Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0569

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ю т” ХХК

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/73 дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ю т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Нэхэмжлэгч “Ю т” ХХК нь хамтран ажиллах гэрээний үндсэн дээр “А-Й” ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн №000305783, нэгж талбарын № 18633303344807 дугаарт бүртгэлтэй, Хан –Уул дүүргийн 21-р хороо, Буянт-Ухаа спорт ордоны ертөнцийн зүгээр баруун талд байрлалтай 5000м.кв талбай бүхий газарт тус бүр нь 1 орцтой, 12 давхар нийт 198 айлын 2 блок орон сууцны “Ю-Апартмент” хотхоны барилгын төслийн ажилд захиалагчаар ажиллаж байгаа билээ.

Барилга угсралтын ажлын хүрээнд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт, Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг гэж тус тус заасныг үндэслэн холбогдох баримт бичгийн бүрдлийг ханган хүсэлт гаргасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 161/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.

Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т 28.2.1-28.2.5-д заасны дагуу барилгын захиалагч нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүсэхдээ “барилга байгууламжийн байршил загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт, зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан, гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг" хавсаргана гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28,4 дэх хэсэгт “баримт бичгээс гадна зураг төсөл

боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл, барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ийг барилга эхлүүлэх зөвшөөрлийн хүсэлтэд хавсаргана, 28.5 дахь хэсэгт “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно.” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №68 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.2-т “Захиалагч Барилгын тухай хуулийн 28.2, 28.3, 28.4-т заасан баримт бичгийг бүрдүүлэн барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийн хувьд холбогдох төрийн захиргааны төв байгууллагад, бусад тохиолдолд аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад гаргана. /Энэ заалтад Засгийн газрын 2017 оны 171-р тогтоол, 2018 оны 317 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон/”, 2.3 дахь хэсэгт “Зөвшөөрөл олгох байгууллага захиалагчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч ажлын 10 хоногт багтаан барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан “Ю т” ХХК нь А-Й ХХК-тай байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр “А-Й” ХХК-ийн эзэмшлийн, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн №000305783, нэгж талбарын № 18633303344807 дугаартай, 5000м2 талбай бүхий газарт “Ю-Апартмент” нэртэй орон сууцны хотхон барих төслийг хэрэгжүүлж захиалагчаар ажиллаж байгаа болно.

Энэхүү газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/1263 тоот захирамж буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №01122-2019/01362 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу 6 дахь жилдээ үргэлжлүүлэн эзэмшиж байна. “Ю т” ХХК болон А-Й ХХК-иудын гүйцэтгэх удирдлага нь нэг этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр мөн тогтоогдоно.

“Ю т” ХХК нь: Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан ГБМЗХ2019/23-017 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг, Төслийн эх загвар зураг буюу эскизийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн ерөнхий архитектороор батлуулж, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр №052/2020 дугаартай, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 15/02478/20 дугаартай техникийн нөхцөлийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ТН-D53/2020 дугаартай, Ус сувгийн удирдах газраас 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан №497/20 дугаартай техникийн нөхцөлүүдийг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр №20/2020 дугаартай техникийн тодруулгыг тус тус авсан.

Төсөл хэрэгжиж буй газар нь ямар нэгэн байдлаар улсын тусгай хамгаалалтын газар нутаг, бүсэд үл хамаарах бөгөөд “Н л д” ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр даатгалын холбогдох гэрээнүүдийг байгуулсан.

“Ю-Апартмент” орон сууцны хотхон төслийн барилгын ажлын зурагт Онцгой байдлын ерөнхий газраас 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хяналт хийж №147 дүгнэлтийг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мөн зураг төсөлд хяналт хийж 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр №02- 03-351/1080 дугаартай дүгнэлтийг тус тус гаргасан.

Барилга хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвөөс мөн ажлын зурагт хууль тогтоомжид заасны дагуу магадлал хийж 2020 оны .... дугаар сарын ....-ний өдөр .... дугаартай дүгнэлт гаргасан.

Дээр дурдсан баримт бичгийн бүрдлийг бүрэн гүйцэт хангаж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн хүсэлтийг Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсний дагуу хянаад “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.6.1, 2.6.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул тус газраас 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №161/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.

Гэтэл Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №161/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Харин нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 020/104 тоот албан бичгээр гомдол гаргасан.

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариу ирүүлээгүй буюу иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хугацаа сунгасан эсэх, мөн Коронавирус цар тахлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авсан арга хэмжээнүүдтэй холбоотойгоор хариуг хуульд заасан хуанлийн хоногт багтааж ирүүлээгүй байсан тул №020/104 тоот албан бичигт дурдсан гомдолтой холбоотойгоор нэмэлт тайлбар, тодруулга бүхий дэлгэрэнгүй №02/22 тоот албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол шуудан ХК-ийн шуудан зөөгч Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №08/4479 тоот албан бичгийг, тус компанид ирүүлсэн. Энэхүү “Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг”-т “..2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн NoА/73 тоот “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгуулах болгох боломжгүй. Орлогч дарга Ч.Б...” гэсэн байсан тул Нэгдүгээрт 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот “Барилгын ажлын  зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалыг баталсан эрх бүхий албан тушаалтан нь газрын дарга Ц.Т гэсэн байдаг, гэвч тухайн тушаал буюу захиргааны шийдвэрийн хууль зүйн хийгээд аливаа үндэслэлийг түүний орлогч дарга хянаж судлан үзээд үндэслэлтэй эсэх талаарх албан ёсны хариуг шийдвэр гаргасан этгээдийн орлогч мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны албан тушаалтан шууд харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр холбоотой гомдлыг хянаж шийдвэрлэж байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан төрийн алба буюу түүний үйл ажиллагааны “захирах, захирагдах ёсны зарчим”-д нийцэхгүй,

Хоёрдугаарт иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19,3 дах хэсэгт “Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад өөрийн эрхлэх асуудлын хүрээ, хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө.” гэж заасан бөгөөд Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу Нийслэлийн засаг дарга нь нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих, барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх, барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах бүрэн эрхтэй буюу түүний бүрэн эрхэд хамаарах асуудал мөн гэсэн үндэслэлээр дахин гомдол гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №03/6927 тоот “Хариу хүргүүлэх тухай” шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталгаат шуудангаар ирүүлсэн.

2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот тушаалын 1-д: «... Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02- 03/4181 дугаар хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах тухай” албан бичгийн дагуу “Ю т” ХХК-д олгосон 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 161/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй...» гэжээ.

Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №02- 02/3273 тоот “Эрх зүйн баримт бичгийн дагуу авсан арга хэмжээний тухай” албан бичиг, мөн Нийслэлийн мэргэжлийн газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан зөрчлийн 2002000352 дугаартай хэргийн шийдвэрлэлт, шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал болон сүүл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02- 03/4181 дугаар албан бичгүүд нь хоорондоо зөрчилдсөн утга агуулгатай эрхийн актууд байна. Иймд Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ю тХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03/6927 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ю тХХК нь Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талд байрлалтай, 5000 м.кв талбай бүхий газарт А-Й ХХК-тай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг орцтой, 12 давхар, 198 айлын орон сууцны барилгын ажлын захиалагчаар ажиллаж байгаа билээ. Нэхэмжлэгч Ю тХХК нь холбогдох хууль, дүрэмд заасны дагуу баримт бичгийн бүрдлийг хангаж, Хот байгуулалт хөгжлийн газарт хүсэлтээ гаргахад 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 161/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийг олгосон.

Тус гэрчилгээг авахын тулд нэхэмжлэгч нь Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын даргаар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан. Барилгын эх зураг буюу эскизийг 2020 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Нийслэлийн ерөнхий архитектороор батлуулж, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дулааны зөвшөөрлөө авсан байдаг. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр техникийн нөхцөлийг авсан. Ус сувгийн удирдах газраас 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан 497 дугаартай техникийн нөхцөлүүдийг авсан. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас техникийн тодруулгыг авсан. Онцгой байдлын ерөнхий газраас 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хяналт хийлгэж, 147 тоот дүгнэлтийг гаргуулж авсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зураг төсөлд хяналт хийж, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тус газраас дүгнэлт гаргаж авсан. Барилга хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвөөс мөн ажлын зурагт хууль тогтоомжид заасны дагуу магадлал хийж, дүгнэлт гаргуулсан. Дээрх техникийн нөхцөлүүд нь холбогдох баримт бичгийн шаардлага, бүрдлийг хангасны үндсэн дээр 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 161/2020 тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг манайд олгосон байдаг.

Хариуцагчаас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаал гарсан мөн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 161/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул бид өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд оролцож байна. Маргаан бүхий захиргааны акт нь хэлбэрийн шаардлага хангаагүй, сонсох ажиллагааг дүр эсгэж хийсэн. Сонсох ажиллагааны үед Ю тХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 020/099 тоот албан тоотоор тайлбар хүргүүлсэн байдаг. Барилгын норм дүрэмд барилга хоорондын зайг тууш ба хөндлөн гэх байрлалаас хэмжих буюу барилгын өнцөг буюу булангаас хэмжих тухай зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, барилга хоорондын зайг хэмжих зай нь параллель байхыг шаардсан хууль зүйн зохицуулалттай. Хууль, дүрэмд заасны үндсэн дээр бид материалаа бүрдүүлж өгсөн. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээлгэхээр хариуцагчид албан бичиг хүргүүлсэн байдаг.

Хот байгуулалт хөгжлийн газар нь сонсох ажиллагааны явцад Ю тХХК-ийн ирүүлсэн албан тоотыг маргаан бүхий шийдвэртээ тусгах ёстой байсан боловч тусгаагүй. Тусгаагүй шалтгаанаа тайлбарлах үүрэгтэй байсан боловч тайлбар хийгээгүй, үүргээ хэрэгжүүлээгүй. Маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн хувьд алдаатай, шаардлага хангаагүй, утга найруулгын хувьд буруу байна. Хариуцагч нь захиргааны актаа гаргахдаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02-03/4181 дугаар “Хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах тухай” албан бичигт үндэслэж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь учир дутагдалтай гэж үзэж байна. Сонсох ажиллагааны явцад, хийх ёстой байсан тодорхой ажиллагаануудыг хийгээгүй. Гэрч, гуравдагч этгээд нарыг сонсох ажиллагаанд оролцуулалгүйгээр хийсэн учраас гомдол гаргаж байгаа. Хан-Уул дүүргийн 253, 254 дүгээр байрны оршин суугчдын төлөөллийг оролцуулж сонсох ажиллагааг хийх ёстой байсан боловч тэгээгүй. Уг сонсох ажиллагаа нь хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэж байна.

Маргаан бүхий захиргааны актыг гарсны дараа зорилгодоо нийцсэн, гаргах ёстой байсан бодит шалтгааныг олох ёстой байсан боловч мөн зохих ажиллагаануудыг дутуу хийсэн. Энэ үүрэг нь Хот байгуулалт хөгжлийн газрын үүрэг байсан боловч хийгээгүй. Уг актыг гаргахдаа ямар зорилготойгоор гарсан болон уг зөрчлийг нь хэн, хэрхэн арилгах талаар огт тусгаагүй.  Ю тХХК нь эскиз зураг буюу ажлын зургийг батлагдсаны дараа баримт бичгийн бүрдлийг хангаж, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн үндсэн дээр оршин суугч нараас зөвшөөрөл авч, 198 айлын орон сууцыг борлуулалтад гаргасан. Ингээд байрныхаа ихэнх хувийг зарсан байсан. Эдгээр бодит нөхцөл байдлуудыг тодруулж, нэхэмжлэгч Ю тХХК-ийн тайлбар, санал зэргийг шийдвэртээ тусгаагүй ба тэр талаар шийдвэртээ тусгах ёстой байсан. Мөн зөрчлийг арилгах ямар субъектүүд байгаа талаар дурдаагүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтын хүрээнд Хот байгуулалт хөгжлийн газар ямар эрх, үүрэгтэйгээр оролцох талаар болон хамтран ажиллах ажиллагааны талаар нь тусгаж өгөх ёстой байсан.

Эрх бүхий байгууллагуудын алдаатай шийдвэрийн улмаас Ю тХХК нь өнөөдрийг хүртэл хохирсоор байна. Төсвийн хувьд алдагдалд орсон. Бараа, материалын үнийн өсөлтөөс болж манай компани санхүүгийн хувьд хүнд байдалд орсон. 198 айлын захиалагч нар иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар Ю тХХК-ийг тодорхойлон нэхэмжлэл гаргасан. Компанийн эрх зүйн байдлыг ихэд дордуулсан байдалтайгаар хавтаст хэргийн материал нь бүрдсэн байдалтай байгаа. Дээрхээс үүдэн захиалагч тал санхүүгийн хүнд  байдалд гацсан. Эхнээсээ захиалагч нар гэрээгээ цуцалж байна. Ю тХХК нь захиалагч нараас авсан мөнгөө барилгын материал болон ажилчдын хөлсөнд шингээсэн байсан учраас захиалагч нарын нэхэмжилсэн хөрөнгийг буцаан гаргаж өгөх боломжгүй болсон. Маргаан бүхий захиргааны актын нөлөөнөөс болж дээрх нөхцөл байдлууд үүссэн.

Захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, хэнд чиглэсэн нь тодорхой бус, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн компанийг шийдвэртээ тусгаагүй, зөвхөн зураг төсөл дээр дахин ажиллахыг даалгасан. Эскизийг баталсан Нийслэлийн ерөнхий архитектур хяналт тавих үүргийг өгөх ёстой байсан боловч тийм үүрэг өгөөгүй. Хууль бус эс үйлдэхүй үйлдэхүйц нөхцөл байдалд оруулсан. 253, 254 дүгээр байрны оршин суугч нарт нэхэмжлэгчийн зүгээс уулзалт зохион байгуулж, төслийн танилцуулгыг хийсэн. Тус төслийн танилцуулгаар газар дээр ямар ямар нийтийн эзэмшлийн талбайтай талаар танилцуулсан. Төслийн танилцуулгыг хийсний үндсэн дээр 253, 254 дүгээр байрны оршин суугч нартай зөвшилцөлд хүрээд, тус төслийн барилгыг эхлүүлэхэд татгалзах зүйлгүйгээ мэдэгдэж, манай талаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд оршин суугч нараар гэрчээр мэдүүлэг өгүүлж, холбогдох баримт бичгүүдийг нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн танилцуулсан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дараах хууль зүйн нэмэлт тайлбарыг хийе. Нэгдүгээрт, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гэдэг нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйл, Засгийн газрын  2017 оны Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх дүрэмд заасны дагуу бүрдүүлбэр хангасан байх юм бол захиргааны байгууллага зөвшөөрлийг олгохоос татгалзах үндэслэлгүй. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг” хэлнэ. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар барилга байгууламжийг шинээр барих тохиолдолд аймаг, Нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийг олгохоор хуульчилсан. Энэ хуулийн зохицуулалтын дагуу Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу  Ю тХХК нь хуульд заасан бүх баримт бичгийг бүрдүүлж, Хот байгуулалт хөгжлийн газарт хандсан байдаг. Үүний дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн Ю тХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зургийг баталж, барилгын ажлын зөвшөөрлийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр олгосон. Хуульд заасны дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх бүх зөвшөөрлийг нэхэмжлэгч компани бүрдүүлсний дараа нийт 198 иргэдээс орон сууцны захиалга авч, үйл ажиллагаагаа явуулсан  байдаг.

Өөрөөр хэлбэл, Ю тХХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөл нь дан ганц Ю тХХК-ийн үйл ажиллагаа, өмч биш цаана нь орон сууц захиалагч нар болох 198 иргэний Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургаадугаар зүйлд заасан өмчлөх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал давхар хөндөгдөж байгааг хэлмээр байна. Ингээд Ю тХХК нь орон сууц захиалагч нартай гэрээ байгуулан, төслийн үйл ажиллагааг явуулан А блок барилгын дүүргэлт 100%, Б блок барилгын дүүргэлт 30%-тай, нийлээд 60%-тайгаар барилгын ажил үргэлжилж байхад, Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаал гарснаар Ю тХХК үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлд хүрсэн. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч, дараах хууль зүйн үндэслэлээр тайлбарлая.

Нэгдүгээрт, маргаан бүхий “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгосон байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг нь агентлагийн даргын тушаал гаргах эрх хэмжээний талаарх зохицуулалт. Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 дахь заалтууд нь захиргааны байгууллагын зүгээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай зохицуулалтыг оруулсан. Уг хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт захиргааны байгууллагаас захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэлийг тодорхойлохдоо, “...захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ” гэж хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтаас харвал, Ю тХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлж өгөөч хэмээн захиргааны үйл ажиллагааны оролцогч эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд хүсэлт гаргах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газарт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд эсхүл захиргааны үйл ажиллагааны оролцогчоос актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байж, актын биелэлтийг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл бүрдэхээр заасан.

Гэтэл Ю тХХК-ийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж өгөөч хэмээн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд хүсэлт гаргаагүй байхад хуулийн уг заалтыг баримтлан барилгын ажлын гэрчилгээг түдгэлзүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг үндэслэл болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-д “Энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж заасан. Захиргааны актын биелэлтийг захиргааны байгууллагаас хугацаагүйгээр түдгэлзүүлж, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж болохгүй гээд Захиргааны ерөнхий хуульдаа заасан. Хэрвээ захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж байгаа бол тодорхой хугацаатай байх ёстой. Энэ хугацаа нь хуульд зааснаар гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай тушаал нь хүчин төгөлдөр байхаар заасан байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-д зааснаас үзвэл, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдээс хүсэлт ирээд, тэр хүсэлтийн дагуу уг акт нь гомдлыг хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд актын биелэлтийг түдгэлзүүлэх ёстой.

Гэтэл өнөөдрийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан, нэхэмжлэлийн шаардлагад тусгасан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” А/73 дугаартай тушаал нь ямар иргэний хүсэлтийн дагуу гарсан нь тодорхойгүй. Хоёрдугаарт, энэ тушаалын үргэлжлэх хугацаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, үндэслэл болгосон Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 дахь хэсгүүдэд заасан шаардлагуудын аль алийг нь хангаагүй байгаа учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байгаа уг тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулалгүйгээр уг шийдвэрээ гаргасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбарт нэмэлт тайлбар хэлэхэд, нэхэмжлэгчийг үйл ажиллагаагаа явуулах болон хуулийн хэрэгжилтийг хангуулах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, хүсэлтээ гаргаагүй гэх хариу тайлбарыг өгч байна. Гэтэл энэ актын дагуу, актаа судалж үзээд, зураг төсөл ээвэрлэлтийн бүх шаардлагыг хангаж байгаа талаар хариуцагчид хүсэлт өгөхөд Нийслэлийн Засаг даргын баталсан журмын дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа маргаан дээр бид хариу өгөх боломжгүй гэх хариуг бидэнд өгөөд байдаг учраас захиргааны байгууллага болон Ю тХХК-ийн хооронд ямар нэгэн харилцаа үүсэх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л агентлаг нь шүүхээр явж байгаа маргаанд бид шийдвэр гаргахгүй гэдэг хүрээнд хумигдчихаад шүүх рүү энэ асуудлаа тулгаад байдаг.

 Ю тХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргахгүй байх гэхээр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрч, уг акт нь хүчин төгөлдөр болох гээд байдаг. Уг актыг хүлээн зөвшөөрөөд, ямар нэгэн зөвшилцөлд хүрье гэхээр нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй акт байдаг. Хуульд заасан хугацаагүй, ямар оролцогчийн хүсэлтээр актын биелэлтийг түдгэлзүүлж байгаа нь тодорхойгүй. Энэ мэтчилэн нөхцөл байдлууд тогтоогдоод байгаа  учраас шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлэхээс өөр арга байгаагүйг хэлмээр байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус газраас Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 02-н өдрийн А/1263 дугаар захирамжийг үндэслэн "Ю т” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ГБМЗХ2019/23-017 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, загвар зургийг баталсан. Тус компани нь барилгын ажил зөвшөөрлийн гэрчилгээ авах хүсэлтээ өгснийг судлан Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан бүрдлийг баримт бичгийн бүрдлийг хангуулан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 161/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 12-нэхэмжлэгч  өдрийн 02-034181 дугаар “Хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах тухай” албан бичгийн дагуу “Ю т” ХХК-д олгосон 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 161/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/73 дугаар тушаалаар түдгэлзүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Манай газраас Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/1263 тоот захирамжид үндэслэн Ю тХХК-д 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ГБМЗХ19/23-017 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, загвар зургийг баталгаажуулж өгсөн. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 161/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байдаг. Зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч компани барилгын ажлаа үргэлжлүүлэн явуулж байхад, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02-03/4181 дугаар “Хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах тухай” албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичиг нь “... Хан-Уул дүүрэгт байрлах Ю тХХК-ийн барьж байгаа барилга нь Барилгын норм ба дүрэм /БНбД 23-04-07/-д заасан шаардлагыг хангахгүй байна. Уг шаардлагыг хангуулж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинжлэн судалж, барилгын ажлын тушаалыг хүчингүй болгож, буцаан мэдэгдэх” тухай утга бүхий агуулгатай байсан.

Үүний дагуу Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” А/73 дугаартай тушаал гарч, Ю тХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн. Ингэснээр тухайн гэрчилгээ хүчингүй болсон гэсэн үг биш. Ю тХХК-ийн барилга нь 2 блок барилга байдаг. А блок барилгын талаар шийдвэрт дурдаагүй. Б блок барилга нь тухайн сууцны барилгажилтын бүсийн нарны тусгал /ээвэрлэлт/-ын хангамжийг хангахгүй байгаа талаар дурдаж, ирүүлсэн албан бичгийн дагуу түдгэлзүүлсэн. Ингээд нэхэмжлэгч талд мэдэгдэл хүргүүлсэн ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаж байна.

Манай байгууллагын зүгээс Б блок барилгын тухайн сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын шаардлага, мөн Барилгын норм ба дүрэм /БНбД 23-04-07/-д заасан шаардлагуудыг тус тус хангуулан архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн батлуулах талаар шаардлагыг Ю тХХК-д удаа дараа тавиад, хэд хэдэн удаагийн уулзалтуудыг зохион байгуулсан. Нэхэмжлэгч компанийн зүгээс одоогийн байдлаар ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй, хүсэлт ирүүлээгүй байдалтай байна. Барилгын ажлыг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаснаас биш хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй дээрх үндэслэлүүд байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хуулийн хэрэгжилтийг хангуулах бодит бололцоо, боломжийг үргэлжлүүлэн явуулж өгөхийг хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          “Ю т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн А/73 дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарыг сонсоод Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т заасныг үндэслэн “Ю т” ХХК-д олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн хариуцагчийн А/73 дугаар тушаал хууль бус гэж дүгнэн хүчингүй болгон шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч “Ю т” ХХК-ийн Хан-уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талд байрлалтай 5000 м кв талбай бүхий газарт 198 айлын орон сууцны барилга барих хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 161/2020 дугаар бүхий Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ[1] олгожээ.

           Нэхэмжлэгч компани дээрх зөвшөөрлийг авахын тулд Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг батлуулан барилгын ус, цахилгаан, дулаан, холбооны техникийн нөхцөлийг авч, Онцгой байдлын ерөнхий газар, Орон сууц нийтийн аж ахуйн газрын дүгнэлт, Барилгын хөгжлийн төвийн магадлалын дүгнэлтийг гаргуулан шаардлагатай баримтуудыг бүрдүүлж ажилласан бөгөөд эдгээр баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

          Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 02-03/4181 дугаар албан бичгийг Хот байгуулалт хөгжлийн газарт ирүүлж барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээг цуцлахыг мэдэгджээ.

          Энэхүү албан бичигт дурдсанаар Хан-уул дүүргийн 21 дүгээр хорооны 253 дугаар байрны оршин суугчдын гомдлоор хяналт шалгалт хийж баригдаж байгаа барилгын “Б” блок орон сууцны барилга нь 253 дугаар байрнаас “орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын (ээвэрлэлтийн) хангамж”-ын шаардлагыг хангуулаагүй гэж үзжээ.

          Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын энэхүү албан бичгийн дагуу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т заасныг үндэслэсэн байна.

          Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Энэ хуулийн 97 дугаар зүйл болон бусад хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ.”, 96.2-т “Энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.”, энэ хуулийн 97 дугаар зүйлд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдлуудыг нэрлэн зааж хуульчилжээ.

          Харин хариуцагчийн маргаан бүхий А/73 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг авч үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”,  4.2.5-д ”зорилгодоо нийцсэн,бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэсэн зарчимтай нийцээгүй, үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй байна.

          Өөрөөр хэлбэл тухайн зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн гомдол, хүсэлт ирүүлээгүй, маргаан бүхий актад гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаа заагаагүй, зөрчил арилсан эсэхээс хамаарч хэрхэн шийдвэрлэх талаар дурдаагүй зэргээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдээгүй, хэрэгжих боломжгүй ойлгомжгүй шийдвэр болжээ.

          Түүнчлэн нэхэмжлэгч компанид олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх үндэслэл болсон 02-03/4181 дугаар албан бичигт заасан зөрчлийн үр дагавар арилсан эсэх талаар тодруулж шаардахад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 02-02/2127[2], 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02-01/2511 дугаар албан бичгээр[3] дээрх албан бичигт дурдсан зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгөөгүй, дахин хяналт шалгалт явуулаагүй, оршин суугчдаас дахин гомдол ирээгүй гэж хариу ирүүлжээ.

          Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 02-02/3273 дугаар албан бичгээр[4] тус компани нь тусгай зөвшөөрөлтэй “М а” ХХК-иар нарны ээвэрлэлтийн тооцоог хийлгүүлж тус газарт ирүүлсэн, 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 02-01/173 дугаар албан бичгээр[5] нэхэмжлэгч компаниас ирүүлсэн гомдолд “...танай ирүүлсэн гомдлыг Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн дагуу Хот байгуулалт хөгжлийн газар шийдвэрлэх боломжтой тул тухайн газарт нь хандах нь зүйтэй.” талаар дурдаж “Ю т” ХХК компанид тус тус хариу хүргүүлж байжээ.

          Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дээрх албан бичгүүдийн агуулгаас харахад маргаан бүхий А/73 дугаар тушаалын үндэслэл болсон тус газрын 02-03/4181 дугаар албан бичгийн эрх зүйн үр дагавар дуусгавар болсон байна. 

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанид 2020 оны 09 дүгээр сард барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсоноор орон сууцны барилга барих эрх үүссэн, мөн нэхэмжлэгчийн зүгээс Барилгын тухай хуулийг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчлөө арилгаж 5 сая төгрөгийн торгууль төлсөн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 02-03/4181 тоот албан бичигт дурдсан нарны ээвэрлэлтийн норм хангаж байгаа талаар тус газрын 02-02/3273 тоот албан бичгээр болон тусгай зөвшөөрөл бүхий “Ц б” ХХК-иар “U Апартмент хотхоны Б блок”-ын  нарны ээвэрлэлтийн зураглалаар[6] нотолсон, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дахин уг зөрчилтэй холбоотой хяналт шалгалт хийгээгүй, албан даалгавар шаардлага хүргүүлээгүй, 253 дугаар байрны оршин суугчдаас дахин гомдол гаргаагүй, эдгээр оршин суугчдын төлөөлөл орон сууц барих төслийг дэмжиж байгаагаа шүүхэд мэдүүлсэн зэргээс үзэхэд маргаан бүхий А/73 дугаар тушаалын үндэслэл болсон 02-03/4181 дүгээр албан бичгийн эрх зүйн үр дагавар дуусгавар болсон гэж үзэхээр байна.

           Түүнчлэн Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан баримт бичгийн бүрдэл хангаж зөвшөөрөл авснаар барилгын ажил нь хийгдэж байгаа нэхэмжлэгч компанийн тухайд гаргасан зөрчлөө арилган, барилгын хууль, норм дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах боломжтой байхад эрх зүйн үр дагавар нь дуусгавар болсон мэргэжлийн хяналтын албан бичгийг үндэслэн зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна.

           Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас оршин суугчдын гомдлын дагуу хяналт шалгалт хийж зөрчлийг тогтоож барилгын ажлын зөвшөөрлийг цуцлахыг хариуцагчид мэдэгдсэнийг үгүйсгэх боломжгүй ч үүнээс хойш хугацаанд зөрчил арилсан үйл баримтад үндэслэн дүгнэхэд хариуцагчийн маргаан бүхий акт хууль зүйн хувьд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул маргаан бүхий А/73 дугаар тушаалыг хууль бус гэж дүгнэн хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь;

          1. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.2, 35 дугаар зүйлийн 35.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Ю т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн А/73 дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                       А.НАСАНДЭЛГЭР

 

             

 

 

[1]  Дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас

[2] 2 дугаар хавтаст хэргийн 77 дугаар хуудас

[3] 2 дугаар хавтаст хэргийн 130 дугаар хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар хуудас

[6] Хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн