Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/360

 

 

 

 

        

   2022       11        28                                        2022/ШЦТ/360

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Тогтох,

Иргэний нэхэмжлэгч П.У-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг, 

Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Б-т холбогдох эрүүгийн 2238000000679 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Жанхайн “Онгологын сайр” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1 тооны эр зэрлэг гахай агнаж амьтны аймагт 1.400.000 төгрөгийн хохирол учруулж “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000679 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Жанхайн “Онгологын сайр” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1 тооны эр зэрлэг гахай агнаж амьтны аймагт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б-ын өгсөн: “...Би хийсэн гэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгч П.У-ын өгсөн: “...”Онгологын сайр” гэх газар нь Хатгал тосгоноос 42 километрийн зүйд байрлах Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын бүс нутагт хамаардаг газар нутаг ...тусгай хамгаалалттай газар нутагт ан агнах зөвшөөрөл олгодог зүйл байхгүй ...Экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/,

Гэрч О.Б-ын өгсөн: “...Хатгал тосгоны Жанхай гэх газар би үхэртээ явж байсан. Хоёроос гурван үхэр чоно идсэн байсан. Тэгээд ...би Онгологын сайр гэх газар чоно үргээж өгсөн. Би явган явж байсан болохоор 2-3 цагийн дараа буун дуу гарсан. Би сууринд сууж байсан хүмүүс дээрээ очсон. Тэгтэл чоно өөр газраар гараад Л.Б- ахын сууж байсан суурин хэсэгт гахай орж ирсэн байсныг Л.Б- ах буудаж агнасан байсан. ...би ямар нэгэн буутай яваагүй Ж.Л- ах, Л.Б- ах хоёр буутай явж байсан. ...гахайг харсан хөх саарал өнгийн ховс нь эр гахай байсан... Л.Б- ах орос винтов гэх буутай” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,

Гэрч Ж.Л-гийн өгсөн: “...Хатгал тосгоны Жанхайгаас 2022 оны 10 дугаар сарын 18-ны өглөө Л.Б- гэх хүн бага зэргийн цас орсон айлын мал руу чоно орсон байна гэж ярихаар нь Хатгал тосгоноос Онгологын сайр гэх газарт очиж Л.Б-, БолдЛ.Б-, С.О- нарын хамт чоно үргээхээр Онгологын сайр”-ын уул хэсэг рүү очиж Л.Б- уулын дунд хэсэгт миний бие уулын дээд хэсэгт сууринд суусан. БолдЛ.Б-, С.О-н хоёр үргээлэг хийхээр явсан. 3-аас 4 цагийн дараа миний сууж байсан газраас доош Л.Б-ын сууж байсан хэсэг 1 удаагийн буун дуу гарсан. Би сууж байсан газраасаа Л.Б-ын байсан газарт ирэхэд Л.Б- нэг гахай буудаж агнасан байсан. Би тэгэхээр нь яах гэж гахай буудаж байгаа юм баларсан юм гэж хэлсэн. Л.Б- нэгэнт агнасан юм чинь гээд гахайны гэдсийг авч гахайн махаа эвдэж гахайн толгойгоо өөрөө авч бид нар хувь өгсөн. Жижиг ховс нь бодон байсан. ...Л.Б- өөрийн унаж явсан хүрэн мориндоо махаа ганзагалаад би цагаан өнгийн суудлын королла машинаараа Хатгал тосгоны төв рүү орж ирсэн. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,

Гэрч С.О-н өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ж.Л-, БолдЛ.Б- нарын хамт Онгологын сайр гэх газарт ирсэн. Бид 4 нийлж аваад чоно үргээхээр Онгологын сайр”-ын уул хэсэг рүү өгсөж очсон. ...тэгтэл нар жаргахын багцаанд буун дуу гарсан. Би тэд нарыг чоно буудчихлаа гээд ...гэртээ харьсан. Орой нь Л.Б- ах гахай агначихлаа гээд ганцаараа манайд хувь хүрт гээд надад гахайн мах өгсөн. Би үргээлэг хийсэн газраа мотоциклио үлдээгээд хүрээд ирсэн юм. Тэгтэл маргааш буюу 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр мотоциклио авахаар Онгологын сайр гэх газарт очиход тусгай хамгаалалтай газрын улсын байцаагч болон бусад албан хаагч нартай таарсан. Энд юу болсон юм гахай агнасан асуудал болсон уу гэхэд би тийм асуудал болсон гэж хэлсэн. Хэн агнасан гэхээр нь Л.Б- гэх хүн агнасан гэдгийг үнэнээр нь хэлсэн. ...манай гэрт Л.Б- ах гахай мах хүргэж ирэхдээ ганцаараа мориндоо ганзагатай буугаа үүрсээр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаартай: “...тоотод дурдагдаж буй “Гахай” нэртэй амьтан нь амьтны аймгийн “элбэг” статуст ордог ойн зэрлэг гахай байна. ...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Жанхайн “Онголого сайр” гэх нутаг дэвсгэр нь улсын тусгай хамгаалалтад байдаг. ...Гахай” агнасан үйлдэл нь хууль бус. Ойн зэрлэг гахайн экологи эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоосон үнэлгээгээр эр ойн зэрлэг гахай 700,000 төгрөгөөр тогтоосон байдаг. ...Дээрх зөрчил нь Амьтны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. Энэ хуулийн 21.1-д заасан иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно гэсэн заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн гуравдугаар бүлэг Байгалийн цогцолборт газар, түүний хамгаалалтын дэглэмд заасан үйл ажиллагааг зөрчсөн. ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон үнэлгээгээр 1 эр ойн зэрлэг гахай гэж үзвэл 700000 төгрөг х 2=1.400.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт /хх-ийн 73-74 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ-922/5015 дугаартай: “...Үнэлэгдэж буй 9 настай хүрэн зүсмийн морины нийт зах зээлийн үнэ цэнийг одоогийн байдлаар 1,300,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов. Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 78-80 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

Амьтны маханд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-43 тал/,

Прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 50 тал/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 52 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 44 тал/,

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл  /хх-ийн 47, 49 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Л.Б-ын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би тухайн Эрүүгийн хуульд заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч П.У-ын мэдүүлэг, гэрч О.БолдЛ.Б-, Ж.Л-, С.О- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ-922/5015 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Л.Б- яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Л.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Жанхайн “Онгологын сайр” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1 тооны эр зэрлэг гахай агнаж амьтны аймагт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тодорхойлжээ.

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаартай: “гахай” нэртэй амьтан нь амьтны аймгийн “элбэг” статуст ордог ойн зэрлэг гахай байна. ...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Жанхайн “Онголого сайр” гэх нутаг дэвсгэр нь улсын тусгай хамгаалалтад байдаг. ...Гахай” агнасан үйлдэл нь хууль бус. Ойн зэрлэг гахайн экологи эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоосон үнэлгээгээр эр ойн зэрлэг гахай 700,000 төгрөгөөр тогтоосон байдаг. ...Дээрх зөрчил нь Амьтны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. Энэ хуулийн 21.1-д заасан иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно гэсэн заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн гуравдугаар бүлэг Байгалийн цогцолборт газар, түүний хамгаалалтын дэглэмд заасан үйл ажиллагааг зөрчсөн” гэх дүгнэлт /хх-ийн 73-74  тал/-ээр шүүгдэгч Л.Б- нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1 тооны эр зэрлэг гахайг агнасан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Б-ын улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1 тооны эр зэрлэг гахай агнаж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, байгалийн баялаг болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1 тооны эр зэрлэг гахай агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн асуудлаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас амьтны аймагт 700.000 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөсөн хэмжээгээр тооцоход 1.400.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Л.Б- нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1.400.000 төгрөгийг Хөвсгөл Хатгал нуур хамгаалалын төрийн сан дахь 1001722113005 тоот дансанд төлж барагдуулсан мөнгөн шилжүүлгийн баримтыг гарган өгч байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Б-ыг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1 тооны эр зэрлэг гахай агнаж “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 92-101 талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, малын татвар төлсөн баримт, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллогын баримт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.Б- нь ам бүл ... оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Б-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчийн зүгээс гаргасан ялын саналын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв. 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б-ын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Б-т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулнагэж тус тус зохицуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  заасныг журамлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн 1 тооны  1.300.000  төгрөгийн үнэлгээ бүхий морийг хураан авч улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 131 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоолоор эд мөрийн баримтаар хураагдсан Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн винтов загварын /замаг .../ дугаартай, шаргал өнгөтэй модон хуйтай галт зэвсэг 1 ширхэг, мөн эд мөрийн баримтаар хураагдсан гахайн толгой 1 ширхэг, 4 ширхэг хэсэг үстэй 9 килограмм 788 грамм жинтэй гахайн махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Л.Б-т тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.

5. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Л.Б-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хүрэн зүсмийн 1.300.000  төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны  морийг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 131 дугаартай тогтоолоор эд мөрийн баримтаар хураагдсан Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн винтов загварын /замаг .../ дугаартай, шаргал өнгөтэй модон хуйтай галт зэвсэг 1 ширхэгийг, гахайн толгой 1 ширхэг, 4 ширхэг хэсэг үстэй 9 килограмм 788 грамм жинтэй гахайн махыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Цагдаагийн байгууллагад шилжүүлсүгэй.

8. Энэ хэрэгт  шүүгдэгч Л.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР