Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар   2022/ШЦТ/280

 

 

 

                                         2022/ШЦТ/280

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бы Бд холбогдох 2212000000314 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Жарантай гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бы Б /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн нутаг Мандал гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Бын 1 тооны үхрийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Эрүүгийн 2212000000314 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн:

 

* Хохирогч Ц.Бын мэдүүлсэн: ...Манайх үхрээ хааяа нэг бүртгэдэг юм. Саяхан бүртгэхэд 1 тооны үхэр байхгүй байсан бөгөөд тэгээд цагдаад мэдэгдсэн юм. Хөх халзан зүмийн баруун талын чих нь араасаа ухам имтэй, шүдлэн насны сарлагийн охин үхэр байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би хулгайд алдсан үхрээ 700.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

 

* Гэрч Т.Бгийн мэдүүлсэн: ...Манайх үхрээ хааяа нэг бүртгэдэг юм. Манай үхрүүд байнга уулаар бэлчдэг юм. Манай нөхөр Б саяхан үхрээ бүртгэхэд 1 тооны үхэр байхгүй байна гэж байсан. Хөх халзан зүмийн баруун талын чих нь араасаа ухам имтэй, шүдлэн насны сарлагийн охин үхэр байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/

 

* Гэрч Т.Ггийн мэдүүлсэн: ...Б, Б нарынх хоорондоо 2 км орчим зайтай бөгөөд үхэр мал нь байнга шахуу хоорондоо нийлдэг. Б миний мэдэхээр даруу төлөв, зантай, томоотой хүүхэд байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/

 

* Гэрч Г.Мын мэдүүлсэн: ... Б, Б нарынх хоорондоо 2 км орчим зайтай нутагладаг. Манай энэ хавь өндөр уулархаг газар учир малын бэлчээр багатай болохоор манайхны үхэр сүрэг байнга шахуу нийлж байдаг. Б нь үг дуу цөөтэй, даруухан залуу байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/

 

* Гэрч Ц.Жы мэдүүлсэн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Бийг малдаа явж байхыг нь харсан. Гэрт нь хэн байсныг мэдээгүй. Тэгээд маргааш өглөө нь машин нь болон өөрөө харагдахгүй байсан. Б мал нядалсан эсэх талаар би мэдэхгүй байна.  Б, Б нарынх хоорондоо 1 км орчим зайтай нутагладаг бөгөөд үхэр мал нь бэлчээрээр байнга нийлдэг. Би Бын алдсан үхрийг мэднэ. Баруун талын чих нь араасаа ухам имтэй үхрүүд байдаг. Б нь даруу төлөв зантай, ажилсаг залуу байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/

 

* Гэрч С.Тгийн мэдүүлсэн: ...Б 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үхэртээ яваад орой нь үхрээ туугаад ирж яваа харагдаж байсан. Б гэртээ ганцаараа байгаа бололтой харагдаж байсан. Харин маргааш өглөө нь намайг босоход машин нь харагдахгүй, гэр нь хүнгүй байгаа бололтой харагдаж байсан. Б ойрын өдрүүдэд үхэр мал нядалсан эсэх талаар би мэдэхгүй байна. Үхэр мал нядалж байгаа зүйл мэдэгдээгүй. Б миний мэдэхээр даруу төлөв зантай, хүнд тусархаг хүү харагдаж байдаг. Б, Б нарынх хоорондоо 2 км орчим зайтай нутагладаг. Үхэр мал нь бэлчээрээр нийлдэг. Б гэх айлын үхрийн им тэмдгийг мэдэхгүй байна. Миний мэдэхээр тэдний тугалтай үхэр нь гэрийнхээ ойролцоо, бусад үхэр нь энэ хавийн уул хадаар залаастай бэлчээрлэж байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/

 

* Гэрч Ш.Гын мэдүүлсэн: ...2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б гэртээ ганцаараа байсан. Тэгээд орой нь би эхнэр, хүүхдийн хамт мотоцикльтой малд явж байгаад 21 цагийн үед гэр рүүгээ явж байхад гэрийн хойд зүгт 400 орчим метр зайд байх өвөлжөөний урд талд гэрэл гарч байхаар нь яваад очтол Б үхэр гаргаж дуусаад өөрийнхөө Мазда маркийн автомашинд ачих гэж байсан. Тэгээд би юун үхэр юм гэсэн чинь үхэр хурааж байгаад чулуугаар цохичихсон чинь татаад байхаар нь гаргачихлаа гэж хэлсэн. Тэгээд би хүүхэд даараад байна гэхээр нь би гэр рүүгээ явсан. Хөх зүсмийн үхэр харагдаж байсан. Би өөр зүйл анзаараагүй. Би хэний үхэр юм гэж асуугаагүй. Би өөрийнх нь үхэр юм байх гэж бодсон. Б, Б нарынх хоорондоо 1.5 км орчим зайтай нутагладаг. Тэдний хоёрын үхэр бэлчээрээрээ нийлдэг. Бын үхэр баруун чих нь араасаа ухам имтэй. Б даруу төлөв зантай, хүнд тусархаг залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 52-56 хуу/

 

* Гэрч Ц.Сийн мэдүүлсэн: ...2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орой би нөхөр, хүүхдийн хамт мотоцикльтой малд явж байгаад ирж явах замдаа гэрийн хойд зүгт 400 орчим метр зайтай өвөлжөөний хажууд Б үхэр нядалж байхыг харсан. Бид яваад очсон чинь үхэр хурааж байгаад чулуу шидсэн чинь нэг үхэр оноод тэгээд татаад унаад байхаар нь нядалчихлаа гэж байсан. Тэгээд хүүхэд даараад гээд бид гурав гэртээ ирсэн. Өглөө нь Бгэртээ байхгүй байсан. Би өөрийнх нь үхэр юм байх гэж бодоод асуугаагүй. Ямар зүсмийн үхэр байсныг анзаараагүй. Б, Б нарынх хоорондоо 1.5 км орчим зайтай нутагладаг. Тэдний хоёрын үхэр, мал хааяа нийлчихсэн байдаг юм. Б нь хүнд тусархаг, даруухан, томоотой залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 58-61 хуу/

 

* Гэрч Б.Нгийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн төвд байсан. Б ах манай хоёрынх нэг жижиг уулын хойд, урд хоёр ойролцоогоор 1.5 км орчим зайтай нутагладаг. Б ах манай хоёрын үхэр мал бэлчээрээр хааяа нийлдэг. Би мэдэхгүй байна. Архангай аймгийн төв рүү ороод нилээд удсан...гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 хуу/

 

  * Яллагдагч Б.Бийн мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Жарантай гэх газарт ганц гэрээр намаржиж байгаа юм. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би гэртээ ганцаараа байсан бөгөөд манай эхнэр Архангай аймгийн төвд хоёр хүүхэд сургуульд байгаа учраас аймаг руу орчихсон байсан. Тухайн орой үхрээ хурааж байгаад гэрийнхээ ард өвөлжөөний хашааны хажуухан явж байгаад нэг чулуу аваад шидсэн чинь хөх халзан зүсмийн шүдлэн үхрийг оносон. Тэгээд тухайн үхэр газар 4 хөл нь сарвайгаад унасан бөгөөд би яваад очсон чинь манай үхэр биш байсан. Үхэр огт босохгүй байхаар нь айгаад гэрээсээ очиж хутга авч ирээд цээж хэсэг рүү нь хатгаад цусалж алсан. Намайг үхэр янзалж байхад манай хамаатны ах Г, эхнэртэйгээ ирээд явсан. Би үхрээ янзалж дуусаад машинаа очиж авч ирээд махаа жаахан сэврээж байгаад мах, арьс, гэдэс, дотрыг нь машиндаа ачаад Архангай аймгийн төв рүү явсан. Тэгээд шөнөжингөө яваад 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө 10 цагийн үед Халзангийн даваан дээр Булган сумын хэсгийн төлөөлөгчид баригдсан юм. Би тухайн үхэр босохгүй болохоор нь нядалсан юм. Үхэр сүргээ эргүүлэх гэж чулуу шидсэн бөгөөд алах гэж шидээгүй. Үхэр нэгэнт босохгүй байсан учраас нядлаад махыг нь Архангай аймгийн зах руу оруулж зарах зорилготой нядалж машиндаа ачсан юм. Тухайн үед би үхэр сүргээ явган тууж явсан. Манай өвөлжөөний байр манай гэртэй ойрхон. Манай үхэр сүрэг гэрийн хойд талд ойрхон байсан учраас би явган явсан юм. Манай үхэрт нийлээд 3 хонож байсан юм. Тухайн үед хэний үхэр гэдгийг би мэдээгүй. Үхэр нядалсны дараа манайхтай ойролцоо байдаг Бын эзэмшлийн үхэр гэдгийг мэдсэн юм. Манай хоёрын үхэр бэлчээр нэг учраас зарим үед нийлчихдэг юм. Би хохирлыг барагдуулсан бөгөөд бэлэн 700.000 төгрөг өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуу/

 

* Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11-12, 15-16 хуу/

* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13, 17, 21, 30, 32, 67 хуу/

* Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 18-20 хуу/

* Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-29 хуу/

* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31, 66 хуу/

* 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 87  дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73 хуу/

* 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76 хуу/

* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн нутаг Мандал гэх газраас хохирогч Ц.Бын 1 тооны үхэр хулгайд алдагдаж, түүнд 690.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Ц.Бын мэдүүлсэн “...Саяхан бүртгэхэд 1 тооны үхэр байхгүй байсан бөгөөд тэгээд цагдаад мэдэгдсэн юм. Хөх халзан зүмийн баруун талын чих нь араасаа ухам имтэй, шүдлэн насны сарлагийн охин үхэр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/, гэрч Т.Бгийн мэдүүлсэн “...Манай нөхөр Ц.Б саяхан үхрээ бүртгэхэд 1 тооны үхэр байхгүй байна гэж байсан. Хөх халзан зүмийн баруун талын чих нь араасаа ухам имтэй, шүдлэн насны сарлагийн охин үхэр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч Т.Ггийн мэдүүлсэн “...Ц.Б, Б.Б нарынх хоорондоо 2 км орчим зайтай бөгөөд үхэр мал нь байнга шахуу хоорондоо нийлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/, гэрч Г.Мын мэдүүлсэн “...Манай энэ хавь өндөр уулархаг газар учир малын бэлчээр багатай болохоор манайхны үхэр сүрэг байнга шахуу нийлж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/, гэрч С.Тгийн мэдүүлсэн “...Б.Б 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үхэртээ яваад орой нь үхрээ туугаад ирж яваа харагдаж байсан. Харин маргааш өглөө нь намайг босоход машин нь харагдахгүй, гэр нь хүнгүй байгаа бололтой харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/, гэрч Ш.Гын мэдүүлсэн “...Тэгээд орой нь би эхнэр, хүүхдийн хамт мотоцикльтой малд явж байгаад 21 цагийн үед гэр рүүгээ явж байхад гэрийн хойд зүгт 400 орчим метр зайд байх өвөлжөөний урд талд гэрэл гарч байхаар нь яваад очтол Б.Б үхэр гаргаж дуусаад өөрийнхөө Мазда маркийн автомашинд ачих гэж байсан. Тэгээд би юун үхэр юм гэсэн чинь үхэр хурааж байгаад чулуугаар цохичихсон чинь татаад байхаар нь гаргачихлаа гэж хэлсэн. Хөх зүсмийн үхэр харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-56/, гэрч Ц.Сийн мэдүүлсэн “...2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орой би нөхөр, хүүхдийн хамт мотоцикльтой малд явж байгаад ирж явах замдаа гэрийн хойд зүгт 400 орчим метр зайтай өвөлжөөний хажууд Б.Бүхэр нядалж байхыг харсан. Бид яваад очсон чинь үхэр хурааж байгаад чулуу шидсэн чинь нэг үхэр оноод тэгээд татаад унаад байхаар нь нядалчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-61/, өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн “Үхэр огт босохгүй байхаар нь айгаад гэрээсээ очиж хутга авч ирээд цээж хэсэг рүү нь хатгаад цусалж алсан. Би үхрээ янзалж дуусаад машинаа очиж авч ирээд махаа жаахан сэврээж байгаад мах, арьс, гэдэс, дотрыг нь машиндаа ачаад Архангай аймгийн төв рүү явсан. Тэгээд шөнөжингөө яваад 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө 10 цагийн үед Халзангийн даваан дээр Булган сумын хэсгийн төлөөлөгчид баригдсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 87  дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг мал хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бд ял оногдуулахгүй тэнссэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогч Ц.Бт мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон бариултай хутга 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон        

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон бариултай хутга 1 ширхгийг устгасугай.

7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР