| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/00656/и |
| Дугаар | 805 |
| Огноо | 2019-03-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 805
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах Хас банк ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москва гудамж, 45 дугаар байрны 29 тоотод байрлах Буман ган ХХК /рд:5350581/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хороолол, 45-р байр, 29 тоотод оршин суух, Жинхүүгийн Баатар /РД: ЕЗ70030711/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хороолол, 45-р байр, 29 тоотод оршин суух, Дашзэвэгийн Нэргүй /РД:ЕЗ69120504/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хороолол, 45-р байр, 29 тоотод оршин суух, Баатарын Ганхөлөг /РД:НС90021771/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хороолол, 45-р байр, 29 тоотод оршин суух, Баатарын Ган-Эрдэнэ /РД:УП98112076/ нарт холбогдох,
Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс, хариуцагч Ж.Баатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хасбанк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буман ган ХХК, Ж.Баатар нар нь 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хасбанк ХХК-тай ЭА5001317120 дугаартай Эх үүсвэргүй аккредитив нээх гэрээ, Зээлийн эрх нээх гэрээ байгуулж 514,000 АНУ-ын доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийн эрхийг 365 хоногт 22.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй нээсэн. ЭА5001317120 дугаар гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр Аккредитив нээх эрхийн хугацаа 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүчинтэй гэж өөрчилсөн.Гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Буман ган ХХК нь 5001317120 дансанд 514,000 АНУ-ын долларыг төвлөрүүлээгүй тул бараа нийлүүлэгч Хятадын компанид Хас банк ХХКтөлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлж Буман ган ХХК-д гэрээнд заасан нөхцөлөөр зээл олгосон. Зээлдэгч өөрийн өмчлөлийн зээлийн барьцааны зарим хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн төлбөр хэсэгчлэн төлсөн.
Буман ган ХХК, Ж.Баатар нар нь Зээлийн эрх нээх ЭГ5001317120 дугаар гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх ёстой боловч төлөөгүй бөгөөд гэрээний хугацаа дууссан. Шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00653 дугаар захирамжаар Буман ган ХХК, Ж.Баатар нар нь 866,884,766 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Уг хэргийг шийдвэрлэх үед талууд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж зөвшөөрсөн, энэ талаар тайлбар гаргасан боловч захирамж гарахдаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар орхигдуулсан юм.
Иймд Буман ган ХХК, Ж.Баатар нараас гаргуулах 866,884,766 төгрөгийг үлдсэн барьцаа хөрөнгө болох
Улсын бүртгэлийн Ү-2201022313 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран, 10 дугаар гудамжны 1 тоотын 50,5 м.кв талбайтай хувийн сууц, граж,
Улсын бүртгэлийн Ү-2201017775 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран, 10 дугаар гудамжны 1 тоотын 128 м.кв талбайтай хувийн сууц,
Улсын бүртгэлийн Ү-2201013559 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран, 34 дүгээр гудамжны 7 тоотын 52,2 м.кв талбайтай хувийн сууц,
Улсын бүртгэлийн Г-2201000093 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран, 10 дугаар гудамжны 1 тоотын 494,9 м.кв тапбайтай газар,
Улсын бүртгэлийн Г-2201000786 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран, 34 дүгээр гудамжны 1 тоотын гудамжны 7 тоотын 631 м.кв талбайтай газар,
Улсын бүртгэлийн Г-2201027410 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдал зуслангийн урд байрлалтай 10,000 м.кв талбайтай газар,
Улсын бүртгэлийн Г-2201027406 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдап зуслангийн урд байрлалтай 11,208 м.кв талбайтай газар,
Улсын бүртгэлийн Г-2201027411 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдал зуслангийн урд байрлалтай 10,000 м.кв талбайтай газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд барьцаанд байгаа хөрөнгүүдийг Хас банк ХХК-д шилжүүлэн өгөхөд татгалзахгүй зүйлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр шилжүүлж өгөх гэхээр асуудал гараад болохгүй байгаа тул нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар болон хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Буман ган ХХК болон Ж.Баатар, Д.Нэргүй, Б.Ганхөлөг, Б.Ган-Эрдэнэ нарт холбогдуулан барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Хас банк ХХК нь хариуцагч Буман ган ХХК, Ж.Баатар нартай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 866,884,766 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00653 дугаар захирамжаар Буман ган ХХК, Ж.Баатар нар нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Уг хэргийг шийдвэрлэх үед талууд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж зөвшөөрсөн, энэ талаар тайлбар гаргасан боловч захирамж гарахдаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар орхигдуулсан. Иймээс хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэгт төлөх 866,884,766 төгрөгийгбарьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү... гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Буман ган ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ЭА5001317120 дугаартай Эх үүсвэргүй аккредитив нээх гэрээ, ЗГ5001317120 дугаартай Зээлийн эрх нээх гэрээ-г тус тус байгуулж, энэхүү гэрээний дагуу хариуцагч Буман ган ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 514,000 АНУ-ын долларын зээлийг 365 хоногт 22,8 хувийн хүүтэйгээр олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн БГ5001317120-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ болон 2013 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 1490003932-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг /нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан эд хөрөнгүүд/ барьцаалжээ.
Талуудын хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ба энэхүү гэрээнүүд хуулинд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Буман ган ХХК, Ж.Баатар нарт холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ЭА5001317120 дугаартай Эх үүсвэргүй аккредитив нээх гэрээ, ЗГ5001317120 дугаартай Зээлийн эрх нээх гэрээний үүрэгт нийт 866,884,766.8 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00653 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар шийдвэрлэжээ.
Уг захирамжаар нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжилсэн 866,884,766.8 төгрөгийг хариуцагч Буман ган ХХК, Ж.Баатар нар нь бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Д.Нэргүй, Б.Ганхөлөг, Тэргүүн эгнээ ХХК-иас татгалзсаныг дурдаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдах үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэжээ
Талуудын хооронд байгуулагдсан Баталгаат ипотекийн гэрээ-ний үүрэг нь Хас банк ХХК болон Буман ган ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хэрэгжүүлэх зорилгыг агуулсан нэмэгдэл үүрэг юм.
Иймээс нэхэмжлэгч Хас банк ХХК нь зээлийн гэрээний үүрэг болон барьцааны гэрээний үүргийн аль нэгийг сонгон өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь дээрх эрхийнхээ хүрээнд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг сонгон өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00653 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч,уг захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсноор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй тул нэхэмжлэгч Хас банк ХХК нь тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00653 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн биелэлтийг хангуулах замаар өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулах боломжтой байх тул барьцааны зүйлээр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн хариуцагч Буман ган ХХК болон Ж.Баатар, Д.Нэргүй, Б.Ганхөлөг, Б.Ган-Эрдэнэ нарт холбогдуулан гаргасан барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Буман ган ХХК болон Ж.Баатар, Д.Нэргүй, Б.Ганхөлөг, Б.Ган-Эрдэнэ нарт холбогдуулан гаргасан барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА