Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0794

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Бут” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б

Нэхэмжлэгч: “Бут” ХХК

Хариуцагч: А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: Д.Ж-,

Нэхэмжлэлийн шаардлага: ““Бут" ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн "Бут" ХХК-ийн дүрэм болон өөрчлөлт орсон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Бут" үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Бут" ХХК-ийн дүрэм зэрэг шинээр үүсгэн байгуулагдсаныг болон өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, "Бут" ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн "Бут” ХХК-ийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Бут" үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Бут" ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг А аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, А аймгийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн "Бут" ХХК-ийн улсын бүртгэлд “БаТ” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэрийг бүртгэсэн бүртгэл болон "Бут” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчийн мэдээлэл хэсэгт Д.Ж-" гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, болон үүсгэн байгуулагч гишүүний мэдээлэл хэсэгт Р.Б-аар залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах”

Гуравдагч этгээд Д.Ж-ы “300**** регистрийн дугаартай, "Бут" ХХК- ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Р овогтой Б-ыг захирлаар томилсныг бүртгэв”, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210000,0-р нэмэгдэж, 216000,0 мян.төг болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэсэн А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлага,

А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 0024 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд Д.Ж-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай,

Хэргийн индекс: 109/2024/0096/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 0024 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4. дэх хэсгийн 19.4.2, 19.4.3 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Бут” ХХК-аас А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Бут” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Бут” ХХК-ийн дүрэм болон өөрчлөлт орсон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бут” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бут” ХХК-ийн дүрэм зэрэг шинээр үүсгэн байгуулагдсаныг болон өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Бут” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Бут” ХХК-ийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бут” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бут” ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг А аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, А аймгийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн “Бут” ХХК-ийн улсын бүртгэлд “БаТ” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэрийг бүртгэсэн бүртгэл болон “Бут” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчийн мэдээлэл хэсэгт Д.Ж- гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, болон үүсгэн байгуулагч гишүүний мэдээлэл хэсэгт Р.Б-аар залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.6 дахь заалт, 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6 дахь заалт, 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь заалтуудыг тус тус баримтлан гуравдагч этгээд Д.Ж-ы бие даасан шаардлагыг хангаж, 300**** регистрийн дугаартай, “Бут” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Р овогтой Б-ыг захирлаар томилсныг бүртгэв, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210000,0-р нэмэгдэж, 216000,0 мян.төг болж өөрчлөгдсөнийг бүртгэв гэсэн А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

            2.1. Р.Б- миний бие Авто тээврийн техникч эдийн засгийн мэргэжилтэй бөгөөд А аймгийн Авто тээврийн 6 дугаар баазад 1981 оны 12 сараас эхлэн энэ байгууллагыг татан буугдах хүртэл ашиглалтын тоо бүртгэгч, диспечир, автын механик, зэрэг ажлуудыг хийж байсан. Шинээр Авто тээврийн газар байгуулагдахад тээвэр зохицуулагчаар 2005 оноос 2007 он хүртэл ажиллаж байсан юм.

            Би А-Улаанбаатар чиглэлд хувиараа зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байсан жолооч нартай хамтран 2006 онд “Бут” ХХК-г үүсгэн байгуулан ажиллахаар болсон юм. Учир нь А аймгийн зорчигч тээврийн жолооч нар нь А-Улаанбаатар-А чиглэлд их бэрхшээл саадтай тулгарч байсан учир жолооч нар орон нутагт зорчигч тээврийн компани байгуулах боломж. байна уу гэж санал гаргаж байсан.

            Ингээд 2006 онд “Бут” ХХК-ийг үүсгэн байгуулах санаачилгыг миний бие Р.Б-, би компани байгуулах саналтай байгаагаа тухайн үеийн Авто тээврийн төвийн дарга Д.Ж-д танилцуулахад бололгүй яах вэ гэж хэлэхээр Р.Б- миний бие санаа шулуудаж А аймгийн авто тээврийн газрын дарга Ж-тай хамт Улаанбаатар хот явж Авто тээврийн газрын дарга Н-т хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулах “Бут” ХХК байгуулах тухайгаа танилцуулсан, гэтэл Н дарга Авто тээврийн төвийн дарга Д.Ж-д “байгууллагын дарга компани байгуулж болохгүй та төрийн ажил хийж байгаа хүн шүү дээ харин Б- гуай байгуулж болно” гэсэн учир А аймагтаа буцаж ирээд, А аймгийн Татварын хэлтсээр хөөцөлдөж байж 2006 оны 05 дугаар сарын 05 өдөр “Бут”ХХК-г үүсгэн байгуулах хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулах хуудас №0605**** өөрийн нэр дээр авч, удирдлагын үүсгэн байгуулагчаар Б овгийн Р-гийн Б- гэж бөглөж тухайн үеийн А аймгийн Татварын хэлтэс буюу бүртгэх эрх бүхий байгууллагаас “Бут” ХХК гэсэн хуулийн этгээдийн нэрийг миний бие авсан болно. Мөн 2006 оны 05 дугаар сарын 12 өдөр Үндэсний татварын албанд Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг бичиж өгсөн төдийгүй 2006 оны 05 дугаар сарын 15 өдөр миний бие А аймаг дахь ХААН банкинд улсын бүртгэлийн хувийн хэргийн хөтлөлийн болон улсын бүртгэлд хуулийн этгээд бүртгүүлэхэд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамжийг би өөрөө төлсөн байгаа. Эдгээр нь ч хавтаст хэрэгт маш тодорхой авагдсан байгаа.

            Ингээд “Бут” ХХК гэсэн хуулийн этгээдийн нэрийг аваад нэлээд хэд хоногийн дараа буюу 2006 оны 05 дугаар сарын 14 өдөр А аймаг дахь “Бут”ХХК-ынхаа үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол №1, мөн “Бут” ХХК-н дүрмийг боловсруулаад, 2006 оны 05 дугаар сарын 12 өдөр Үндэсний Татварын албанд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл-ийг үүсгэн байгуулагчийн хувьд миний бие гаргаад завгүй сууж байхад тухайн үеийн Авто тээврийн газрын дарга Д.Ж- дарга /тухайн үед нийтийн албан тушаалтан байсан/ манай өрөөнд орж ирээд надад ..”Та ажил ихтэй байгаа юм байна “Бут “ ХХК байгуулах бичиг баримтыг нь би бүрдүүлж өгье гэж хэлээд миний “Бут” ХХК-ний үүсгэн байгуулах “Бут”ХХК-ны дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоол 2-ыг бичиг баримт, машины гэрчилгээг, дүрмийн санг байгуулахаар микробус маркийн 22** УБВ улсын дугаартай машиныг 6 сая төгрөгөөр үнэлүүлэхээр Авто тээврийн дарга Ж-д итгээд А аймгийн Татварын хэлтэст өөрийн “Бут” ХХК-наа улсын бүртгэлд бүртгүүлэхээр өгч явуулсан юм.

            Гэтэл тухайн үед Авто тээврийн дарга байсан Д.Ж- нь даргын зальжин зан гаргаж А аймгийн Татварын хэлтэст 2006 оны 05 дугаар сарын 15 өдөр миний үүсгэн байгуулж буй “Бут“ ХХК-г улсын бүртгэлд бүртгүүлэхдээ, миний өгч явуулсан “Бут”ХХК-ны дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоол 2-ыг өгөлгүй, түүний оронд “БаТ” ХХК-ны үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, ”БаТ” ХХК-ны дүрэм гэгчийг 2006 оны 05 дугаар сарын 15 өдөр бичиж хувилан аймгийн Татварын хэлтэст хувьцаа эзэмшигч болон үүсгэн байгуулагчаар Доржжанцангийн Ж- гэж өөрийн нэр дээр, бүртгүүлэхээс гадна дүрмийн сан байгуулахаар өгсөн миний микробус маркийн 22** УБВ машиныг оруулаагүй өөрийнхөө микробус маркийн 40** АРА улсын дугаартай машиныг бүртгүүлсэн байна.

            Д.Ж-ы намайг залилсан мэхэлсэн талаар А аймгийн Цагдаагийн газарт болон А аймгийн Прокурорын газарт гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан. Зальтай хүний залинд унана гэж би бодож явсангүй.

            А аймгийн Улсын бүртгэлийн байгууллага нь хууль, хууль тогтоомж зөрчин, бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэсэн улсын бүртгэлийн зарчмыг зөрчиж миний өөрийн үүсгэн байгуулсан “Бут” ХХК-ны нэр дээр Д.Ж-ы “БаТ” ХХК-ыг бүртгэж бидний хооронд маргаан үүсгэх эхийг тавьсан байна.

            Шүүх улсын бүртгэлийн хууль зөрчсөн үйл ажиллагааг зөв гэж дүгнэж байгаа нь буруу юм. Д.Ж- нь “Бут” ХХК -тай ямар ч хамааралгүй бөгөөд түүнд “БаТ” гэсэн хуулийн этгээд байгаа байх. Р.Б би өөрийн үүсгэн байгуулсан “Бут” ХХК-ыг 2006 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй удирдан зохион байгуулж явж байгааг түмэн мэдэхээс гадна, хууль тогтоомжийн дагуу төлж байсан татварын баримт,болон бусад нотлох баримтууд нотлох болно. Шүүх, хууль зальтай арга саамч этгээдийн үгэнд итгэж болохгүй байх.

            2.2. “Бут” ХХК-ыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хувьд би өөрийн “Бут” ХХК-аа өөрчлөн байгуулсан юм.

            2011 оны 10 дугаар сарын 15 өдөр манай “Бут” ХХК-ний үүсгэн байгуулагчдын хурал хуралдаж, тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Компанийн тухай” хуульд нийцүүлэн “Бут” ХХК-ний үүсгэн байгуулагчдын тоог болон хувьцаа эзэмшигчдийн тоог 7 /долоо/ болгон өөрчлөн нэмэгдүүлж, компанийнхаа дүрмийн сангийн хэмжээг 216.000.000 /хоёр зуун арван зургаан сая/ төгрөг болгон нэмэгдүүлж, улсын бүртгэлд 2012 оны 01 дүгээр сарын 02 өдөр бүртгүүлэн хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжин өдөрт явах цагуудын давтамжийг нэмэгдүүлсэн юм.

            Манай компанийн энэ өөрчлөлтийн талаар улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулан бүртгэсэн боловч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн тухай мэдээлэл, түүнийг бүртгэсэн он, сар, өдрийг “Бут” ХХК-ний хувийн хэрэгт цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэн улсын бүртгэлийн мэдээллийн санд одоог хүртэл оруулаагүй байна.

            Манай компанийн зүгээс зохих өөрчлөлт орсон талаархи бичиг баримтыг үүсгэн байгуулагчийн тогтоол, дүрмийг тухайн үед нь өгч байсан болно.

            Мөн гуравдагч этгээд Д.Ж-нь “Бут” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15 өдрийн “Р овогтой Б-ыг захирлаар томилсныг бүртгэв”, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210000,0-р нэмэгдэж 216000,0 мян.төг болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэсэн А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байхад, хариуцагчаар татагдвал зохих этгээдүүдийг татан оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Гуравдагч этгээд “Бут” ХХК-ий гэрчилгээний ар талд зохих өөрчлөлтийг улсын бүртгэлийн газар хийж тамга тэмдэг дарсан байхыг харсан, энэ талаар нэхэмжлэл гаргасан байхад, хэргийг шийдвэрлэж байгаа шүүх, шүүгч үүнийг хараагүй нүдэн балай чихэн дүлий өнгөрсөнд гомдож байна. Одоо “Бут“ ХХК-нь Р.Б-, О.Г, Р.Д, Д.Ж, Д.Ё, А.Б, Д.Э гэсэн үүсгэн байгуулагчтай төдийгүй 216.000.0 төгрөгийн дүрмийн сантай болно.

            2.З. Нэхэмжлэгч Р.Б- би нас өндөр, хууль тогтоомж мэдэхгүй улмаас өөрийн хууль ёсны эрх, эрх ашгаа хамгаалуулах үүднээс өмгөөлөгч авсан юм.

            Харин миний сонгон авсан өмгөөлөгч гадаад улсруу яваад 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот ирээд 2024 оны 09 дүгээр сарын 23 өдөр Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралтай байсан учир шүүх хуралдааныг хойшлуулах, энэ талаархи нотлох баримтаа А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бичгээр өгсөөр байтал, нэхэмжлэгч миний хууль ёсны болон МУ-ын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчиж, шүүх хуралдааныг хийсэн болно.

            Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3 дэх хэсгийн 121.3.1 анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн; гэж үзэхээр байна.

            Хөгшин настай, үг хэлээ зөв илэрхийлж чадахгүй миний хувьд, шүүгч нэг талд орж миний өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн явдалд маш их гомдолтой байна.

            Иймд А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн 109/ШШ2024/ 0024 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлуудыг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цуглуулаагүй, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Бут” ХХК-аас “"Бут" ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн "Бут" ХХК-ийн дүрэм болон өөрчлөлт орсон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Бут" үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Бут" ХХК-ийн дүрэм зэрэг шинээр үүсгэн байгуулагдсаныг болон өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, "Бут" ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн "Бут” ХХК-ийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Бут" үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Бут" ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг А аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, А аймгийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн "Бут" ХХК-ийн улсын бүртгэлд “БаТ” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэрийг бүртгэсэн бүртгэл болон "Бут” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчийн мэдээлэл хэсэгт Д.Ж-" гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, болон үүсгэн байгуулагч гишүүний мэдээлэл хэсэгт Р.Б-аар залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг, харин гуравдагч этгээд Д.Ж-аас "300**** регистрийн дугаартай, "Бут" ХХК- ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Р овогтой Б-ыг захирлаар томилсныг бүртгэв”, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210.000.0-р нэмэгдэж, 216.000.0 мян.төг болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэсэн А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг тус А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчдын маргаж буй зарим үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, маргааны үйл баримтын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:, 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 53 дугаар зүйлийн  53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтооно” гэж заасантай тус тус нийцээгүй байна.

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.

3.2. Нэхэмжлэгчээс “... тухайн үед Авто тээврийн дарга байсан Д.Ж- нь А аймгийн Татварын хэлтэст 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр миний үүсгэн байгуулж буй “Бут” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ, миний өгч явуулсан “Бут” ХХК-ны дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоол хоёрыг өгөлгүй, түүний оронд БаТ ХХК-ны үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, БаТ ХХК-ны дүрэм гэгчийг 2006 оны 5 дугаар сарын 15 өдөр бичиж хувилан аймгийн Татварын хэлтэст хувьцаа эзэмшигч болон үүсгэн байгуулагчаар Д.Ж- гэж өөрийн нэр дээр, бүртгүүлэхээс гадна дүрмийн сан байгуулахаар өгсөн миний микро бус маркийн 22** УБВ машиныг оруулаагүй өөрийнхөө микро бус маркийн 40** АРА улсын дугаартай машиныг бүртгүүлсэн байсныг саяхан буюу Ж-ыг миний үүсгэн байгуулсан компани гэж маргаан гаргахаар нь А аймгийн улсын бүртгэл дээр очиж шүүлгэж үзээд мэдсэн ...” гэсэн үндэслэлээр маргаж байна.

Гуравдагч этгээдээс “... миний бие “БаТ” ХХК-ийг 2006 онд үүсгэн байгуулж материалыг аймгийн татварын хэлтэст нотариатаар баталгаажуулан өгсөн юм. Татварын хэлтсийн байцаагч Ц гэх хүн тамгаа хийлгээд ир гэсэн. Тэгээд миний бие Улаанбаатар хотруу явж тамганы үйлдвэр дээр очин захиалга өгөхөд тамганы үйлдвэрийн мэргэжилтэн нэрийг нь шүүж үзье гэсэн. Ингээд шалгатал “БаТ” гэсэн нэртэй компани Өвөрхангай аймагт байсан учир намайг нэрээ өөрчил гэсний дагуу “Бут” ХХК болгож өөрчилж шалгуултал давхцаагүй тул тамга хийлгэж ирсэн юм. “Бут” ХХК-ийн тамгыг авчхаад аймгийн татварын хэлтэст бүртгүүлэн 300**** дугаартай бүртгэлийн гэрчилгээ авсан. Компанийн нэрийг өөрчилсөн тухайгаа хэлэхэд тамга, гэрчилгээ дээр “Бут” ХХК гэсэн байгаа тул миний өгсөн материалыг солих шаардлагагүй гэсэн. Ингээд үндсэн хөрөнгөө бүртгүүл гэсний дагуу 40** АРА улсын дугаартай микро автобусаа бүртгүүлж, 6.000.000 төгрөгийн үнэлгээтэйгээр бүртгүүлсэн ...” гэсэн үндэслэлээр дээрх бие даасан шаардлагыг гаргаж маргасан байна.

Тухайлбал нэхэмжлэгч нь хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын өмнөх цаг хугацааны буюу 2006, 2011 оны бүртгэлийг шинээр нөхөн бүртгэхгүй байгаа гэх эс үйлдэхүй ямар шалтгаан үндэслэлээр хууль бус болох, ямар хуультай нийцэхгүй байгаа, ямар шалтгаан үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа, тухайн цаг хугацаанд хийгдсэн бүртгэлүүдийг одоо шинээр нөхөж, өөрчлөн залруулж бүртгэхийг даалгах хууль зүйн үндэслэл байгаа эсэх, улсын бүртгэлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, мөн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд “Бут” ХХК-ийн 2011 оны өөрчлөгдсөн бүртгэсэн бүртгэлийг ямар шалтгаан үндэслэлээр /хууль зүйн үндэслэлээр/ илэрхий алдаатай шийдвэр гэж үзэж байгаа, уг бүртгэлийн улмаас бодитоор ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдсөн зэргийг  бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, хууль бус байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

3.3. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч А аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1575 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт[1] “... “Бут” ХХК нь 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн татварын хэлтэст бүртгүүлж анх үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, ... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын хувийн хэрэг нотлох баримтад Д.Ж-ы гарын үсгээр баталгаажсан “БаТ” ХХК нэртэй дүрэм, үүсгэн байгуулах шийдвэр байна ...” гэж, А аймгийн “БаТ” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын хурлын 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр тогтоолоо[2]“А аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт зорчигч тээвэр, аялал жуулчлал, техникийн засвар, худалдаа үйлчилгээ эрхлэх чиглэлээр БаТ ХХК-ийг 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн байгуулж, гүйцэтгэх захирлаар Р овогтой Ж-ыг 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулж, уг компанийг улсын бүртгэлийн албанд бүртгүүлж гэрчилгээ, эрх авахыг гүйцэтгэх захирал Р.Б-т зөвшөөрч, үүсгэн байгуулагч Д.Ж-ы гарын үсэг зурагдсан, мөн шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Бут” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А аймгийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл[3] болон А аймгийн “БаТ” ХХК-ийн дүрэм[4]”, А аймгийн татварын хэлтсийн Хуулийн этгээд байгуулах өргөдөл гаргагчаас баримт бичиг хүлээн авах авсан 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 010605**** дугаар тасалбар[5], хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлүүд[6] зэргээс үзэхэд Д.Ж- нь “Бут” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “БаТ” ХХК-ийн дүрэм болон үүсгэн байгуулагчдын тогтоолыг хавсарган өгсөн үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүхээс огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

3.4. Мөн Монгол улсын Дээд шүүхийн нийтийн шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын 5.1.2-т “Улсын бүртгэлийн маргааны хувьд иргэний болон захиргааны хэргийн шүүх нь эрх зүйн маргааны үндсэн шинжээс хамаарч өөр өөрийн харьяаллаар хэргийг хянан шийдвэрлэнэ. Тухайлбал, улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн, эсхүл бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсаны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгохтой холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаардаг, ... нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллага (захиргаа)-д холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар маргаж байгаа боловч тухайн маргааныг шийдвэрлэхийн тулд эхэлж иргэний маргааныг хянан шийдвэрлэх шаардлагатай болох нь илэрхий тодорхой байгаа тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино”, Тайлбарлах нь хэсгийн 1.2-т “Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлагдах тул хэрэв тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино” гэж тайлбарласан.

3.5. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан захиргааны шүүхийн хяналтын цар хүрээнд хамаарах буюу хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтад хамаарч байгаа эсэх, талуудын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.

3.7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагууд нь Бут ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, дүрэм, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл, үүсгэн байгуулагчийн мэдээлэл зэргийг бүртгэсэн улсын бүртгэлийн үйл ажиллагааг эс зөвшөөрч маргасан агуулгатай байхад эдгээр бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй тус компанийн үүсгэн байгуулагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүйг дурдах нь зүйтэй байна.

3.8. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж, өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно”, 30.3-д “Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 30.3.1-д “захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах;” гэж тус тус заажээ.

3.9. Хэдийгээр хэргийн оролцогч тэр тусмаа өмгөөлөгч нь өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ гүйцэтгэх хүрээнд өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ хэргийн оролцооных нь тухайд хэргийн үйл баримттай холбоотой, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэн мэтгэлцэх байдлаар мэтгэлцэх замаар хууль зүйн мэргэжлийн  үзүүлэх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох замаар өмгөөлүүлж буй этгээдийнхээ ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах үүрэгтэй боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хэргийн материалтай танилцаж[7], шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн[8] байх боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр шүүгчийн захирамжийн[9] биелэлтийн дагуу хэрэгт авагдсан баримтуудтай[10] танилцаагүй, шүүх хуралдаан давхацсан[11] гэсэн үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо илэрхийлж шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан байхад хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцуулаагүй атлаа түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтайг дурдах нь зүйтэй байна.

3.10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас, 149 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас, 58 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас, 71 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас, 74 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас, 75 дахь тал /ар/

[6] Хэргийн 1-р хавтас, 76, 78 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас, 246 дахь тал

[8] Хэргийн 2-р хавтас, 32 дахь тал

[9] Хэргийн 2-р хавтас, 5-8 дахь талууд

[10] Хэргийн 2-р хавтас, 35-60 дахь талууд

[11] Хэргийн 2-р хавтас, 63-64 дэх талууд