Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 41

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Их Баян Хаан Уул ХХК-ий нэхэмжлэлтэй Ц.Түвшинтунгалагт холбогдох 6.926.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Их Баян Хаан Уул ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Ц.Түвшинтунгалаг нь Их баян хаан уул ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А-18053 дугаар бүхий Барьцаат зээлийн гэрээ, Б-18053 дугаар бүхий Барьцааны гэрээ байгуулж 35-41 СЭА улсын дугаартай Тоуоtа Pruis маркийн сувдан цагаан өнгийн автомашин барьцаалж 5.000.000 төгрөгийн зээлийг сарын 4.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан.

Гэвч Ц.Түвшинтунгалаг нь дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээнд заасан графикийн дагуу зээлээ хугацаанд нь эргэн төлөхгүй манай компанид хохирол учруулж байна.Түүнд зээлээ төлөх талаарх мэдэгдлийг утсаар болон албан бичгээр удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй байна.

Хариуцагч Ц.Түвшинтунгалаг нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, 2 сар 22 хоногийн хүү 601.000 төгрөг, 53 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 1.325.000 төгрөг, нийт 6.926.000 төгрөг болон уг мөнгөн дүнг барьцаалсан эд хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү! ... гэжээ.

Нэхэмжлэгч Их Баян Хаан Уул ХХК-ий захирал Э.Баатархуяг, хариуцагч Ц.Түвшинтунгалаг нар 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Ц.Түвшинтунгалаг: Миний бие Ц.Туншинтунгалаг нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр барьцааны гэрээ байгуулж 35-41 СЭА дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 5.000.000 төгрөгийг зээлж авсан.

Миний бие Их Баян Хаан Уул ХХК-иас нэхэмжилсэн 6.926.000 төгрөгийг төлж барагдуулна. Уг нэхэмжилсэн мөнгийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор 6.926.000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд 35-41 СЭА дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй. Улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэгэх талаар ойлголоо.

Нэхэмжлэгч Их Баян Хаан Уул ХХК-ий захирал Э.Баатархуяг: Хариуцагч Ц.Түвшинтунгалаг нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор 6.926.000 төлөөгүй тохиолдолд түүнтэй байгуулсан барьцааны гэрээ, зээлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.

 

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

Нэхэмжлэгч: Хариуцагч:

Их Баян Хаан Уул ХХК-ний Ц.Түвшинтунгалаг

захирал Э.Баатархуяг

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Их Баян Хаан Уул ХХК нь хариуцагч Ц.Түвшинтунгалагт холбогдуулан 6.926.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Түвшинтунгалаг нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.926.000 төгрөгийг Их Баян Хаан Уул ХХК-д 2019 оны 02 дугаар сарын 14-ний дотор төлж барагдуулахаар, уг хугацаандаа 6.926.000 төгрөгөө өгөөгүй тохиолдолд хариуцагч Ц.Түвшинтунгалаг нь Их Баян Хаан Уул ХХК-тай байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Б-18053 барьцааны гэрээний дагуу Toyota Prius маркийн 35-41 СЭА улсын дугаартай автомашиныг Их Баян Хаан Уул ХХК-ий нэр дээр шилжүүлж өгөх, автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Зохигчдын дээрх эвлэрэл нь хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянанх шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125.766 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 125.766 төгрөгний тал хувь болох 62.883 төгрөгийг хариуцагч Ц.Түвшинтунгалагаас, үлдэх тал хувь болох 62.883 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Их Баян Хаан Уул ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Их Баян Хаан Уул ХХК-ий нэхэмжлэлтэй Ц.Түвшинтунгалагт холбогдох 6.926.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125.766 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 125.766 төгрөгний тал хувь болох 62.883 төгрөгийг хариуцагч Ц.Түвшинтунгалагаас, үлдэх тал хувь болох 62.883 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Их Баян Хаан Уул ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Түвшинтунгалаг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Б.МӨНХЗУЛ