| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
| Хэргийн индекс | 128/2020/0252/3 |
| Дугаар | 128/ШШ2021/0559 |
| Огноо | 2021-08-31 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2021/0559
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н р” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутагт орших “Н р” ХХК-ийн эзэмшиж байгаа “Д*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх эрхийн XY-01******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, үргэлжлүүлэн тооцохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н р”ХХК-ийн захирал Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Манай компани Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцон ялж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 109 тоот шийдвэрээр Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутагт орших "Д*******” нэртэй талбайд хайгуул хийх эрхийн XY-01******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жил тутамд 3 удаа сунгуулах эрхтэй байдаг.
"ХҮ-01*******" тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хоёрдох удаагийн 3 жилийн сунгалт хийлгэх хугацаа нь 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дууссан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа дуусахаас нэг сарын өмнө хуульд заасан холбогдох материалыг бүрдүүлэн Ашигт малтмал, газрын тосны газарт өгөх ёстой. Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дах удаагийн 3 жилийн хугацаа сунгуулах өргөдлөө 2018 оны 1 дүгээр сарын 27-ны дотор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж өгөх байсан.
Иймээс 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг даргаар батлуулахаар 2017 оны 12 сард явсан боловч Засаг дарга нар баталж өгөөгүй тул Завхан аймаг дах Захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Шүүх уг хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг Засаг дарга нарт явуулж, шийдвэр гүйцэтгэх хуудас бичиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн боловч Засаг дарга нар сайн дураар биелүүлээгүй юм.
Үүнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэрийн
дагуу 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Засаг дарга нараар батлуулан Кадастрын хэлтэст ирүүлсэн. Гэтэл 2020 оны 1-р сарын 8-ны “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 8/94 тоот албан бичиг ирснээр “Д*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх эрхийн XY-01******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсаныг мэдсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг захиргааны байгууллагад гаргана” гэж заасан бөгөөд хугацаа сунгуулах тухай өргөдөлдөө хавсаргах бичиг баримтыг зааж өгсөн. Манай компани хуулиар заасан бичиг баримтуудыг хавсаргаж өргөдлөө өгсөн ба харин Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар шүүхэд хандсан байгаа гэдгийг хэлсэн.
Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус гэдгийг шүүхээс тогтоож, Шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар 2 жил шахам явж байж, сунгуулахад шаардлагатай төлөвлөгөөг батлуулж ирэхэд дахиад шинэ төлөвлөгөө нэхэж Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай нотлох баримтуудыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж өгсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан.
Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутагт орших, “Н р" Компанийн эзэмшиж байгаа “Д*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх эрхийн XY-01******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дox 3 жилийн буюу эхний удаагийн сунгалтыг хуулийн дагуу хавсарган бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн сунгах ёстой гэж үзэж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь хуулийн дагуу бүрдүүлэх ёстой бичиг баримт бүрдсэн байхад Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутагт орших, “Н р”компанийн эзэмшиж байгаа "Д*******" нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх эрхийн XV-01******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гаргаснаар манай компанийн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жил тутамд 3 удаа сунгуулах, улмаар мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын дүнгээр эзэмших, үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Иймээс Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутагт орших, “Н р” компанийн эзэмшиж байгаа “Д*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх эрхийн XY-01******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 7 тоот Шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, түүний үндэслэлдээ: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2019 оны 11 сард шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу Засаг даргаар батлуулсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй, 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дахин шинээр батлуулж ир гэсэн шаардлага тавьсны дагуу төлөвлөгөөгөө батлуулах гэсэн боловч бас л баталж өгөөгүй тул мөн л шүүхэд хандсан. Гэвч шүүх 2018 оны төлөвлөгөөгөөрөө сунгалтаа хийлгэх ёстой байсан гэсэн эцсийн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл 2020 онд дахин төлөвлөгөө шинэчлэн боловсруулах шаардлагагүй байсан гэж үзсэн. Энэхүү шийдвэрээс харахад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь 2020 оны төлөвлөгөө биднээс дахин нэхэх хуулийн үндэслэлгүй байсан ба 2018 оны төлөвлөгөөг үндэслэн тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийх ёстой байжээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь хууль бус шаардлага тавьж өнөөдрийг болтол манай компанийн хайгуул хийх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Сунгалт хийгээгүй татгалзсанаас шалтгаалан өнөөдрийг болтол хайгуулын ажил явуулах боломжгүй байгаа.
Энэхүү маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэхээс нааш тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын болон ямар нэг ажил гүйцэтгэх боломжгүй байгаа тул маргааныг шийдвэрлэсэн өдрөөс тусгай зөвшөөрлийг сунгаж, 3 жилийн хугацааг үргэлжлүүлэн тооцохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байгаа.
Ашигт малтмалын хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “...шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж хуульчилсан. Дээр дурдсан үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 7 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тутамд 3 удаа сунгуулах эрхийг зөрчсөн хууль бус акт байх тул:
Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутагт орших, “Н р”ХХК-ийн эзэмшиж байгаа "Д*******" нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх эрхийн XY-01******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 7 тоот Шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах хугацааг сунгаж, үргэлжлүүлэн тооцохыг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Д******* нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Н р” ХХК нь 2015 оны 01 дүгээр сараас эхлэн эзэмшиж байгаа. Сонгон шалгаруулалтаар уг тусгай зөвшөөрлийг авсан. Уг тусгай зөвшөөрлийг сунгуулах хугацаа нь 2018 оны 01 дүгээр сард буюу Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 3 жил тутамд нэг удаа сунгуулах үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээдэг. Энэ хугацаа нь 2018 оны 01 дүгээр сард таарч байсан. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу манай компани хайгуулын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байсан. 2017 оны 11, 12 дугаар сард тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар манай компанийн төлөөлөгч нар Завхан аймгийн Дөрвөлжин сум, Ургамал сумуудаар явсан. Хуралд танилцуулан сумуудын Засаг дарга нартай уулзсан боловч ...уул уурхайг манай аймаг дэмжихгүй, уул уурхайгаас татгалзаж байгаа гэсэн үндэслэлээр уг байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг батлаагүй.
Сунгуулах талаар материалаа “Н р” ХХК-ийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өгсөн байсан ба сумын Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй учраас шүүхэд хандаж байгаа хүсэлтийн хамт хариуцагчид хандсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс манай нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээлтийн байдалд байсан. 2018 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3 шатны шүүхээр маргаж, хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Уг шүүхийн шийдвэрээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн Дөрвөлжин сум, Ургамал сумуудын Засаг дарга нарт үүрэг болгосон. Ингээд 2019 оны 01 дүгээр сараас эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд Засаг дарга нар төлөвлөгөөг баталж өгөхгүй, сунжруулсаар байсан. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг дарга 2019 оны 7 дугаар сард байгаль орчны менежментийн төлөвлөгөө дээр гарын үсгээ зурсан. Завхан аймгийн Ургамал сумын Засаг дарга нь 2019 оны 11 дүгээр сард гарын үсгээ зурсан. Үүнийг Шийдвэр гүйцэтгэх албаар хөөцөлдөж байж зуруулж, гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Энэ хугацаанд “Н р” ХХК-ийн зүгээс удаа дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст шүүхийн шийдвэр гарсан байхад сумын Засаг дарга нар гарын үсгээ зурахгүй байгаа талаар нотлох баримттайгаар хандаж байсан.
2019 оны 11 дүгээр сард Завхан аймгийн Дөрвөлжин сум, Ургамал сумуудын Засаг дарга нар манай байгаль орчны менежментийн төлөвлөгөө дээр гарын үсгээ зурсан учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандсан. Гэтэл хариуцагч талаас 2019 он дуусаж байгаа тул 2020 оны төлөвлөгөөгөө авчирч байж батлуул, учир нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар заавал шинэчлэн боловсруулсан төлөвлөгөөг шаарддаг талаар хариу мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, 2020 он дөхөж байхад 2019 оны төлөвлөгөөг батлах боломжгүй гэх шаардлага тавьсан. Үүний дагуу бид 2019 оны 12 дугаар сард дахин Завхан аймгийн Дөрвөлжин сум, Ургамал сумуудын Засаг дарга нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Завхан аймгийн шүүх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус хүсэлтүүдээ гарган хандсан. Нэгэнт шүүхээр шийдвэрлэсэн хэрэг байхад Засаг дарга нарын буруугаас болоод хугацаа алдсан байгаа тухайгаа хэлээд, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө дахин батлуулахаар хүсэлт гаргасан. Гэтэл батлах боломжгүй талаар манайд хариу ирүүлсэн.
Бид дахин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахад, шүүхийн шийдвэрт 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг л батлах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой, 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ямар нэгэн ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул “Н р” ХХК-ийг шүүхэд хандан уг асуудлаа шийдвэрлүүлэхийг мэдэгдэж, албан ёсоор өгсөн. Ингээд манайх дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ “Н р” ХХК-ийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах шаардлага гарган Завхан аймгийн захиргааны хэргийн шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд Шүүхээр тус тус хянагдаж, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.
Гэвч шүүх 2019 оны төлөвлөгөөгөөрөө сунгалтаа хийлгэх ёстой байсан гэх эцсийн шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, 2020 онд дахин төлөвлөгөө шинэчлэн боловсруулах шаардлагагүй байсан гэж үзсэн. Энэ хооронд бид Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7 тоот шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзээд шинээр нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд гаргасан байсан. 2020 оны төлөвлөгөөг батлуулах тухай маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт өгсний дагуу түдгэлзсэн байж байгаад Улсын Дээд Шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэний дараагаар хэргийг сэргээх хүсэлт өгснөөр энэ хэрэг хянагдаж байна.
Монгол Улсын Дээш шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэрэг хянагдаж, 2020 оны төлөвлөгөөг шаардах нь буруу байна, 2018 оны төлөвлөгөөг 3 жилээр сунгуулах эрх нь нээлттэй байна гэж дүгнэсэн учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “Н р” ХХК-иас 2020 оны шинэчилсэн төлөвлөгөөг шаардах нь хууль бус байсан байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бүх баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Дээрх үндэслэлээр “Н р” ХХК-ийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан, гаргасан шийдвэр нь хууль байсан тул хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, үргэлжлүүлэн тооцохыг даалгах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутаг “д*******" малтмалын хайгуулын XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр “Н р” ХХК-д олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана. 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар 22.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт.... зэргийг хавсаргахаар заасан.
Гэтэл “Н р”ХХК-ийн хувьд байгаль орны менежментийн төлөвлөгөөг орон нутаг баталж өгөхгүй байгаа тул Завхан аймгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар албан бичгийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газар ирүүлжээ. Ийнхүү “Н р” ХХК-ийн төрийн захиргааны байгууллагад гаргасан хүсэлтийг харгалзан хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болголгүй хүлээлтэд байлгажээ.
Шүүхийн шийдвэрээр “Н р” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг орон нутаг даалгасны дагуу 2018 оны төлөвлөгөөгөө
батлуулан ирүүлжээ.
"Н р” ХХК нь байгаль орчин менежментийн төлөвлөгөөг ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулж ирээгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн "хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай" 7 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-01******* тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан байна. Иймд Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн "хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай” 7 дугаар шийдвэрээр хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул “Н р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбарйтаа: “Хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр хариу тайлбараа гаргаж өгсөн. Хариу тайлбартай нэхэмжлэгч тал танилцсан байсан. Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч “Н р” ХХК-ийн захирал Б.Н******* Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутагт орших “Н р”ХХК-ийн эзэмшиж байгаа “Д*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх эрхийн XY-01******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, үргэлжлүүлэн тооцохыг хариуцагчид даалгах гэж өөрчилжээ.
Шүүх маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Н р” ХХК-д Ашигт малтмалын газрын (хуучнаар) Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр[1] Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал сумдын нутагт “Д*******” нэртэй 5695.48 га талбайд XV-01******* дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдөр олгосон.
Дээрх XV-01******* дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дахь удаагийн 3 жилийн сунгалт хийлгэх хугацаа 2018 оны 02 дугаар сарын 27-нд дуусах байсан бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьд 2017 оны 12 дугаар сард 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт хандахад сумдын удирдлагууд уг төлөвлөгөөг батлаагүй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн.
Уг шүүхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 01 дүгээр сард дуусаж, мөн оны 11 дүгээр сард дээрх сумдын Засаг дарга нар менежментийн төлөвлөгөөг баталсан.
Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандахад 2020 оны төлөвлөгөөг шинээр батлуулахыг шаардаж хүлээж аваагүй тул дахин шүүхэд хандсанаар уг ажиллагаа 2021 оны 03 дугаар сард эцэслэн шийдвэрлэгдсэн зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
Нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж ирүүлээгүй үндэслэлээр сунгахаас татгалзсан хариуцагчийн 2020 оны 01дүгээр сарын 07-ны өдрийн 07 тоот шийдвэр[2] үндэслэл муутай гарчээ.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж хуульчилжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үйл ажиллагаа тухайн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байгаа 3 жилийн хугацаагаар тодорхойлогдож энэ хугацаанд шинэчлэн боловсруулж тухайн сумын Засаг даргаар батлуулахаар зохицуулсан байна.
Мөн Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаар тогтоолоор[3] дээрх үйл баримтыг дүгнэж эцэслэн шийдвэрлэсэн байна.
Гэтэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шүүхийн шийдвэрийн дагуу орон нутгаас баталж ирүүлсэн байхад 2020 оны менежментийн төлөвлөгөөг шинээр батлуулж ирүүлэхийг шаардаж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлнэ:”, 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;” гэж заасантай нийцээгүй байна..
Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан дээрх зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж орон нутгийн Засаг даргаар батлуулахаар хандах бус харин 3 жилд нэг удаа шинэчлэн боловсруулж дагаж мөрдөхөөр байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгч компанийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах байжээ.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно.” гэжээ.
Шүүх нэгэнт хариуцагчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах “Н р” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй нь хууль бус гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж үргэлжлүүлэн тооцохыг хариуцагчид даалгах шаардлага мөн адил хангагдах үндэслэлтэй.
Иймд дэрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Н р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутагт орших “Н р” ХХК-ийн эзэмшиж байгаа “Д*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх эрхийн XY-01******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, үргэлжлүүлэн тооцохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР