Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 867

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 20 дугаар байрны 9 тоотод оршин суух, Харнууд овогт Чойжилын Мөнхжаргал /РД:ХД63081877/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн 40, 51-т байрлах, Сити партнерс ББСБ ХХК,

 

Авто зогсоол үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжэгч Ч.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Мөнхцолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршил таун Олимпийн гудамж, 103 дугаар байрны зоорийн давхрын 65 тоот авто зогсоолыг 2011 онд 25,000,000 төгрөгөөр худалдан авч байсан.Энэхүү зогсоолоо барьцаалж, Сити партнерс ББСБ-аас 10,000,000 төгрөгийг зээлж авсан ба уг зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон Хөрөнгө эстимэйт ХХК нь миний өмчлөлийн авто зогсоолыг үнэлэхдээ 15,746,800 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маршал таунд байгаа авто зогсоолуудын одоогийн зах зээлийн ханш нь 32,900,000 төгрөг байгаа. Тиймээс миний өмчлөлийн авто зогсоолыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байна. Мөн Хөрөнгө эстимэйт ХХК нь үнэлгээ хийхдээ судалгаа, баримт дээр үндэслээгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршил таун Олимпийн гудамж, 103 дугаар байрны зоорийн давхрын 65 тоот авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/03191 дугаартай шийдвэрээр Чойжилын Мөнхжаргалаас 18,613,886 төгрөгийг гаргуулж Сити партнерс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ч.Мөнхжаргалын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040191 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж 103 дугаар байрны зоорийн давхарт байрлах 65 тоот автозогсоолыг битүүмжлэн, хураах тогтоол үйлдэж Албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаарзүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч , үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон 15,746,800 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/03191 дугаар шүүхийн шийдвэрээр иргэн Чойжил овогтой Мөнхжаргалаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэдд 18,268,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 319,490 төгрөгийн хамт гаргуулж манай Сити партнерс ББСБ ХХК-д олгохоор, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Нийслэлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж 103 дугаар байр, зоорийн давхрын 65 тоотод байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү-2206040191 дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Ч.Мөнхжаргалын гомдлын дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 304 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ганцхан удаа буюу шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 4,000,000 төгрөгийг төлсөн. Өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй манай байгууллагыг удаан хугацаанд хохироож байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн барьцааны хөрөнгийг хураан авч битүүмжилж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу төлбөр төлөгчөөс үнийн санал авахад Ч.Мөнхжаргал 35,000,000 төгрөгөөр, төлбөр авагч манай Сити партнерс ББСБ ХХК үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгө үнэлгээний Хөрөнгө-эстимэйт ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгосон баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна гэж төлбөр авагч манай байгууллага үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Ч.Мөнхжаргал нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдууланХан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж 103 дугаар байрны зоорийн давхарт байрлах 65 тоот авто зогсоол үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/03191 дугаартай шийдвэрээр хариуцагч Ч.Мөнхжаргалаас 18,268,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК-д олгож, хариуцагч Ч.Мөнхжаргал нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох хариуцагчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,Маршал таун Олимп гудамж 103 дугаар байрны зоорийн давхарт байрлах 65 тоот авто зогсоолоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 304 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Улмаар тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2018/03352 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/03191 дугаартай шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 304 дугаартай магадлалыг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 102/ГХ2018/00265 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

 

Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж 103 дугаар байрны зоорийн давхарт байрлах 65 тоот авто зогсоолыг 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдөр битүүмжлэн, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, талуудаас барьцааны зүйлийн талаар үнийн санал авахад талууд тохиролцоонд хүрээгүй тул тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгож, үнэлгээ хийлгэхээр 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Ийнхүү Хөрөнгө эстимэйт ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,Маршал таун Олимп гудамж 103 дугаар байрны зоорийн давхарт байрлах 65 тоот авто зогсоолыг15,746,800 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч байх ба үндэслэлээ... Маршал таун хотхонд адилхан хэмжээтэй, нэг байршилтай авто зогсоолууд 32,900,000 төгрөгийн үнэлгээтэй байхад зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, ... үнэлгээ гаргахдаа судалгаа, баримтад үндэслээгүй ... гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хөрөнгө эстимэйт ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн авто зогсоолыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртөгийн хандлагын арга, орлогын хандлагийн аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, судалгаа,баримтад үндэслээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Мөнхжаргалын өмчлөлийн авто зогсоолыг 15,746,800 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ч.Мөнхжаргалын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Мөнхжаргалын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж 103 дугаар байрны зоорийн давхарт байрлах 65 тоот авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА