Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0432/З |
Дугаар | 221/МА2024/0783 |
Огноо | 2024-12-11 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2024/0783
“М т” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Э
Гомдол гаргагч: “М т” ХХК
Хариуцагч: Монополын эсрэг газрын улсын байцаагч Л.А
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 905 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Э, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2021/0571/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “М т” ХХК-иас Монополын эсрэг газрын улсын байцаагч Л.Ад холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 00030** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 905 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан “М т” ХХК-иас Монополын эсрэг газрын улсын байцаагч Л.Ад холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 00030** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч “М т” ХХК нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
3.1. ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 тоот удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгээс “М т” ХХК-ийн бүтээгдэхүүн хадгалж байсан агуулах болон худалдан борлуулж байсан шатахуун түгээх станцаас АИ-92 автобензин, дизель түлшний дээж авч, дээж тус бүрийг нууц кодоор кодолж, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид болон Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид тус тус шинжилгээ хийлгэхээр хүргүүлсэн байдаг. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 тоот дүгнэлтэд “...Шинжилгээний сорилтын GT018/210710/,... GT037/210800/,... GM089/518357/ дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 91,2-91,9 буюу дунджаар 91,5 тодорхойлогдсон нь Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна гэсэн.
Гэтэл Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид хийсэн СШ21/213, СШ21/59, СШ21/85 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 94,4-0,1 гэж тодорхойлогдож Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS0217:2017 стандартын шаардлагыг хангасан байсан. Мөн улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтэд СШ21/124/210748,... СШ21/166/210822/... дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлогдсон нь Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS0216:2017 хангахгүй байна гэж дүгнэлт гаргасан. Гэтэл Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид хийсэн СШ21/124, СШ21/166 дугаар бүхий үр дүнгээр 44.5+-0,1 гэж тодорхойлогдож MNS6861:2020 Дизелийн түлш. Техникийн шаардлагыг хангасан дүгнэлт гарсан байдаг. Улсын ахлах байцаагч нь энгийн Дизель түлшнээс дээж авчаад Евро дизель түлшний стандарт болох MNS0216:2017 стандартыг хангаагүй гэж үзэж торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
3.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын шалгалт явуулсан удирдамж нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж, улмаар дээж авах ажиллагаа явагдаж байгаад 30 хоногийн хугацаа дуусахад 04 дүгээр сард 30 хоногоор дахин сунгасан. Дахин хугацаа сунгасан талаар хэрэгт ямар ч баримт байдаггүй. Хариуцагч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа ар талд нь 30 гэсэн тоог тавьснаараа сунгагдаж байгаа гэж ойлгоно гэдэг. Ингээд сунгасан гэж ойлгож 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл удирдамжийн хугацаа үргэлжилж байгаа. Үүнээс хойш удирдамжийн хугацаа дууссанаар шалгалтын ажиллагааг дуусгах ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд ч аливаа хяналт шалгалтыг удирдамжгүй хийхийг хориглоно гэж заасан. Гэтэл удирдамжийн хугацаа дуусчхаад байхад шинжилгээ хийлгээд, шинжилгээ нь 04 дүгээр сард гарсан ч 06 дугаар сард мэргэжлийн хяналтын байгууллага руу бичиг явуулж дүгнэлт гаргаж байгаа нь хууль зөрчиж, нотлох баримтыг бүрдүүлсэн, улмаар уг баримтаа үндэслэн Зөрчлийн хэрэг нээсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгч нь Зөрчлийн хэрэг үүссэн цагаас эхлэн шинжилгээний хариу зөрүүтэй байгаа талаар маргаж гуравдагч дээжээс шинжилгээ хийлгэх талаар удаа дараа тайлбар мэдүүлэг болон хүсэлтээр гаргаж байсан. Энэхүү маргаантай байгаа асуудлыг шууд зөрчил үйлдсэн мэтээр дүгнэж шийтгэвэр оногдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хоёр байгууллагын шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсныг, мөн удирдамжийн хугацаа дуусан зэргийг харгалзан үзэхгүйгээр буруу гарсан дүгнэлтийг нь үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, нотлох баримтыг дутуу шинжлэн судалж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №128/ШШ2024/0905 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Гомдол гаргагч “М т” ХХК-иас Монополын эсрэг газрын улсын байцаагч Л.Ад холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 00030** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
2.1. Хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 00030** дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “...худалдагч гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа ...заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй ...” гэж зааснаар “М т” ХХК-ийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн зөрчил гаргасан гэх үндэслэлээр есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
2.2. Гомдол гаргагч “М т” ХХК-иас маргаан бүхий дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын үндэслэлээ “...лабораторийн хариутай 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр танилцан, улсын байцаагчид мэдүүлэг өгөх явцдаа шинжилгээ авсан лабораториудын шинжилгээний хариу эрс зөрүүтэй байгаа тул илүү авдаг дээжинд дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, компанийн эрх ашгийг хохироосон үйлдэл...” гэж, хариуцагчаас “...Дүгнэлтээр “М т” ХХК-ийн ШТС-аар борлуулж байсан ...дизель түлш, агуулахын дизелийн түлш нь ...стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон ...зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шалган шийдвэрлэх боломжтой ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.
3. Маргааны тухайд, анх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамжаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг тус тус үндэслэн хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэх 5 байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, уг хяналт шалгалтын хүрээнд “М т” ХХК-ийн бүтээгдэхүүн хадгалж байсан агуулах болон худалдан борлуулж байсан шатахуун түгээх станцаас АИ-92 автобензин, дизель түлшний дээж авч, дээж тус бүрийг нууц кодоор кодолж, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид шинжлүүлж, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 тоот, мөн өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтээр “...”М т” ХХК-ийн ШТС-аар борлуулж байсан АИ-92 автобензин, агуулахын АИ-92 автобензин, вагоны АИ-92 автобензин нь тус тус “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангаагүй, мөн ШТС-аар борлуулж байсан дизель түлш, агуулахын дизелийн түлш нь тус тус “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 686152020 стандартын шаардлага хангаагүй” гэж дүгнэсэн байна.
3.1. Дээрх хяналт шалгалтын удирдамж болон Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг эс зөвшөөрч “М т” ХХК, “С групп” ХХК, “Ш т” ХХК, “С” ХХК, “Н” ХХК-иудаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч А.Б нарт холбогдуулан гаргасан гомдолтой захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 384 дүгээр магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
3.2. Тодруулбал, тус магадлалд Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 тоот, мөн өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтийг “...хоёр өөр лабораторийн нэг дээжид хийсэн шинжилгээний дүн хоорондоо зөрүүтэй буюу авто бензин, дизель түлшний үзүүлэлт тус бүрийн дүн нь стандартын шаардлага хангасан, хангаагүй байдлаар гарснаас үзвэл уг шинжилгээг хийх үйл ажиллагаанд ямар нэгэн алдаа гарсныг үгүйсгэхээргүй байх боловч тухайн дээж байхгүйгээс энэ эргэлзээг арилгахаар өөр лабораториор шинжлүүлэх боломжгүй нь тогтоогдсон тул дахин шинжилгээ хийлгэж эргэлзээг арилгаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, ...хариуцагчийн ... дүгнэлтээ гаргасан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараах зарчмыг баримтална:”, 4.1.1-д “зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх;” гэж заасан зарчимд нийцсэн гэж үзэхээр байна.” гэж дүгнэсэн байна.
3.3. Нэгэнт улсын ахлах байцаагч нь шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр гаргасан дүгнэлтүүд нь хуульд нийцсэн болохыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
4. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 16.1.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжийн 2.1-д ажлын хэсгийн хяналт шалгалтыг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 30 хүртэлх хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр, мөн удирдамжийн “Зургаад. ...хяналт шалгалтыг 30 хоногоор сунгав” гэснээс үзэхэд, Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Улсын байцаагч хянан шалгах ажиллагааг 60 хоногийн дотор явуулна.”, 23.2-т “Энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд зөрчлийг хянан шалгах ажиллагааг дуусгах боломжгүй бол уг хугацааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж тус тус зааснаар хяналт шалгалтыг нийт 90 хоногт багтаан хэрэгжүүлэхээр байх тул улсын байцаагчийг хянан шалгах ажиллагаа явуулах хугацааг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
4.1. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг дээрх хууль болон удирдамжид заасан хугацаанд хяналт шалгалтыг гүйцэтгэж, шатахуун хадгалах, түгээх байгууламжийн хадгалах сав, түгээх хошуунаас авсан бензиний дээжид шинжилгээ хийж хяналт шалгалтыг дээрх хуульд заасан хугацаанд хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зөрчлийн хэрэгт хавсаргасан баримтуудаар нотлогдож байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй юм.
4.2. Мөн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад “М т” ХХК-ийг заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй дизель түлшийг худалдан борлуулсан зөрчил буюу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн болох нь “М т” ХХК-иас худалдан борлуулж байсан дизель түлшнээс авсан 210748, 210822 кодтой дээжүүдэд, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид хийсэн сорилтын дүнгээр “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын 5.2-т “Түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна”, Түлшинд тавигдах шаардлага 1-р хүснэгтийн 1-д “Цетаны тоо, 45-аас багагүй” гэсэн шаардлагыг, мөн 17-д “200С дахь хувийн жин 840-860 кг/м3” гэж заасан шаардлагыг, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид хийсэн сорилтын дүнгээр “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017 стандартын 4.2-т “Түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна”, Түлшний физик-химийн болон ашиглалтын үзүүлэлт 1-р хүснэгтийн 1-д “Цетоны тоо, 51-ээс багагүй” гэж заасан цетоны тоо хэмжээний шаардлагыг тус тус хангахгүй байсан нь тодорхойлогдсон” гэх сорилгын үр дүн болон мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн бусад баримтуудаар тогтоогдож байна.
4.3. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс дээрх дүгнэлттэй холбогдуулан “Стандарт түлшинд тавих шаардлагын 17 дахь хэсгийн дэд мөрөнд 20 градус дахь хувийн жин, кг/м, ихгүй гээд 860, 840, 830 гэж заасан. Өөрөөр хэлбэл үүнээс ихгүй байх ёстой, үүнээс доошоо байж болно” гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Лаборатори маань хувийн жинг 20 градуст шинжилсэн байгаа. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа нь стандартын хүснэгтийн 16-д 15 градус дахь хувийн жин ямар байх вэ гэдийг хэлээд байгаа юм. Гэтэл 20 градус дахь хувийн жин 840-өөс 860 байх ёстой, 20 градуст хэмжсэн хувийн жин стандартын шаардлага хангахгүй байна гэж дүгнэгдсэн” хэмээн тайлбарлан маргасан нь үндэслэл бүхий байх тул энэ талаарх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...Улсын ахлах байцаагч нь энгийн Дизель түлшнээс дээж авчхаад Евро дизель түлшний стандарт болох MNS0216:2017 стандартыг хангаагүй гэж үзэж торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
4.4. Нөгөөтээгүүр, гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “…Зөрчлийн хэрэг үүссэн цагаас эхлэн шинжилгээний хариу зөрүүтэй байгаа талаар маргаж гуравдагч дээжээс шинжилгээ хийлгэх талаар удаа дараа тайлбар мэдүүлэг болон хүсэлтээр гаргаж байсан. Энэхүү маргаантай байгаа асуудлыг шууд зөрчил үйлдсэн мэтээр дүгнэж шийтгэвэр оногдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл” гэж маргах боловч маргаан бүхий шийтгэлийн хуудас гарсан өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2130/21 тоот албан бичгээр гомдол гаргагчаас шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 3-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасныг зөрчсөн гэж шууд буруутгах боломжгүй юм.
4.5. Тодруулбал, хариуцагчийн “...Тухайн үед ковид-19 өвчний нөхцөл байдал арилаагүй байсан үе юм. Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бүх нийтийн бэлэн байдал зарлачихсан байсан. Сорилын дүн дээрээс харахад лабораториуд маань ...04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлээд 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл шинжилгээ хийгдсэн. Дээрээс нь ковид-19 өвчний нөхцөл байдалтай, бэлэн байдал зарлагдаад төрийн болон төрийн бус, хувийн бүхий л аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хязгаарлагдаж байсан. Манай байгууллагад 06 дугаар сарын 15-ны өдөр албан бичгээр албан ёсоор сорилын дүнгүүд маань лабораториос ирсэн байгаа. Энэ сорилын дүнгээ хүлээж аваад Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан бичгээр дүгнэлт гаргаж өгнө үү гэсний үндсэн дээр 07 дугаар сарын 07-ны өдөр манайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын байцаагчийн дүгнэлт гараад, эцэслэгдээд албажаад хүргэгдэж ирсэн” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.6. Иймд дээрхээс үзэхэд, хариуцагч нь зөрчлийн хэрэг бүртгэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, “М т” ХХК-д 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 00030** дугаартай шийтгэлийн хуудсыг оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, ... оршино.” гэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах зарчимд нийцсэн бөгөөд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул “М т” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 905 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН