Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 219 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2207000000233 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, "*******" ХК-д ажилтай, гэмт хэрэг үйлдэх үедээ хүүхэд асрах чөлөөтэй байсан, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй

******* овогт *******ын ******* /РД:111705/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1******* цэцэрлэгийн хашааны гадна талд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Тоёота Приүс 41 загварын тээврийн хэрэгслийн жолооч Б.*******тэй "машинаа энд тавьж болохгүй, зогсоолд тавь" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг татан унагааж, биед нь зүүн өвдөгний тойг ясны хугарал, өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Би 1******* цэцэрлэгт өглөө 08 цагаас 09 цагийн хооронд school police-оор зам дээр гарч байсан. Зогсоол дээр машин тавьж болохгүй гэж *******тэй маргалдсан. Хоёулаа барьцалдаж аваад татаж унагасан. Энэ хүнийг бэртээсэндээ гэмшиж байна. Нэг удаа очиж, уучлалт гуйж, өөрийнхөө байдлыг хэлсэн.” гэв.  

 

Хохирогч Б.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 08 цаг 50 минут болж байсан. Би цэцэрлэгийн хаалганы харалдаа машинаа тавьсан. School police хийж байсан хүүхэн энд тавьж болохгүй гэхээр нь би удахгүй, хоёр хүүхдээ оруулчхаад ирье гээд явсан. Б.******* чамайг машинаа зогсоолд тавь гэж байна гэхээр нь би чи яасан хүнтэй нохой шиг харьцдаг юм бэ гээд маргалдсан. Би удахгүй гэж 2-3 удаа хэлээд хүүхдээ авч, цэцэрлэгт оруулах гэтэл намайг оруулахгүй, заавал машинаа холдуулчхаад ор гэсэн. Тэрнээс болж бид хоёр түлхэлцэж, таталцсан. Намайг газар унагасан. Миний зүүн өвдөгний тойг хугарсан. Манай дүү хоёр хүүхдийг минь авч, цэцэрлэг рүү орж байсан. Холдуулахын хооронд энэ хүүхэн надтай муухай харьцаж, машинаа холдуул гэж нохой шиг хөөсөн. Би чи хүнтэй яасан муухай нохой шиг харьцдаг юм бэ. Чамайг ингэж харьцахаар би яаж холдуулах юм бэ гэхэд намайг хэд хэдэн удаа түлхсэн. Зууралдаад би газар унасан. Би энэ хүнийг хаана, яаж цохисноо санахгүй байна. Уур их хүрсэн байсан. Бид хоёр хоёулаа түргэн ууртай юм байна лээ. Цохих нь цохисон байх. Энэ хүүхэн миний биед, би энэ хүүхний биед хэрхэн халдаж байгаа талаар камерын бичлэгт бүгд байгаа. Зүүн хөл байнга янгинаж өвдөж байгаа. Тэглээ гээд би ажлаа хийж, гадаа зогсож байгаа. Өвчин намдаах эм өдрийн 3-аар ууж байгаа. Хөл өвдөөд болохгүй болохоор 3-4 хоног бариачаар бариулсан. Би 11 дүгээр сарын 04-ний өдөр эмнэлэг, Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт деклоденк гээд өвчин намдаах тариа хийлгэсэн. Сарын хугацаанд хөлөө тэнийлгэж байлга гэсэн. Гам барихгүй яваад байвал цаашид хөлийн тойго солиулах асуудал гардаг гэсэн. Би эмнэлэгт хүнээр үүрүүлж очсон. Эхний 2-3 хоног хүнээр үүрүүлж явсан. Тийм байдалтай байхад Б.******* энэ хүн чинь зүгээр юм биш үү. Хөл дээрээ зүгээр явж байна гэхэд би гомдож байсан. Зүгээр байсан бол би юу гэж ингэж явах вэ дээ. Хөлийн өвчин намдахгүй болохоор би рентген зураг авхуулж, хугарсан гэдгийг мэдсэн. Өвчин гайгүй байсан бол би  тэр чигээрээ явах байсан байна лээ. Өмнө хол эсвэл Авто рексийн өмнө тавьдаг байсан. Тухайн үед цэцэрлэг хаалгаа барьчихна гэж сандраад тэнд тавьсан. Өмнө цэцэрлэгийн үүдэнд машинаа тавьж байгаагүй. Би өөрөө адилхан таван хүүхэдтэй учраас энэ хүнээс мөнгө нэхэмжилье гэж бодоогүй. Энэ хүүхэн намайг хөл нь хугарчхаад яваад байна гэж гомдол санал гаргасан байсан. Би тэрэнд  гомдолтой байна. Хэдийгээр би одоо явж байгаа ч хөгшрөхөөр хөл өвддөг болж, би өөрөө л хохирно.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс Авто рекс төвийн хяналтын камерын дүрс бичлэг бүхий сиди, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/, хохирогч Б.*******ийн мэдүүлэг /хх-12/, гэрч Д.гийн мэдүүлэг /хх-17/, шинжээчийн 15269 дугаартай дүгнэлт /хх-27-28/, “” эмнэлгийн рентген зураг /хх-25-26/, яллагдагч Б.*******гийн мэдүүлэг /хх-43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-44/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Яаралтай тусламжийн 8750 дугаартай хуудас /хх-30/, шинжээчийн 15270 дугаартай дүгнэлт /хх-31-32/, Б.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгасан хуудас /хх-44/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-51/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-52/, охин У.гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-53/, охин У.ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-54/, охин У.гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-55/, хүү У.ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-56/, охин У.гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-57/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

   Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Гэмт хэргийн улмаас Б.*******ийн биед хүндэвтэр хохирол учирсан. Хохирогч баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, мөн хуулийн 6.6-д зааснаар хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд одоогоор ажил хөдөлмөр эрхлээгүй, хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Тогтсон орлогогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Таван хүүхдийн ээж нэг хүүхэд нь өсвөр насны, дөрвөн хүүхэд нь бага насных. Нөхөртэйгөө албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Нөхөр нь эрхэлсэн ажилгүй зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 сарын хугацаанд хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн сидийг хэргийн хамт хадгуулах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирээгүй. Шүүгдэгч Б.*******д мөрдөн шалгах ажиллагааны үед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Шүүгдэгч Б.******* нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлэг хүртэл маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Хохирогчоос уучлалт гуйсан. Б.*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. 1.4-д зааснаар хохирогчийн зүй бус байдлаас болж гэмт хэрэг үйлдсэн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдал болон 2-17 настай, таван хүүхэдтэй, хоёр ихэр хүүхэд нь хоёр настай, хүүхдүүдээ харж, гэртээ байдаг. Нөхөр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. Б.******* Налайх дүүрэгт такси үйлчилгээ явуулдаг учраас Налайх дүүргээс гарахгүй байхаар зорчих эрх хязгаарлах ялыг нэг сарын хугацаагаар оногдуулж өгнө үү. Оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү.” гэх,

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1******* цэцэрлэгийн хашааны гадна талд School police”-ийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим хоохирогч Б.*******тэй "машинаа энд тавьж болохгүй, зогсоолд тавь" гэсэн шалтгаанаар маргалдаж биед нь зүүн өвдөгний тойг ясны хугарал, өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.*******гийн өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 08 цагаас 09 цагийн хороонд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, 151 дүгээр цэцэрлэгийн урд засмал зам дээр "School Police''-н үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 08 цаг нэлээн өнгөрч байхад засмал зам дээр Тоёота Приус-41 маркын машин хүрч ирээд замын 1 дүгээр эгнээн дээр машинаа тавьчихсан тэгэхээр нь би тэр машин руу очоод машины жолооч бололтой нэг эмэгтэй "чи энд машинаа тавихгүй, өөр газар тавь, энд машин тавьж болдоггүй юм" гэж шаардлага тавихад надад "энэ чинь миний зогсоол, угаасаа би зогсдог юм, холд чи" гээд машинаасаа бууж ирээд намайг түлхэхээр нь би уурлаад зөрүүлээд түүнийг түлхсэн, тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж хэрэлдэж эхэлсэн, тэр үед тэр машины жолооч гэх эмэгтэй надтай зууралдаж авч намайг газар унагаах гээд байсан, дээрээс нь намайг хөлөөрөө өшиглөж тэгэхээр нь би уурлаад түүний энгэрээс нь угзраад татчихсан чинь нөгөө эмэгтэй хальтирсан бололтой газар унаад өгсөн. Тухайн үед тэр эмэгтэйтэй хамт явж байсан дүү нь бололтой нэг эмэгтэй бас надруу хүрч ирж намайг түлхэж унагаасан. Тэгсэн нөгөө уначихсан байсан эмэгтэй босож ирээд надтай дахиж хэрүүл маргаан хийж байгаад хоорондоо салцгаасан юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 43 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.*******ийн өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 08 билүү 09 цагийн үед хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, 1******* цэцэрлэг дээр ирээд гадаах засмал зам дээр өөрийнхөө Тоёота Приус 41 маркын тээврийн хэрэгслээ түр зогсоосон чинь яг тэр дээр "School Police" хийж байсан шар хантаазтай эмэгтэй над руу хүрч ирээд "энд машинаа тавьж болохгүй, өөр газар тавь зогсоол руу тавь, яв чи" гэхээр нь би түүнд "та хүнтэй яасан муухай харьцдаг юм бэ? манай хүүхэд цэцэрлэгээсээ хоцрох гээд байна, би гялс хүүхдээ оруулж  өгчихөөд л гараад ирье" гэж хэлсэн нөгөө эмэгтэй надад "чамайг оруулахгүй, өөр газар зогсоол дээр тавьчихаад ор" гээд байхаар нь би машинаа унтраагаад машинаасаа буугаад хүүхдүүдээ буулгах гэж байтал нөгөө шар хантаазтай эмэгтэй надруу хүрч ирээд надтай хэрүүл маргаан үүсгээд эхлэж миний биерүү халдаж намайг гараараа түлхээд дайраад эхэлсэн, тэгээд надруу дайраад байхаар нь би түүнтэй зууралдаад эхэлсэн ингээд бид хоёр нэг нэгнээсээ барьцалдаад байж байхад шар хантаазтай эмэгтэй намайг газар унагаасан унах үедээ би зүүн хөлөөрөө эвгүй гишгээд уначихсан юм, намайг уначихсан байхад тэр эмэгтэй миний дээрээс дараад өвдгөөрөө цээжин дээр тулаад амьсгал авах их хэцүү байдалтай болгосон, тухайн үед хажууд хараад зогсож байсан манай дүү бид хоёрыг салгасан асуудал болсон юм. Энэ үйл явдлын дараа миний зүүн хөл алхаж гишгэхэд их өвдөөд, халуу дүүгээд байхаар нь хэсэг тоохгүй ажлаа хийгээд бүр илүү өвдөөд болохгүй байхаар арга буюу гэх эмнэлэг дээр очиж рентгэн зураг харуулахад зүүн хөлний тойгны зөрүүгүй хугарсан байна гэж гарч ирсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.гийн өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 08 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 5-741 тоот гэрээсээ эгчтэй хамт, дүү нараа цэцэрлэгт хүргэж өгөхөөр машинтай явж байсан юм. Тэгээд 1******* цэцэрлэгийн урд зам дээр эгч машинаа түр зогсоотол нэг шар хантаазтай эмэгтэй ирээд эгчрүү уурлаж "энд машинаа тавихгүй холдуул" гээд байхаар нь эгч цэцэрлэгээс хоцрох гээд байна, гялс хүүхдээ оруулж өгчихөөд хөдөллөө" гэсэн чинь манай эгчтэй хэрүүл маргаан хийгээд эхэлсэн, тэгэхээр нь би машинаас дүү нараа аваад буулгаад цэцэрлэг рүү орохоор явж байтал гэнэт л хойно тэр шар хантаазтай эмэгтэй манай эгчрүү дайрч зуурч аваад эгчийг маань газар унагаагаад дээрээс нь өвдөглөөд суучихсан, тэгэхээр нь би очиж тэр шар хантаазтай хүнийг эгчээсээ холдуулж түлхээд салгасан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

                       

           4. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын ахлах шинжээч эмч Ч.Эрдэмболорын 15269 дугаар: “...Б.*******ийн биед зүүн өвдөгний тойг ясны хугарал, өвдөгт цус хуралт гэмтэл тогтооглоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар  сарнуилах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдуулахгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 27-28 дугаар тал/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын ахлах шинжээч эмч Ч.Эрдэмболорын 15270 дугаар: “...Б.*******гийн дух, баруун шанаа, зүүн хацарт зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 31-32 дугаар тал/

 

6. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл

/хх-ийн 7-8 дугаар тал/

 

7. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 23-24, 30 дугаар тал/

            8. “” эмнэлгийн рентген зургийн дүгнэлт

            /хх-ийн 21-22, 25-26 дугаар тал/

           

            9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 44 дүгээр тал/

 

10. Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  

/хх-ийн 48-49 дүгээр тал/

 

           11. Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 51-58 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ийн биед зүүн өвдөгний тойг ясны хугарал, өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг “” эмнэлэгт үзүүлсэн баримт болон бусад баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч хохирогчийг авто машинаас татан унагааж хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 15269 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Б.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч оролцсоныг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

   Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч “Би өөрөө адилхан таван хүүхэдтэй учраас энэ хүнээс мөнгө нэхэмжилье гэж бодоогүй. Энэ хүүхэн намайг хөл нь хугарчхаад яваад байна гэж гомдол санал гаргасан байсан. Би тэрэнд гомдолтой байна. Хэдийгээр би одоо явж байгаа ч хөгшрөхөөр хөл өвддөг болж, би өөрөө л хохирно” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Б.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, 2-17 насны 5 хүүхэдтэй зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Энэ  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалж, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.          

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 1 /нэг/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г Налайх дүүргийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ******* тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

             7. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ