Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 0040

 

1 Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: Прокурор Л.О Шүүгдэгч Б.Д Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г Хохирогч Г.Б Хохирогчийн өмгөөлөгч Я.Э Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Д-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г, О.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Булган аймаг БаянАгт суманд төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт оршин суух,  Ц овогт Б-н Д.

Б.Д нь 2017 оны 12 дугаар сард бусдын өмчлөлд байдаг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-9-58 тоот орон сууцыг 45.000.000 төгрөгөөр зарна гэж Г.Б-г хуурч 25.000.000 төгрөгийг нь залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор: 2 Шүүгдэгч Ц овогт Б-н Дг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г баривчлагдсан 01 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-с 25.000.000 /хорин таван сая/ төгрөг гаргуулан хохирогч Г.Б-д олгуулж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирол нөхөн төлүүлэх зорилгоор хэрэгт битүүмжлэгдсэн Б.Д-н эзэмшлийн 04-27 улсын дугаартай Honda HR-V маркын авто машиныг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г, О.Э нар давж заалдах гомдолдоо: “... Прокурор гэмт хэрэг үйлдсэн жинхэнэ үйлдэгчийг яллагдагчаар татахгүйгээр зөвхөн Б.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байхад шүүх хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр гэмт хэргийн жинхэнэ үйлдэгчид ял оногдуулахгүйгээр Б.Д-г гэм буруутайд тооцон ял оногдуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ гэж заажээ. Энэ хэрэгт гэмт хэргийн жинхэнэ үйлдэгч буюу гэмт хэргийн зохион байгуулагчийг шийтгэхгүй орхиж, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 3 заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, 2 хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар хэд хэдэн үйл баримт тогтоогдсон. Үүнд: Б.Д нь хохирогч Г.Б-г огт танидаггүй, өмнө нь уулзаж байгаагүй, байр авах гэж байгаа гэдгийг мэдээгүй гэдэг нь тогтоогдсон. Б.Д, Г.Б нар Д.Г, Ц.Б нарт өндөр хүүтэй мөнгө зээлдэг хувь зээлдэгч нараас 3 удаа мөнгө зээлж авч өгсөн гэдэг нь тогтоогдсон. Д.Г, Ц.Б нар нь Б.Д, Г.Б нараар дамжуулан авсан зээлийг огт төлөөгүй гэдэг нь тогтоогдсон. Б.Д нь хохирогч Г.Б-с авсан мөнгөө Д.Г, Ц.Б нарын зээлийг төлсөн гэдэг нь тогтоогдсон. Б.Д, Г.Б нь уг байрыг зарах сонирхолтой байсан, өмнө нь зар өгч байсан гэдэг нь тогтоогдсон. Уг мөнгийг Б.Д өөртөө ашиглаагүй, ямар нэгэнн ашиг хонжоо олоогүй гэдэг нь тогтоогдсон. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр зөвхөн Б.Д-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж шийтгэсэн нь үндэслэлгүй юм. Б.Д мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд өгсөн мэдүүлгийн агуулга нь “... би Д.Г, Ц.Б нарыг өрөө төл гэж хэлэхээр очсон, гэтэл тэд манай хамаатны дүү Г.Б байр авах гэж байгаа, уг мөнгийг нь аваад бидний өрийг төлж бай, сүүлд байр авахад нь уг мөнгийг бид зээл аваад өгчихнө, мөн 5 сая төгрөг нэмж өгнө...” гэж хэлсэн учраас уг мөнгийг авч тэдний өрийг дарсан талаар мэдүүлдэг. Дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримтаар дээрх үйл ажиллагааг Д.Г, Ц.Б нар зохион байгуулсан бөгөөд уг үйлдлээ Б.Д-р гүйцэтгүүлсэн гэдэг нь тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3- т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоох ёстой. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Мөн мөнгө эд хөрөнгийг нь шилжүүлж авчихаад буцааж өгөхгүй байх сэдэл нь уг үйлдэл болохоос өмнө залилан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд төрсөн байх ёстой. Гэтэл Б.Д Г.Б-г огт танидаггүй бөгөөд гэр бүлийн дундын өмчлөлийн байраа Г.Б-д зарах ямар ч сонирхол, хүсэл зорилго байхгүй бөгөөд Г.Б-г байр авах гэж байгаа гэдгийг ч мэдээгүй. Мөн Б.Д, Г.Б нарын хувьд бусдын өмнө хүлээсэн үүрэг буюу өөрсдөө бусдад өртэй, уг өр нь нэхэгдээд гарцаагүй байдалд орж зайлшгүй, ямар нэгэн аргаар мөнгө олох шаардлага байгаагүй. Г.Б-с мөнгийг нь авах хэрэгцээ шаардлага бусдад авсан зээлээ ямар ч хамаагүй аргаар төлөх шаардлага Д.Г, Ц.Б нарт байсан. Уг үйлдлээ тэд Б.Д-р гүйцэтгүүлсэн. Энэ байдал нь Г.Б-с авсан мөнгөөр Д.Г, Ц.Б 4 нарын авсан зээлийг бүрэн төлсөн байдлаар нотлогдоно. Тэгэхээр Б.Д хохирогч Г.Б-г залилаж 25 сая төгрөгийг авах, уг мөнгийг өөртөө зарцуулах, ашиг олох ямар ч сэдэлт зорилго байгаагүй. Мөнгө авах сэдэлт зорилго зөвхөн Д.Г, Ц.Б нарт байсан. Үүнийг шүүх анхаарч үзээгүй. Шүүх Б.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан сонгон хэрэглэх ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзахгүйгээр хорих ял оногдуулахаар заасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Д-г гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгчийн хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулахаа илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтана. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэлх хугацаагаар тэнсэж болохоор заасан”. Хуульд хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлсэн байдал гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж тэнсэн харгалзах ял оногдуулж болохоор заасан. Хохирол төлбөрийн талаар: Г.Б-н хохирол 25 сая төгрөийг 12 сая төгрөгөөр үнэлэгдэж битүүмжилсэн өөрийн машин болон тэтгэврийн битүүмжилсэн дансанд хуримтлагдсан мөнгө, бусдаас авах авлага, мөн өөрөө ажил хийж төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч Б.Д-н хувьд өндөр насны тэтгэвэр авдаг, үндсэн тэтгэврийн тухайд тэтгэврийн зээл авсан байсан учир уг зээлд тэтгэвэр нь суутгагддаг. Харин Эрдэнэт үйлдвэрээс өгдөг мөнгө өөр дансанд ордог бөгөөд уг дансыг нь битүүмжилсэн, уг дансанд 2 сая гаруй төгрөг байгаа бөгөөд уг мөнгийг хохирогчид өгөхөө илэрхийлсэн. Мөн өөрийн өмчлөлийн машиныг 12 сая төгрөгөөр үнэлүүлж, битүүмжлүүлсэн бөгөөд уг машиныг хохиролд өгөх боломжтой, хохирогч нар машиныг төлбөрт тооцож авахгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан борлуулж үнийг төлбөрт төлөх боломжтой. Б.Д нь геофизикч мэргэжилтэй, зуны улиралд уул уурхайн компаниудад гэрээ байгуулан ажиллаж, тодорхой хэмжээний орлого олдог бөгөөд энэ орлогоороо мөн төлбөрөө барагдуулах боломжтой. Гэмт хэрэг үйлдсэн байдал: Б.Д хохирогч Г.Б-с 25 сая төгрөгийг авч өөрөө ашиглаагүй, Д.Г, Ц.Б нарын өрийг өгсөн. Д.Г, Ц.Б нарын хэлсэн зааврын дагуу итгэж, 25 сая төгрөгийг Д.Г, Ц.Б нар буцаан өгч, Г.Б байрны үнийг үлдэгдлийг төлсний дараа байраа зарна гэж итгэж өрийг нь дарсан. Б.Д шунахайн сэдэлтээр, шууд санаатай байдлаар гэмт хэрэг үйлдээгүй, үүнийг шүүх анхаарч үзэх шаардлагатай. Хүний хувийн байдал: Б.Д нь  эхнэр Г.Б-ны хамт амьдардаг байсан боловч эхнэр Г.Б нь хэрэг шалгах явцад нас барсан, одоо ам бүл ганцаараа амьдардаг, хувь хүний хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, насаараа Эрдэнэт үйлдвэрт ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан хүн юм. Шүүх гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, зарим битүүмжлэгдсэн эд хөрөнгөөр төлөх боломжтой байдал, өндөр настай, анх удаа гэмт 5 хэрэг үйлдсэн, хувь хүний байдлыг харгалзан заавар хорих ял оноохгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулах боломжтой байсан. Иймд хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж гэмт хэргийн жинхэнэ үйлдэгчийг тогтоож өгнө үү” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч М.Г, О.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 12 дугаар сард иргэн Г.Б-ны өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-9-58 тоотод байрлалтай 4 өрөө орон сууцыг 45.000.000 төгрөгөөр худалдана хэмээн хохирогч Г.Б-г хуурч 25.000.000 төгрөгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Бусдыг залилах гэмт хэргийн шинж нь иргэний эрх зүйн гэрээгээр халхавчилсан, дүр үзүүлсэн хэлцэл хийж, эсхүл итгэл эвдэн хохирогчийн эд хөрөнгийг авах идэвхитэй үйлдлээр илрэх бөгөөд шүүгдэгч Б.Д нь “...Улаанбаатар хотод байр авах гэж байгаа, тэрийгээ бүтээчихээд цагаан сараас өмнө нүүчихнэ... ” гэж Г.Б-д хэлж, улмаар дээрхи орон сууцыг түүнд үзүүлж итгүүлэн залилан мэхэлж 25.000.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч М.Г, О.Э нар нь “... гэмт хэргийн зохион байгуулагч нарт хариуцлага оногдуулж, жинхэнэ үйлдэгчийг тогтоож өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан боловч дээрхи гомдол нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Б-н “ ... байрны эзэн болох Д гэдэг хүнтэй биечлэн уулзахад 45.000.000 төгрөгөөр байраа зарна., эхний ээлжинд 30.000.000 төгрөгийг бэлнээр өгчих гэж хэлсэн ... нийт 25 сая төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн ... Д гэдэг хүн холбоо барихгүй байхаар нь би 2018 оны 03 дугаар сард Д ахын утас руу залгахад ” чамайг хүлээгээд байна, чи 30 сая төгрөг болгочих гэхээр нь би 4 дүгээр сард мөнгөний боломжтой болж магадгүй, хэрвээ 5 сая төгрөгийг олж өгч чадахгүй бол мөнгөө эргүүлээд авна гэж хэлээд хоорондоо тохиролцсон ... Д гэдэг хүн эхнэрт маань битгий хэлээрэй, би өөрөө мэдээд орон сууцаа зарж байгаа юм гэсэн ... би гэрт нь орж үзэж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх 9/, мөн хохирогчийн “... би өөрөө залгаж байраа зарах гэж байгаа юм уу гэж асуусан. Тэгэхэд байраа зарна Улаанбаатар хот руу ерөнхийдөө явна. 2018 оны цагаан сараас өмнө явна гэж ярьсан ... Д-н байрыг үзэхэд Д 6 эхнэр эмнэлэгт хэвтэж байгаа гэж ярьж байсан. Нэг өрөөгөө үзүүлээгүй ... манай жоохон хүүхэдтэй охин байгаа, хүүхэд нь сэрнэ гээд зөөлхөн яриад байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх 12/, гэрч Ц.Б-н “ ... Б-н өгсөн гэх мөнгийг миний Б-с зээлсэн гэх мөнгийг өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Би Д-г хүргэн Б-той холбож өгсөн. Тэрнээс өөрөөр ямар нэгэн холбоо байхгүй ... Д ах Б нарын байрны наймаа бол Г бид хоёрын өр зээлтэй ямар ч хамаарал байхгүй ... сүүлд Д ах 2018 оны 5 сард байна уу ганцаараа манай гэрт очоод миний нөхөр Г-р 25 сая төгрөг авсан гэж гарын үсэг зуруулах гэж очсон байсан. Миний нөхөр тухайн үед би ямар 25 сая төгрөг авсан биш, би яагаад гарын үсэг зурдаг юм бэ гэ хэлээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 19/, гэрч Д.Г-н “ ... Миний төрсөн эгчийн хүргэн Б байр авах гэж байгаа гэж яриад байдаг байсан болохоор олон өрөө байр юм, хямд ч юм дүүдээ аятайхан юм олж өгөх тус болох гээд л И эгч рүү утсаар яриад Д ах байраа 45 сая төгрөгөөр зарна гэж байсан шүү гэж хэлсэн.... Д ах ганцаараа манайд ирээд намайг 25 сая төгрөг зээлж авсан гээд гарын үсэг зураад өг гэж очсон ... би уурлаад гарын үсэг зурж өгөөгүй ... Д, Б хоёрын наймаа тусдаа, эхнэр бид хоёрын мөнгө зээлсэн асуудал бол тусдаа асуудал ...” гэсэн мэдүүлэг /хх 23/, гэрч Д.И-н “...Д гэдэг хүнтэй уулзаад байрыг нь үзсэн чинь гэрт нь хүүхэд нь гээд нялх хүүхэдтэй эмэгтэй байсан. Байраа 45 сая төгрөгөөр зарна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 24/ болон гэрч Д.Г, шүүгдэгч Б.Д нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх 28-32/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаас үзэхэд Д.Г, Ц.Б нарыг уг хэргийг зохион байгуулсан, хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн дээрхи гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Б.Д-г бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо “...Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү... ” гэж дурьдсан байх боловч давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д нь “... би Б байрны үнийг 45.000.000 төгрөг гэж хэлээгүй ... Г, Б нар надад Б-н өгсөн мөнгөнөөс зээлийн төлбөрт өгч бай гэж хэлсэн ... ” гэсэн тайлбар гаргасан болно. Шүүгдэгч Б.Д-н дээрх тайлбар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс дүгнэхэд түүнийг “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” 7 гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймд шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч М.Г, О.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг тогтоохдоо хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг зөвтгөж, зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дэх заалтын “...5.6 дугаар зүйлийн 6 дахь...” гэснийг “...5.6 дугаар зүйлийн 4 дэх...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч М.Г, О.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР С.УРАНЧИМЭГ