Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/357

 

 

 

 

        

   2022       11        22                                        2022/ШЦТ/357

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,  

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2238000000669 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Жанхай гэх газарт байрлах “Далайн сувд” амралтын газарт хохирогч Ж.Н-тай маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000669 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Т.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Жанхай гэх газарт байрлах “Далайн сувд” амралтын газарт хохирогч Ж.Н-тай маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б-ын: “...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Н-ын өгсөн: “...Т.Б- нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өдөр намайг зодсон асуудал болсон байж байхад Т.Б- нь “цагдаад хандаад яах юм, хүүхдүүддээ шатнаас унасан гэж хэл” гээд манай гэрээс салж өгөхгүй байсан. Одоо Т.Б-тай хамтран амьдарч байгаа Б.Г- нь гадаа байсан юм байлгүй Т.Б- нь Б.Г- ирчихлээ бариач орж толгойг чинь бариулна гээд Хатгал тосгоны төв рүү ирж бариачаар толгойгоо бариулсан. Мөн эм тан эмийн сангаас авч өгсөн ийм асуудал болоод цагдаад хандаж чадаагүй юм. ...Цагдаад гаргаж өгсөн өргөдөлд хавсаргаж өгсөн 12 кадр зургийг би өөрийн эзэмшлийн Galaxу S-7 гар утсаар өөрийнхөө зургийг дарсан. ...Манай хашаан дотор Т.Б- нь унтаж байсан юм байна лээ. Тэгэхэд Т.Б-ын эхнэр хүн явуулж завины түлхүүрийг авхуулчихсан. Тэгэхээр нь ба Т.Б-д завины чинь түлхүүрийг аваад явчихлаа гэхэд Т.Б- намайг босож ирээд үг дуугүй үснээс татаад намайг шовгор байшин дотор зодсон. Хүн амьтан байхгүй арай гэж гарч ирсэн. ...шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан тархинд доргилтыг Т.Б- надад 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр учруулсан юм. ...Улаанбаатарт эмчлүүлэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...Би Мөрөн суманд эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгсөн, хэвтэн эмчлүүлсэн баримтуудыг гаргаж өгнө. Эдгээрт 380.000 төгрөг зарцуулсан. ...Т.Б- надад Хатгалын эмийн сангаас эм тариа авч ирж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26, 28, 30 дугаар тал/,

Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хатгал тосгоны Жанхай гэх газарт Т.Б- гэх хүний байшин барих ажлаар Бажиг ахын хамт очсон. Тэгтэл Т.Б- нь архи уугаад алга болсон байсан. Би Т.Б- ахын эхнэр Б.Г- эгчтэй Жанхайн “Далайн сувд” гэх амралтад дээр очсон. Б.Г- эгч Т.Б- энд байгаа гэсэн. Тэгтэл байшин дотроос Ж.Н- гэх эмэгтэй гарч ирээд Б.Г- эгч рүү яах гэж ирсэн юм гэж орилсон. Тэгэхэд Т.Б- хаана байна гээд тэр хоёр байшингийн гадаа маргалдаж эхэлсэн. Нэг нэгнийгээ хэл амаар доромжлоод заамдалцаад цаг гаруй маргалдаж зууралдаад байсан. Тухайн үед Ж.Н- гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тэр хоёрыг маргалдаад байхаар нь Б.Г- эгчийг наана чинь юм хийнэ гэж байхгүй юм байна явъя гэж хэлээд явсан. Ийм л зүйл болсон. ...Маргалдаж байхыг харсан Т.Б- гэх ахаас болж маргалдсан. ...Т.Б- байна уу байхгүй юу яах гэж манайд ирсэн гэх шалтгаанаас маргалдаж эхэлсэн. Тухайн үед Т.Б- нь Ж.Н- гэх эмэгтэйн байшин дотор тасраад унасан байсан. Ж.Н- гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн маргалдаад уйлаад байсан. Б.Г- гэх эмэгтэй аргадаад байсан. ...Ж.Н- гэх эмэгтэйг Б.Г- гэх эмэгтэй зодож үсдэж авч унагасан зүйл огт болоогүй маргалдаад нэгнийгээ заамдаж аваад уйлаад л байсан. Би харсан зүйлийнхэн талаар үнэн зөв ярина хэн нэгний талд орсон зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. ...Ж.Н- гэх эмэгтэй гэр рүүгээ орсон салгахаар тийм зодоон цохион болсон асуудал байхгүй хоёр эмэгтэй хүн хооронд юм яриад уйлаад байхаар нь би хол очоод зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өргөдөл дээр Ж.Н- гэх эмэгтэй нь надад 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зодуулсан гэж бичсэн байна. Би 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хатгал тосгоны Жанхай гэх газарт байгаагүй бөгөөд харин 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хатгал тосгоноос хоёр хүн аваад байшин барихаар Т.Б- бид дөрөв очсон юм. Ж.Н- гэх эмэгтэйн хамар хашаанд манай зуслангийн байшин байдаг юм. Тэгтэл манай нөхөр Т.Б- алга болчихсон юм. Тэгээд хайгаад байж байтал Ж.Н- гэрээсээ гарч ирээд надтай юм ярьж сууж байгаад над руу орилоод түлхээд хоёр гурав цохиод байхаар нь би гараад яваад өгсөн. Ийм л зүйл болсон. Харин маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нь бид нар мөн байшингаа барихаар өглөө очиход Ж.Н- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэвээрээ Т.Б- гэрийнх нь гадаа тасраад унасан байдалтай байсан. Байшин барихаар ирсэн залуучууд энд байшин барина гэж бүтэхгүй юм байна явья гээд явцгаасан. Би нөхрөө ч авч чадаагүй миний машин тэрэг рүү Ж.Н- нь шороо чулуу авч шидэх гээд байхаар би яваад өгсөн ийм л зүйл болсон. ...Би Ж.Н- гэх эмэгтэйг зодож цохисон асуудал байхгүй надтай хамт явж байсан залуу хүртэл харж байсан. Ж.Н- нь харин над руу уйлаад дайраад байсан. Би тэгэхээр нь яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 507 дугаартай: “...Ж.Н-ын биед тархинд доргилт, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Ж.Н-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар тал/,

Шинжээч эмч М.Батмөнхийн: “...Ж.Н-ын биед учирсан гэмтэл нь тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Ж.Н-ын биед учирсан гэмтлүүд нь 2022 оны 08 дугаар сард авсан байж болно. Хугацааны хувьд тохирно...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-53 дугаар тал/,

Хохирогч Ж.Н-аас цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 12-14 дүгээр тал/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Т.Б-ын өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар бүгдийг үнэн зөв ярьсан тул надад дахин ярих шаардлага алга. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Н-тай үл ойлголцож, түүний эрүүл мэндэд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.Н-, гэрч Н.Б-, Б.Г- нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Т.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Т.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Жанхай гэх газарт байрлах “Далайн сувд” амралтын газарт хохирогч Ж.Н-тай маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Ж.Н-ын биед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тархинд доргилт, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Т.Б-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.Б-ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Ч.Будхүү нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч Т.Б-, хохирогч Ж.Н- нар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “...хохирогч Ж.Н-аас уучлалт гуйж хохирлын нөхөн төлбөр болох 1.500.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр өгч хохирлыг бүрэн барагдуулж хоорондоо зохицож эвлэрсэн. ...Хохирогч Ж.Н- би Т.Б-д ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ (хх-ийн 85 тал) хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Б-н хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 61, 64-66 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.Б- нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан (хх-ийн 86 тал), хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б-д “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялаас чөлөөлөх” санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, мөн зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-д прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР