Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/359

 

 

 

 

        

   2022       11        23                                        2022/ШЦТ/359

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгч О.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Э-т  холбогдох эрүүгийн 2238000000688 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Э-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цагаан гол гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч С.Ц-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2238000000688 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч О.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цагаан гол” гэх газарт хохирогч С.Ц-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “хамрын таславчийн муруйлт, баруун дээд, доод зовхинд шарх, баруун доод зовхи, хамарт сорви, баруун дээд шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э-ын: “...мэдүүлэг өгөхгүй. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Ц-ын өгсөн: “...энэ оны 10 сарын сүүлээр би өөрийн танил найзууд болох Д-, Э-, Э- нарын хамт Цагаан-Үүр сум руу самарт явсан. Бид нар ууланд гараад 6-7 хоноод буцах гэж байсан. Тэгээд бид уулнаас буух гээд отог дээрээ байж байтал фургон машинтай 4 хүн ирсэн. Тэдгээр хүмүүс эхлээд бид нараас зам асууж ирсэн. Тэгсэн цас их орсон машин нь явахгүй шөнө болсон учраас манай отог дээр тэдгээр 4 хүн хонохоор болсон. Тухайн фургонтай жолооч нар, нөгөө хоёр нь ачаагаа фургонд ачаад морио хөтөлж явсан хоёр хүмүүс юм байна лээ. Тухайн морио хөтөлсөн хоёр залууг Ц.Э-, Э- гэдэг хоёр залуу байсан. Бид нар тэр 4 хүнд хоол цай хийж өгөөд байж байтал нөгөө 4 хүний нэг нь машинаасаа 1 шил 0,75 литрийн архи гаргаж ирээд задалсан. Тэр архинаас бүгдээрээ уусан. Мөн дахиад ч З шил 0.75 литрийн архи нэмж нийтдээ 4 шил 0.75 литрийн архи уугаад шөнө болтол юм ярьж суусан. Тэгтэл фургонтой 4 хүний хоёр нь тасраад унасан. Мөн манай найз Д- бас тасраад унасан. ...Тэгтэл нөгөө хоёр залуу морио аргамжчихаад зүгээр байж байснаа гэнэт Э- гэдэг залуу нь надад хандаж “чи муу том том ярьдаг пизда вэ, дахиж самарт ирвэл та нарыг ална шүү” гэж хэлсэн. Би урдаас нь “самар түүхээ та чамаар заалгахгүй, намайг алчихсан байхад араас хүн ирнэ би Монгол Улсын иргэн учраас миний араас хүмүүс ирнэ” гэж хэлсэн чинь Э- гэдэг залуу над руу дайраад байхаар нь би Э- гэдэг залууг нь би эхлээд уруул руу цохичихсон юм. Тэгсэн чинь нөгөө Э- нь чамайг ална гээд намайг зодчихсон юм. Тэр Э- намайг унагааж байгаад нүүр рүү, нуруу руу өшиглөөд, дэвсээд байсан. Би тэгээд зодуулаад отог руугаа дөхсөөр байгаад 30-40 орчим метр очиход тэр залуу намайг зодохоо больсон, намайг зодуулаад ороход М- гэдэг ах галаа түлчихсэн сууж байхаар нь энэ хоёр зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 сарын 27-нд сумын төвөөс манай найз О.Э- надтай хамт самарт явахаар ирсэн. ... Бид 0.75 литрийн 3,4 шил архи уусан. Цаг нилээн орой болсон хойно бараг шөнийн 12:00 цаг өнгөрч байх үед морио аргамжихаар гарсан. Морио аргамжиж байгаад нэг хартал Ц-, О.Э- нар зодолдож байсан. Тухайн үед саргүй харанхуй байсан. Яагаад маргалдаж зодолдох болсон талаар нь мэдээгүй. Би тэр хоёрыг салгаад майхан руу авч явсан. Тэгээд унтаж амраад маргааш цааш явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 577 дугаартай: “...1. С.Ц-ын биед хамрын таславчийн муруйлт, баруун дээд, доод зовхинд шарх, баруун доод зовхи, хамарт сорви, баруун дээд шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022.11.01-нд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4. С.Ц-ын биед үүссэн таславчийн муруйлт, шарх, шүдний эмтрэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч О.Э-ын өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар үнэн зөв ярьсан тул надад дахин ярих шаардлага байхгүй. Би С.Ц- гэх хүний эрүүл мэндэд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна Би хохирогч С.Ц-од 1.000.000 төгрөг өгч хохирлыг нь бүрэн төлж барагдуулан, бид хоёр эвлэрсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/ зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Ц-, гэрч Ц.Э- нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч О.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цагаан гол” гэх газарт хохирогч С.Ц-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “хамрын таславчийн муруйлт, баруун дээд, доод зовхинд шарх, баруун доод зовхи, хамарт сорви, баруун дээд шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр С.Ц-ын биед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн таславчийн муруйлт, шарх, шүдний эмтрэл бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч О.Э-ын гараараа цохисон, хөлөөрөө өшиглөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Э-ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч О.Э- нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч О.Э-, хохирогч С.Ц- нарын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан “...эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 34 тал/ хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Э-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 29, 32-33 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.Э-  нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 194 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч О.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч О.Э- нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ыг 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.Э-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР