Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00941

 

 Ди Эйч Ти ХХК-ийн нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийг үүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01705 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1928 дугаар магадлалтай,

 

Ди Эйч Ти ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.28-ны өдрийн 102/ШШ2019/00846 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Ди Эйч Ти ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 13,975,490,918 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 5,087,950 төгрөгийг гаргуулж, Хас банк ХХК-д олгож, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Ди Эйч Ти ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороолол, 13 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 23 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай, Ү-2205034474 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Манай компани өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 49,975,851,000 төгрөгөөр үнэлж, үнийн санал хүргүүлсэн боловч төлбөр авагч Хас банк ХХК саналыг зөвшөөрөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.04.15-ны өдрийн 4/177 дугаартай тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Гэтэл Хөрөнгө эстимэйт ХХК 2020.04.15-ны өдөр дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг 30,563,804,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч танилцуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал өгөхөөс өмнө 2020.02.14-ний өдөр Гэрэгэ эстимейт ХХК-аар манай компани хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Энэхүү үнэлгээний тайлангаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө 49,975,851,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул зах зээлийн хандлагын аргаар хийсэн үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг агуулсан байхаар заасан байдаг. Үнэлгээний тайланд жиших хөрөнгүүдийн эх сурвалж нотлох нотолгоо байхгүй байна. Үнэлгээний тохируулсан хэмжигдэхүүнүүдийг үнэлж буй хөрөнгөнд хэрэглэхдээ тооцооллын алдаатай. Иймээс шинжээчийн тогтоосон үнэлгээний үнийн зөрүү асар их буюу 19,412,047,000 төгрөгөөр зөрүүтэй байгаа нь нэхэмжлэгчийн хөрөнгө үнэгүйдэх эрсдэлийг бий болгож байгаа тул хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.28-ны өдрийн 846 дугаартай Шүүгчийн захирамжаар Ди Эйч Ти ХХК-иас 13,975,490,918 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,082,117,500 төгрөгт тооцон Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 13 хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 23 тоот хаягт байрлах Ү-2205034474 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн 1, 2 дугаар давхрыг 2019.03.31-ний өдрийн дотор шилжүүлж, үлдэх 10,893,373,418 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулах, хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019.04.17-ны өдөр эхлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 3 хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 23 тоот хаягт байрлах Ү-2205034474 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар 2019.10.01-ний өдрийн 19250580/01 дугаартай тогтоолоор битүүмжлэх ажиллагаа хийн мөн хуулийн 54 дүгээрт зааснаар 2020.03.27-ны өдрийн 19250580/05 дугаартай тогтоолоор хураах ажиллагааг явуулсан. Ингээд хариуцагч байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилж, үнэлгээ хийлгэж, шинжээч дээрх үл хөдлөх хөрөнгийг 30,563,804,000 төгрөгөөр үнэлсэн болохыг талуудад мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01705 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ди Эйч Ти ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1928 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01705 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Ди эйч ти ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээд гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүх Хянавал хэсэгтээ ... шүүгчийн захирамжид заасан 3,082,117,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийн 2 дугаар давхрын 2108,85 м.кв талбай, 1 дүгээр давхрын 174.2 м.кв талбайн өмчлөх эрхийг төлбөр авагчийн өмчлөлд төлбөр төлөгч шилжүүлэх үүрэг хүлээсэнтэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар ажиллагаа хийсэн болохыг тодруулах шаардлагатай. Учир нь .... төлбөр төлөгч, төлбөр авагч нар өөрсдөө тохиролцон үнэлж шилжүүлэхээр эвлэрлийн гэрээг баталсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд уг хөрөнгийн хэсгийг шинжээч томилж, үнэлгээ хийлгүүлэх ажиллагаа хийх эрх хариуцагчид олгогдсон эсэхэд дүгнэлт хийх байжээ гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон хэрэглэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д Энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж заасныг удирдлага болгож, дээр дурдсан нотлох баримтыг гаргуулах нь 10,893,373,418 төгрөгийг төлүүлэхтэй холбоотой төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үлдэх хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотойгоор эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх байсан эсэх нөхцөл байдлыг бүрэн тодруулснаар талуудын хооронд үүссэн маргаантай холбоотой харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлаж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Ди эйч ти ХХК нь шүүхэд хандаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.04.15-ны өдрийн 4/177 дугаартай тогтоолоор төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхээр томилогдсон Хөрөнгө истимэйт ХХК-ийн Баянгол дүүрэг, 13-р хороо. Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, Ү-2205034474 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 30,563,804,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ...2 дугаар давхрын 2108,85 м.кв талбай, 1 дүгээр давхрын 174.2 м.кв талбайн өмчлөх эрхийг төлбөр авагчийн өмчлөлд төлбөр төлөгч шилжүүлэх үүрэг хүлээсэнтэй холбоотой ажиллагаанд ямарч гомдол гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон давж заалдах гомдолд огт дурдаагүй, зохигчийн хэн алинаас нь тухайн нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргаагүй асуудлаар анхан шатны шүүхийг буруутган, шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан журмын дагуу нотлох баримт бүрдүүлж өгөхийг хэргийн оролцогч хүссэн боловч шүүх уг нотлох баримтыг бүрдүүлээгүй, эдгээр баримтууд нь ач холбогдол бүхий байсан тохиолдолд хэрэглэх тухай хуулийн зохицуулалт юм. Зүй нь Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан Хөрөнгө истимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга болон уг хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх, мөн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байсан болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.28-ны өдрийн 102/ШШ2019/00846 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, 55.2.2-д Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг хөндлөнгийн шинжээч томилж, хөрөнгийг үнэлэхээр хуульд заасны дагуу явагдсан ажиллагаа билээ. Иймд Ди эйч ти ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцээд гаргасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ны өдрийн 1928 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Ди Эйч Ти ХХК нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...шинжээчээр томилогдсон Хөрөнгө эстимэйт ХХК хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэснийг, хариуцагч эс зөвшөөрч үнэлгээ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

 

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэгийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо ...анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон нарийн бичгийн дарга тодорхой бус, ...барьцаа хөрөнгө болох ... үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын 2108.85 м.кв, 1 дүгээр давхрын 174.2 м.кв талбайн өмчлөх эрхийг төлбөр авагчид ...шилжүүлэх үүрэг хүлээсэнтэй холбоотой Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ямар ажиллагаа хийснийг тодруулах шаардлагатай,... талууд тохиролцон үнэлж эвлэрлийн гэрээ байгуулсан хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд тухайн хэсгийг ...үнэлүүлэх ажиллагаа хийх эрх ...олгогдсон эсэхэд дүгнэлт хийх байжээ... гэсэн үндэслэлүүдийг заасан байна.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дээрх үндэслэл нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

1.а/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д зааснаар шүүх хуралдааны оролцогч гэдэгт ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хамаарна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 болон 51.5-д тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга...үйлдэнэ, тэмдэглэлд оролцсон болон байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэрийг ...бичнэ гэж, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т шүүхийн шийдвэрт ..шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэрлэн заана гэж тус тус заасан байна.

 

Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Баттулга оролцож тэмдэглэл хөтөлснөөр тусгагдсан бол /хх-187-189/ шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж болон шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Ундармаа оролцсон гэж бичигдсэнээс /хх-р 190-193/ үзвэл шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар хэн оролцсон нь тодорхой бус болжээ.

 

б/ Шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл болж, хэргийн оролцогчийн эрхийг шүүх хэрхэн хангасан, зохигч маргааны үйл баримт болон хууль зүйн үндэслэлийн талаар хэрхэн мэтгэлцсэн үйл явцыг тодорхойлдог бөгөөд нарийн бичгийн даргаар шүүх хуралдаанд хэн оролцож тэмдэглэл хөтөлсөн нь тодорхой бус тул хуралдааны ажиллагаа хуульд заасан журмаар явагдсан гэж үзэхгүй юм. Энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

2. Хэргийн баримтаас үзвэл, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болсон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2019.03.28-ны өдрийн 102/ШШ2019/00846 тоот захирамж болон гүйцэтгэх хуудаст ...3,082,117,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, төлбөр төлөгч Ди Эйч Ти ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот үл хөдлөх хөрөнгийн 2 дугаар давхрын 2108,85 м.кв талбай, 1 дүгээр давхрын 174.2 м.кв талбайн өмчлөх эрхийг 2019.03.31-ний дотор төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон...үлдэх 10,893,373,418 төгрөгийг хэсэгчлэн төлөх, энэ үүргээ биелүүлээгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-аар заасан байна. /хх-103-108-р тал/ Шийдвэр гүйцэтгэгчийн 2020.04.02-ны өдрийн шинжээч томилох тухай 4/177 тоот тогтоолоор дээрх 23 тоотод байрлах 21155.73 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Хөрөнгө эстимэйт ХХК-аар үнэлүүлэхээр шийдвэрлэсэн, шинжээч 30,563,804,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Шүүгчийн захирамжид заагдсан 1 болон 2 дугаар давхрын өмчлөх эрхийг шүүгчийн захирамжид зааснаар төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаа хийсэн эсэх нь тодорхой бус бөгөөд анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүйгээс үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ажиллагааны талаар дүгнэлт өгөх хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Тухайлбал, төлбөр төлөгч Ди Эйч Ти ХХК-ийн өмчлөлийн барьцааны зүйл болсон ...23 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа 21155.73 м.кв талбайтай байсан, эсхүл шүүгчийн захирамжид заасан /зохигч эвлэрснээр/ 1 болон 2 дугаар давхрын нийт 2283.05 м.кв талбайг төлбөр авагч Хас банк ХХК-д шилжүүлж өгснөөр, үлдэх 21155.73 м.кв талбайн хэсэгт шинэ гэрчилгээ олгогдсон, /хх-132-р тал/ эсхүл Ди Эйч Ти ХХК-ийн 2019.04.17-ны өдрийн 02/333 тоот, Хас банк ХХК-ийн 2019.04.17-ны өдрийн Га/473 тоот болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.04.19-ний өдрийн 1/9627 тоот албан бичгүүдэд /хх-111-112, 114-р тал/ дурдсаны дагуу зөвхөн 2 дугаар давхрын 2304.6 м.кв талбайг 2,746,710,000 төгрөгт шилжүүлсний үлдэх хэсэг гэж үзэх аль нь болох нь тодорхойгүй байна.

 

Иймд хариуцагч байгууллага нь шүүгчийн захирамжид заасан төлбөр төлүүлэх ажиллагааг хэрхэн гүйцэтгэж байгаа болон үнэлэгдсэн хөрөнгийн үнэлгээнд шилжүүлсэн эд хөрөнгийн үнэлгээ давхацсан эсэх талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх ба уг үүргээ биелүүлсэн байна.

 

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1928 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД