| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0280/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/287 |
| Огноо | 2022-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/287
2022/ШЦТ/287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: Г.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Гийн Гид холбогдох 2212001990370 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Займгийн Иуманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Ул хотод “Г” ХХК-нд дулаан гадна пассатны ажил хийдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт У хотын Ч дүүргийн .. байрны .. тоотод түр оршин суух, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Гийн Г /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан А аймгийн Исумын нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хамтран амьдрагч Л.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212001990370 дугаартай эрүүгийн хэргээс
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Бийн мэдүүлсэн: ...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн И суманд машинд Г арын суудалд суучихсан, А бид хоёр урд суудал дээр А жолоо бариад явж байсан. Надтай Г муудалцчихаад ярилцъя гээд зогсож байтал А, Г нар маргалдаж эхэлсэн. Тухайн үед Г цохиод намайг нүүрээ дараад байж байх хооронд Аыг Г араас нь цохисон гэж надад А хэлсэн. Цохиж байхыг нь би нүдээрээ хараагүй. Мөрдөгч д/ч Б дээр шалгагдах явцад Г А/30 маркийн гар утсыг эргүүлж өгсөн. Нөгөө утасны мөнгө 220.000 төгрөг өгсөн. Одоо надад гар утастай холбоотой гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Аы мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн баяраар танилтайгаа уулзтал Л.Б, Г.Г нар байсан. Тухайн үеэс фейсбүүк найзууд болж холбоотой болсон юм. Би Л.Бийг хоёр удаа гэрт нь хүргэж өгч байсан ба манай гэрт хоёр удаа ирсэн. Би Архангай аймгийн наадам үзэх гэж байгаа талаар Л.Бтэй фейсбүүк зурвасаар харилцаж байхдаа ярьж би замын тал зардлаа гаргаж тэр хоёр замын тал зардлаа гаргаж 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн орой Улаанбаатар хотоос Архангай явахаар 28-88 УНУ улсын дугаартай Аар Икс 450 загварын хар өнгийн тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодож Л.Б, Г.Г нарыг авч явсан. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө Архангай аймгийн наадам үзээд 17-18 цагийн орчимд Ихтамир сум ороод нийтийн бүжгэнд орох зорилгоор явсан. Мөн цааш үргэлжлүүлэн Завхан аймгийн Их-Уул сум руу Л.Б, Г.Г нарыг хүргэж өгөх байсан тул Ихтамир суманд очоод голын эрэг дээр хоол хийж идсэн. Наадам үзэж байхад Л.Б нөхөртөө чи наадам үзлээ, мөн Улаанбаатарт үлдсэн хүүхдүүд рүүгээ гар утсаар ярьсангүй гэх мэтээр өдөөд байсан. Л Б эрэгтэй хүнийг хүндлэхгүй, доош нь хийж дорд үзэж байсан. Харин Г.Г хэлсэн үг бүрийг нь алгасахгүй хэрүүл хийж байсан. Би тэр хоёрт хэлэхдээ нэг нэгнээ хүндлэхгүй байна, хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ боль гэж хэлсэн. Насны зөрүүтэй хосууд учир бие биеэ хардаж хэрүүл маргаан үүсгэдэг юм шиг надад санагдсан. Архангай аймгийн Ихтамир суманд Г.Г бид хоёр “Боржигон” гэх дэлгүүрт орж ойр зуурын юм авах зорилгоор орох үедээ энэ суманд бүжиг нь хэзээ болох юм гэж ярьж байтал хажуу талаас нэг залуу бидний яриаг сонсоод өнөөдөр бүжиг болохгүй, харин маргааш болно, би энэ сумын бүжгийг зохион байгуулдаг хүн нь байгаа юм гэж хэлсэн. Тус дэлгүүрээс цай чанах тогоо авсан байсан тул тогоогоо буцааж өгөхдөө Л.Бийн хамтаар “Боржигон” дэлгүүрт ортол урьд нь дэлгүүрт орж ирэхдээ танилцсан залуутай дахин таарсан ба тэр залууг Мөнхсайхан гэж байсан. Мөнхсайханыг өөд нь татаад авчихмаар залуу вэ, бас фейсбүүк хаягаа өгчих, дугаараа өгчих гэж Л.Б хэлсэн. Тэр үед Г.Г сонсоод эхнэр Л.Бийг хардаж маргалдсан ба Архангай аймгийн Ихтамир сумын “Боржигон” дэлгүүрийн гадна талд тээврийн хэрэгсэлд сууж байхдаа Г.Г уурлаж жолоочийн эсрэг талын сандал дээр сууж байсан Л.Бийг тээврийн хэрэгслийн арын суудлаас гараараа зүүн талын хацар, шанаа хэсэг рүү нь цохисон. Харин миний баруун чих рүү гараараа цохиж түүнээс болж миний өрөөсөн алтан ээмэг унасан ба удаан хугацаагаар тээврийн хэрэгслийн орчмоор хайж, эрсэн боловч олдоогүй юм. Тэгээд би айж сандарсандаа тээврийн хэрэгслээсээ бууж гүйгээд дэлгүүр рүү очиж цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас хүмүүсийг ирсэн байхад нь Л.Б надаас гуйж би дуудлагаа буцаасан тэр хоёрын гэр бүлийн асуудалд оролцох бодол байгаагүй юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, Г.Г, Л.Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Л.Бийг замын зардлаа гаргасан гэж бодож байтал Г.Г мөнгө гаргасан байсан тул би цагдаагийн байгууллагын хүмүүсийн дэргэд байхдаа 200.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Гийн мэдүүлсэн: ...Би Б гэх хүнтэй 2022 оны 05 дугаар сараас хойш Сэлэнгэ аймгийн Бугант тосгон, мөн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байр түрээсэлж хамтран амьдардаг байсан юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн харилцаатай байсан гэсэн үг юм. 2022 оны 07 дугаар сард Б бид хоёр Завхан аймаг руу манай аав, ээж рүү явахаар болж ярилцаад түүний найз Аы машинд бензинийг нь хийгээд бид гурав 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гарсан юм. 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн төвд орж ирсэн бөгөөд тухайн аймгийн баяр наадам болж байсан учир бид гурав наадам үзэж байгаад Цагаан даваагаар даваад Ихтамир суманд ирээд Тамирын голын эрэг дээр буудаллаад хоол унд хийж идээд дэлгүүрээс авчихсан байсан 0.5 литрийн архи задалж ганцаараа уусан. А архи уугаагүй. Б дарс уусан. Бид нар хоол хийхдээ сумын нэг дэлгүүрээс тогоо түр авч хэрэглэсэн юм. Тэр үед нутгийн нэг залуутай танилцсан юм. Бид гурав тухайн сумын баяр наадмын бүжигт орчихоод Завхан аймаг руу явна гэж ярьсан боловч тухайн бүжиг болоогүй тул бид гурав дэлгүүрээс гуйж авсан тогоогоо буцааж өгөхөөр очсон чинь Б тухайн танилцсан залуугийн Фейсбүүк хаягийг нь авахаар нь би Бт уурлаад машин дотор сууж байхдаа арын суудал дээрээс урд суудал дээр сууж байсан Бийн баруун хацар болон толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд больсон юм. Тэр үед А урд талын суудал дээр сууж байсан. Намайг Бийг цохих үед Аы чихэнд гар хальт хүрсэн байж магадгүй, цохисон зүйл байхгүй. Тэгээд А цагдаад дуудлага өгөөд бид нар учраа олоод Б болон А нар гомдол, санал байхгүй гэж хэлээд цагдаа нар явсан. Б, А хоёр намайг Ихтамир суманд үлдээгээд Улаанбаатар хот руу буцаад явсан. Би суманд хоноод маргааш нь Улаанбаатар хот руу буцсан юм. Тэр үед би Бийн Самсунг эс-2 маркийн гар утсанд өөрийнхөө сим карт хийж хэрэглэж байсан болохоор би тухайн утсыг авч үлдсэн. Надаас гар утсаа авна гэж ч хэлээгүй. Би тухайн утсыг маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн орой Бт өгөөд сим картаа авсан юм. Тэгээд бид хоёр Улаанбаатар хотод хэсэг хугацаанд хамт амьдарч байхдаа би өөрийнхөө гар утсаа ломбарданд тавиад барих утасгүй болсон чинь Б өөрийнхөө А-30 маркийн гар утсаа өгөөд аваад яв гэж хэлсэн. Би тухайн өдөр найзуудтайгаа пиво уугаад сууж байтал над руу гар утас авчирч өг гээд хэл амаар доромжлоод байхаар нь тухайн шөнө утсыг нь аваачиж өгсөн. Тэгээд би хувцсаа аваад явлаа гэж хэлсэн чинь миний хувцсыг өгөхгүй гээд байсан бөгөөд цагдаа дуудаад намайг гар утас өгөхгүй байна гэж худлаа яриад байсан. Тэгэхээр нь зугтаагаад явчихсан юм. Болсон үйл явдал гэвэл энэ байна. Би бүрэн барагдуулсан. Хохиролд эмчилгээний мөнгө гэж 1 сая төгрөг өөрийнхөө 5502119715 дугаарын данснаас Бийн 5083094349 гэх данс руу хийсэн. Мөн Чингэлтэй дүүрэг дээр цагдаагийн хажууд байхдаа дээрх данснаас данс руу 450.000 төгрөг хийсэн юм. 1 сая төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 20-ны үеэр, 450.000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны үед өгсөн юм. Ад хохирсон зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй гэдгээ хэлсэн байгаа. Мөн цагдаад мэдүүлэг өгөхдөө санал, гомдолгүй гэж мэдүүлсэн талаар надад хэлсэн. Би архи уучихсан, согтуу байсан. Тэгээд хүний фейсбүүк хаяг аваад байхаар нь уурласан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10114 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. 4. 5. 6. Л.Бийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацар, цээж, баруун бугалга, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 16-17 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн И сумын нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Л.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Гдоо зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь А аймгийн И сумын нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Л.Бийн мэдүүлсэн “Надтай Г муудалцчихаад ярилцъя гээд зогсож байтал А, Г нар маргалдаж эхэлсэн. Тухайн үед Г цохиод намайг нүүрээ дараад байж байх хооронд Аыг Г араас нь цохисон гэж надад А хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
гэрч Л.Аы мэдүүлсэн “Тэр үед Г.Г сонсоод эхнэр Л.Бийг хардаж маргалдсан ба Архангай аймгийн Ихтамир сумын “Боржигон” дэлгүүрийн гадна талд тээврийн хэрэгсэлд сууж байхдаа Г.Г уурлаж жолоочийн эсрэг талын сандал дээл сууж байсан Л.Бийг тээврийн хэрэгслийн арын суудлаас гараараа цохисон ба зүүн талын хацар, шанаа хэсэг рүү нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 08/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Г.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-54/,
хохирогч Л.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10114 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/ ззэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Г.Г нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Г.Г нь А аймгийн И сумын нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Гид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Г.Гид холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 123 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Г.Г нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч Л.Б нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ хохирол төлбөрөө авсан, гомдол, саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Гийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Гийн Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гид оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Гийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ