Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/284

 

 

2022/ШЦТ/284

 

 

 

/


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: С.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Говогт Сын Ат холбогдох 2212000000299 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Ц багийн .. гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Говогт Сын Ат /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Гялаан гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Хадлангийн газар малаа идүүллээ” гэх шалтгаанаар хохирогч Д.Бтой маргалдаж, улмаар түүний цавь орчим нь өшиглөж, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Д.Б гээд байгаа хүн бид нарыг бүгдийг нь буудаж ална гээд байгаа юм. Ямар учраас бид нарыг буудаж ална гээд байгааг би мэдэхгүй байна. Тэр асуудлын учрыг олох гэж би цагдаад өргөдөл өгсөн. Эхнэрээ нас барвал бид нарыг буудаж ална гээд байгаа юм. Эхнэр нь надтай ах, дүү хоёрын хүүхэд байгаа юм. Эхнэр нь харвасан бие муутай хүн байдаг, өмнө жил бас буудаж ална гэж байсан. Энэ жил гэр барьж байхад бас ирээд буудаж ална гээд орилсон. Тэгээд би хэрэлдэж байгаад өшиглөчихсөн юм. Ямар учраас бид нарыг буудаж ална гэж заналхийлээд байдаг талаар мэдэхгүй байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000299 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бын мэдүүлсэн: ...Би танина. Манай хадам ах байгаа юм. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн өвөлжөөн дээр хүүгийн хамт юм хийх гээд явж байх замд М.С нь нүүж ирээд бүх малаа хадлангийн талбайд оруулсан байхаар нь би гэрийнх нь гадаа очоод би н.С, С.А нарт хандан хадлангийн талбайгаас малаа аваач, би хадлан тэжээлээ авмаар байна гэж хэлсэн чинь та энэ айлуудын малыг хэлчихээд бид хоёрт хэлэхгүй яасан юм гэж хуцаад байсан. Би та хоёрт өнгөрсөн жил хэлсэн биз дээ, өвс тэжээлээ авсан хойно та нар хаана ч буусан хамаа алга гэж хэлсэн чинь С.А нь төмсгийг чинь зад өшиглөнө шүү гээд миний төмсөг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд гэрээс М.С нь гарч ирээд миний гараас бариад намайг зод, надтай ярь чи гээд байхаар нь би тантай өнгөрсөн жил хэлдгээ хэлсэн, одоо тантай ярих юм байхгүй гэж хэлсэн. М.С нь миний гараас бариад байж байхад С.А нь дахин миний төмсгийг нь зад өшиглөнө гээд өшиглөсөн. Тэгэхээр нь би хүүдээ хандан явъя гэж хэлээд явсан. Тухайн үед би 2 лоом, цахилгаан хөрөө аваад явж байсан. Би хэрүүл, маргаан өс хонзон санаж очсон бол лоомоор хэн нэгнийг нь цохичих байсан. Би тэгж зодож, цохих үйлдэл хийгээгүй. 2021 оны 08 дугаар сарын үед С.А нь манай гэрийн гадаа машинтай согтуу ирээд манай 2 хүүхдэд агсан тавьж байхаар нь би ороод С.Ат хандан чи харанхуй шөнө согтуу ирж агсан тавиад гэж хэлсэн чинь намайг зодох гэж дайрсан. Тэгээд байж байхад манай эхнэр охинтойгоо ороод ирсэн юм. Манай эхнэр тархины хагалгаанд ороод сар болж байх үед ирж агсан тавьсан. Тэр үед нь би бухимдаад энэ хүн амарч байх байтал чамаас болж амарч чадахгүй байна, ямар нэг юм болох юм бол чамайг буудаж ална гэж хэлсэн байсан юм. Харин сая бол буудна гэж хэлээгүй. Харин манай эхнэр ямар нэг юм болох юм бол та нартай тооцоотой шүү, сум орон нутагт хэлнэ шүү гэж хэлсэн. Тэрнээс би буудаж ална гэж бол хэлээгүй. Би тэгж хүн буудаж алах хүн биш. Би хэнийг ч цохиж, зодоогүй. Би цохих үйлдэл хийгээгүй. Харин С.А нь намайг төмсгийг чинь зад өшиглөнө гээд 2 удаа миний төмсөгт өшиглөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би Тоз-8 маркийн галт зэвсэг, орос винтов маркийн галт зэвсэг эзэмшдэг байсан. Би Тоз-8 маркийн галт зэвсгээ муудаад буудлага үйлдэх боломжгүй болохоор нь замгийг н.Цгэх залууд өгөөд 2 жил болж байна. Харин гол төмөр нь өвөлжөө хаваржаагаар явж байгаад үгүй болсон. Винтов буугаа Улаанбаатар хот руу энэ оны 07 дугаар сард н.С гэх хүнд 1.800.000. төгрөгөөр зарсан боловч 800.000 төгрөгөө авч чадаагүй байна. Энэ 2 буу бүртгэлгүй байсан. Тийм асуудал байхгүй. Ямар ч тийм асуудал байхгүй. Амар мэнд мэдээд явдаг, хүргэн, хадам хүмүүс байгаа юм. М.Стой хэрүүл, маргаан хийгээгүй. Харин С.А, н.С нартай хадлангийн талбайд мал оруулсан байхаар нь очиж хэлсэн бөгөөд хэрүүл, маргаан болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лийн мэдүүлсэн: ...Манай аав Д.Б бид 2 мотоцикльтой өвөлжөөний хашаа янзлах гээд явж байхад М.Сын мал нь хадлангийн талбайд орсон байхаар нь бид 2 гэрт нь очоод манай аав С.А, н.С нарт хандан хадлангийн талбайд үхрээ яагаад оруулсан юм бэ, малаа хадлангийн талбайгаас гарга, С.А нь яадаг юм, наад айлуудынхаа үхрийг гаргачих тэгвэл би гаргана гэж хэлээд хэрүүл, маргаан хийж эхэлсэн чинь хуц, солиор гээд хэрэлдэж байгаад С.А нь манай аавын төмсөг руу нэг удаа цохисон. Тэгээд аав М.С нь гарч ирээд манай аавын гараас бариад байж байхад нь хэрүүл хийж С.А нь манай аавын төмсөг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд салаад би аавыг аваад явсан. Манай аав бид 2 хашаа янзлах гэж явж байсан болохоор аав гартаа лоом барьсан байсан. Тэр лоомоороо хэнийг ч цохих гэж үйлдэл хийгээгүй. Харин С.А нь манай аавын төмсөг рүү 2 удаа өшиглөсөн. Өөр зодоон, цохион болоогүй. Хадлангийн талбайд мал оруулсан гэж хэрүүл, маргаан хийсэн юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бын мэдүүлсэн: ...Тухайн өдөр манайхан нүүдэл хийж би гэртээ нөхөртэйгөө юм хийж байхад гадаа хүн хэрүүл, маргаан хийж байгаа чимээ гарсан бөгөөд манай нөхөр гарсан. Би араас нь гараад ирсэн чинь Д.Б манай 2 хүүтэй хэрүүл хийж байсан. Миний харснаар Д.Б нь лоом барьсан зогсож байсан. Би лоомоороо хүн цохичих юм биш биз дээ гэж бодоод байж байхад манай нөхөр Д.Бын лоомтой гараас нь барьсан. Тэгээд хэрүүлийг нь сонсоход манай нөхөр М.С дунд нь ороод Д.Бод хандан чи яагаад байгаа юм, тэгж болдоггүй юм гэж хэлж байсан. Тэгээд Д.Б явахдаа буудна гэж хэлээд явахыг нь би сонссон. Өөр зүйл болоогүй. Д.Б нь хэн нэгнийг цохиж, зодоогүй. Лоом барьсан байхаар нь би цохичих вий дээ гэж бодож байсан. Харин лоомоороо цохих оролдлого хийгээгүй. Манай нөхөр бас гараас нь барьсан зогсож байсан. Харин манай хүү Быг салтаа руу нь нэг өшиглөсөн бөгөөд тэгэхээр нь би очоод хүүгээ бариад авсан. Өөр зодоон, цохион болоогүй. Хадлангийн талбайд мал оруулсан гэж хэрүүл, маргаан хийсэн юм байна лээ...гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Тын мэдүүлсэн: ...Тухайн өдөр С.А, М.С, н.С болон манайхан нүүдэл хийж намаржаандаа Гялаан гэх газар бөөндөө бууцгаасан. Тэгээд гэр барьчихаад байж байтал мотоцикль дуугараад хүн ирэх шиг болсон чинь удалгүй та нарыг ална, буудна гээд хүн орилоод байхаар нь гараад хартал Д.Б, хүү Б.Лтойгоо ирчихсэн, лоом барьчихсан байсан бөгөөд лоом барьчихсан гарыг нь М.С барьчихсан, Бүжээ эгч С.Аийг барьчихсан зогсож байсан. Тэгээд Д.Б явахдаа би эхнэрээ үхэх юм бол та нарыг бүгдийг чинь буудаж ална гэж орилоод явсан. Тухайн үед юунаас болсныг нь мэдээгүй. Сүүлд нь манай хүүхдүүд Д.Б ах та нар намайг дээрэлхээд байна уу гээд байсан гэхээр нь хадлангийн талбай дээр ирж буулаа малаа авчирлаа гэж хэрүүл хийсэн юм байна гэж ойлгосон. Зодоон, цохион болсон эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Манайх М6С гэх айлтай 10 гаруй жил айл саахалт амьдарч байна. М.С ах, Бүжээ эгч, н.С, н.Бадамаа, С.А, Ч.Өгэх хүмүүс байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Сын мэдүүлсэн: ...Манайх 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Гялаан гэх газарт очиж гэрээ бариад дуусч байтал гэрийн гадна хүмүүс чанга, чанга дуугаар хэрүүл хийгээд байгаа бололтой байсан. Тэгээд би юу болж байгаа юм бол гэж бодоод гарсан чинь Д.Б гэрийн гадна мотоцикльтойгоо ирчихсэн манай хоёр хүүхэдтэй хэрүүл хийгээд бэлчээр идлээ гээд байсан. Тэгээд би юу болоод байгаа юм, ярих юм байгаа бол надтай ярь гэж Д.Бод хандаж хэлсэн чинь тантай ярих зүйл байхгүй гээд Д.Бтой хэрүүл хийгээд буудаж ална гэсэн зүйл яриад байсан чинь Д.Б руу С.А гүйж очоод өшиглөсөн чинь хий өшиглөсөн. Тэгээд дахиад нэг өшиглөсөн чинь Д.Б ёо, ёо гээд салтаагаа бариад хойш ухарсан. Тухайн үед Д.Б төмөр лоом барьчихсан байсан учраас цохичих вий гэж бодоод очоод лоомноос нь бариад авсан. Би С.Аийг яаж байгаа юм, чиний буруу болдог юм гэж хэлсэн. Манай эхнэр С.Аийг бариад холдуулсан. Тэгээд С.Атай хэрүүл хийгээд Д.Б яваад өгсөн юм. Болсон зүйл ердөө л энэ юм. Тухайн үед Ч.Өал, С.Б, С.Т буюу Ж, Б.Л нар байсан юм. Д.Б нь буу авчирч хэрүүл, маргаан хийсэн зүйл байхгүй. Хэл амаар хэрүүл хийх үедээ буудна гэдэг үг хэллэг хэлдэг юм. Энэ үйлдэл нь хэрүүл, маргааны улмаас хэлсэн үг юм. Бид нарын хооронд ямар нэгэн тийм зүйл байхгүй. Манай хүргэн хүн байгаа юм. 2021 оноос хойш бэлчээрийн маргаан хийгээд байдаг болсон юм. Би Д.Бод байгаа бууг хэсгийн төлөөлөгчөөр үнэхээр бүртгэлтэй, зөвшөөрөлтэй буу эзэмших эрхтэй хүн мөн эсэхийг шалгуулна. Надад энэ асуудлын талаар санал, хүсэлт байхгүй. Насанд хүрсэн хүмүүс учир зүйгээ олох байх гэж бодож байна. Д.Б нь С.Аийг зодож, цохисон зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 71-72 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Аийн мэдүүлсэн: ...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Өмгөөлөгч сонгон аваагүй. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би эмчилгээний бодит зардал, хохирлыг барагдуулах болно. Мөн би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би Бын салтаа руу өшиглөж гэмтэл учруулсан нь үнэн. Гэм буруугаа хүлээж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 354 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Бын биед зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Уг гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт/хх-ийн 31-32 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч С.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Гялаан гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Д.Б нь цавь орчимдоо бусдад өшиглүүлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.А үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Д.Бын мэдүүлсэн “Би та хоёрт өнгөрсөн жил хэлсэн биз дээ, өвс тэжээлээ авсан хойно та нар хаана ч буусан хамаа алга гэж хэлсэн чинь С.А нь төмсгийг чинь зад өшиглөнө шүү гээд миний төмсөг рүү нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/, гэрч Б.Лийн мэдүүлсэн “Манай аав Д.Б бид 2 мотоцикльтой өвөлжөөний хашаа янзлах гээд явж байхад М.Сын мал нь хадлангийн талбайд орсон байхаар нь бид 2 гэрт нь очоод манай аав С.А, н.С нарт хандан хадлангийн талбайд үхрээ яагаад оруулсан юм бэ, малаа хадлангийн талбайгаас гарга, С.А нь яадаг юм, наад айлуудынхаа үхрийг гаргачих тэгвэл би гаргана гэж хэлээд хэрүүл, маргаан хийж эхэлсэн С.А нь манай аавын төмсөг руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/, гэрч С.Бын мэдүүлсэн “Харин манай хүү Д.Быг салтаа руу нь нэг өшиглөсөн бөгөөд тэгэхээр нь би очоод хүүгээ бариад авсан” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21/, гэрч С.Тын мэдүүлсэн “Удалгүй та нарыг ална, буудна гээд хүн орилоод байхаар нь гараад хартал Д.Б, хүү Б.Лтойгоо ирчихсэн, лоом барьчихсан байсан бөгөөд лоом барьчихсан гарыг нь М.С барьчихсан, Бүжээ эгч С.Аийг барьчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25/, гэрч М.Сын мэдүүлсэн  “...Тэгээд би юу болоод байгаа юм, ярих юм байгаа бол надтай ярь гэж Д.Бод хандаж хэлсэн чинь тантай ярих зүйл байхгүй гээд Д.Бтой хэрүүл хийгээд буудаж ална гэсэн зүйл яриад байсан чинь Д.Б руу С.А гүйж очоод өшиглөсөн чинь хий өшиглөсөн. Тэгээд дахиад нэг өшиглөсөн чинь Д.Б ёо, ёо гээд салтаагаа бариад хойш ухарсан” гэх мэдүүлэг/хх-ийн 71-72/, хохирогч Д.Бын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 354 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.А нь хохирогчийн эрүүл мэндэд зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 700.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч С.Аийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйu дурдаж шийдвэрлэв.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч С.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон        

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Говогт Сын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ГАНДОЛГОР