| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0003/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/05 |
| Огноо | 2023-01-04 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Г-ын Б-д холбогдох эрүүгийн 2235000000252 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 24-нд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн Баян-Улааны ...... тоотод оршин суух, урьд Завхан аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.2-т зааснаар 70.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй Г овогт Г-ын Б /РД:.............. /
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2 дугаар багийн нутаг “Үзүүрийн булаг” гэх газарт “Увс-Авто зам засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн хатуу хучилтай авто замд өөрийн эзэмшлийн DAEWOO маркийн ....... ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Ховд аймгийн чиглэлд ачаа тээвэрлэж явахдаа автомашины чиргүүлийн дугуй хагарсныг мэдэхгүй хатуу хучилттай авто зам дээр обудаараа явж Улаангом талаас 182.1-189.3 клометрийн хооронд замыг болгоомжгүй гэмтээсний улмаас улсад 8.291.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-ийг болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2 дугаар багийн нутаг “Үзүүрийн булаг” гэх газарт “Увс-Авто зам засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн хатуу хучилтай авто замд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө өөрийн эзэмшлийн DAEWOO маркийн ........ ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Ховд аймгийн чиглэлд ачаа тээвэрлэж явахдаа автомашины чиргүүлийн дугуй хагарсанаа мэдэхгүй хатуу хучилттай авто зам дээр обудаараа явж Улаангом талаас 182.1-189.3 клометрийн хооронд замыг болгоомжгүйгээр гэмтээсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-09 дэх тал),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-13 дахь тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 08 цагийн үед “АЗЗА” ТӨХК-н жолооч ажилтай Э.Б нь утсаар холбогдож үзүүрийн булгийн гуанз дээр чиргүүлтэй машин зам эвдсэн байна гэж хэлээд замын зураг болон машины зураг явуулсны дагуу би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тухайн эвдэрсэн гэх зам дээр очиход үзүүрийн булгийн шороон зам руу салах хэсэг дээр мод ачсан 3 ачааны машин зогсож байсан бөгөөд тухайн хэсэг нь замын 182 гэсэн тэмдгийн ойролцоо байсан бөгөөд замын гол хэсэгт машин тэнхлэг болон төмөр обудаар явсны улмаас үүссэн байдалтай гэмтлүүд байсан бөгөөд тухайн хэсгээс машины миллний заалтаа нойллож зам дагуу явахад 189 дугаартай тэмдэгт хүртэл замын эврэл мод үүссэн бөгөөд замын эвдрэл 7 орчим километр мөн эвдрэлийн гүн нь 0.5 мм хэмжээтэй байсан. Түүнээс хойш 20 орчим километр асфалтан зам дээр нарийн цагаан зураас үүссэн байсан. Тухайн замын эвдрэлийн хэмжилтийг хийсний дараа уг ачааны машины жолоочтой уулзахад Тосонцэнгэл сумаас Ховд аймгийн чиглэлд мод тээвэрлэж байгаа бөгөөд шөнө 03 цагийн үед үзүүрийн булаг гуанз руу салж унтах гэж байхдаа чиргүүлийн дугуй хагарсан гэдгийг мэдсэн талаараа хэлсэн. Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг буюу Үзүүрийн булаг гэх газар 7.1 км, эвдрэлийн гүн нь 0,5 мл-тэй эвдэрсэн хэсэг язнлаагүй улмаас тухайн хэсэгт хагарал ан зав үүсэж бороо цасны ус орсны улмаас эвдрэл нь ихсэж замыг ашиглах боломжгүй хүртэлх нөхцөл байдалд хүрнэ. Мөн зам засварлах зардал нэмэгдэнэ. Одоогийн байдлаар хүйтний улирал буюу хөлдөлтийн үе эхэлсэн тул тухайн эвдэрсэн хэсэгт бороо цасны ус орохгүй тул эвдрэл нь нэмэгдэхгүй харин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан цас хайлах бороо орсноор эвдэрсэн хэсэгт ус орж эвдрэл нь нэмэгдэж эхэлнэ. Учирсан хохирлыг төлж барагдуулахаар гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээг зөрчвөл иргэний журмаар гэрээ зөрчсөн гэх үндэслэлээр хохирлоо гаргуулна. Гэхдээ тухайн хүн өөрийн зардлаар замыг засах гэрээ байгуулсан. Гэрээнд 2023 оны 06 дугаар сарын 10-ны дотор гэж заасан учир нь гэвэл одоо хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан зам засварлах боломжгүй юм. Мөн тухайн хүн өөрийн зардлаар засвал зардал бага байдаг учраас өөрөө засахаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн хүн манай байгууллагатай өөрийн зардлаар зам засварлаж учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39, 41, 43 дахь тал),
Гэрч Б.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Малчин сумын нутаг Хар тэрмис гэх газар УВС АЗЗА ТӨХК-ний шуурхай постонд гарч байгаа хүмүүсийн ээлж солихоор мөн Үзүүрийн булаг гэх газар зам эвдэрсэн байна гэсний дагуу талбайн инженерийн хамт явсан. Үзүүрийн булгийн салдаг дээр очиход шороон зам дээр ногоон өнгий хучлагтай ачааны машин зам дагуу хөндлөн зогсож байсан харин уг машинаы ар талд цагаан өнгий бүхээгтэй чиргүүлтэй машин нь чиргүүлийнхээ дугуйнд засвар хийсэн байдалтай харин шороон замруу салах хэсэгт замын эвдрэл нь үргэлчилтэй байдалтай байхаар нь машины миллийг нойллоод 7 орчим километр газар замын гол хэсэгт хоёр тусдаа үргэлчилсэн эвдрэл үүссэн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),
Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 11-ны едер Завхан аймгийн Тосонцэнгэл 4-р баг Баян-Улаан ...... тоот өөрийн гэрээс 7:30 гээд нөхрийн хамт Ховд аймаг руу гарсан. Мөн хамт миний өөрийн төрсөн дүү П, хадам ах Л нарын хамт буюу 3 машин зэрэгцээ явсан. Хамгийн урд миний төрсөн дүү П нь ..... ЗАА улсын дугаартай ачааны машинтай дараа нь хадам ах Н нь ..... ЗАН улсын дугаартай ачааны машинтай харин нөхөр бид хоёр хамгийн ард явсан.Тосонцэнгэл сумаас гараад Нөмрөг сум орсны дараа би ороо засаад 22 цагийн үед унтсан. Тэгээд үзүүрийн булаг гэх газар хамт явсан хоёр жолооч зогссон байхаар нь бид хоёр очиж зогссоны дараа манай нөхөр машинаас буучаад буцаж орж ирээд машины чиргүүлийн хоёр дугуй хагарсан байна гэж хэлээд засмал замаас салж машиныг байрлуулаад буцаж зам дагуу явган явж машины бакрушгийг нь авч ирчихээд унтсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагийн үед босож чиргуулийн хойд талын хоёр дугуйг тайлж буцаж запас дугуй мөн өөрийн том машины дугуйг чиргүүлд тааруулж тавьсан. Манай нөхөр Г.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дэх тал),
Гэрч Б.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас хадам ах Г.Б, хадам ахын ах Л болон төрсөн эгч Б.М нарын хамт 3 машинтайгаар Ховд аймаг руу мод тээвэрлэх гарал үүслийн бичиг авч 19 цагийн үед Тосонцэнгэл сумаас гарсан. Сумаас гарахад хамгийн урд би өөрийн ..... ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр харин дунд Л ах, хадам ах Г.Б нь чиргүүлтэй учраас хамгийн ард явсан бөгөөд Нөмрөг, Сонгино сумууд дээр зогсож машинаа шалгаж үргэлжпүүлэн явсан. Шөнийн 03 цагийн Үзүүрийн булаг гэх газар нойр хүрээд байсан учраас унтахаар зогссон машинаас буусны дараа хадам ах Г.Б нь чиргүүлийн хоёр дугуй хагарсан байна гэж хэлэхээр нь өглөө босож сольё гэж хэлээд унтсан. Маргааш өглөө босож би машинаа нарлуу харуулж тавихын тулд хадам ахын чиргүүлийн ард тавьж чиргүүлийн хоёр дугуй сольсон. Дугуйг солиход чиргүүлийн обуд ашиглах боломжгүй учраас запас дугуйг сольж тавьсан. Чиргүүлийн дугуй хагарч обуд чирэгдсэн учраас замын гол хэсэгт эвдрэл үүссэн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),
Авто замын улсын байцаагч Н.А-ын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай “Увс аймгийн Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн А-18 кодтой авто зам нь улсын чанартай, асфальт бетон хучилттай авто зам болно. Улаангом сум талаас 182.1-189.3 км хооронд “Үзүүрийн булаг” гэх газарт замын зорчих хэсэгт 7 км турш дагуу хагарал үүсэж авто зам эвдэрч гэмтсэн байна. Авто замын эвдрэл, гэмтэл нт хүний буруутай үйл ажиллагаа болон байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөнд үүсдэг. Уг үүссэн эвдрэл гэмтэл нь хүний буруутай үйл ажиллагаа буюу хүнд даацын тээврийн хэрэгслийн эд ангийн бүрэн бүтэн байдлыг хангалгүй замын хөдөлгөөнд оролцсоноор үүсгэгдэх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 71 дэх тал),
Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хувиараа хөдөлмөр эрхэлж суудаг. 2010 оноос хойш өөрийн эзэмшлийн ачааны тээврийн хэрэгслээр төрөл бүрийн тээвэрт явдаг. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн DAEWOO маркийн ...... ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр эхнэрийн хамт Тосонцэнгэл сумаас Ховд аймаг руу хэрэглээний болон түлшний мод бүлтгэх тээвэрлэх гарал үүслийн бичигтэйгээр хадам дүү болон төрсөн ах нарн хамт 3 ачааны машин хамт хөдөлсөн. Би тухайн үед чиргүүлтэй басйан учраас хамт явж байсан бөгөөд Сонгино болон Нөмрөг сум дээр зогсож өөрийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг шалгасан. Үргэлжлүүлэн Ховд аймаг чиглэлд явж байгаад Үзүүрийн булаг гэх газар урд явж байсан жолооч нар шөнө болсон учраас амрах гээд замаас гараад зогссон байссн учраас зам чөлөөлж зогсоод машинаа буу шалгахад чиргүүлийн арын хоёр дугуй хагарсан байсан учраас маргааш нь солино гэж бодоод унтаж амарсан. Маргааш нь дугуйгаа солих гэхэд чиргүүлийн арын хоёр дугуйны обуд элэгдэж зам дээр тарсан байдалтай засмал замын голын хэсэгт обудаар явсны улмаас гэмтсэн байсан. Тухайн үед зам гэмтээснээ мэдсэн бөгөөд ачааны машины чиргүүлийн дугуй хагарсан мэдэгддэггүй учраас хэзээ хагарч хир удаан тиймэрхүү байдалтай явсныг хэлж мэдэхгүй байна. Би Увс “АЗЗА” ТӨХК-ны инженертэй биечлэн уулзаж албан ёсоор гэрээ байгуулсан. Уг гэрээнд би 2023 оны 06 дугаар сарын 10-аас өмнө тухайн замын гэмтсэн хэсгийг өөрийн бүх зардлаар засаж янзлах талаар тохиролцсон. Би хохирлоо бүрэн барагдуулах болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн Наранбулаг сумын 1 дугаар багийн нутагт байрлах Улсын чанартай А-18 дугаартай авто замын эзэмшигч нь “Увс-Авто зам засвар, арчлалт” ТӨХК байна. Иймээс уг замыг төрийн өмч гэж үзэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “нийтийн зориулалтаар ашиглах зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж заасны дагуу уг улсын чанартай авто замыг нийтийн эзэмшлийн зам гэж үзнэ.
Улсын чанартай А-18 дугаартай замыг хариуцдаг “Увс-Авто зам засвар, арчлалт” ТӨХК-ийг хохирогчоор тогтоож, уг байгууллагаас томилсон инженер О.С-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “улсын чанартай авто зам” гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг ойлгоно” гэж заасан байх тул Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн бетонцементэн зам нь Улаанбаатар хотыг Увс аймгийн төвтэй холбосон замын нэг хэсэг тул уг замыг улсын чанартай авто зам гэж үзнэ.
Увс Финанс Аудит ХХК-ны 2022.11.17-ны 365 дугаартай “2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 365 дугаартай “2022 оны 11 дүгээр сарын байдлаар 1тн битумны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/, голын элс 1мЗ 22.500 /хорин хоёр мянга таван зуу/, эрдэс нунтаг 1тн 150.000 /нэг зуун тавин мянга/, түлээний мод 1мЗ 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64 дэх тал)-ээр тухайн замд учирсан бодит хохирол нь 8.291.500 төгрөг болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Б нь авто машин жолоодож явахдаа өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн дугуй хагарсныг мэдэлгүйгээр нийтийн эзэмшлийн замыг гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “....хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүний үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Б-ийг болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Замын эвдрэлийн улмаас Зам тээврийн хөгжлийн яаманд 8.291.500 /найман сая хоёр зуун ерэн нэгэн мянга таван зуу/ төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг замыг засварлахад гарах нийт зардал нь 46.300.000 /дөчин зургаан сая гурван зуун мянга/ төгрөг болох нь Увс Финанс Аудит ХХК-ны 2022.11.17-ны 365 дугаартай “2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 365 дугаартай “2022 оны 11 дүгээр сарын байдлаар 1тн битумны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/, голын элс 1мЗ 22.500 /хорин хоёр мянга таван зуу/, эрдэс нунтаг 1тн 150.000 /нэг зуун тавин мянга/, түлээний мод 1мЗ 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64 дэх тал)-ээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч өөрийн зардлаар цаг агаар дулаарч зам засварын ажлыг өөрийн зардлаар 2023 оны 6 дугаар сарын 10-ны дотор өөрийн хөрөнгөөр 100% хийж дуусгахаар санал гаргасныг хохирогчоор тогтоогдсон “Увс-Авто зам засвар, арчлалт” ТӨХК зөвшөөрч талууд тохиролцсон нь (хавтаст хэргийн 34-35 дахь тал)-д авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 6 дугаар сарын 10-н өдрийн дотор уг замын засварыг өөрийн хөрөнгөөр “Увс-Авто зам засвар, арчлалт” ТӨХК-ий инженерүүдийн хяналт, зааврын дагуу хийж хувийн болгохоо илэрхийлснийг хохирогч тал хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 10-ны дотор зам засварын ажлыг хийж дуусгаагүй тохиолдолд 46.300.000 төгрөгийг албадан гаргуулж, “Увс-Авто зам засвар, арчлалт” ТӨХК-д олгохыг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б урьд Завхан аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.2-т зааснаар 70.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 87 дахь тал)-аар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн зан байдлын талаар гэрч Б.М-ын өгсөн: “ Би нөхөр Г.Б-тэй 2005 онд албан ёсоор гэр бүл болсон. Түүнээс хойш Завхан аймгийн Тосонцэнгэл суманд нөхөр 3 хүүхдийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг. Манайх өөрийн гэсэн хашаа байшинд амьдардаг. Нөхрийн эзэмшлийн ачааны машинаар тээвэрт явж амьдардаг. Аж амьдарлын хувьд гэвэл хувийн тогтсон орлого байхгүй бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг. Бод бог нийлсэн 200 орчим толгой малтай бөгөөд манай мал хөдөө айлд байдаг. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, хөдөлмөрч, элдэв муу зан байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал), Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн засаг даргын: “Г.Б нь ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус багийн иргэн мөн. Өрхийн орлого амьжиргааны баталгаажих түвшин дундаж, 2022 оны жилийн эцсийн мал тооллогоноор 248-н толгой мал тоолуулсан. Г.Б нь төлөв даруу, олны дунд нэр хүндтэй нэгэн болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 99 дэх тал)-ууд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн гаргасан торгох ялын хүрээнд шүүгдэгч Г.Б-д торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны дотор замыг хэвийн байдалд оруулж засварлахаа илэрхийлснийг дурдаж, сайн дураараа биелүүлээгүй бол хохирол 46.300.000 төгрөгийг албадан гаргуулж “Увс-авто зам засвар арчлалт” ТӨХК-д олгохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн обудны хагархай 7 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ