Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 804

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222 хороолол 110 дугаар байрны 1801 тоотод оршин суух, Ээжийн гол овогт Дорлигийн Мөнхбат /РД:ДГ82112611/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо19-40 тоотод оршин суух, Идэр Жинчин овогт Болдбаатарын Зоригтсайхан /РД:АЮ82121811/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо19-40 тоотод оршин суух, Сад овогт Өлзийбаатарын Саранхүү /РД:ХН84122164/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Мөнхбат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. Мөнхбат миний бие Б. Зоригтсайхантай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,500,000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн. Учир нь Б. Зоригтсайхан нь удаа дараа утсаар ярьж, компанийнхаа ажлыг эхлэхэд мөнгө хэрэгтэй байна гэж 2-3 хоног гуйсны дагуу зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлж, байгуулаад 30,000,000 төгрөгөөс эхний сарын хүү болох 3,500,000 төгрөгийг тооцон авч үлдэж эхнэр болох Өлийбаатарын Саранхүүгийн Хаан банкны 5720412114 тоот дансруу 26,500,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр шилжүүлсэн болно. Ингээд зээлдэгч нь 2 дахь сарын хүү 3,500,000 төгрөгийг төлөөд, 3 дахь сарын хүүгээс 1,000,000 төгрөгийг төлж, үлдсэн зээлийн хүү болох 2,500,000 төгрөг, үндсэн зээл болох 30,000,000 төгрөгийг төлөөгүй. Зээлийн хугацаа өнгөрснөөс хойш Б.Зоригтсайханы 99096797, 91096796 дугаар луу өдөр бүр залгахад утсаа авахгүй унтрааж. Надад ямар нэгэн тайлбар өгөхгүй өнөөдрийг хүртэл явж байна. Энэ хугацаанд Б.Зоригтсайханы ээжтэй очиж уулзаж учир байдлаа тайлбарлаж хэлснээр Б.Зоригтсайхан нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр миний хаан банк дахь дансруу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш утсаа авахгүй ямар нэг холбоо байхгүй зугатаж удаа дараа уулзах хүсэлт тавьсан боловч өнөөдрийг хүртэл хүлээж авахгүй байна. Иймд зээлдэгч Б.Зоригтсайханаас зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрөөс төлөөгүй 15,000,000 төгрөг, сүүлийн нэг сарын хүүгийн үлдэгдэл 2,500,000 төгрөг, гэрээнд заасан дагуу 2018 оны 9 дүгээр 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар 08-ны өдрийг хүртэл өдрийн 0.5 хувийн алданги болох 4,150,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл өдрийн алданги 2,100,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүртэлх алданги 6,750,000 төгрөг, нийт 30,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Зоригтсайхан, Ө.Саранхүү нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Зээлийн гэрээний харилцаа Б.Зоригтсайхан болон Д.Мөнхбат нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр үүссэн байдаг. Зээлийн гэрээний талууд нэг сарын хүү 3,500,000 төгрөг байхаар 30,000,000 төгрөгийг өгч авалцахаар тохиролцсон байгаа боловч бодит байдал дээр 26,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байдаг. Тиймээс 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр байгуулагдсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хэрэгжээгүй ба тухайн өдөр талуудын хооронд 26,500,000 төгрөгийн зээлийн гэрээг амаар байгуулж, зээлдүүлэгчээс 26,500,000 төгрөгийг эхнэр Ө.Саранхүүгийн дансаар дамжуулан авсан байдаг. Энэхүү зээлсэн 26,500,000 төгрөгөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр10,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөгийг буцааж төлсөн. Одоо үлдэгдэл 7,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энэхүү 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин илүү нэхэмжилсэн төлбөрийг төлөх үндэслэлгүй юм.

 

Хариуцагч Ө.Саранхүүгийн хувьд Д.Мөнхбаттай зээлийн гэрээ байгуулаагүй. Аливаа зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй тул хариуцагч Ө.Саранхүүд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхбат нь хариуцагч Б.Зоригтсайхан, Ө.Саранхүү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... зээлдэгч нь үндсэн зээл болон хүүний төлбөрт нийт 19,500,000 төгрөгийг төлсөн тул үлдэх үндсэн зээл 15,000,000, хүүний төлбөрт 2,500,000 төгрөг, алдангид 13,000,000 төгрөг нийт 30,500,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.Зоригтсайхан нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 23,500,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ... талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан боловч энэхүү гэрээ хэрэгжээгүй, 30,000,000 төгрөгийг хүлээж аваагүй. Харин 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр талуудын хооронд 26,500,000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдаж, 26,500,000 төгрөгийг авсан тул нэхэмжлэгч нь хүү, алданги шаардах эрхгүй гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхбат нь хариуцагч Б.Зоригтсайхантай 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар, сарын зээлийн хүүг 3,500,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулсан байх ба талууд энэхүү гэрээг байгуулсан эсэх, хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй. Харин хариуцагч Б.Зоригтсайхан нь энэхүү гэрээ хэрэгжээгүй, энэхүү гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Д.Мөнхбат нь хариуцагч Б.Зоригтсайхан нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнээс үзвэл 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,500,000 төгрөгийн хүүтэйгээр зээлдүүлэхээр талуудын хүсэл зориг нэгдсэн байх ба энэхүү хүсэл зоригоо баталгаажуулан зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг хариуцагч Б.Зоригтсайханаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Харин хариуцагч Ө.Саранхүү нь нэхэмжлэгч Д.Мөнхбаттай зээлийн гэрээ байгуулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Саранхүүгээс зээлийн гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхбат нь зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Зоригтсайханд 30,000,000 төгрөгийг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч эхний сарынхаа хүү 3,500,000 төгрөгийг хасч, 26,500,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, 26,500,000 төгрөг шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байх ба үүнийг хариуцагч нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй тул нэхэмжлэгч Д.Мөнхбатын зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ эхний сарын хүү 3,500,000 төгрөгийг авч, 26,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйлдлээр тухайн гэрээг хэрэгжээгүй, хариуцагч 30,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж үзэх боломжгүй юм.

 

Хариуцагч Д.Зоригтсайхан нь нэхэмжлэгчид 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөгийг буцааж төлсөн болохыг зохигчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 3 сарын хугацаатай байгуулагдаж, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр дуусахад хариуцагч Б.Зоригтсайхан нь зээлийн үндсэн төлбөрт болон хүүнд нийт 40,500,000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 8,000,000 төгрөгийг төлж, 32,500,000 төгрөгийг төлөөгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж, түүний нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар хуульчилсан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2,5-д хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хугацаа дуусахад хариуцагч нь зээлийн үүрэгт 32,500,000 төгрөгийг төлөөгүй байснаас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлж, зээлийн гэрээний үүрэгт 17,500,000 төгрөгийг төлөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 32,500,000 төгрөгт /32,500,000*0,5%*23 хоног/ 3,737,500 төгрөгийн алданги, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүртэлх хугацаанд 22,500,000 төгрөгт /22,500,000*0,5%*21 хоног/ 2,362,500 төгрөгийн алданги, 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд 17,500,000 төгрөгнөөс /17,500,000*0,5%*90 хоног/ 7,875,000 төгрөг, нийт алдангид 13,975,000 төгрөгийг нэхэмжлэхээр байх боловч гүйцэтгээгүй үүрэг болох 17,500,000 төгрөгийн 50 хувиар тооцвол алдангид 8,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иймд шүүх дээрх үндэслэлээр хариуцагч Б.Зоригтсайханаас зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүнд 17,500,000 төгрөг, алдангид 8,750,000 төгрөг, нийт 26,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,250,000 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч Ө.Саранхүүд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Зоригтсайханаас 26,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхбатад олгож, үлдэх 4,250,000 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч Ө.Саранхүүд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Зоригтсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 289,200төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхбатад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА