Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0752/З |
Дугаар | 221/МА2024/0784 |
Огноо | 2024-12-11 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2024/0784
Ц.Эын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагч Ц.Э
Гомдол гаргагч: Ц.Э
Хариуцагч: Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн хорио цээрийн албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я.Х
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 853 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагч Ц.Э, түүний өмгөөлөгч Н.Н, хариуцагч Я.Х нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0752/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Ц.Эоос Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн хорио цээрийн албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я.Х-аад холбогдуулан “улсын байцаагч Я.Х-ийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 00948** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 853 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6, Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тус тус баримтлан Ц.Эоос Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хороо цээрийн албаны эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я.Хд холбогдуулан гаргасан ...улсын байцаагч Я.Хгийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 00948** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч Ц.Э нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
3.1. Улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно, 10 дугаар зүйлийн 10.1-д “Иргэн хуулийн этгээд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гаалийн байгууллага албан тушаалтны амаар болон бичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргасан шийдвэр эс үйлдэхүйн шалтгаан үндэслэлийн талаар мэдээлэл авах эрхтэй, мөн хуулийн 12.1-д “гаалийн байгууллага нь гаалийн хууль, тогтоомжтой холбогдсон асуудлаар зөвлөгөө өгч болох бөгөөд ийнхүү зөвлөгөө өгөх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална гэж заасан байна. Гаалийн мэдүүлэгч мэдүүлгийг алдаатай буюу буруу өгсөн тохиолдолд гаалийн байгууллагын ажилтан засаж залруулах боломжийг олгох эсхүл хуулиар зөвшөөрсөн хэмжээнд зөвлөгөө өгөх бүрэн боломжтой байсан боловч Зөрчлийн тухай хуулийн 14.6 дахь хэсэгт заасан хүнс импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл ногдуулсныг анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж гомдол гаргагчийн эрх ашгийг ноцтой хохироож байна.
Ноцтой хохирсон хэлбэр нь зөвхөн шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудас биш, бүхэл бүтэн 1450 ширхэг гоймон, үүний Солонгос улсаас оруулж ирсэн үнэ нь 40,000,000 төгрөгөөр хохирчхоод байгааг анзаарч ямар ч ач холбогдол өгөлгүйгээр гомдол гаргагчийн эрх ашгийг хохироож байна.
3.2. Нөгөө талаар анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ гаалиар оруулж ирсэн нь гоймонд тусгай зөвшөөрөл шаардагдах уу, үгүй юу гэдэг асуудал ерөөсөө дүгнэлт хийгээгүй, Зөрчлийн тухай хуульд бэлэн гоймон импортлоход заавал тусгай зөвшөөрөл шаардагдахгүй байх ба Хүнсний тухай хуулийн 3.1.6-д “стратеги хүнс гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг ойлгохоор зохицуулсан байна. Үүнээс харахад анхан шатны шүүхийн шийдвэрт гаалийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь хуульд заасан үндэслэл журмын дагуу ногдуулсан байна гэж л дүгнэсэн болохоос биш хэрэгт авагдсан нотлох баримт, гомдол гаргагчийн тайлбар мэдүүлэгт огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь миний эрхийг ноцтой зөрчиж байна.
3.3. Мөн ижил төрлийн буюу гоймон оруулж ирдэг байгууллага болох “М” ХХК, “И“ ХХК “А” ХХК зэрэг аж ахуй нэгжүүд тусгай зөвшөөрөлгүйгээр оруулж ирж болсоор атал миний оруулж ирсэн гоймонг хурааж, улсын орлого болгож, шийтгэл ногдуулаад байгаа нь эрх тэгш байх зарчим алдагдаж байна. Энэхүү гоймонг миний бие өөрийн хүүхдийн хагалгааны зардлын мөнгийг олох үүднээс таньдаг компани болох “Ү” ХХК нь та оруулаад ир бид нар борлуулж өгч тус болъё гэхээр нь оруулж ирээд хохирчхоод байна.
Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №0853 дугаартай шийдвэрийг гомдол гаргагчийн зүгээс эс зөвшөөрч байгаа тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Ц.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Гомдол гаргагч Ц.Эоос Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн хорио цээрийн албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я.Хд холбогдуулан “улсын байцаагч Я.Хгийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 00948** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан.
2.1. Хариуцагч улсын байцаагч нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 00948** дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Ц.Эыг “...хүнсний бүтээгдэхүүнийг иргэн импортолсон” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг ...импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж заасны дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 1450 хайрцаг, 3 нэр төрлийн бэлэн гоймонг хураан авч шийдвэрлэжээ.
2.2. Гомдол гаргагчаас маргаан бүхий дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын үндэслэлээ “...би өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Ж а ф” ХХК-ийн нэр дээр Бүгд найрамдах Солонгос улсаас 1450 хайрцаг 3 нэр төрлийн бэлэн гоймонг Монгол Улсад авчрах зорилгоор оруулж ирсэн, ...хуулийн этгээдийн нэр дээр орж ирсэн атал намайг импортолсон хэмээн торгосныг хүлээн зөвшөөрөхгүй, ...Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар бэлэн гоймон импортлоход заавал тусгай зөвшөөрөл авах шаардлага байхгүй, ...шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дахь хэсэгт заасан нийтлэг шаардлагыг хангаагүй” гэж, хариуцагчаас “...иргэний нэр дээр хүнсний бүтээгдэхүүн импортолсон болох нь фото зураг, холбогдогчийн тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, ...импортолсон бэлэн гоймон нь хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх шаардлага зөрчсөн, бүтээгдэхүүний шошго Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэгдсэн огноо бичигдээгүй, гарал үүсэл тодорхойгүй зэрэг хүнс импортлоход тавигдах шаардлагуудыг зөрчсөн” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Анхан шатны шүүхээс “...тухайн бүтэгдэхүүнийг хуулийн этгээдийн нэр дээр болон огт мэдүүлээгүй, ...гомдол гаргагчийн цахимаар мэдүүлсэн мэдүүлэг, түүний гараар бичсэн хүсэлт, фото зураг зэргээр зөрчил үйлдсэн нь тогтоогдсон, ... улсын байцаагч нь гомдол гаргагчийн гаргасан зөрчилтэй холбогдуулан хяналт шалгалт хийж, улмаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, энэ талаар холбогдогчид танилцуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж мэдүүлэг, тайлбар зэргийг авсан нь нотлогдож байх тул хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"хүнс" гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг хэлнэ” гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлд “Хүнс экспортлох, импортлоход тавих шаардлага” гээд 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг ...импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр... торгоно” гэж тус тус заасан.
4.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлохоор тусгайлан зохицуулсан буюу “иргэн хүнсний бүтээгдэхүүн импортлохгүй” байх шаардлага тавигдсан байх тул гомдол гаргагчийн гаргасан “...гаалиар оруулж ирсэн гоймонд тусгай зөвшөөрөл шаардагдах уу, үгүй юу гэдэг асуудалд ерөөсөө дүгнэлт хийгээгүй, Зөрчлийн тухай хуульд бэлэн гоймон импортлоход заавал тусгай зөвшөөрөл шаардагдахгүй, ...аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлгүйгээр оруулж ирж болсоор атал миний оруулж ирсэн гоймонг хурааж, улсын орлого болгож шийтгэл ногдуулаад байгаа нь эрх тэгш байх зарчим алдагдаж байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
4.2. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж; 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж “шударга ёсны” зарчмыг тус тус баталгаажуулсны зэрэгцээ 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” хэмээн шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлсон байна.
4.3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд “...иргэн Ц.Э нь өөрийн нэр дээр хүнсний бүтээгдэхүүн импортолсон болох нь эрх бүхий албан тушаалтны “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” болон “Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай” тэмдэглэл, фото зураг, гомдол гаргагчийн гаргасан хүсэлт” зэрэг баримтуудаар нэгэнт тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагч улсын байцаагчаас “...иргэний нэр дээр хүнсний бүтээгдэхүүн импортолсон” хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн болох 1450 ширхэг бэлэн гоймонг хурааж, 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хуульд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
5. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 853 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Ц.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН