Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
Хэргийн индекс | 163/2022/0269/Э |
Дугаар | 2022/ШЦТ/279 |
Огноо | 2022-12-20 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/279
2022 12 20 2022/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Ш.М******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.М*******т холбогдох эрүүгийн 2215003420319 дугаартай, 163/2022/0269/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын М*******, Улаанбаатар хотод 1974 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, 1604 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын 2 дугаар сургуульд тогооч ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 48 настай, эмэгтэй, РД:*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.М******* нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт ******* өргөө цогцолбор сургуулийн цайны газарт иргэн Э.Э*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд халдаж нуруун тус газарт шалны модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн 2215003420319 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ш.М******* нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт ******* өргөө цогцолбор сургуулийн цайны газарт иргэн Э.Э*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд халдаж нуруун тус газарт шалны модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М*******ийн өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн орой хүүхдийн цайны боов хийх гээд ачаалал ихтэй ажиллаж байгаад Э******* гэх бүдүүлэг харьцаатай үйлчлэгч эмэгтэйг чи наад шал угаасан угаадсаа асгачихаач гэтэл хуцаад бай чи өөрөө асга гэсэн. Тэгэхээр нь чи ер нь яахаараа дандаа хүний өөдөөс хуцаад бай гэж байдаг юм бэ? гээд шалны модоор нуруу руу нь цохиод авсан. Тэр бол миний алдаа байсан. Манай ажлынхан эмнэлэг дээр хүргэж өгөөд зураг авахуулсан. Би даралт ихсээд гэр рүүгээ явсан. Зураг авахуултал хавирга хугарсан байсан гэж худлаа ярьсан юм байна лээ гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Э*******ы өгсөн: “…Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн ажил болон ******* өргөө цогцолбор сургуульд ажиллаж байсан юм. Тэгээд ойролцоогоор 18 цагийн орчимд хоолны зааланд шал угааж байх үедээ би М******* гэх эмэгтэйд хандан хүүхдийн хоол зөөдөг хувинд ус хийж алчуур базсан байхаар нь энийгээ асгахгүй бол хоночихвийдээ гээд шалаа угааж байхдаа шалны модоороо жаахан түлхчихсэн юм. Тэгтэл М******* гэх эмэгтэй тухайн хувинг аваад хажуугаар гараад явж байсан. Тэгээд би шалны алчуураа мушгиад шалны модоо хажуудаа юм налуулж тавиад байж байтал миний нуруу хэсэг рүү шалны модоор М******* нэг удаа цохисон. Тэгээд дахиад цохих гэтэл хамт байсан тогооч нар нь М*******ийг болиулсан. Шүүх хуралдаанд оролцохыг хүсэхгүй байна…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.М*******гийн өгсөн: “…Манай гал тогоонд Э******* нь 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс хойш угаагчаар ажиллаж байгаа. Харин М******* болохоор 2022 оны 09 сарын 01-ний өдрөөс туслах тогооч бэлтгэгч ажил хийж байгаа... Би яг хэрэг болох үед хажууд байгаагүй. Харин дараа нь манай гал тогооны ажилтан нар над руу хэлэхдээ М******* нь Э*******ыг шалны модоор цохичихлоо. Тэгээд Э*******ыг эмнэлгээр үзүүлж байгаад сая тарцгаалаа гэж ярьж байсан... Дээрх хүмүүст цалинг би олгодог бөгөөд сургуульд ямар ч хамаагүй. Э******* нь өвчтэй гээд 9 хоног ажилдаа ирээгүй боловч би өвчтэй юм чинь гэж бодоод цалинг нь бүтэн олгосон. Түүнээс цалинг хасаж тооцсон зүйл байхгүй. Э*******ы нэг өдрийн цалин нь 30.000 төгрөг байгаа юм…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.М*******ын өгсөн: “..Тухайн хэрэг болох үед дуу чимээ гарахаар нь харахад М******* шалны мод барьчихсан харин Э******* шалан дээр хэвтэж байгаа харагдсан. Тухайн үед М******* нь шалны модоороо дахиж цохих гэж байгаа бололтой далайхаар нь манай ахлах тогооч М******* очиж шалны модыг нь салгаж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
6. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 198 дугаартай: “…Э.Э*******ын биед нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
8. Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.М*******ийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: "... 2022 оны 11 сарын 17-ны өдөр ******* өргөө цогцолбор сургуулийн гал тогооны зааланд үйлчлэгч Э*******тай бохир уснаас болж хоорондоо маргалдан шалны алчуураа базаж байх үед нь шалны модоор нуруу хэсэгт нь нэг удаа цохисон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.Э*******, гэрч С.М*******, А.М******* нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн Ш.М*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад,
Шүүгдэгч Ш.М******* нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт ******* өргөө цогцолбор сургуулийн цайны газарт иргэн Э.Э*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан байна.
Ш.М******* нь маргалдах явцдаа хохирогч Э.Э*******ы нуруун тус газар шалны модоор цохисон гэж хохирогч мэдүүлснийг гэрч С. М*******, А.М*******, давхар гэрчилж мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 198 дугаартай: “…Э.Э*******ын биед нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд хохирогч Э.Э*******ыг шүүгдэгч Ш.М******* нь нуруун тус газар нь шалны модоор цохисон болох нь хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон, гэрч хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт нь агуулгын хувьд тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ш.М*******ийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Ш.М*******ийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн Ш.М*******ийн нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Ш.М*******ийн нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.М*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ш.М*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Э.Э******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримтыг гаргаж ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд одоо бид хоёр эвлэрсэн, надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ш.М*******т бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ш.М*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Э.Э******* нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн дагуу 133,000 нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Ш.М*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.М*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ш.М******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ш.М*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 43 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ш.М******* нь ам бүл 6, нөхөр, хүүхдийн хамт Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, 1604 тоотод амьдардаг, Булган аймгийн ******* өргөө цогцолбор сургуульд тогооч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ш.М******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ш.М*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ш.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ш.М******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М*******ийг оршин суугаа газраас буюу Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.М******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ш.М******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ