Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/230

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 218 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2207002430216 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* оюутан, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт  *******, *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.******* нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шөнийн 02-оос 03 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газрын сааданд Б.той "Хөгжмийнхөө дууг багасга" гэх шалтгаанаар маргалдаж, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүр хэсэгт гараараа цохиж, биед нь баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Би найз , , гуравтай нэртэй амралтын газарт очсон. Шөнө 2 цаг өнгөрч байхад гэр бүл, найзуудын хамт бидний амарч байсан гэрийн өмнө спикерээр чанга дуу тавиад байсан. бид хоёр гарч дуугаа багасаг, бид нар амарч байна гэхэд өөдөөс хэл амаар доромжилсон. танай үеийнхэн яасан юм бэ, амралт гэж ийм байдаг гээд миний шилэн хүзүүн дээрээс атгаж, ахын дүү гээд юм хэлээд байсан. Гэр рүү орох гэхэд оруулахгүй байсан. Би түлхсэн. Гэтэл шилэн хүзүүн дээрээс чанга базаад байсан. Би түрүүлж цохисон. намайг газар унагаж, эхнэр гэх хүн миний дээр гарч үсэдсэн. намайг өвдөглөөд миний дээр 5 минут гаран хугацаанд суусан. Манай хоёр найз салгаж, би босоод гэр рүү орсон. Тэгээд цагдаа нар ирсэн. Цагдаад ирж, тэнд байсан хүмүүс бүгд цагдаа руу явсан. Цагдаа надаас танай найзууд ыг цохисон юм уу гэж асуухад би юу ч мэдээгүй, доор хэвтэж байсан гэсэн. Найзуудаасаа тэр талаар асуухаар юун цохих чамайг доороос нь гаргаж авах гэж бөөн юм болсон. Хохирогчтой хамт байсан эгч нар аймаар хэл амтай, ий найз охиныг хэл амаар доромжилсон гэж манай найз хэлсэн. Би хохирогчийг санаатай нэг удаа цохисон. Би гэх найзын хамт эрүүлжүүлэгдсэн. Нөгөө талаас эгч нарыг хүлээж байсан. Хаачсаныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан бүгдээрээ цагдаа дээр очсон.”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

   Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Б.ын мэдүүлэг /хх-9/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-11/, гэрч Б.ийн мэдүүлэг /хх-13/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-16/, гэрч Д.ийн мэдүүлэг /хх-18/, гэрч Ө.ий мэдүүлэг /хх-20/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх-22/, гэрч Н.гийн мэдүүлэг /хх-24/, шинжээчийн 1488 дугаартай  дүгнэлт /хх-30-31/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, Э.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ял шалгасан хуудас /хх-56/, хохирогч Б.ын хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох, гэмт хэргийн улмаас хохирогч Б.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч шүүгдэгчээс нийт 2.050.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн. Үүнээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалж, эмчилгээ, шатахууны баримтууд 311,200 төгрөгийг Э.******* төлсөн гэдэг баримтаа шүүхэд гаргаж өгч байна. Хохирогч ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн. Гэтэл хэрэгт нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа болон бусад шаардлагатай нотлох баримтууд авагдаагүй байсан учраас нотлох баримтын хэмжээнд үнэлж, шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. ...Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжтой гэж үзсэн. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Э.*******ын хувийн байдлын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрхэлсэн тодорхой ажилгүй, сурдаггүй гэж байсан. Өмнөх гэм буруугийн хурал дээр одоо сурч байгаа гэдгээ илэрхийлж хэлж байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 сар 10 хоногийн хугацаагаар хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шүүхээс тогтоосон хэмжээнд мөнгөн төлбөрийг Э.******* нь төлсөн тул бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт хураан авсан битүүмжилсэн эд хөрөнгөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны  явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирээгүй, баримт хэрэгт авагдаагүй. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.*******т  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шөнийн 02-оос 03 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газрын сааданд Б.той "Хөгжмийнхөө дууг багасга" гэх шалтгаанаар маргалдаж, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүр хэсэгт гараараа цохиж, биед нь баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.*******ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр найз , , нарын хамт , амралтын газар очоод бид нар 0.5 литрийн хэмжээтэй пиво 4 ширхгийг уугаад 2022 оны 07 дугаар 25-ны шөнийн 03 цагийн үед унтах гээд хэвтэж байх үед манай гэрийн хэсэг бүлэг хүмүүс дуу тавиад орилолдоод шуугилдаад байсан тэгэхээр нь бид хоёр очоод тухайн дуугаа багасгачих бид нар унтаж амрах гэсэн юм гэж хэлсэн тэгсэн цаанаас нь нэг ах амралт гэж ийм байдаг гэж хэлээд миний шилэн хүзүүн дээрээс бариад авсан тэгэхээр нь би уурлаад түлхсэн. Тэгсэн тухайн хүн намайг унагаах гэж оролдсон тэгэхээр нь би нэг удаа эрүү хэсэг рүү цохисон. Тэгсэн тухайн хүн намайг татаж газар унагаасан тэгээд дээр бужигналдаад байсан тэгээд би доороос нь босож ирээд шууд тухайн хүнийг нэг удаа нүүр нүд хэсэг рүү цохисон тэгээд удалгүй , хоёр гарч ирээд салгасан тэгээд ид нар гэрт ороод баж байтал удалгүй гаднаас цагдаа орж ирсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 44 дүгээр тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлийнхээ найзуудынхаа хамт ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй амралтын газар 17 цагийн үед очиж амарсан юм. Ингээд найз нөхөдтөйгөө хоол ундаа идэж уугаад хөгжилдөж хөөрөлдөж байтал 02 цагийн үед болов уу манай амарч байсан гэрийн хажуу талын саравчинд найзуудынхаа хамт сууж байтал 3 залуу 1 эмэгтэй ирээд та нар орж унт, чимээ шуугиан гаргаад байна гэхэд манай эхнэрийн найзууд эмэгтэй хүмүүс байсан ба би ганцаараа эрэгтэй сууж байтал одоо сайн санахгүй байна нэг залуу нь намайг чи ганц эрэгтэй нь юм байж эмэгтэй хүмүүсийн араар яагаад нуугдаад байгаа юм гараад ир гэхээр нь би за яасан, юу болсон юм гээд босоод очтол сүүлд нэрийг нь мэдсэн ******* гэж залуу миний баруун шанаа руу гараараа хэд хэдэн удаа цохиод би газар унахад дээрээс толгой, нүүр, ар дагз руу хэд хэдэн удаа өшиглөсөн тэгээд манай эхнэр болон найз эмэгтэйчүүд нь салгасан. Миний мэдэж байгаагаар ******* гэж залуу шууд миний баруун шанаа руу хэд хэдэн удаа цохиод би газар унахад дээрээс зүгээр дэвссэн яг 3 уулаа дэвссэн юм уу ганц ******* нь дэвсэж өшиглөсөн гэдгийг бол хараагүй. Бид нар 8-уулаа 17 цагт амралтан дээр очоод 02 цаг хүртэл 1 шил 1 литрийн виски болон хүний 2, 2 лааз сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Би бол айхтар согтуу байгаагүй. Нөгөө 3 залуу бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ бүр айхтар согтуу гуйвж дайвсан хүн байгаагүй. Манай эхнэр түүний найзууд болох , , нар байсан. Миний мэдэхийн зодож цохисон хүн байхгүй харин салгах гээд бүгд тухайн залуучуудыг нэг нэгээр нь түлхээд татаад холдуулж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 9 дүгээр тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай ажлын газрын хамт олон салхинд гарахаар болоод би нөхөр ыг дагуулаад хамтдаа явсан юм. Бид нар 17 цагийн үед ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй амралтын газар очоод хоол ундаа хийж идээд хоорондоо юм ярьж хөөрөлдөөд шөнө 02 цагийн үед гэрийнхээ хажуу талын сааданд сууж байтал 3 залуу хүрч ирээд энд чимээгүй бай нэг бол гэр рүүгээ ор гэхээр нь бид нар та нарт саад болоогүй бид нар юм яриад сууж байна гэхэд манай нөхрийг эмэгтэй хүмүүсийн дунд ганцаараа нуугдаж суучаад гараад ир гэсэн чинь манай нөхөр босоод яваад очтол сүүлд нэрийг нь мэдсэн ******* гэж залуу шууд манай нөхрийн баруун шанаа руу цохиход манай нөхөр газар унасан чинь дээрээс нүүр, толгой руун дэвсээд өшиглөөд эхэлсэн тэгэхээр нь би болон манай найзууд арай хийж татаж салгасан. Тэгээд л цагдаад дуудлага өгсөн. ******* гэж залуу шууд манай нөхрийн баруун шанаа руу нэг удаа цохиод газар унахад шууд нүүр толгой руу нь өшиглөөд эхэлсэн. Хамт явсан 2 залуу бол өшиглөсөн гэхдээ яг хаана хаана нь өшиглөснийг бол сайн харж чадаагүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11 дүгээр тал/

 

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай буудлын ажлын хамт олон салхинд гарахаар болоод ид үйл ажиллагаа явуулдаг нэртэй амралтын газарт очиж амарсан. Бид нар нийт 8-уулаа 6 эмэгтэй, 2 эрэгтэй явсан ба очоод хоол ундаа хийж идээд тоголж наргиж байгаад 02 цагийн үед болов уу одоо сайн санахгүй байна амралтын сааданд , , түүний нөхөр нарын хамт суугаад хууч хөөрөнгөө пиво уугаад сууж байтал 3 залуу ирээд бид нарыг чимээгүй бай гэртээ ор гээд загнахаар нь учир байдлаа хэлээд бид нар хамт олноороо наргиж сууж байна уучлаарай айхтар чанга чимээ гаргаагүйшдээ гээд хэлтэл ******* гэж залуу шууд ыг наашаа гараад ир чи эмэгтэй хүмүүсийн араар битгий нуугдаад бай гэж хэлэхэд бид нарын урд гарч ирээд зогсоход шууд шанаа руу нь цохиод газар унахад дээрээс дэвсээд байсан. Тэгээд бид нар голоор нь орж салгаад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13-14 дүгээр тал/

 

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “...Миний ажилладаг буудлынхан ажлын хамт олноороо 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй амралтын газар 20 цагийн үед очиж амарсан юм. Ингээд бид нар хоол ундаа хийж идчихээд амралтын газрын сааданд суугаад хоорондоо ойр зуурын юм яриад сууж байтал 02 цагийн үед байх 3 залуу гарч ирээд бид нарыг их чимээтэй суулаа гэртээ ор гээд шууд загнаж, зандарч тушаах байдлаар хэлэхээр нь бид нар айхтар чимээ шуугиан гаргаагүй гээд эвээр хэлэхэд элдэв хараалын үгээр доромжилоод маргаж эхэлсэн. Тэгтэл сүүлд нэрийг нь мэдсэн ******* гэх залуу ыг бид нарын ард сууж байсан чи эмэгтэй хүмүүсийн ард нуугдаад гараад ир гэхэд босоод очтол шууд цохиж унагаад дээрээс нь бас нэг өндөр залуугийн хамт дэвсэхээр нь бид нар очоод татаж, түлхэж нэлээн юм болж байж салгаад цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс дээр авчирсан.” гэх мэдүүлэг

/хх-ийн 16 дугаар тал/

 

6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай буудлын ажилчид найзуудаараа ны нутаг дэвсгэрт байрлах ын хийд дээр очиж зураг авхуулаад буцаад нэртэй амралтын газарт 19 цагийн үед очиж амарсан. Ингээд бид нар хоол ундаа хийж идээд дараа нь 00 цагийн үед байх амралтын газрын сааданд очиж суугаад ойр зуурын юм ярингаа пиво уусан. Тэгтэл 02 цагийн үед байх саадны хажуу талын гэрээс 3 залуу гарч ирээд бид нарыг утсан дээрээ дуу тавиад дуулж байтал дуугаа болио гэхээр нь ойлголоо гээд гар утасныхаа дууг зогсооход нөгөө залуучууд та нар одоо ор гээд зандрангуй байдлаар дайрч байснаа ын нөхөр ыг сааданд сууж байхад нь чи муу эмэгтэй хүмүүсийн араар нуугдаад байлгүй гараад ир гэсэн чинь яасан бэ ахын дүү нар гээд яваад очтол өндөр залуу нь шууд ыг цохиж унагаад дээрээс нь өшиглөөд байсан. Тэгтэл хамт явсан хамгийн өндөр нүдний шилтэй залуу мөн адил очоод өшиглөөд байхаар нь бид нар голоор нь ороод татаж түлхэж гуйж загнаж байж салгаад цагдаа дуудсан. Би зодооныг салгах гээд явж очоод нэг залууг нь татахад араас бас нэг залуу намайг татаад би газар унасан.” гэх мэдүүлэг

/хх-ийн 18 дугаар тал/

 

7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ө.ий өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр найзууд болох , *******, найз охин нарын хамт нэртэй амралтын газар 23 цагийн үед очоод 1 гэр аваад бид нар гэртээ ороод найз охинтойгоо найзуудаа танилцуулаад ойр зуурын юм ярингаа 2,5 литрийн савтай сэнгүр нэртэй пиво задлаад ууж дуусгаад дахиад 0,5 литрийн сэнгүр нэртэй лаазтай пивонууд задлаад уугаад сууж байхад 03 цагийн үед гадаа хүмүүс спейкерээр дуу тавиад дуулаад байхаар нь унтах гэтэл чимээнд нь унтаж амарч болохгүй байсан. Тэгтэл *******, нар бие засчихаад нөгөө хүмүүст дуугаа багасгачих гээд хэлчихээд иръе гээд гараад явсан. Удалгүй гадаа хүмүүс маргалдаад байгаа бололтой чимээ гарахаар гийн хамт гартал манай гэрийн урд байрлах саадны хажууд ******* газар дээшээ хараад хэвтсэн дээр нь хар цамцтай жижиг биетэй эмэгтэй гэдсэн дээр нь суусан байдалтай хажууд нь нэг том биетэй цайвар өнгийн фодволкатай эрэгтэй газар өвдөглөөд суусан байдалтай нүүр рүү нь цохиход ******* гараараа нүүрээ хаагаад цаана нь г 2 эмэгтэй урд нь зогсоод цээж рүү нь түлхээд ойртуулахгүй байхаар нь би гүйж очоод *******ыг цохиж байсан залуугийн мөрнөөс нь татаж босгоод дээр нь суусан байсан эмэгтэйгийн мөр рүү нь түлхээд босгох гэтэл нүдний шилтэй эмэгтэй намайг араас үстээд татахаар нь би хойшоо болтол нөгөө эмэгтэй холд гээд намайг ойртуулахгүй хориод байж байтал ******* босч ирээд өвдөглөж суугаад дээрээс нь цохиж байсан залуугийн нүүр рүү нь нэг удаа цохисон чинь нөгөө эрэгтэй шууд нүдээ дараад миний нүдийг гэмтээчихлээ гээд орилоод тэнд байсан эмэгтэйчүүд бид нарыг хүн зодлоо гээд бүгд дайраад байсан ба цагдаа дуудлаа гэхээр нь бид нар гэртээ байж байя гээд гэр рүүгээ орсон.” гэх мэдүүлэг

/хх-ийн 20 дугаар тал/

 

8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.гийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр найзуудаараа салхинд гарахаар болоод Улаанбаатар хотоос 21 цагийн үед миний улсын дугаартай приүс 20 маркын тээврийн хэрэгсэлтэй *******, түүний найз охин нарын хамт нэртэй амралтын газар 23 цагийн үед ирээд 1 гэр аваад орсон. Ингээд бид нар авч очсон пивоо уугаад ойр зуурын юм ярьж байхад гадаа хүмүүс хөгжим тавиад чанга чанга дуулаад орилолдоод байхаар нь 03 цагийн үед байх бид нар амрахаар болоод ******* бид 2 бие засахаар гараад буцахдаа дуулаад байсан сааданд сууж байсан 2 эрэгтэй 4-өөс 5 эмэгтэй хүмүүс дээр очоод дуугаа намсгачих энд хүмүүс унтаж байна гэж би хэлэхэд махлаг намхан залуу хөгжимнийхөө дууг улам чангалаад дууг нь суллачихлаа одоо болсон уу гэхээр нь би дахиад дуугаа суллалдаа бид нар амрах гээд байна гэж хэлэхэд махлаг залуу мангар бацаанууд энд чинь наргих гэж ирсэн юун унтах вэ гэж хэлсэнээ босч ирээд *******ын шилэн хүзүүнээс базаад авахад ******* өөрөөсөө зайлуулаад цээж рүү нь түлхэхэд махлаг залуу газар унасан ба тэнд байсан эмэгтэйчүүд бүгдээрээ босч ирээд бужигнаад би очих гэтэл намайг нэг эмэгтэй миний үснээс зулгаагаад бас нэг эмэгтэй ирээд намайг цааш нь түлхээд холдуулсан ба би *******ыг хартал газар унасан нөгөө махлаг залуу болон бас нэг эмэгтэй дээр нь гарсан байдалтай байсан ба би наана нь 2 эмэгтэйтэй зууралдаад яг юу болоод байгааг сайн анзаарч хараагүй байж байтал тэнд байсан хүмүүс салгаад холдуулаад хоорондоо маргалдаад байж байтал , нар гараад ирж байгаа харагдсан ба цаашаа хартал ******* махлаг залуугийн нүүр рүү цохиод автал тэнд байсан хүмүүс салгаад цагдаа дуудахаар нь бид нар гэр рүүгээ орсон.” гэх мэдүүлэг

/хх-ийн 22 дугаар тал/

 

9. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.гийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр найз залуу болон түүний найзууд болох *******, нарын хамт нэртэй амралтын газар 23 цагийн үед ирсэн. Ингээд 1 гэр авч ороод бид нар авч очсон пивоо задалж уугаад би найзуудыг сайн танихгүй болохоор танилцаад ойр зуурын юм яриад сууж байхад гадаа хүмүүс дуулаад шуугилдаад байсан. Ингээд 03 цагийн үед амрахаар болоод би найз залуу ий хамт хэвтээд *******, нар бие засахаар гарсан. Удалгүй гадаа хүмүүс маргалдах чимээ гараад гарахаар нь би араас нь гартал гэрийн урд байрлах саадны хажууд 2 эмэгтэйтэй хэрэлдээд наана нь ******* нэг эмэгтэйгийн доор газар хэвтсэн байдалтай цаана нь махлаг жижиг эрэгтэй хүн цохиод байгаа бололтой байхаар нь би шууд ******* дээр гүйж очоод дээр нь суусан эмэгтэйг болиочээ гэсэн чинь танай найзууд чинь өөрсдөө эхэлсэн гээд урдаас хэл амаар доромжлоод хоорондоо маргалдахад ******* босч байгаа харагдсан ба энэ үед нөгөө эмэгтэй хүмүүс над руу дайраад байсан чинь голоор орж ирээд намайг гэртээ ор гэсэн ба цаана байсан хүмүүс ч гэсэн маргалдахаа болиод бид нар гэртээ орсон. Тэгээд нөгөө хүмүүс цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг

/хх-ийн 24 дүгээр тал/

 

            10. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.ын өгсөн: “...******* нь даруу төлөв зантай, хүний үгнээс гардаггүй, архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй, даруу үг дуу цөөн хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг

/хх-ийн 29 дүгээр тал/

 

           11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн №10488 дугаар: “Б.ын биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, зүүн доод зовхи, баруун бугалгын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх үүссэн байна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 30-31 дүгээр тал/

12. MED TRAUMA HOSPITAL “Дүрс оношилгооны шинжилгээний хариу”

/хх-ийн 68-69 дүгээр тал/

 

13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 56 дугаар тал/

14. Шүүгдэгч Э.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 46-49 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.ын  эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь хохирогч Б.ын нүүр рүү гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 10488 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Э.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.******* нь хохирогч Б.ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Б.ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос хохирол төлбөрт нийт 2.050.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 1,738,800 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул эрүүл мэндийн үзлэг болон шатахууны зардалтай холбоотойгоор 311.200 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч 6 хоногийн завсарлага авч хохирогчид 311.200 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Б. цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

 

Харин шүүгдэгч Э.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т  заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт  эд  мөрийн   баримтаар  хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг *******ны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр *******ны *******, ******* тоотод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           5. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ