь авмаар байна гэдэг агуулгатай тайлбар хэлээд байгаа. Нэхэмжлэгч нь гэрээгээр болон хуулиар тогтоосон үүргийн дагуу А.Б ээс шаардах эрхтэй хүн байхаас биш, энэ мөнгийг аваад нэхэмжлэгч нь өөртөө зарцуулах маягтай шаардлага гаргаад байгааг анхаарч үзэх хэрэгтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэр бүлийн тухай хуулийн зохицуулалтыг агуулгын хувьд бас буруу ойлгож тайлбарлаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 48.1-т заасан нэхэмжлэлийг энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж байгаа. Энэ заалтыг тайлбарлахдаа Т.А гэж хүн гэр бүлийн гишүүн /ээж/ нь учраас нэхэмжлэл гаргаж болно гэж байна. Гэтэл энэ хэрэг дээр Т.А нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн статусаар оролцож байгаа. 47.2-оос харахад тэжээн тэтгүүлэгч хүүхэд өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй гэж ерөөсөө байхгүй байгаа. Яагаад хүүхэд өөрөө байхгүй байгаа юм бэ гэхээр энэ шаардлагыг хүүхэд 18 нас хүрээгүй байхад гаргадаг. Тэгээд 48.1-т заасан нэмэлт тэтгэлэг гэж хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах гэсэн зохицуулалт байгаа. Энэ заалт нь хэзээ хэрэглэгдэх вэ гэхээр та бүгд мэдэж байгаа. Хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шүүхээр гэр бүл цуцлуулах үед шийдвэрлэдэг. Хамтын амьдралтай байсан хүмүүсийн дундаас ч гарсан хүүхдэд тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэж байдаг. Тэр тэтгэлэг нь тухайн хүүхдийн өөрийнх нь амьжиргаанд нь зарцуулагдаад явдаг. Дээрээс нь онцгой тохиолдол гараад сургуульд сурсан, эмчлүүлсэн гэх мэт зайлшгүй шаардлагатай зардлыг /өмнө нь шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийн мөнгө түүнд нь яагаад ч хүрэхгүй тохиолдолд/ шүүхийн шийдвэр хэрэгжиж байх хугацаанд буюу хүүхдийг 18 насанд хүрэхээс өмнө хэрэглэдэг зохицуулалт байгаа юм. Гэтэл үүнийг хүүхэд 18 насанд хүрсэн хойно хэрэглэж болохгүй. Гэтэл яг одоо энэ нэхэмжлээд байгаа зардал бол урьд нь үүссэн зардал. Нэгэнт төлөгдчихсөн зардлыг яагаад манай үйлчлүүлэгчээс гаргуулах гээд байна вэ. Т.А гэж хүн ээж нь учраас яг л адилхан хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байсан. Тэр үүргийнхээ дагуу Т.А гэж хүнээс энэ зардал гарсан, манай үйлчлүүлэгчээс гарсан зардал бас энэ зардалд багтаж байгаа л гэж би ойлгож байгаа. Тиймээс нэгэнт төлөгдөөд дуусчихсан зардлыг одоо А.Б нь төлөх шаардлагагүй л гэж үзэж байна. Тэжээн тэтгэхтэй холбоотой шаардлагыг тэжээн тэтгүүлэх эрх үүссэнээс хойш хугацаа харгалзахгүй гаргаж болно гэсэн заалтыг бас буруу тайлбарлаж байна. Энэ бол тэжээн тэтгэх үүрэг үүссэнээс хойш 5 жилийн дараа, 10 жилийн дараа хэрэгжүүлж болно, гэхдээ энэ шаардлагыг хэрэгжүүлэхэд тэр тэжээн тэтгүүлэх хүн маань 18 насанд хүрээгүй л байх ёстой. Нэмж хэлэхэд азиуд, тэр дундаа манай монголын соёлын асуудал байна л даа. Хүүхэд 18 насанд хүрсэн боловч гэр бүл, аав ээж, хүүхэд, төрөл садантайгаа дотно харилцаатай байдаг. Нэгнийгээ ажил төрөлгүй ч юм уу, суралцаж байгаа тохиолдолд тусалж дэмждэг. Энэ нь гэхдээ соёл ёс заншлын л асуудал болохоос хуулиар тулгаж шийдвэрлэж ерөөсөө болохгүй. Би өөр дээрээ жишээ авахад би одоо 30 нас гарсан хүн байж докторын зэргийн хөтөлбөрт хамрагдах гээд гадагшаа дотогшоо сурахаар явлаа гэхэд 50 нас гарсан ээж ааваасаа нэхэмжлээд явах уу, ийм юм байж болохгүй юм. Хуульд ч ийм юм байхгүй, ёс зүйн хувьд ч энэ байж болохгүй зүйл. Одоо хэрвээ энэ нэхэмжлэлийн шаардлагыг энэ хүмүүсийн хэлснээр хангаж шийдвэрлээд явах юм бол ерөөсөө хуулийг ингэж ойлгох нөхцөл байдал үүснэ. Хавтаст хэрэгт авагдсан хоёр итгэмжлэлийг харахаар Б.Н бол 1997 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн. Үүнээс үзэхээр 2015 оны 06 дугаар 07-ны өдөр 18 насанд хүрсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хүүхэд гэж л яриад байна гэтэл хүүхэд гэдгийг хэнийг хэлэх гэдгийг сайн мэдэж баймаар. Б.Ж бол 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн байдаг. Ингэхээр 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18 насанд хүрсэн. Гаргаад байгаа тийзийн зардлууд 2018 оны 07 дугаар сараас эхэлсэн байдаг. Өөрөө хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа зардлыг гаргах үедээ өөрөө насанд хүрчихсэн байсан. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн бол тухайн цаг хугацаандаа төлөгдөөд барагдчихсан зардал. Нэмэлт тэтгэлэг гэж яриад байдаг. Хуульд нэмэлт тэтгэлэг гэх ойлголт байхгүй. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан нэмэлт зардал гэсэн зүйлээр тайлбарлаж байна. Энэ шаардлагыг хэзээ хэн гаргах вэ гэдгийг хуульд тодорхой заасан байгаа. Мөн миний үйлчлүүлэгчийг хүүхдээ тэжээн тэтгэдэггүй байсан талаар хэлж байна. Хавтаст хэрэгт банкны хуулга баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Энэ хугацаанд энэ баримтыг үгүйсгэсэн ямар нэг баримт гаргаж өгөөгүй байна. Энэ баримтаас харахад нийт 6 сая гаруй төгрөгийг шилжүүлж байсан байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч А.Б эд холбогдуулан нэмэлт тэтгэлэгт 9 806 895 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7 770 069 төгрөг гаргуулахыг хүсчээ.
Хариуцагч А.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Б.Н , Б.Ж нарын эцэг, эх нь А.Б , Т.А нар байх ба охин Б.Н нь Монгол улсын Боловсролын их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн оюутан байхдаа сургалтын төлбөрт 2014-2015 оны хичээлийн жилд 1 815 000 төгрөг, 2015-2016 оны хичээлийн жилд 1 330 000 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жилд 930 000 төгрөгний зардал гаргасан улмаар 745 500 төгрөгийн сургалтын төлбөр төлөөгүй байгаа, хүү Б.Ж нь Беларусь улсын Жодино хотын Үндэсний техникийн их сургуульд тэтгэлгээр сурдаг, тэрээр сургуулийнхаа амралтаар гэртээ ирж очих унааны зардалд 2 949 569 төгрөгний зардал гаргасан гэсэн үйл баримт тогтоогдож байна.
2018 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн нэхэмжлэлд “нэхэмжлэл гаргасан Т.А ” гэж бичсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.А нь би Б.Н , Б.Ж нарыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн тайлбарыг гаргадаг.
Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэжээ.
Б.Н нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн, Б.Ж нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Т.А д нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар итгэмжлэл олгожээ. Итгэмжлэл нь хуульд заасны дагуу хийгдсэн хүчинтэй байх тул Т.А нь уг итгэмжлэлийн үндсэн дээр Б.Н , Б.Ж нарыг төлөөлөх тухайлбал тэдний нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч тал нь тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал үүссэн тул нэмэлт тэтгэлэг буюу Б.Н , Б.Ж нарын сургуульд сурсан, суралцахтай холбогдож гарсан зардлыг хариуцагчаас гаргуулна гэж, хариуцагч тал онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй, тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон тул хариуцах үндэслэлгүй гэж маргана.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гаргасан зардлыг хариуцуулахаар хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах нэхэмжлэл гаргаж болно.” гэж заажээ.
Б.Н Б.Ж нар нь 18 насанд хүрсэн боловч цаашид суралцах шаардлага бий болсоны улмаас Б.Н нь Монгол улсын Боловсролын их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуульд суралцсан, Б.Ж нь Беларусь улсын Жодино хотын Үндэсний техникийн их сургуульд суралцаж байх тул тэжээн тэтгүүлэгч нарт онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Н д сургалтын төлбөрт 4 075 000 төгрөгийн зардал, Б.Ж ад суралцахтай холбогдож сургуульд ирж очсоны 2 949 570 төгрөгийн зардал тус тус гарсан болох нь Монгол улсын боловсролын Их сургуулийн нягтлан бодогч Б.Лхамсүрэнгийн гаргасан тодорхойлолт /хх-98/, Монголын төмөр замын тасалбарууд болон онгоцны билет /хх-7-12/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь татгалзлаа тайлбарлахдаа Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар тэтгүүлэгч гэрлэсэн, хөдөлмөрийн чадвартай болсон, 18 насанд хүрсэн учир эцэг А.Б ийн тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон тул суралцах зардлыг төлөх үүрэггүй гэж тайлбарладаг.
Хэдийгээр Б.Н , Б.Ж нар нь 18 насанд хүрсэн ч хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс болон ямар нэгэн орлогогүй байх ба тэдэнд хуульд заасан онцгой нөхцөл байдал тохиодлдсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д ...эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэж 26.2.2-т эцэг эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 26.2.4-т хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах үүрэгтэй гэснийг баримтлан хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдүүдийн суралцах эрхээ хэрэгжүүлэхэд туслуулах зорилгоор нэмэлт зардлыг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Харин Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан тул эцэг А.Б , эх Т.А нарын хэн аль нь дээрхи үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй ба нэхэмжлэгч нар нь эцэг А.Б эд холбогдуулж нэхэмжлэл гаргасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж хариуцагч А.Б ээс Б.Н гийн сургалтын төлбөрт төлсөн зардлын тал хувь болох 2 037 500 төгрөгийг, Б.Ж ын сургуульдаа ирж очиход гарсан зардлын тал хувь болох 1 474 785 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Б.Н нь 745 500 төгрөгийн сургалтын төлбөрийн өртэй гэх боловч энэ нь суралцаад төлбөрөө төлөөгүй байгаа эсхүл төлбөрөө төлж чадахгүй байгаагаас суралцаагүй эсэх нь тодорхойгүй, суралцахад шаардагдах зардал гэдгээ баримтаар нотлоогүй байх тул хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ Нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б ээс 2 037 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н д, 1 474 785 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ж ад тус тус олгосугай.
2. Нэхэмжлэгч Б.Н , Б.Ж нарын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 4 257 784 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н гээс улсын тэмдэгтийн хураамж 80 150 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Ж аас улсын тэмдэгтийн хураамж 62 143 төгрөгийг тус тус гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагч А.Б ээс улсын тэмдэгтийн хураамж 47 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н д, 38 547 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ж ад олгож, Т.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 860 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан Т.А д буцаан олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ