| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/00519/и |
| Дугаар | 803 |
| Огноо | 2019-03-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 13 дугаар байрны 3 дугаар орц, 0 тоотод байрлах, Галын дөл СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 13 дугаар байрны 106 тоотод оршин суух, Боржигон овогт Ёндонжамцын Энхболд /РД:ЧК59082019/-д холбогдох,
322,060 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч төлөөлөгч Г.Сосор , хариуцагч Ё.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Галын дөл СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 13 дугаар байрны 106 тоотын өмчлөгч Ё.Энхболд нь 2017 оны 8 дугаар сараас 12 сар, 2018 оны 4 дүгээр сараас 12 дугаар саруудын СӨХ-ны төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд СӨХ-оос төлбөр төлөх талаар мэдэгдэл хүргүүлэх, шаардлага тавихад төлөхгүй, өгөхгүй гэх ба сүүлийн 8 жил дараалан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албадлагаар СӨХ-ны мөнгийг төлж, СӨХ-ны үйл ажиллагаанд хүндрэл учруулахын зэрэгцээ бидний ажлыг үл хүндэтгэн үзэж байна. Үүнээс өмнөх хугацааны төлбөрийг ч мөн ШШГА-р дамжуулан 2018 оны 6 дугаар сар хүртэлх төлбөрийг төлж дуусгасан болно. Байрны лифт 24 цагаар ажиллаж, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол үзүүлж, дээвэр, инженерийн шугам сүлжээний засварыг бид оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй шуурхай шийдэж ажиллаж байхад ингэж төлбөрөө төлөхгүй хүндрэл удаж байгаа нь биднийг үл хүндэтгэж байна. Иймээс Ё.Энхболдоос 2017 оны 8 дугаар сараас 12 сар, 2018 оны 4 дүгээр сараас 12 дугаар саруудын СӨХ-ны төлбөрт 322,060 төгрөгийг гаргуулж, СӨХ-ны ажилд гүн туслалцаа үзүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Ё.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ-ны мөнгө аваад байранд засвар үйлчилгээ сайн хийдэггүй. Хэдэн жижүүрүүдийг хөдөлмөрийн гэрээгүй авчхаад хөөгөөд явуулчихдаг. Энэ луйварчинд мөнгө төлөхгүй. Өмнөх жижүүр нь надаас мөнгө гуйгаад зээлдүүлээч гэхээр нь зээлдүүлчихсэн. Манайх 9 давхар байрны 9 дүгээр давхарт байдаг айл. Зун болохоор борооны ус дээврээс нэвчээд, хананд наасан обой ховхорч хуулардаг. Өвөл болохоор цаанаасаа чийгтэй цана цохиод байдаг. Өвөл хананы обойгүй өвөлжсөн. Мөн зурагтны дээрээс, ванны өрөөнд ус гойжсон. СӨХ-ны захирал гэх энэ хүнтэй ярих арга байхгүй. Өөдөөс уурлаад тажигнаад байраар нэг орилоод гүйгээд байдаг. Ус гоожоод байгаа дээврээ янзлаад өг гэж зөндөө хэлээд байгаа гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Галын дөл Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Ё.Энхболдод холбогдуулан2017 оны 8 дугаар сараас 12 дугаар сар, 2018 оны 4 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрт 322,060 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...СӨХ-ны мөнгө аваад байранд засвар үйлчилгээ сайн хийдэггүй. Манайх 9 давхар байрны 9 дүгээр давхарт байдаг айл. Зун болохоор борооны ус дээврээс нэвчээд, хананд наасан обой ховхорч хуулардаг. Өвөл болохоор цаанаасаа чийгтэй цана цохиод байдаг. Өвөл хананы обойгүй өвөлжсөн. Мөн зурагтны дээрээс, ванны өрөөнд ус гойжсон. Ус гоожоод байгаа дээврээ янзлаад өг гэж зөндөө хэлдэг боловч засвар хийгээгүй... гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Ё.Энхболд нь Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 13 дугаар байрны 106 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч мөн болохоо хүлээн зөвшөөрч байх ба зохигч маргахгүй байна.
Нэхэмжлэгч Галын дөл СӨХ нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13, 14 дүгээр байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг болох нь Баянгол дүүргийн Засаг даргаас 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгосон 08 дугаартай гэрчилгээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул Галын дөл СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарах зардлыг шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ...төлнө гэж заасны дагуу хариуцагч Ё.Энхболд нь Галын дөл СӨХ-д сар бүр өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ё.Энхболд нь 2017 оны 8 дугаар сараас 12 дугаар сар, 2018 оны 4 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрт 322,060 төгрөгийг төлөөгүй байх ба хариуцагч нь энэхүү төлбөрийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Иймд хариуцагчийн шүүхэд гаргасан ...СӨХ-ны мөнгө аваад байранд засвар үйлчилгээ сайн хийдэггүй... гэх тайлбар нь түүнийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.
Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ё.Энхболдоос 322,060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Галын дөл СӨХ-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Энхболдоос 322,060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Галын дөл сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,312төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Энхболдоос улсын тэмдэгтийн хураамжинд 10,312 төгрөгийг гаргуулж,нэхэмжлэгч Галын дөл Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА