| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0295/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/324 |
| Огноо | 2022-12-14 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/324
2022/ШЦТ/324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: Ш.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Шийн Бт холбогдох 2212000000379 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ө аймгийн Ө суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт А аймгийн И сумын Х багийн .. гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ө овогт Шийн Б /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн И сумын Хбагийн Х гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 1.50 см урттай, 28 ширхэг, 2.3871 м3 хэмжээтэй, шинэс төрлийн, хуурай түлээний мод бэлтгэж, 45-05 АРА улсын дугаартай Mitsubishi Carter Hyundai Porter маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 262.008.1 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000379 дугаартай эрүүгийн хэргээс
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлсэн: ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд байгаль орчинд 262.008.1 төгрөгийн хохирол учирсан байна. Ойд хохирол учруулсан тул хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Хохирлыг барагдуулчихвал надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Ө багийн Хар байцын халзан ам, Хар байцын мухар нүүр гэх газрын ойд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр ганцаараа бэлтгэсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тухайн бэлтгэсэн модон дээр нь би хамт очоод ачилцаад бид хоёр Архангай аймгийн төвд манай хүүхдүүд сургуульд сурдаг юм, модгүй болсон гэхээр нь хашаанд галын түлээгээр буулгаж өгөх гэж яваад Цагаан давааны постонд цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гээд модтой автомашиныг саатуулсан. Би энэ талаар талаар асуугаагүй. Манай нөхрийн эзэмшлийн өөрийнх нь тээврийн хэрэгсэл байгаа юм. Модны цахилгаан хөрөө ашиглаж шинэс төрлийн хуурай унанги мод бэлтгэсэн. Бэлтгэхээсээ өмнө яриагүй. Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бид хоёр аймгийн төв рүү орох гэж яваад сүлжээ оронгуут мод бэлтгэх эрхийн бичиг авах гээд залгатал утас нь холбогдохгүй байсан. Хан-Ө багийн Сүмт газарт манай өөрийн гэрт байгаа. Бид хоёрыг цагдаа зогсоож шалгахад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Цагаан давааны постонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Цагаан давааны постоор модтой тээврийн хэрэгсэл орж ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоогоод шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан тул тухайн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд аваачиж саатуулсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь хөх өнгийн 45-05 АРА гэсэн улсын дугаартай Исузу Кантер маркийн тээврийн хэрэгсэл байсан. Автомашины кабин дотроо жолооч нь нэг эмэгтэй хүний хамт явж байсан. Би асуусан чинь мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн чинь утас нь холбогдохгүй байсан гэж ярьсан. Шинэс төрлийн модыг хөндлөн ачсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бийн мэдүүлсэн: ...Мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай холбоо бариагүй. Би тухайн үед Хөх нуур багт багийн даргын хамт айлуудаар тойрч явсан. Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Ө багийн Хар байц гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй газар байгаа юм. Уг газраас мод бэлтгэж болохгүй. Улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй. Мод бэлтгэх эрхийн бичгээ эхэлж тухайн газрынхаа байгаль хамгаалагчаас аваад дараа нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан унанги мод бэлтгэнэ. Мод бэлтгэх эрхийг бичгээ бичиж өгөөд мод бэлтгэх газарт хойноос нь очиж хяналт тавьдаг. Би иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөхдөө энэ талаар заавар зөвлөгөө өгдөг...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Бийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20, 25-26, 29 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-24, 27-28 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35 хуу/
2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 32 тоот экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 45-46 хуу/
“Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн АЦ-22-130 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-65 хуу/
“Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн АА22-86 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-71 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 103 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 95 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 106-107 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн И сумын Х багийн Х гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 1.50 см урттай, 28 ширхэг, 2.3871 м3 хэмжээтэй, шинэс төрлийн, хуурай түлээний мод бэлтгэж, 45-05 АРА улсын дугаартай Mitsubishi Carter Hyundai Porter маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 262.008.1 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн И сумын Х багийн Хар байц гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 1.50 см урттай, 28 ширхэг, 2.3871 м3 хэмжээтэй, шинэс төрлийн, хуурай түлээний мод бэлтгэж, 45-05 АРА улсын дугаартай Mitsubishi Carter Hyundai Porter маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 262.008.1 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлсэн “Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд байгаль орчинд 262.008.1 төгрөгийн хохирол учирсан байна. Ойд хохирол учруулсан тул хохирлыг нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
гэрч Б.Оийн мэдүүлсэн “Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Ө багийн Хар байцын халзан ам, Хар байцын мухар нүүр гэх газрын ойд 2022 оны 10 дугаар 07-ны өдөр манай нөхөр ганцаараа бэлтгэсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тухайн бэлтгэсэн модон дээр нь би хамт очоод ачилцаад бид хоёр Архангай аймгийн төвд манай хүүхдүүд сургуульд сурдаг юм, модгүй болсон гэхээр нь хашаанд галын түлээгээр буулгаж өгөх гэж яваад Цагаан давааны постонд цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гээд модтой автомашиныг саатуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11/,
гэрч Б.Бын мэдүүлсэн “Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Цагаан давааны постонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Цагаан давааны постоор модтой тээврийн хэрэгсэл орж ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоогоод шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан тул тухайн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд аваачиж саатуулсан. Шинэс төрлийн модыг хөндлөн ачсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,
гэрч Ц.Бийн мэдүүлсэн “Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Ө багийн Хар байц гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй газар байгаа. Уг газраас мод бэлтгэж болохгүй. Би иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөхдөө энэ талаар заавар зөвлөгөө өгдөг” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ш.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 81-82/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20/, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 32 тоот экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 45-46/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Б нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ш.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Ш.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ш.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 262.008.1 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 32 тоот экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /262.008.1*3=786.024.3 /долоон зуун наян зургаа мянга хорин дөрвөн төгрөг гурван мөнгө/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 786.024.3 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 95 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 6.976.116 төгрөгийн үнэлгээ бүхий 45-05 АРА улсын дугаартай Mitsubishi Carter Hyundai Porter маркийн автомашин буюу түүний үнэнээс 786.024.3 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 6.190.091.9 төгрөг, 238.710 төгрөгийн үнэлгээ бүхий 1.50 см урттай, 28 ширхэг, 2.3871 м3 хэмжээтэй мод, 69.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ш.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Бийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Шийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Бт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бээс 786.024.3 /долоон зуун наян зургаа мянга хорин дөрвөн төгрөг гурван мөнгө/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 95 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 6.976.116 төгрөгийн үнэлгээ бүхий 45-05 АРА улсын дугаартай Mitsubishi Carter Hyundai Porter маркийн автомашин буюу түүний үнэнээс 786.024.3 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 6.190.091.9 төгрөг, 238.710 төгрөгийн үнэлгээ бүхий 1.50 см урттай, 28 ширхэг, 2.3871 м3 хэмжээтэй мод, 69.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ