| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0286/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/299 |
| Огноо | 2022-12-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/299
2022/ШЦТ/299
| / |
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Батцэрэн
Шүүгдэгч: О.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Оы Жт холбогдох 2212000000355 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт А аймгийн Т сумын Х багийн Ц гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэгдэж байгаагүй Бовогт Оы Ж /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч Н.Мтай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь дух ясны баруун талын дотор ялтасны дотогш (2.9 мм) цөмрөл, духны баруун дэлбэнгийн тархины эдэд цус хуралт, хуйханд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000355 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Мын мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Цэнхэр сумын төвд байдаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Ж, Б бид хэд нийт 3 шил архи хувааж уусан. Тэгээд Ж нь намайг архины шилээр 1 удаа толгойд цохисон. Тэгээд би ойчсон. Манай охин цагдаа дуудсан байсан. Тухайн үед манай эхнэр Т, Ж, Б, манай охин Э, бид хэд байсан. Би нилээд согтуу байсан болохоор яг яагаад намайг архины шилээр цохисныг би санахгүй байна. Ж нь архи дарс уухаараа манай эхнэр, хүүхдүүдийг дээрэлхээд байдаг юм. Согтоод чи манай эхнэр, хүүхдүүдийг дээрэлхээд байна гэж хэлсэн. Тэгээд хэрүүл маргаан болсон байх. Ж нь 2021 онд миний машины цонхыг хагалж байсан. Ганц нэг удаа зодоон, цохион хийж байсан. Бид 2 бие биедээ өс санасан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Тийн мэдүүлсэн: ...Тэр шөнө манай нөхөр Жтай архи уугаад сууж байсан. Би унтаад нэг сэрэхэд гадна П гэж залуу орж ирээд тэр 3 уугаад сууж байсан. Би дахин унтаж байсан чинь манай нөхөр Жтай хэрүүл хийж манай нөхөр чи манай авгай, хүүхдэд дээрэлхээд байна гээд хэрүүл хийж барилцаж аваад удалгүй салсан. Тэгээд сууж байсан. Удалгүй манай охин орилохоор нь харсан чинь манай нөхрийн толгойд Ж ууж байсан архины шилээр цохисон байсан. Толгойноос нь цус их гараад шалаар цус болсон байхаар нь би цусыг нь цэвэрлэсэн. Архины шил нь хагарсан байсан болохоор бас цэвэрлэсэн. Тэгээд цагдаа дуудсан. Өөр зүйл болоогүй. Цус нь шалан дээр гоожсон, архины шил нь газар хагарсан байсан болохоор хүн гишгэчих байх гэж бодоод цэвэрлэсэн. Манай нөхөр Жт хандан чи манай эхнэр, хүүхдүүд дээрэлхээд гэж хэлж барилцаж авсан. Удалгүй салсан бөгөөд сүйдтэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Манай нөхөр Жыг нь надтай хардаад байдаг юм. Архи дарс уухаараа хардаж хэрүүл маргаан хийдэг юм. Ер нь бол хардалтаас л болсон байх гэж бодож байна. Тэр архины шил хагарсан учир би шүүрдээд гаргаад хаясан. Тухайн үед манайд манай нөхөр Ж, П, манай охин Э бид хэд байсан. Ж нь архи дарс уухаараа намайг янхан гичий гэж хэлдэг бөгөөд өвөл шинэ жилээр янхан гичий гэж алгадаж байсан. Өвөл шинэ жилийн үеэр намайг 2 удаа алгадаж байсан бөгөөд шалтгааныг нь би мэдээгүй, цагдаад хандаагүй. Харин саяны асуудал дээр намайг зодож, цохисон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн: ...Н.М ахыг бол танина. Хавар айлд ямаа самнаж өгдөг юм. Харин Ж гэх хүнийг сайн танихгүй бөгөөд Нгэж дууддаг гэсэн, ганц нэг удаа л таарч байсан, сайн танихгүй. 09 дүгээр сарын 27-ноос 28 шилжих шөнө би гадуур архи ууж явж байгаад шөнө М ахынд согтуу орсноо санаж байгаа юм. Намайг ороход М ахынд эхнэр, хүүхдүүд нь бас Н байсан. М ах, Ннар архи ууж байсан. Би хамт ууж байгаад суугаагаараа унтсан байсан. Нэг сэрсэн чинь М ахын хүүхэд нь уйлаад байхаар нь юу болсон, яасан талаар нь асуухад М ахын эхнэр нь Нархины шилээр толгойг нь хагалсан гээд М ахын толгойноос нь цус гараад байх шиг байсан. Удалгүй цагдаа орж ирсэн. Тэгээд би гараад харьсан. Өөр юу болсон талаар нь би мэдэхгүй байна. Намайг ороход М ах, эхнэр, хүүхдүүд нь, тэгээд Н/Ж/ нар байсан. Өөр хүн байгаагүй. Намайг тэнд байхад М, Ж нар нь архи ууж байсан. Би бас нилээд их уусан байсан болохоор би ууж байсан архнаас нь жоохон ууж байгаад унтсан байсан. Тэр хооронд хэрүүл маргаан хийсэн байж магадгүй. Намайг унтахаас өмнө бол хэрүүл маргаан хийгээгүй. Би ямар шалтгаанаар хэрүүл хийж зодож, цохилцсон талаар нь би мэдэхгүй байна. Намайг унтаж байгаад сэрэхэд М ахыг Н/Ж/ нь ууж байсан архны шилээр толгойг нь хага цохисон гээд М ахын толгой дээр нь ус гоожуулаад цус нь тогтохгүй байна гээд угааж байсан. Би уг зодоон, цохионд оролцоогүй...гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эгийн мэдүүлсэн: ...О.Ж нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Цохиот гэх газар сумын төвөөс урагш 8 километр зайд өөрийн ээж Оы хамт амьдардаг юм. Миний хувьд О.Ж нь ээжтэйгээ хамт амьдрах гээд зүтгэж байгаа залуу хүн бөгөөд зан байдлын хувьд даруухан залуу санагддаг...гэх мэдүүлэг/хх-ийн 44-45 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч О.Жын мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдлээ зөвшөөрч байх тул хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 377 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Н.Мын биед дух ясны баруун талын дотор ялтасын дотогш /2,9мм/ цөмрөл, духны баруун дэлбэнгийн тархины эдэд цус хуралт, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дух ясны баруун талын дотор ялтасын дотогш /2,9мм/ цөмрөл, духны баруун дэлбэнгийн тархины эдэд цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зулай хэсгийн хуйханд шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна. ...гэх дүгнэлт/хх-ийн 15-16 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46-47 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 60 хуу/
Хүсэлт /хх-ийн 66 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 127 дугаартай тогтоол /хх-ийн 67 хуу/
Прокурорын санал /хх-ийн 68 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Н.М нь бусдад толгойн тус газарт архины шилээр цохиулж, зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Ж нь хохирогч Н.Мтай маргалдаж, түүний толгойн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь дух ясны баруун талын дотор ялтасны дотогш цөмрөл, духны баруун дэлбэнгийн тархины эдэд цус хуралт, хуйханд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Н.Мын мэдүүлсэн “Ж намайг архины шилээр 1 удаа толгойд цохисон. Тэгээд би ойчсон. Манай охин цагдаа дуудсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,
гэрч С.Тийн мэдүүлсэн “Удалгүй манай охин орилохоор нь харсан чинь манай нөхрийн толгойд Ж ууж байсан архины шилээр цохисон байсан. Толгойноос нь цус их гараад шалаар цус болсон байхаар нь би цусыг нь цэвэрлэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
гэрч Д.Бын мэдүүлсэн “Нэг сэрсэн чинь М ахын хүүхэд нь уйлаад байхаар нь юу болсон, яасан талаар нь асуухад М ахын эхнэр нь Нархины шилээр толгойг нь хагалсан гээд М ахын толгойноос нь цус гараад байх шиг байсан. Удалгүй цагдаа орж ирсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд О.Жын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,
хохирогч Н.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 377 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч О.Ж нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч О.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Ж болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч О.Ж нь хохирогч Н.Мтай маргалдаж, түүний толгойн тус газарт архины шилээр цохиж, гэмтэл учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Ж нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Ж болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй, шүүгдэгч О.Жт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 127 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг О.Ж нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч О.Ж нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч Н.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Жыг энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэв.
Шүүгдэгч О.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Оы Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Жт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ