Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/326

 

 

2022/ШЦТ/326

 

 

 

/


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эовогт Бгийн Бд холбогдох 2212000000293 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Хсуманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, металл боловсруулалт мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Х багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Э овогт Бгийн Б /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Х сумын Хбагийн нутаг дэвсгэр Х гэх газарт 2021 оны 11 дүгээр сард Б.Гтай маргалдаж, улмаар зүүн чихийг нь хазаж, зүүн чихний дэлбээний 1/3 хэсэг тасарч үгүй болсон гэмтэл, мөн газар 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Гтай маргалдаж, толгойд нь шилээр цохиж, зулайн хэсгийн хуйханд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Н гэх айлд орчихоод буцах замдаа Г ахынд орсон. Гэрт нь ороод сайн байна уу гэж мэндлээд ээжийн бие тааруу байна, ээжээс уучлалт гуйчихаач гэсэн чинь уучлалт гуйх шаардлагагүй гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд би та яагаад ядарсан хүмүүсийг дээрэлхээд байдаг юм бэ, Нн өвсийг нь хулгайлаад авчихсан байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад намайг боосон бөгөөд намайг боохоор нь би эрүү рүү нь гараараа тулсан чинь миний гарыг хазсан. Би босч ирээд Гахыг тэврээд авсан чинь бид хоёр орон дээр унасан. Орон дээр унахдаа би Гын чихийг нь хазсан. Чихийг хазчихаад тавих гэж байтал Г миний элэг рүү жийгээд би чихийг нь тас хазчихсан. 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Г ахынд уучлалт гуйх гээд орсон чинь Г ах байхгүй, эхнэр нь 7-8 хүүхэдтэйгээ хамт байсан бөгөөд би эхнэрээс нь өвөл муухай зүйл болсон, уучлаарай гээд уучлалт гуйчихаад Гах хаашаа явсан юм бэ гэж асуухад сумын төв рүү явсан гэж хэлсэн. Гахынхаас гараад гэр рүүгээ явж байтал Гах Д ахын гадаа байсан. Тэгээд Г ахаас уучлалт гуйчихаад явъя гэж бодоод Дынд орсон чинь Г ах нилээн согтуу 1 шил архи уугаад сууж байсан. Гэрт нь ороод сайн байна уу гэж мэндлээд өвөл муухай зүйл болсон, одоо хоёулаа болъё гэж хэлсэн чинь чам шиг хүүхэд намайг дээрэлхэх болоогүй гээд намайг явган сууж байсан чинь миний дээрээс  дараад авсан. Г  нь  өндөр хүн болохоор миний дээрээс дарж унахдаа зуух мөргөсөн. Би та болиоч гээд гэрээс гарсан чинь чи  миний толгой руу шилээр цохисон гээд байсан гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000293 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Гын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багт оршин суудаг юм. Б овогтой Б нь манайд 2021 оны 11 дүгээр сард шөнө 12 цагийн үед С.Нн хамт орж ирээд агсан тавьж намайг хэл амаар доромжилж толгой руу гараараа 2 удаа цохисон. Би тухайн үед эсэргүүцэл үзүүлэлгүй байж байтал миний дүү согтсон байна, одоо харьж амар гээд сугадаад босгох гэтэл намайг чи гэрээсээ намайг хөөлөө гээд намайг зодох гээд Б.Б, бид хоёр барьцалдаж аваад миний завж руу эрхий хуруугаа хийгээд намайг баруун орон дээр дарж унагаах үед би эрхий хурууг нь хазаж тавиулахад миний хоёр мөрөн дээрээс татаж байгаад зүүн талын чихийг тас хазаж гэрийн багана хуга татаж намайг дахин зодох гэж дайраад С.Н машиндаа суулгаад аваад явсан. Би гэрээсээ чихний тасархайгаа хайж олоод сумын эмнэлэг дээр ирж оёулах гэсэн боловч оёдол авахгүй гээд боолгоод гэр рүүгээ явсан. Мөн 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед Хотонт сумын Хөөвөр багийн иргэн Д гэх айлд сууж байтал Б.Б нь гаднаас орж ирж хэл амаар доромжилж агсан тавьж намайг зодох гээд дайрч барьж авч гар дээрээс хазахад Д салгаад буцаагаад тавихад ширээн дээр байсан архины шилээр толгойн орой хэсэгт хага цохиж нүүр хэсэг рүү урсах цусаа арчаад тонгойход ар дагз хэсэг рүү гараараа хүчтэй цохисон. Би нэг хэсэг ухаан балартаад хэвтэж байхад манай эхнэр ирсэн. Намайг чи миний ээжийг үх гэж хэлсэн гээд надад агсан тавьж хэрүүл, маргаан үүссэн. Б.Б, бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. 2021 оны 11 дүгээр сард намайг толгой руу 2 удаа цохисон. Мөн зүүн талын чихийг тас хазсан. 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зүүн гарын булчин хэсэгт хазаж, архины шилээр толгойн орой хэсэгт хага цохиж тонгойж цусаа гоожуулах үед гараараа ар дагз хэсэг рүү хүчтэй цохисон. Би Б.Бийг цохиж, зодсон зүйл болоогүй. 2021 оны 11 дүгээр сард намайг эрхий хуруугаараа завждаад өвдөхийн эрхэнд эрхий хурууг нь хазаж тавиулсан. Өөр зүйл болоогүй. 2021 оны 11 дүгээр сард миний зүүн талын чихийг тас хазсан, үүдэн хоёр шүд хөдөлсөн. 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр миний толгойн орой хэсэгт хагарч, зүүн гарын булчин хэсэгт хазсан, дагз хэсэгт овойж хавдсан. Би маш их гомдолтой байна. 2 дахь удаагаа зодуулсан. Мөн чих тас хазаж гоо сайхнаар хохироосон тул маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Гийн мэдүүлсэн: ...2021 оны 11 дүгээр сард манай нөхрийн эгчийнх нь хүүхэд Б.Б манайд согтуу орж ирээд агсан тавьж хэл амаар доромжилж 2 удаа цохиж авч ноцолдож байгаад гэрт орон дээр дарж унагаан чихийг нь тас хазсан. Мөн 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр согтуу орж ирээд манай нөхөр Б.Гыг асуугаад гарахаар нь би хойноос нь Гыг зодчих вий гэж бодоод араас нь Дын гэрт явганаар очиход манай нөхөр Б.Г толгойноос нь цус гарсан Дын гэрийн баруун талд ухаангүй хэвтэж байсан. Хажууд нь Б.Б хараад зогсож байсан. Тэгээд Б.Бийн эхнэрийг нь би утсаар дуудаад эхнэр нь ирээд Б.Бийг авч явсан. Б.Б нь согтуу ирэх болгондоо агсан тавьж хэл амаар доромжилж, хэдэн малыг чинь үгүй хийнэ, гуйлгачин болгоно гэж дарамталдаг. 2021 оны 11 дүгээр сард манайд орж ирж маргалдахдаа чи манай ээжийг үх гэж хэллээ гээд агсан тавьж манай нөхөр Б.Гыг зодож чихийг нь тас хазсан. 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр юунаас болж маргалдаж манай нөхөр Б.Гыг зодсон талаар би байхгүй байсан учир мэдээгүй. 2021 оны 11 дүгээр сард гараараа толгой хэсэгт 2 удаа цохиж, зүүн талын чихийг нь тас хазсан. 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би зодох үед нь байгаагүй. Дараа нь очиход толгойноос нь цус гарсан, ухаангүй хэвтэж байсан. Манай нөхөр Б.Г нь Б.Бийг цохиж, зодсон асуудал болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Нн мэдүүлсэн: ...Би 2021 оны 11 дүгээр сарын хэдэн байсныг санахгүй байна, Б.Б манайд мотоцикльтой согтуу ирээд мотоцикль нь асахгүй байсан учир би гэр рүү нь хүргэж өгөх гээд өөрийнхөө машинтай явж байхад Б.Гын хажуугаар гарах гэтэл Б.Б нь Б.Гын гэрт нь орно гээд гэрт ороод хууч хөөрч сууж байгаад маргалдаад Б.Б нь та манай аав, ээж хоёрт агсан тавьсан гээд маргалдаад би сугадаад явъя гэтэл би хөл муутай учир дийлээгүй. Би гадаа гараад Б.Бийн эхнэр рүү нь утсаар залгахад утас холбогдохгүй байсан бөгөөд би буцаж ороод Б.Бийг аваад гэрт нь хүргэж өгсөн. Би Б.Г ахтай уулзах ажилтай гээд гэрт нь орсон. Б.Б нь Б.Гыг та манай ээж, аав хоёрт агсан тавьсан гээд маргалдаж эхэлсэн. Б.Б нь дээлийнхээ нударгаар 2 удаа ороолгоод барьцалдаж аваад баруун талын орон дээр нь ноцолдоод байсан. Тэгээд би салгах гээд дийлэхгүй, гадаа гараад Б.Бийн эхнэрийн утас руу залгахад холбогдохгүй байсан. Би тухайн үед гадаа байсан учир юу болсон талаар мэдээгүй. Би буцаж Б.Гын гэрт ороод Б.Бийг аваад гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед зүүн талын орон дээр ноцолдоод байсан бөгөөд эрхий хурууг нь хазсан гэж ярьж байсан. Намайг тухайн шөнө Б.Гын гэрт ороход Б.Гын чих зүгээр байсан. Б.Б, Б.Г нар зүүн талын орон дээр ноцолдоод байсан. Тухайн үед Б.Гын чихийг Б.Б хазсан талаар би мэдээгүй. Б.Бийг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад явж байхад Б.Г миний чихийг Б.Б тас хазсан, би төв рүү явж чихээ оёулах гэж байна гэж хэлэхэд нь чихийг нь хазсан талаар мэдсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Бийн мэдүүлсэн: ...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би чихийг нь хазсан. Харин толгойг нь хагалаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 324 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Гын биед зулай хэсгийн хуйханд шарх, зүүн бугалганы дотор дээд хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбээний 1/3 хэсэг тасарч үгүй болсон гэмтэл тогтоогдлоо. 2. Хуйхны шарх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, зүүн бугалганы дотор дунд хэсгийн дугариг цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой, зүүн чихний дэлбээний дээд 1/3 хэсэг тасарч үгүй болсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болохоос өмнө үүссэн хуучин гэмтэл байна. 3. Зулай хэсгийн хуйханд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн бугалганы дотор дунд хэсгийн дугариг цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Зүүн чихний дэлбээний 1/3 хэсэг тасарч үгүй болсон гэмтэл нь учирсан тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын Дөрөв.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн Наймын 38-1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/хх-ийн 18-19 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 67-68 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Х сумын Х багийн нутаг дэвсгэр Хгэх газарт Б.Г 2021 оны 11 дүгээр сард бусдад зүүн чихээ тас хазуулж, зүүн чихний дэлбээний 1/3 хэсэг тасарч үгүй болсон гэмтэл, мөн 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бусдад толгойдоо шилээр цохилж зулайн хэсгийн хуйханд шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь А аймгийн Х сумын Х багийн нутаг дэвсгэр Хгэх газарт 2021 оны 11 дүгээр сард Б.Гтай маргалдаж, улмаар зүүн чихийг нь хазаж, зүүн чихний дэлбээний 1/3 хэсэг тасарч үгүй болсон гэмтэл, мөн газар Дын гэрт 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Гтай маргалдаж, толгойд нь шилээр цохиж, зулайн хэсгийн хуйханд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Б.Гын мэдүүлсэн “Би А аймгийн Х сумын Х багт оршин суудаг юм. Б овогтой Б нь манайд 2021 оны 11 дүгээр сард шөнө 12 цагийн үед С.Нн хамт орж ирээд агсан тавьж намайг хэл амаар доромжилж толгой руу гараараа 2 удаа цохисон. Би тухайн үед эсэргүүцэл үзүүлэлгүй байж байтал миний дүү согтсон байна, одоо харьж амар гээд сугадаад босгох гэтэл намайг чи гэрээсээ хөөлөө гээд намайг зодох гээд Б.Б, бид хоёр барьцалдаж аваад миний завж руу эрхий хуруугаа хийгээд намайг баруун орон дээр дарж унагаах үед би эрхий хурууг нь хазаж тавиулахад миний хоёр мөрөн дээрээс татаж байгаад зүүн талын чихийг тас хазаж гэрийн багана хуга татаж намайг дахин зодох гэж дайраад С.Н машиндаа суулгаад аваад явсан. Мөн 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед Хотонт сумын Хөөвөр багийн иргэн Д гэх айлд сууж байтал Б.Б нь гаднаас орж ирж хэл амаар доромжилж агсан тавьж намайг зодох гээд дайрч барьж авч гар дээрээс хазахад Д салгаад буцаагаад тавихад ширээн дээр байсан архины шилээр толгойн орой хэсэгт хага цохиж нүүр хэсэг рүү урсах цусаа арчаад тонгойход ар дагз хэсэг рүү гараараа хүчтэй цохисон. 2021 оны 11 дүгээр сард миний зүүн талын чихийг тас хазсан, үүдэн хоёр шүд хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

гэрч Ц.Гийн мэдүүлсэн “2021 оны 11 дүгээр сард манай нөхрийн эгчийнх нь хүүхэд Б.Б манайд согтуу орж ирээд агсан тавьж хэл амаар доромжилж 2 удаа цохиж авч ноцолдож байгаад гэрт орон дээр дарж унагаан чихийг нь тас хазсан. Мөн 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөн согтуу орж ирээд манай нөхөр Б.Гыг асуугаад гарахаар нь би хойноос нь Гыг зодчих вий гэж бодоод араас нь Дын гэрт явганаар очиход манай нөхөр Б.Г толгойноос нь цус гарсан Дын гэрийн баруун талд ухаангүй хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

гэрч С.Нн мэдүүлсэн “Б.Б нь Б.Гын гэрт орно гээд гэрт ороод хууч хөөрч сууж байгаад маргалдаад Б.Б нь та манай аав, ээж хоёрт агсан тавьсан гээд маргалдаад би сугадаад явъя гэтэл би хөл муутай учир дийлээгүй. Б.Б нь дээлийнхээ нударгаар 2 удаа ороолгоод барьцалдаж аваад баруун талын орон дээр нь ноцолдоод байсан. Тухайн үед зүүн талын орон дээр ноцолдоод байсан бөгөөд эрхий хурууг нь хазсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/,

хохирогч Б.Гын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 324 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б нь гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.Б нь А аймгийн Х сумын Х багийн нутаг дэвсгэр Х гэх газарт 2021 оны 11 дүгээр сард Б.Гтай маргалдаж, улмаар зүүн чихийг нь хазсан, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.Гтай маргалдаж, толгойд нь шилээр цохиж, гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

        Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон        

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эовогт Бгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.АЛТАНЦЭЦЭГ