Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/327

 

 

                           2022/ШЦТ/327

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгч: Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бийн Дт холбогдох 2212000000392 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Ааймгийн Ж суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Жсумын З багийн Ц гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Бийн Д /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А аймгийн Жсумын З багийн Б гэх газраас хууль бусаар 1.5 метрийн урттай, 20 ширхэг буюу 1.3286 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 235.872 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000392 дугаартай эрүүгийн хэргээс

 

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Бын мэдүүлсэн: ...Архангай аймгийн Жаргалант сумын иргэн Б.Д нь Зуслан багийн Булагт гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна гэж бодож байна. Санал, хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн: ...Би мэднэ. Зуслан гэх газар Жаргалант сумын Зуслан багийн нутаг дэвсгэрт харъяалагддаг нэг уулыг Булагт гэж нэрлэдэг юм. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Улс аймаг сум орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээлэл, тогтоол, шийдвэр нь сумын газрын даамал, бид хоёр дээр байдаг болохоор би сайн мэднэ. 1. Сум орон нутгийн тусгай хамгаалалттай газарт Баянцагаан багийн Шар ширэнгэ, Өндөр ганц хушт, Баян-Уул, Бөртэ гуя гэх газрууд орно. 2. Аймгийн тусгай хамгаалалттай газарт Асайт багийн Пэрлэйлхүндэв, Баянцагаан багийн Дулаан хан уул, Хоолт багийн Төрийн магнай зэрэг газрууд тус тус ордог юм. Зуслан багийн Булагт гэх газар ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Иргэн ой мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авч, ойд огтлолт хийж, босоо мод унагахгүй, цэвэрлэгээний ажлаар гишүү, унанги модноос бэлтгэнэ. 2022 онд Зуслан багийн Бор бургас гэх газар талбай тусгаарлалт хийсэн газарт орохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Эгийн мэдүүлсэн: ...Д гэх хүн надаас галын түлээний мод бэлтгэх эрхийг бичиг аваагүй. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Иргэн мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийг бичиг авч, ойд огтлолт хийж босоо мод унагахгүй, цэвэрлэгээний ажлаар гишүү, унанги модноос бэлтгэнэ. 2022 онд Зуслан багийн Бор бургас гэх газар талбай тусгаарлалт хийсэн. Зуслан багийн Булагт гэх газар 2022 онд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийсэн газарт орохгүй. Иргэн ойд хэрэглээний мод бэлтгэхдээ босоо мод унагахгүй, цэвэрлэгээний ажлаар гишүү унанги модноос бэлтгэнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Дийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11, 15-16, 20, 25 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-08, 17-19, 22-24хуу/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 21 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 74 хуу/

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 тоот экологи эдийн засгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32 хуу/

 “Дамно” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн АА-22-96 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-45 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн АЦ22-140 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-50 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 90 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 97 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 101-102 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ааймгийн Ж сумын З багийн Булагт гэх газраас хууль бусаар 1.5 метрийн урттай, 20 ширхэг буюу 1.3286 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 235.872 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А аймгийн Ж сумын Збагийн Б гэх газраас хууль бусаар 1.5 метрийн урттай, 20 ширхэг буюу 1.3286 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж тээвэрлэн, ойн санд 235.872 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

            иргэний нэхэмжлэгч Ж.Бын мэдүүлсэн “Архангай аймгийн Жаргалант сумын иргэн Б.Д нь Зуслан багийн Булагт гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,

гэрч Д.Бын мэдүүлсэн “Зуслан багийн Булагт гэх газар ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Иргэн ой мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авч, ойд огтлолт хийж, босоо мод унагахгүй, цэвэрлэгээний ажлаар гишүү, унанги модноос бэлтгэнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,  

гэрч Л.Эгийн мэдүүлсэн “Д гэх хүн надаас галын түлээний мод бэлтгэх эрхийг бичиг аваагүй. Иргэн мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийг бичиг авч, ойд огтлолт хийж босоо мод унагахгүй, цэвэрлэгээний ажлаар гишүү, унанги модноос бэлтгэнэ. 2022 онд Зуслан багийн Бор бургас гэх газар талбай тусгаарлалт хийсэн. Зуслан багийн Булагт гэх газар 2022 онд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийсэн газарт орохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,  

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Б.Дийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 86-87/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11, 15-16, 20, 25/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-08, 17-19, 22-24/, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 тоот экологи эдийн засгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Д нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Д нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч Б.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

                                                                                                                                                                                           Шүүгдэгч Б.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 235.872 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /235.872*3=707.616 /долоон зуун долоо мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаар шүүгдэгчээс 707.616 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 97 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Дийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 7.938.794 төгрөгийн үнэлгээ бүхий 11-32 АРХ улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашин буюу түүний үнэнээс 707.616 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 7.231.178 төгрөг, 215.744 төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 метрийн урттай, 20 ширхэг буюу 1.3286 м3 шинэс төрлийн мод, 92.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.  

            Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Дийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Дийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт Бийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дээс 707.616 /долоон зуун долоо мянга зургаан зуун арван зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 97 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Дийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 7.938.794 төгрөгийн үнэлгээ бүхий 11-32 АРХ улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашин буюу түүний үнэнээс 707.616 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 7.231.178 төгрөг, 215.744 төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 метрийн урттай, 20 ширхэг буюу 1.3286 м3 шинэс төрлийн мод, 92.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

     

             7. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ