Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 97

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын **** дугаар баг, **** дугаар хэсэгт оршин суух ****** овогт *******ийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын **** дугаар баг, ***** дугаар хэсэг, **** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох

3.346.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч С.******* нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Д.******* нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хугацаагүйгээр сар бүрийн 20 хувийн хүүтэй 4.000.000 төгрөг албан ёсны гэрээ байгуулан зээлж авсан.

Зээлийн гэрээнд зааснаар зээлийн хүү төлөгдөөгүй хоног тутам үндсэн зээлийн 10 хувийн алданги тооцохоор заасан. Иймд зээлийн хүү 506.000 төгрөг, алданги 2.840.000 төгрөг нийт 3.346.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... Хариуцагч Д.******* бид хоёр иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулан зээл өгч авалцсан бөгөөд гэрээг хүлээн зөвшөөрөн хариуцагч тал гарын үсэг зуран баталгаажсан. Одоо болохоор гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байгаа нь банкинд ажилладаг хүний хувьд албаар нэхэмжлэлээс зугатан төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа нь илт байгаа тул гэрээ болон хавсралтаар холбогдох тооцоог гарган өгснөөр шүүхээр шийдүүлэхээр хандсан юм.

Иймд иргэний хуульд заасны дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна. Өөр шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй болно ... гэжээ.

Нэхэмжлэгч С.******* 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие Д.*******д холбогдох нэхэмжлэлдээ нэмэлт нотлох баримт цуглуулах хэрэгтэй байгаа тул нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна.

Иймд шүүхийн тэмдэгтийн хураамжийг Төрийн банкны ******* С.******* тоот дансанд олгож өгнө үү! гэжээ.

Хариуцагч Д.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие С.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрсөн дараах тайлбарыг гаргаж байна.

Д.*******оос авсан мөнгөө миний бие бүрэн төлж барагдуулж дуусгасан. Тэгэхээр энэ нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, намайг хэддүгээр сарын хүүг дутуу төлсөн гэж тооцсон, хэдэн сарын хэднээс хэд хоногийн алданги төлөхгүй хохироосон болохыг тодорхой дурьдаагүй байна.

Ийм учраас нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байгааг шүүх анхааран үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй тул өөрийн эрх ашгийг хамгаалуулж өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах хүсэлттэй байна. Намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй! гэжээ. гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан 3.346.000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.*******д холбогдох 3.346.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.******* ирээгүй, мөн харицагч өөрийгөө байлцуулахгүйгээршүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасныг үндэслэн зохигчдоос гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн тэднийг байлцуулахгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Хариуцагч Д.*******гаас 3.346.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ нэхэмжлэгч С.*******татан авсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дах хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 68.486  төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХЗУЛ